Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 04

 

                  

 

 

 

 

 

 

 

2021 оны 01 сарын 20 өдөр                    2021/ДШМ/04                                       Хэрлэн сум                                  

 

Т.Э-дхолбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

226/2021/0004/Э

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Алтаннавч даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд нээлттэйгээр,

Нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

Прокурор Г.Мөнхболд,

Яллагдагчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат нарыг оролцуулан,

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 512 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Мөнхболдын эсэргүүцлээр Т.Э-дхолбогдох эрүүгийн 2039002860220 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Дэнсмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Мөнхболдоос Т.Э-гыг 2020 оны 6 дугаар  сарын 18-ны өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын “Согоот” 3 дугаар багийн нутаг “Замчдын овоо” гэх газар 09-59 ДОР улсын дугаартай “Тоёото приус” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, 11.6 “Суурин газрын гаднах замд болон 5.1, 5.5 тэмдэг тавигдсан замд тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр явах бөгөөд баруун гар талын зөвшөөрөгдсөн эгнээ чөлөөтэй байхад (зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд байр эзлэхээс бусад тохиолдолд) түүний зүүн гар талын аль ч эгнээгээр явахыг хориглоно”, 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс эсрэг урсгалаас ирж явсан 65-74 УАК улсын дугаартай “Хюндай Портер” маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж улмаар тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан О.А-гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Яллагдагч Т.Э-д холбогдох 2039002860220 дугаартай эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Хэнтий аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Мөнхболд давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар дараах 3 үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан.

Нэгдүгээрт: Яллагдагч Э-гын ар гэрийн зүгээс Ганбаярын ар гэрийнхэнтэй нь холбогдон учир байдлыг хэлж ярилцсан тул Ганбаяр нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх эсэх нь эргэлзээтэй, мөн гэрч Наранчулуун, Ганбямба, хохирогч А нарын мэдүүлгүүд, цагдаагийн ахлах дэслэгч Ганхуягийн 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн магадалгаа, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтуудаар тухайн зам тээврийн осол нь яллагдагч Э-гын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн буруутай үйл ажиллагааны улмаас үйлдэгдсэн болох тогтоогддог тул Ганбаярыг гэрчээр асуух шаардлагагүй юм.

Хоёрдугаарт: Шинжээчийн дүгнэлтээр А-гийн биед баруун шаант, тахилзуур яснуудын 1 түвшний хугарал үүссэн болох нь тогтоогдсон. Мөн хохирогч гэм буруугийн шүүх хуралдаан дээр эмнэлгийн баримт бичгийг гаргаж өгч болно. Иймд хохирогч А-гийнбиед учирсан гэмтлийн зэргийг тогтоолгохоор дахин шинжээч томилох шаардлагагүй. Хэрэв шүүгч нь тухайн дүгнэлт, магадалгааг эргэлзээтэй гэж үзвэл дахин дүгнэлт гаргуулах эрх нь түүнд хуулиар олгогдсон байдаг.

Гуравдугаарт: Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-т  “хөрөнгийн үнэлгээ хийхэд бусад үнэлгээчин болон мэргэжилтнийг гэрээний үндсэн дээр татан оролцуулна” гэж заасан байх бөгөөд “Вендо” ХХК нь үнэлгээ хийхдээ “Ино марк мастер” ХХК-ийг татан оролцуулсан нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

Яллагдагчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Гантулга нь хэргийн газарт байсан гэрчүүдийн нэг учир түүнийг асуух зайлшгүй шаардлагатай юм. Мөн шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан “сэлтэрсэн” гэдэг нь “хугарсан” гэсэн гэмтлийн зэрэгт хамаарах эсэхийг тодруулах шаардлагатай, эмнэлгийн бичиг баримтууд хавтаст хэрэгт авагдаагүй тул хохирогч А-гийнбиед учирсан гэмтлийн зэргийг тогтоолгохоор дахин шинжээч томилох нь зүйтэй. Энхтулга нь тухайн үед өмгөөлөгчгүй эрх зүйн туслалцаа аваагүй байсан учир гомдол хүсэлтээ гаргаагүй, мөрдөгч, прокурор энэ талаар тайлбарлаж хэлээгүй байдаг. “Вендо” ХХК нь “Ино марк мастер” ХХК-ийг үнэлгээ хийхдээ гэрээгүйгээр татан оролцуулсан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-т заасныг зөрчсөн байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Мөнхболдын давж заалдах гомдлоор Г.Энхтулгад холбогдох эрүүгийн хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

Прокурор Г.Мөнхболдоос Т.Э-гыг2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын  “Согоот” 3 дугаар багийн нутаг “Замчдын овоо” гэх газар 09-59 ДОР улсын дугаартай “Тоёото приус” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 11.3, 11.6, 12.3 дахь заалтуудыг зөрчсөнөөс эсрэг урсгалаас ирж явсан 65-74 УАК улсын дугаартай “Хюндай Портер” маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж улмаар тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан О.А-гийнэрүүл мэндэд  хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

            Анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулан 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 512 дугаартай шүүгчийн захирамжаар “Г.Ганбаяраас хэргийн талаар гэрчийн мэдүүлэг авах, яллагдагчийн хувийн байдлыг тогтоолгох, хохирогч О.А-гийнбиед учирсан гэмтлийн зэрэг болон түүний эзэмшлийн портер маркийн автомашинд учирсан эвдрэлийн үнэлгээг тогтоолгохоор дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулах” гэсэн үндэслэлүүдээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

            Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Нэгдүгээрт: Яллагдагч Т.Э /1хх-н 22-24х/, гэрч  Ө.Наранчулуун /1хх-н 25-27х/ нар нь “...өөдөөс “Портер” маркийн автомашин зам голлоод гараад ирсэн...” гэж тус тус мэдүүлсэн байх тул зам тээврийн осол гарах үед Т.Э-гынмашинд сууж явсан гэх Г.Ганбаярыг гэрчээр асуух нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг гарсан байдлыг тогтооход чухал ач холбогдолтой юм.  

Хоёрдугаарт: Прокурор яллагдагчийн хувийн байдлыг тогтоох талаар эхнэр Ө.Наранчулуунаас мэдүүлэг авсан, яллагдагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа болон гэрлэлтийн лавлагааг нь авсан, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан, банкнуудаас дансны мэдээллийг нь авсан гэж тайлбарлаж байгаа хэдий ч дээрх ажиллагаануудаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан яллагдагч Т.Э-гынхувийн байдлыг бүрэн тогтооход учир дутагдалтай.

Гуравдугаарт: “О.А-гийнбиед баруун шаант ясны дунд 1/3 хэсгийн сэлтэрсэн, тахилзуур ясны дунд 1/3 хэсгийн зөрүүтэй ил хугарал” тогтоогдсон гэсэн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээтэй байх тул хохирогч О.А-гийн эмчилгээ хийлгэсэн талаарх өвчний түүхийг хэрэгт хавсаргаж, дахин шинжээч томилж шинжилгээ хийлгэх шаардлагатай байна.

Дөрөвдүгээрт: “Вендо” ХХК нь хөрөнгийн үнэлгээ хийхдээ холбогдох гэрээг хийлгүйгээр “Ино марк мастер” ХХК-ийг татан оролцуулсан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 заалтыг зөрчсөн байна.

Түүнчлэн давж заалдах шатны шүүхээс дараах ажиллагааг нэмж хийлгэх нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч энэ хуулийн 27.1 дүгээр зүйлд заасан шинжилгээг шинжээч томилж хийлгэх шаардлагагүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоох боломжтой, эсхүл өөрийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд тогтоох боломжтой гэж үзвэл магадлагаа гаргаж болно” гэж заасан байх бөгөөд тухайн хэрэгт магадлагаа гаргасан мөрдөгч Г.Ганхуягийн хувьд авто техникийн тусгай мэдлэгтэй эсэх нь эргэлзээтэй байх тул тусгай мэдлэг бүхий шинжээч томилж дахин шинжилгээ хийлгэх шаардлагатай байна.

Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээхээр тогтов.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон

 

ТОГТООХ нь:

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ШЗ/512 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Мөнхболдын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хэргийг прокурорт очтол Т.Э-давсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Я.АЛТАННАВЧ

                                ШҮҮГЧИД                                           С.ОЮУНТУНГАЛАГ

                                                                                               Б.ДЭНСМАА