Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 434

 

 

МАГАДЛАЛ

 

2019.03.11                                                 Дугаар 434                                     Улаанбаатар хот

 

 

 

Д.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2019/00009 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.М-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ж.М-т холбогдох,

 

Гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж тогтоолгох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагч Ж.М-ын гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 1996 онд Ж.М-тай танилцан гэр бүл болж 1999 оны 05 дугаар сарын   24-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Хамтран амьдрах хугацаанд 1999 оны 03 дугаар сарын 03-ны өдөр охин М.Х , 2000 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүү М.Ч нар төрсөн. Зан харилцааны таарамжгүй байдлын улмаас 2012 оны 04 дүгээр сарын       19-ний өдөр гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байсан. Тухайн үед эвлэрэн зохицож нэхэмжлэлээ буцаасан. 2012 оноос хойш бид хоёр гэр дотроо тусдаа унтаж, тусдаа амьдрах болсон. Одоо 7 жил ингэж амьдарч байна. Миний хувьд лангуу түрээслэн хувиараа ажил эрхэлж байгаа. Миний охин бие муутай, хүний асаргаанд байдаг, бие даах чадваргүй. Ж.М зөвхөн өөрийгөө бодож гэр бүлдээ анхаарал хандуулдаггүй. Иймээс гэр бүл цуцалж өгөхийг хүсэж, охин М.Х , хүү М.Ч нарыг миний асрамжинд үлдээж өгнө үү. Бидний дундын өмчлөлийн эд хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 70 дугаар байр 78 тоот орон сууц, Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 70 дугаар байр зоорийн давхрын зогсоол, Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Алтан-Өлгийн  1-9 тоот хашаа байшин зэргээс хүү, охин бид гуравт ногдох хэсгийг гаргуулах шаардлага гаргасан ба уг шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Охин минь хөгжлийн бэрхшээлтэй, үүний улмаас эхнэр минь сэтгэл зүйн хувьд байнгын хямралтай байдаг. Миний хувьд ажил төрлийн улмаас сүүлийн үед анхаарал халамж суларсан энэ байдлаа ухааран ойлгож гэр бүл, үр хүүхдээ халамжилж хайрлах болно. Охин М.Х , хүү М.Ч нарыгаа хамтдаа асран хамгаалж, элэг бүтэн өсгөхийг хүсэж байна. Хэрэв шүүх гэрлэлтийг цуцлах бол охин М.Х г өөрийн асрамжинд авна, мөн дундын хөрөнгөөс ногдох хэсгийг авна гэжээ.

Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасныг баримтлан Д.М , Ж.М нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул охин М.Х , хүү М.Ч нарын асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ж.М-т холбогдуулан гаргасан Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 70 дугаар байр 78 тоот орон сууц болон зоорийн давхарт байрлах 2 автомашины зогсоол, Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Алтан-Өлгийн 1-9 тоот хашаа байшингийн ногдох хэсгийг гаргуулах тухай шаардлагаасаа нэхэмжлэгч Д.М  татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар хариуцагч Ж.М-аас 70 200 төгрөгийг, илүү төлсөн 154 750 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас тус тус гаргуулан нэхэмжлэгч Д.М д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 823 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Охин М.Х г өөрийн асрамжид үлдээж өгөөч гэсэн боловч шүүх охины асрамжийн асуудлыг шийдвэрлэхгүй орхиж байгаад гомдолтой байна. Охин минь хөгжлийн бэрхшээлтэй бөгөөд эрх зүйн чадамжгүй этгээд гэдгийг удаа дараа тайлбарлаж хэлсэн байдаг. Гэвч шүүх баримт хэрэгт авагдаагүй гэдэг үндэслэлээр асрамжийн асуудлыг шийдвэрлэхгүй орхиж байгаад гомдолтой байна. Дундын эд хөрөнгөтэй холбоотой асуудлаар нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байдаг. Гэвч шүүх хэргийг шийдэхдээ улсын тэмдэгтийн хураамжийг надаас гаргуулан шийдвэрлэсэн байдал нь эрх ашгийг зөрчсөн гэж үзэж байна. Мөн гэрлэлт цуцлах асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Д.М  нь хариуцагч Ж.М-т холбогдуулан, гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж тогтоолгохоор нэхэмжилж, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, гэр бүл цуцлах шаардлагагүй гэж маргасан байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл гэрлэгсэд 1997 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр гэр бүл болсныг 1999 оны 05 дугаар сарын 24-ний өдөр бүртгэсэн байх ба 1999 оны 03 дугаар сарын 03-ны өдөр охин М.Х , 2000 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүү М.Ч нар төрсөн үйл баримт тогтоогдсон байна. /хх 7,8/.

Нэхэмжлэгч нь гэрлэлт цуцлуулах үндэслэлээ гэр бүлийн хоорондын таарамжгүй харьцааны улмаас гэж тайлбарласан бол хариуцагч нь эвлэрэн хамтран амьдрах хүсэлтэй байгаа гэжээ. Тодруулбал, хариуцагчийн хүсэлтээр 2018 оны 09 дүгээр сараас 11 дүгээр сарын хооронд шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсан боловч зохигчид үр дүнд хүрээгүй, нэхэмжлэгч нь цаашид хамтран амьдрах боломжгүй гэж тайлбар гаргасан тул шүүх Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар гэрлэлтийг цуцалж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасны дагуу эцэг Ж.М , эх Д.М  нарын хэн аль нь хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй. Иймээс насанд хүрсэн охин М.Х , М.Ч нарыг эцэг, эх нь дээрх хуулиар олгогдсон эрх, үүргийнхээ дагуу хэн аль нь асран хамгаалах, тэжээн тэтгэх учиртай юм.

Хэдийгээр хариуцагч нь давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо “охин М.Х г хөгжлийн бэрхшээлтэй, өөрийн асрамжид авах” гэх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2019/00009 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааpг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

           ШҮҮГЧИД                                   Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                М.НАРАНЦЭЦЭГ