Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 05

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Г-дхолбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

226/2021/0005/Э

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Я.Алтаннавч, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд нээлттэйгээр,

Нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

Прокурор Н.Амаржаргал,  

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Л.Номин-Эрдэнэ,

Шүүгдэгч Д.Гнарыг оролцуулан,

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ШЦТ/01 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч Л.Номин-Эрдэнэ нарын давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2040000830085 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Дэнсмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

2020 оны  9 сарын 15-ны орой 21 цагийн үед Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр баг, Жаргалантын 05-505 тоот хашаанд оршин суух хохирогч М.Б-ын гэрт түүнтэй маргалдаж, улмаар түүнийг гэрээс гарах үед тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай эд зүйл болох төмөр лантуу хэрэглэн толгойн хэсэгт 1 удаа цохиж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Амаржаргал Д.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүх: Шүүгдэгч Д.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар “тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Д.Г-ыг 5 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-доногдуулсан 5 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Шүүгдэгч Д.Гнь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч М.Б-д 400.000 /дөрвөн зуун мянган/ төгрөг төлсөн болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гаас 2.163.165 /хоёр сая нэг зуун жаран гурван мянга нэг зуун жаран таван/ төгрөгийг гаргуулж, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр баг, Уурхайчин 05-505 тоотод оршин суух, Зээрд адуутан овогт Минжигдоржийн Бямбацогт /РД: И373110413/-Д олгохоор тус тус  шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Г давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар “тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, 5 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэсэн.

Өмгөөлөгч Л.Номин-Эрдэнэ нь миний үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг эс зөвшөөрсөн бөгөөд миний гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн гэх лантуу гэх зүйл нь тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай эд зүйл биш юм.

Хохирогч М.Б-ынтолгойн тус газар цохисон төмөр лантуу нь жонш бутлах зориулалтаар хийсэн, өөрийн жонш бутлах ажилдаа хэрэглэдэг байсан бөгөөд шүүхээс  хүний биед гэмтэл учруулж болохуйц эд зүйл байх тул ямар зорилгоор бэлтгэж, тохируулснаас үл шалтгаалж хүний биед гэмтэл учруулж болохуйц эд зүйл болгон тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох мэтээр хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Мөн анхан шатны шүүх хуралдаан болохоос өмнө цалин маань буухгүй хохирогч М.Б-ынэмчилгээний зардалд зарцуулсан 2,163,165 төгрөгийг төлж чадаагүй байсан. Үүнийг анхан шатны шүүх хуралдаан болсны дараа буюу 2020 оны 12 сарын 29-ний өдөр бүрэн төлж барагдуулсан ба хохирогч хохирол бүрэн төлөгдсөн, цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэдгээ бичгээр илэрхийлсэн.

Иймд миний бодит хохирол, зардлаа хангалттай бүрэн төлж барагдуулж хохирогч М.Б-тойэвлэрсэн байдал, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа, миний хувийн байдал болон өмгөөлөгчийн маань гэмт хэргийн зүйлчлэл дээр гаргаж байгаа саналыг харгалзан үзэж хэргийг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү гэж энэхүү гомдлыг гаргаж байна” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Номин-Эрдэнэ давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие анхан шатны шүүх хуралдаанд “Д.Гын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн гэх лантуу гэх зүйл нь тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай эд зүйл биш юм. Энэ бол ажлын багаж хэрэгсэл” гэж маргасан. Эрүүгийн хуулийн 11.1 дэх хэсгийн тайлбарт “Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. “Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно.” гэж заасан байна. Өөрийн ажилдаа ашиглах зорилгоор бэлтгэсэн лантуу болохоос хохирогч М.Б-ынэрүүл мэндэд гэмтэл хохирол учруулахаар урьдаас бэлтгэсэн, засаж тохируулсан багаж хэрэгсэл биш юм. Иймд энэхүү хэргийг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар биш Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй гэж мэтгэлцсэн боловч анхан шатны шүүхээс “Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гэж хүний биед гэмтэл учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан эд зүйл буюу хүний хөдөлмөр шингэсэн ахуйн болон аж ахуйн зориулалт бүхий хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулж болохуйц эд зүйл, хэрэгслийг ойлгох бөгөөд хохирогч М.Б-ынтолгойн тус газар цохисон төмөр лантуу нь жонш бутлах зориулалтаар хийсэн, өөрийн жонш бутлах ажилдаа хэрэглэдэг байсан бөгөөд хүний биед гэмтэл учруулж болохуйц эд зүйл байх тул” гэж дүгнэсэн.

Үүнээс үзэхэд ямар зорилгоор бэлтгэж, засаж тохируулснаас үл шалтгаалж хүний биед гэмтэл учруулж болохуйц эд зүйл бүхнийг ашигласан нь тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох мэтээр хуучин хуулийн үзэл санаагаар хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

2002 оны Эрүүгийн хууль дахь “Зэвсгийн чанартай бусад зүйл” гэдгийг УДШ-ийн 2006-02-20-ны №03 тогтоолоор тайлбарласан бөгөөд “Зэвсгийн чанартай бусад зүйл” гэдэгт ахуйн болон аж ахуйн зориулалт бүхий /тухайлбал: хайч, сэрээ, сүх, хөрөө, халив, /отвёрка/, хүрз, өрөм, лоом, гал тогооны болон сахлын хутга г.м./ эсхүл хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулж болох /тухайлбал: бороохой, ташуур, мод, төмөр, чулуу, шил, зодооны хэрэгсэл, бүх төрлийн химийн шингэн ба хатуу бодис г.м./ эд зүйл, хэрэгслийг ойлгоно. Зэвсгийн чанартай бусад зүйлийг тусгайлан бэлтгэсэн буюу засаж тохируулсан эсэх нь хэргийг Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар зүйлчлэхэд нөлөөлөхгүй гэж тайлбарласан байдаг. Өөрөөр хэлбэл гэмт этгээд бусдын биед гэмтэл учруулахуйц эд зүйлийг урьдчилан бэлтгэсэн, бэлтгээгүй нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй, тухайн эд зүйлийг зэвсгийн чанартайгаар ашигласан л бол зэвсгийн чанартай зүйл ашигласан гэж үзэн гэмт хэргийг хүндрүүлэн зүйлчилдэг байсан.

Гэтэл 2017 оны 07 сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж байгаа Эрүүгийн хуульд “Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэдэг ойлголтыг хууль тогтоогч өөр үзэл санаагаар хуульчилсан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн тайлбарт “Хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гэнэ гэж ойлгохоос биш хүний эрүүл мэндэд гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулж болохуйц хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гэнэ гэж хуульчлаагүй юм. Мөн тухайн хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулах зорилгоор урьдаас бэлтгэсэн, засаж тохируулсан байхыг шаардаж байгаа бөгөөд урьдаас бэлтгэсэн, засаж тохируулсан байдал нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөх юм.

Мөн дээрх тайлбар нь утга, агуулгын хувьд ч гэмтэл, хохирол учруулахаар бэлтгэсэн, засаж тохируулсан байхыг шаардаж байгаагаар ойлгогдож байна.

Иймд анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн буюу Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4, 39.9 дүгээр 1 дэх хэсгийн 1.4-т заасныг тус тус үндэслэн гэмт хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх заалт болгон өөрчилж, оногдуулах ялыг хөнгөрүүлэн 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэжээ.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Н.Амаржаргал давж заалдах шатны шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Г болон түүний өмгөөлөгч нарын шүүхэд гаргасан гомдол нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хэргийн нөхцөл байдлыг хөнгөрүүлэх боломжгүй. Ганбатын жоншийг бутлах зориулалтаар гар аргаар бэлтгэсэн лантуу нь устгах, гэмтээх зориулалттай эд зүйл. Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйлийг хэрэглэсэн гэдэг нь хууль зүйн үндэслэлтэй, анхан шатны шүүхээс хэргийн нөхцөл байдал, Ганбатын хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулахдаа тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай эд зүйл хэрэглэсэн гэж 5 жилийн хорих ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй, хэргийн зүйлчлэлийг өөрчлөх үндэслэлгүй” гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын үндсэн дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзвэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.

2020 оны  9 сарын 15-ны орой 21 цагийн үед Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр баг, Жаргалантын 05-505 тоот хашаанд оршин суух хохирогч М.Б-ынгэрт түүнтэй маргалдаж, улмаар түүнийг гэрээс гарах үед тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай эд зүйл болох төмөр лантуу хэрэглэн толгойн хэсэгт 1 удаа цохиж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

Хохирогч М.Б-ын: “...гэрт орж ирж дахин агсраад эхнэр хүүхэд айлгаж магадгүй гээд Ганбатыг гэр лүү нь орж унтуулах санаатай гэрээс гарахад Гнамайг яг гэрийн хаалгаар гараад яг өндийхөд толгойны төв хэсэгт нэг хатуу зүйлээр хүчтэй цохисон. Тэгсэн би ухаан алдаад унасан. 2020 оны 09 сарын 19-ний өдөр Гэмтэл согог үндэсний төвд тархи толгойны хагалгаанд орсон юм. Бид хоёрын дунд хэрэлдэж, муудалцаж байсан тохиолдол байхгүй, архи хэтрүүлэн хэрэглэсэн учир юу хийж байгаагаа ойлгохгүй цохисон байх. Намайг цохисон гэх төмрөөр Гжонш бутлахдаа ашигладаг байсан...”/хх-8/,

Гэрч Д.Алтантуяагийн: …манай хашаанд төрсөн ах Гамьдардаг юм. 2020 оны 09 сарын 15-ны өдөр намайг нөхөр хүүхдүүдийн хамтаар гэртээ байж байхад манай ах Гнь нэлээн согтуу  манайд орж ирээд “согтуугаар далимдуулж миний мөнгийг авсан байна” гэх мэтээр бидэнд агсан тавьж эхэлсэн. Хүү Баяржавхлан нь Гахад хандаж “Та нэлээн согтсон байна, гэртээ харьж амар гээд Гахыг гэрээс гаргаад хаалгаа цоожлоход Гах “та нарыг ална, гэртэй чинь шатаана” гээд орилж чарлахаар нь манай нөхөр Бямбацогт гэрээс гарахад өөдөөс нь Гах толгойн тус газар нь юмаар цохисон. Лантуугаар цохисон гэж хүү хэлсэн... /хх-ийн 11-12/,

Яллагдагч Д.Гын: “…би тухайн өдрийн зүйлээ санахгүй байна. …Сүүлд эгчээсээ болон дүү Баяржавхлангаас сонсоход тухайн өдөр намайг гар утас болон 20.000 төгрөг нэхэж анх хэрүүл маргаан үүсгэж сүүлдээ Бямбацогтыг лантуугаар толгой руу нь цохисон гэж сонссон. Бямбацогт бид хоёрын дунд ямар нэгэн хэрүүл маргаан болон муудалцаж байсан тохиолдол байхгүй” гэх /хх-ийн 70-71/ мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 сарын 16-ны өдрийн 105 тоот дүгнэлтэд:

1. М.Б-ынбиед гавал тархины битүү гэмтэл, тархины дунд зэргийн няцрал, дух /зүүн/ ясны зөрөөтэй хугарал, их тархины зүүн тал бөмбөлгийн духны хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, их тархины зүүн тал бөмбөлгийн дух, зулай, чамархайн дэлбэн хэсгүүдийг хамарсан хатуу хальсан доорх цусан хураа...

 гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна..../ хх 51-52/ гэх мэдүүлэг,

Иргэний согтуурлыг драгер багажаар шалгасан тэмдэглэл / хх-ийн 04/,

Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн төмөр лантуу, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 57, 62/,

Д.Гын шүүхэд гаргасан хүсэлт, хохирогчид 170.000, 230.000 төгрөг төлсөн баримт, шүүх хуралдаанд гаргаж өгсөн “Ариун юлюор” ХХК-ийн тодорхойлолт, /хх-ийн 79-85, 89, 104, 105, 133/ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлаж хэргийн үйл баримтыг шүүгдэгч Д.Гыг  хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан хэмээн дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч У.Солонго, М.Юмсүрэн нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.26 дугаар зүйл зааснаар шүүгдэгч Д.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай талаар бичгээр гаргасан саналаа уншиж сонсгожээ. Шүүх  иргэдийн төлөөлөгчдийн саналыг шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдсон талаар  дүгнэлт хийсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч Л.Номин-Эрдэнэ нарын давж заалдах гомдлын тухайд:

Шүүгдэгч Д.Гын хохирогч М.Б-ынтолгойн тус газар цохисон төмөр лантуу нь 70см урттай, ишний суурь нь 9 см бөөрөнхийтэй 5 кг 730 г жинтэй  жонш бутлахдаа хэргэлдэг ажлын багаж болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд,эд мөрийн баримт хураан авсан, эд зүйл жигнэсэн тэмдэглэлүүдээр /хх-59,61/  тогтоогдож байна. Шүүгдэгч нь хэрэг үйлдэх үедээ хэргийн газарт байсан гарт тааралдсан зүйлийг аваагүй харин тухайн лантууг өөрийн гэрээс зориуд авчирч шүүгдэгчийн толгой руу цохиж гэмтэл учруулсан нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн тайлбарт “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл”-д зэвсэг болон тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйлээс гадна иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх... зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно гэж зааснаас үзэхэд шүүгдэгч Д.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчилж тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. Шүүгдэгч нь хохирогчийн эрүүл мэндэд учруулсан хохирол эмнэлгийн зардлыг бүрэн барагдуулсан талаар хохирогч Б.Бямбацогт нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтыг давж заалдах шатны шүүхэд ирүүлснийг дурдах нь зүйтэй байна.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэж буй эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцэж Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангаж байх учиртай.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Гын үйлдсэн гэмт хэрэгт оногдуулахаар хуульд заасан хорих ялын хэмжээний дотор хорих ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдалд тохирсон байна.

Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн талаар прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасан хянавал зохих асуудлуудыг бүрэн хянасан, шүүхийн шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч  болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ШЦТ/01 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Г болон түүний өмгөөлөгч Л.Номин-Эрдэнийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Д.Гын цагдан хоригдсон 71 хоногийг ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.

 

Давж заалдах шатны шүүхийн магадлал анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Г.БОЛОРМАА

 

                             ШҮҮГЧИД                                                Я.АЛТАННАВЧ

 

                                                                                                 Б.ДЭНСМАА