Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 93

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч А.Цэрэнханд даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Алтансүх

Улсын яллагч С.Цэрэндалай

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Батбаяр

Орчуулагч Ц.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Замын-Үүд дэх Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.1, 90 дүгээр зүлйин 90.1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

шүүгдэгч: Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн, Чилийн мужийн, Ляаоюан хотын харъяат, 1975 оны 02 сарын 10-нд төрсөн, 42 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,  ам бүл 4, ээж, 2 хүүхдийн хамт амьдрах, БНХАУ-ын Шилийн хот, Луут уул дүүргийн 42-р байр 2-р орц 704 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлтэй, бие эрүүл, Ли Жүнд холбогдох эрүүгийн 201710010035 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэнд авагдсанаар/

Шүүгдэгч Ли Жүн нь 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр өөрийн эзэмшлийн К2Д165 дугаартай Тоёота Прадо маркын тээврийн хэрэгслийг жолоодон Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Монгол Улсын хилийн Авто замын шалган нэвтрүүлэх боомтоор хилийн харуул манааны шаардлагыг үл биелүүлэн “Улсын хил хамгаалалтын зориулалттай инженер, техникийн байгууламж” /МУ-ын Хилийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9/ болох 815 дугаар тэмдгийн замын хаалтыг мөргөж Улсын хилийн дэглэм зөрчин, хууль бусаар Монгол Улсын хилийг нэвтэрсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ли Жүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ””  гэсэн мэдүүлэг

2017 оны 02 сарын 05-ны өдрийн хилийн дэглэмийн зөрчлийн  материал /хх-ийн 4-15/ 

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-31/

Замын хаалтанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 32-33/

Шүүгдэгч Ли Жүний ....иргэний үнэмлэх, БНХАУ-ын К2D165 дугаар бүхий бага оврын суудлын тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар-орчуулга /хх-ийн 44-45/

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Батбаярт шүүгдэгч Ли Жүний .... эд зүйлийг 1-26 гэж дугаарлан хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-64-66/

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Батбаярт шүүгдэгч Ли Жүний .... эд зүйлийг a-i гэж дугаарлан хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн74/

Цагаан өнгийн Somei гэсэн бичигтэй улаан өнгөөр 2/5 гэж тэмдэглэсэн диск 1 ширхэг, саарал өнгийн DVD-R 120 min/47 gb гэсэн бичигтэй 2017-02-05 гэж тэмдэглэсэн диск 1 ширхэг, саарал өнгийн DVD-R 120 min/47 gb гэсэн бичигтэй 2017-02-05 Замын-Үүд-Тац гэж тэмдэглэсэн диск 1 ширхэг зэргийг эд мөрийн баримтаар хурааж хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 76/

Иргэний нэхэмжлэгч Н.Нандин-Эрдэнийн мөрдөн байцаалтанд өгсөн “ 2017 оны 02 сарын 05-ны өдөр БНХАУ-ын иргэн автомашинтай  Замын-Үүд боомтоор  хууль бусаар  улсын хил нэвтэрсэн  гэх хилийн  зөрчил гарсан байна.  5-р замын хаалт нь төмөр юм. Доороо дугуйтай, ноцтой  учруулсан хохирол байхгүй, буцаагаад дугуйнуудыг нь хийчихсэн, эвдрэл гэхээр зүйл байхгүй, санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 77/

Гэрч Б.Номингийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “ Би 2017 оны 2 дугаар сарын 5-ны өдөр Замын-Үүдийн Авто замын шалган нэвтрүүлэх боомт дээр заставын жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн өдөр би заставын 2 дугаар хаалт дээр жижүүрийн үүргээ гүйцэтгэж Боомтын том тэрэгний орох чиглэлээр нэг машин маш хурдтайгаар дайраад гэж ахлах ахлагч Лхам мэдэгдээд 5 дугаар цэг хаалтаа хаагаарай гэж станцаар хэлсэн. Тэгээд 5 дугаар цэг хаалтаа хаасан боловч хаалтыг хурдтай мөргөж гарсан гэж мэдэгдсэн. Тэр үед би тухайн хил зөрчигчийг цагаан өнгийн жийп машинтай маш хурдтай том тэрэгний замаар Рентгэн рүү явахыг харсан. Тэгээд би 4 дүгээр хаалт /Рентгэний хаалт/ руу хаалтаа хаагаарай, наад машинаа гаргаж болохгүй гэж мэдэгдсэн. Тэгсэн чинь 4 дүгээр хаалт дээр үүрэг гүйцэтгэж байсан ахлах ахлагч Мөнхбат тэр машин наашаа ирж байгаад шууд замаа өөрчлөөд 3 дугаар хаалт /Замын хаалтын хилийн харуул/ руу эргэчихлээ гэж хэлсэн. Тэгээд 3 дугаар хаалт руу мэдэгдэхэд хаалтаа хаачихсан зогсож байна гэж мэдэгдсэн. Тэгсэн чинь хаалтыг мөргөөд гарчихлаа гэж 3-ын хаалт дээр үүрэг гүйцэтгэж байсан ахлах ахлагч Мөнх-Эрдэнэ мэдэгдсэн. Тэгээд л ангийн шуурхай жижүүр ахмад Манлайбаярт мэдэгдсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 79-80/

Гэрч Э.Цолмонбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Би 2017 оны 2 дугаар сарын 5-ны өдөр Замын-Үүдийн Авто замын шалган нэвтрүүлэх боомтын 6 дугаар цэг /том тэрэгний орох, гарах/ дээр замын хаалтын цагийн манаанд ахлагч Лхамын хамт үүрэг гүйцэтгэж байсан. Тэр өдөр гадаа үүргээ гүйцэтгэж байхад БНХАУ-аас том тэрэгний замаар нэг цагаан өнгийн Прадо маркын автомашин Монгол улсын хилийг чиглэн ирж байсан. Тухайн үед шинэ машин орж ирж байгаа юм болов уу гээд сайн харсан чинь номертой байсан. Тэгэхээр нь зогсоох гээд урд дохиураар анхааруулга өгөхөд хурдаа улам нэмсэн. Тэгээд жижиг тэрэг байсан болохоор замын жижиг хаалтыг тавиад хажууд нь зогсохд өөдөөс хурдтай ирээд дайрах гэж байсан болохоор нь зайлсхийсэн. Тэгсэн чинь хажуугаар хурдтай давхиад хойшоо 5 дугаар цэг рүү явсан. Тэгээд Лхам станцаар хойшоо мэдэгдсэн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 80-81/

Гэрч Б.Аззаяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Би 2017 оны 2 дугаар сарын 5-ны өдөр Замын-Үүдийн Авто замын шалган нэвтрүүлэх боомтын 5 дугаар цэг /том тэрэгний хойд хаалт/ дээр замын хаалтын цагийн манааны үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн өдрийн 15 цаг 50 минутын орчим 6 дугаар цэгээс ахлах ахлагч Лхам над руу станцаар “нэг хятад цагаан машин хаалт дайраад зугтлаа зогсоогоорой” гэж мэдэгдсэн. Тэгж хэлэхэд нь л тэр машин  миний үүрэг гүйцэтгэж байсан 5 дугаар хаалтаас 30 метрийн зайд ирсэн байсан. Тэгээд би тухайн машиныг зогсоох гээд бээлийгээ шийдсэн боловч хаалтыг маань маш хурдтай мөргөөд 100 метрийн зайд чирээд явсан. Тэгээд нэг зогсоод хаалтын хажуугаар гараад, хойшоо том тэрэгний замаар Рентгэний чиглэлд явсан” гэсэн мэдүүлэг хх-ийн 82-83/

Гэрч Г.Батцоожийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Би 2017 оны 2 дугаар сарын 5-ны өдөр Замын-Үүдийн Авто замын шалган нэвтрүүлэх боомтод хяналтын 7, 8 дугаар цэг /зорчигч, тээврийн хэрэгсэлд хяналт тавих манаа/-нд үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн өдөр 14-15 цагийн хооронд би боомтын даргын өрөөнд байсан. Тэгсэн чинь 6 дугаар цэгээс ахлах ахлагч Лхам станцаар “БНХАУ-ын талаас манай хаалгыг цагаан өнгийн машин дайраад гарчихлаа” гэж мэдэгдсэн. Тэгээд 5 дугаар цэг дээр үүрэг гүйцэтгэж байсан ахлах ахлагч Аззаяад хаалтаа хаагаарай гэж мэдэгдэхэд “аль хэдийн хаалтаа хаасан” гэж мэдэгдсэн. Тэгсэн чинь 5 дугаар цэгээс “манай хаалтыг дайраад гараад явчихлаа” гэсэн. Тэгэхээр нь боомтын дарга хошууч Ганбат, ахмад Баттүшиг бид 3 өрөөнөөс гарч машин руугаа гүйгээд хил зөрчсөн цагаан өнгийн машинтай этгээдийг саатуулахаар хойноос нь явсан. Тэгээд хойноос нь явж байхдаа 4 дүгээр цэг /Рентгэн/ рүү хаалтаа хаагаад наад машинаа зогсоогоорой гэж хэлсэн. Тэгсэн чинь 4 дүгээр цэгээс станцаар “манай хаалт дээр ирээд надад тулчихаад, 3 дугаар хаалт руу эргээд явчлаа” гэж мэдэгдсэн. Мөн 3 дугаар хаалтыг дайраад маш хурдтай гараад явчихлаа гэж мэдэгдсэн. Тэгээд тухайн машиныг хаашаа явсныг асуухад “Вокзал чиглээд явсан” гэж хэлсэн. Бид 3 вокзал руу чиглэлтэй явж хил зөрчсөн этгээдийн машиныг 2 талдаа харсаар явсан. Тэгээд Пүү-рүү явж үзье гээд Пүүн дээр очоод цагаан өнгөтэй хятад машин харагдсан уу? гэж асуусан чинь “манай хаалтыг дайраад гарсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь мянганы замаар хил зөрчигчийн машины араас явсан. Тэмээтэй хөшөөг өнгөрөөд явж байхад нэг машин маш хурдтай харагдсан. Тэгэхээр нь тэр машин яг мөн гэж бодоод араас нь явсан. Тэгээд араас нь явж байсан чинь тухайн тээврийн хэрэгсэл зогссон байдалтай байсан. Тэгэхээр нь тэр машины урдуур нь шахаж орж зогсоод, шууд бууцгаагаад хил зөрчигчийн автомашины жолооч талын хаалгыг нээхэд жолооч эсэргүүцэл үзүүлж өөдөөс том улаан зүйл барьж дайрсан. Тэгэхээр нь гарнаас нь татаад хил зөрчигчийн эсэргүүцсэн үйлдлийг саармагжуулсан. Аргагүй хамгаалалтаар цохиж номхотгосон. Тэгээд ангийн байрлалд авчирсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 84-85/

Гэрч Х.Мөнхбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Тухайн өдрийн 15 цаг 52 минутын үед Боомтын 5 дугаар цэгээс нэг машин хаалт дайраад өнгөрлөө гэж станцаар ярьж байсан. Тэгээд байж байхад ахлагч Номин над руу залгаад “5 дугаар цэгийг машин дайраад өнгөрчихлөө, замын хаалтаа хаагаарай” гэсэн. Тэгээд замын хаалтаа хаагаад байж байтал цагаан өнгийн Прадо маркын автомашин маш хурдтай манай цэг рүү ирэхэд нь би өөдөөс зогсоох санаатай гараа өргөж гүйсэн. Тэгээд миний өмнө хурдаа сааруулж ирээд буцаж эргээд 3 дугаар цэг рүү зугтсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 86-87/

Гэрч Д.Мөнх-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...ахлагч Ганбаатар орж ирээд надад урд хилээс нэг машин хурдтай хилийн хаалтуудыг дайраад гарчлаа гэж хэлсэн. Тэгээд гарч хараад машин нь хаана байна гэсэн чинь Рентгэний цаагуур орчихлоо одоо гараад ирнэ гэсэн. Тэгсэн чинь цагаан өнгийн жийп маркын автомашин байсан. Хурдтай хаазалж явсаар байгаад 4 дүгээр цэг дээр очиход ахлах ахлагч Мөнхбат 2 цэрэгтэйгээ цуг өөдөөс нь гүйгээд очсон чинь нөгөө цагаан өнгөтэй машин тулж зогсоод буцаад эргээд Рентгэний хашаа руу орсон. Тэгээд Рентгэний хаалтыг дайраад 3 дугаар хаалт буюу миний үүрэг гүйцэтгэж байсан цэг рүү хурдтай ирсэн. Яг тэр үед нь би хаалтаа зам дээр байрлуулж байсан. Байрлуулаад зогсож байсан чинь ахлагч Ганбаатар “Мөнх-Эрдэнэ ахлах ахлагчаа та дайрууллаа” гэж хэлсэн. Тэгээд эргээд харсан чинь тухайн машин маш хурдтай над руу чиглээд тулаад ирсэн. Тэгээд би үсрээд замаас холдоход миний хажуугаар хазаа улам нэмсээр Замын-Үүдийн төв рүү орсон. “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 88-89/

Гэрч Ц.Ганбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Тэр өдөр 3 дугаар хаалт дээр үүрэг гүйцэтгэж байхад 15 цаг 50 минутын орчимд Боомтын даргад нэг ажилтан станцаар нэг машин хаалт мөргөөд, хойшоо гарчихлаа гэж хэлсэн. Тэгээд тэр машин 4 дүгээр цэг рүү хурдтай явж байна гэсэн. Тэгээд харсан чинь цагаан өнгийн, жийп машин 4 дүгээр цэг дээр очоод буцаж эргэж давхиад Рентгэн рүү ороод буцаж зүүн хойд талын хаалгын чиг рүү давхиж байхаар нь өөдөөс нь очсон чинь хажуугаар хурдтай гараад явсан. Тэгээд л миний үүрэг гүйцэтгэж байсан хаалтаар гараад Замын-Үүдийн төв рүү явсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн /90-91/

Гэрч Б.Баттүшигийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “и 2017 оны 2 дугаар сарын 5-ны өдөр Замын-Үүдийн Авто замын шалган нэвтрүүлэх застав дээр аюулгүй байдлыг орлогч даргын үүргийг гүйцэтгэж байсан. Тухайн өдөр Заставын дарга жагсаалын даргатай Заставын даргын өрөөнд байсан. Станцаар ахлах ахлагч Лхам “том тэрэгний хойд талын хаалт руу нэг цагаан хятад дугаартай машин дайраад зугтчихлаа, орилоод байхад зогссонгүй” гэж мэдэгдсэн. Бид 3 гарч заставын даргын машин руу гүйсэн. Гүйж байх явцад станцаар хойд талын хаалт дээр үүрэг гүйцэтгэж байсан ахлагч хаалт дайраад зугтчихлаа гэж дахин мэдэгдсэн. Тэгэхээр нь би утсаараа Рентгэний хойд талын хаалт болох 4 дүгээр цэг дээр үүрэг гүйцэтгэж байсан ахлах ахлагч Мөнхбат руу залгаж хаалгаа хаагаад хаалтаа тавиад хаалгаа хаагаад түгж гэж хэлсэн. Тэгээд бид 3 хил зөрчигч этгээдийн араас 5 дугаар цэгээр гарч Рентгэн рүү явсан. 5 дугаар цэгээр гарахад замын хаалт болох 3 хэсэг жижиг дугуйтай хаалтуудыг байрнаас нь 50-60 метрийн зайд чирсэн байдалтай байсан. Тэгээд Рентгэн дээр очиход рентгэний хаалт хаалттай Мөнхбат ахлах ахлагч Рентгэнээр гараад 3 дугаар цэгийн хаалтыг мөргөөд Замын-Үүд рүү орчихлоо гэж мэдэгдсэн. Хойноос нь Замын-Үүдийн төвөөр яваад хоорондоо ярилцаад хойд Пүү рүү очьё гээд явцгаасан. Шороон замаар хойшоо яваад хилийн тагнуулынханд мэдэгдээд, Эрүүгийн цагдаагийн ажилтан мөн мэдэгдсэн. Мөн жагсаалын дарга Батцоож ангийн жижүүрт мэдэгдэж байсан. Заставын дарга жолоо барьж явсан. Замын-Үүд рүү орох, гарах Пост /Пүү/ дээр очоод 1000 төгрөгийн хураамж авдаг ажилтнаас “хятад цэнхэр номертой, цагаан өнгийн жийп машин ирсэн үү?” гэж асуухад дөнгөж манай хаалтыг дайраад зугтаачихлаа гэж хэлсэний дагуу араас нь яваад 20 гарам км-ийн цаана маш хурдтай давхиж яваа харагдаад, Тэгээд замын хажууд байдаг км-ийн заалт 41 гэсэн тэмдэгт дээр зогссон байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 92-93/

Гэрч Д.Шижирийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “ ...Манай оператор Энхтуяа төлбөр хураагч хашгираад, тэгсэн нэг цагаан өнгийн машин замын хөндлөвч дайран гарч байгаа харагдсан. Тэгээд гараад очтол нэг цагаан өнгийн жийп машин хүнд даацын тэрэг пүүлдэг замаар орж ирээд хаалтын хөндлөвчийг гараараа өргөөд явчихлаа гэсэн...Тэгээд Баярмаа утсаар холбогдох байгууллагуудад мэдэгдсэн. Удалгүй хилийн цэргийнхэн ирээд уг машины араас явсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 99/

Гэрч У.Лхамын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Би  2017 оны 02 сарын 05-ны өдөр Замын-Үүдийн Авто замын шалган нэвтрүүлэх заставын 6 дугаар цэг буюу том тэрэгний орох гарах талын манаанд  байлдагч Цолмонбаярын хамт үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн өдрийн 16 цагийн  үед байхаа би цэрэгтэй хамт гадаа байж байгаад пост руу орчихоод гараад ирсэн чинь цагаан өнгийн жийп машин маш хурдтай надаас 30 см зайд өнгөрөөд явсан. Араас нь харсан чинь хятад дугаартай байсан.  Гэнэт л ороод ирсэн машин юм. Пост руу ороод гараад ирэхэд л гэнэт гарч ирсэн. Тэгээд 5 дугаар цэг рүү мэдэгдсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 101/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 02 сарын 16 –ны өдрийн “Ли Жүний гэх шингэн цус АВ/IV бүлгийн харъяалалтай байна гэсэн” шинжээчийн 1869 тоот дүгнэлт /хх-ийн 105/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 02 сарын 16 –ны өдрийн “ 1 Шинжилгээнд ирүүлсэн “Ли Жүний шээс, цус” гэж хаяглан Sprite  хүслийн ундаа гэсэн шошготой  ногоон хуванцар савтай шээсэнд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрэхгүй байна.

2. Шинжилгээнд ирүүлсэн “Ли Жүний шээс, цус” гэж хаягласан “6236065” гэсэн шифртэй хуруу шилтэй цусанд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис тодорхойлох техникийн боломжгүй байна” гэсэн шинжээчийн 1868 тоот дүгнэлт /хх-ийн 106/

Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн “ 1. Ли Жүн нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчин үгүй байна.

2.Ли Жүн нь болсон хэргийн талаар  үнэн зөв  мэдүүлэг өгөх чадвартай болно.

3.Ли Жүн нь  хэрэг хариуцах чадвартай байна “ гэсэн 6 тоот шүүх сэтгэц, эмгэг судлалын  6 тоот магадлагаа /хх-ийн 117-118/

Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тухай  тэмдэглэл /хх-ийн 119-121/

2017 оны 04 сарын 06-ны өдрийн “ Тоёота Прадо маркын авто машин K2D165  хятад улсын дугаартай цагаан өнгөтэй 2011 онд үйлдвэрлэгдсэн 50,000,000 төгрөг гэсэн” шинжээч С.Энхтайваны дүгнэлт /хх-ийн 124/

Шүүгдэгч  нь урьд ял шийтгэлгүй гэсэн  ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 152/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

Тухайн хэргийн хувьд мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1-т заасан журмын дагуу хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Гэмт хэрэг үйлдэгдсэн үйл баримтыг дүгнэвэл:

Шүүгдэгч Ли Жүн нь 2017 оны 02 сарын 05-ны өдрийн 15 цагийн орчимд К2Д165 дугаартай Тоёота Прадо маркын тээврийн хэрэгслийг жолоодон Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Монгол Улсын хилийн Авто замын шалган нэвтрүүлэх боомтоор хилийн харуул манааны шаардлагыг үл биелүүлэн “Улсын хил хамгаалалтын зориулалттай инженер, техникийн байгууламж” /МУ-ын Хилийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9/ болох 815 дугаар тэмдгийн замын хаалтыг мөргөж Улсын хилийн дэглэм зөрчин, хууль бусаар Монгол Улсын хилийг нэвтэрсэн

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.1, 90 дүгээр зүйлийн 90.1-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байх тул түүнийг улсын хилийн дэглэм зөрчих, хууль бусаар Монгол Улсын хил нэвтрэх гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон 2017 оны 02 сарын 05-ны өдрийн хилийн дэглэмийн зөрчлийн  материал /хх-ийн 4-15/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-31/, замын хаалтанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 32-33/, цагаан өнгийн Somei гэсэн бичигтэй улаан өнгөөр 2/5 гэж тэмдэглэсэн диск 1 ширхэг, саарал өнгийн DVD-R 120 min/47 gb гэсэн бичигтэй 2017-02-05 гэж тэмдэглэсэн диск 1 ширхэг, саарал өнгийн DVD-R 120 min/47 gb гэсэн бичигтэй 2017-02-05 Замын-Үүд-Тац гэж тэмдэглэсэн диск 1 ширхэг зэргийг эд мөрийн баримтаар хурааж хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 76/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тухай  тэмдэглэл /хх-ийн 119-121/, гэрч Б.Номин, Э.Цолмонбаяр, Б.Аззаяа, Г.Батцоож, Х.Мөнхбат, Д.Мөнх-Эрдэнэ, Ц.Ганбаатар, Д.Шижир,У.Лхам нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд Замын-Үүд дэх Сум дундын Прокурорын газраас шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг түүний үйлдэлд тохирсон гэж үзэж ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас бусдад хохирол учруулаагүй байна.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан, хэрэг хариуцах чадвартай болох нь Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн 6 тоот шүүх сэтгэц, эмгэг судлалын  6 тоот магадлагаа /хх-ийн 117-118/-аар хэрэгт тогтоогдсон байна.

Иймд шүүгдэгч Ли Жүн нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

Шүүгдэгч Ли Жүн нь улсын хилийн дэглэм зөрчих, хууль бусаар Монгол Улсын хил нэвтрэх зэрэг нийлмэл гэмт хэргүүдийг үйлдэхдээ  K2D165  хятад улсын дугаар бүхий,  Тоёота Прадо маркын цагаан өнгөтэй тээврийн хэрэгслийг хэрэглэсэн болох нь хэрэгт тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар  хурааж, уллсын орлого болгох нь зүйтэй байна.

K2D165  хятад улсын дугаар бүхий,  Тоёота Прадо маркын цагаан өнгөтэй тээврийн хэрэгслийг  50,000,000 төгрөгөөр үнэлсэн байгааг дурдах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан өнгийн Somei гэсэн бичигтэй улаан өнгөөр 2/5 гэж тэмдэглэсэн диск 1 ширхэг, саарал өнгийн DVD-R 120 min/47 gb гэсэн бичигтэй 2017-02-05 гэж тэмдэглэсэн диск 1 ширхэг, саарал өнгийн DVD-R 120 min/47 gb гэсэн бичигтэй 2017-02-05 Замын-Үүд-Тац гэж тэмдэглэсэн диск 1 ширхэг зэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 881.7-т зааснаар хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч нь 2017 оны 02 сарын 06-наас эхлэн сэжигтэн, яллагдагчаар нийт 115 хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар цагдан хоригдсон 115 хоногийг түүний эдэлсэн ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

1.Шүүгдэгч Ли Жүнийг /Li Jun/ улсын хилийн дэглэм зөрчих, хууль бусаар Монгол Улсын хил нэвтрэх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ли Жүнийг /Li Jun/ Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.1-т зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар баривчлах ялаар, мөн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 90.1-т зааснаар 4 /дөрөв/ сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар шүүгдэгч Ли Жүнд /Li Jun/ оногдуулсан ялын хөнгөнийг хүндэд багтааж, биечлэн эдлэх ялыг 6 /зургаа/ сарын хугацаагаар баривчлах ялаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-т зааснаар шүүгдэгч Ли Жүнд оногдуулсан 6 сарын хугацаагаар баривчлах ялыг  нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар шүүгдэгч Ли Жүний /Li Jun/  цагдан хоригдсон 115 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар шүүгдэг Ли Жүний /Li Jun/ гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 50,000,000 төгрөгийн үнэ бүхий K2D165  хятад улсын дугаар бүхий,  Тоёота Прадо маркын цагаан өнгөтэй тээврийн хэрэгслийг хурааж, улсын орлого болгосугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 881.7-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан өнгийн Somei гэсэн бичигтэй улаан өнгөөр 2/5 гэж тэмдэглэсэн диск 1 ширхэг, саарал өнгийн DVD-R 120 min/47 gb гэсэн бичигтэй 2017-02-05 гэж тэмдэглэсэн диск 1 ширхэг, саарал өнгийн DVD-R 120 min/47 gb гэсэн бичигтэй 2017-02-05 Замын-Үүд-Тац гэж тэмдэглэсэн диск 1 ширхэг зэргийг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээсүгэй.

8. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ли Жүнд /Li Jun/ урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9.Энэ шийтгэх тогтоолыг ялтан, түүний өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ШҮҮГЧ   А.ЦЭРЭНХАНД