Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 435

 

 

МАГАДЛАЛ

 

2019.03.11                                                 Дугаар 435                                     Улаанбаатар хот

 

 

 

Ө.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 184/ШШ2019/00007 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ө.Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Л.Д-д холбогдох,

 

Түрээсийн гэрээний үүрэгт 11 749 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаан:

Нэхэмжлэгч Ө.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ХХХ ХХК-ийн Хархорин худалдааны төвд байрлах өөрийн эзэмшлийн 2-4 тоот, 89 м.кв цайны газрыг 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 25 өдрийг хүртэл иргэн Л.Д-д түрээслүүлэхээр харилцан тохиролцож түрээсийн гэрээ байгуулсан. Түрээсийн гэрээний дагуу тус цайны газрыг Л.Д-ын эзэмшилд бүрэн шилжүүлсэн бөгөөд Л.Д нь 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл цайны газрын зориулалтаар ажиллуулсан. Түрээсийн гэрээний 3.1-д заасны дагуу түрээслэгч тал төлбөрийг 2017 оны 10,11,12 дугаар саруудад төлсөн боловч тус хугацаанаас хойших төлбөрийг төлж барагдуулаагүй. Төлөөгүй үлдсэн түрээсийн төлбөр болох 10 800 000 төгрөгөөс анх гэрээ байгуулахад байршуулсан барьцаа 1 000 000 төгрөгийг суутгаж            9 800 000 төгрөгийг 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр төлж барагдуулахаар бичгээр баримт үйлдэн харилцан тохиролцож гарын үсэг зурсан. Тус тохиролцсоноос хойш буюу 2018 оны 05 дугаар сарын 15 өдөр бэлнээр 800 000 төгрөгийг өгсөн боловч өнөөдрийг хүртэл үлдэгдэл 9 000 000 төгрөгийг өгөөгүй. Тухайн үед би сараа хойш нь ухрааж тооцоогүй байсан тул тооцоог дахин шалгаад 3 сарын мөнгө буюу үлдсэн 6 300 000 төгрөг, 5 дугаар сарын 1-ний өдрөөс хойшхи алданги 5 449 500 төгрөг нийт 11 749 500 төгрөгийг хариуцагч Л.Д-аас гаргуулж өгнө үү, нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Гурван сарын түрүүсийн төлбөр нийт 7 700 000 төгрөг болж хувирч байна. Үүнээс барьцааны 1 000 000 төгрөгийг хасаад 6 700 000 төгрөг үлдэж байна. 6 700 000 төгрөгөөс Л.Д нь 800 000 төгрөгийг өгсөн байдаг. Тэгээд 6 700 000 төгрөгөөс 800 000 төгрөг хасагдахаар 5 900 000 төгрөг болж байна. Иймд хариуцагчийн хувьд 5 900 000 төгрөгийг өгье гэж байна.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан алдангийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Алдангийг нэхэмжлэгч дурдахдаа 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс тооцоод нийт 175 хоногийн алданги гэж байна. Манай талаас алдангийг гэрээний 6.2-т түрээсийн гэрээний хугацаа хэтрүүлсэн хоног тутам үнийн дүнгийн 0,5 хувиар тооцно гэж заасан. 2 сарын түрээсийн төлбөрийг 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдөр өгөх ёстой боловч өгөөгүй. Тэгэхээр уг алданги 2 дугаар сарын 26-ны өдрөөс бодогдох ёстой. 3 сарын алданги ялгаагүй 3 дугаар сарын 26-ны өдрөөс, 4 сарын алданги 4 дүгээр сарын 26-ны өдрөөс тус тус бодогдох ёстой. Тэгэхээр нэхэмжлэгч 5 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл алдангийг тооцох үндэслэлгүй. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагад алдангиа тодорхой дурдах ёстой. 5 дугаар сарын 01-ний өдрөөс гэх юм бол алдангийн хугацаанд өөрчлөлт ороод байна. 2 дугаар сарын 26-ны өдрөөс 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 64 хоног тасарчихсан явж байгаа. 2 дугаар сарын 26-ны өдрийн алдангиа тооцоод үүргийн гүйцэтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна.   1 250 000 төгрөг бараг 100 хоног болж байгаа. Тэгэхээр 2 дугаар сарын 26-ны өдрөөс хоногоор тоолохоор 6 дугаар сарын 3, 4-ний өдөр 100 хоног нь дуусч байгаа. Тийм учраас 5 дугаар сарын 1-ний өдрөөс 6 дугаар сарын 3-ны өдрийн хоорон дахь алдангийг манай тал төлье гэж байгаа. Алдангиа тодорхой дурдаагүй болохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадахгүй байна гэж үзэж байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л.Д-аас 9 360 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ө.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 389 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 242 325 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Д-аас 164 710 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ө.Б-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолд: Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 6 дугаар зүйлийн 6.2-т анзын тусгахдаа “...гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн...” алдангийг түрээслэгч тал түрээслүүлэгчид төлөх үүргийг үүсгэсэн. Энэхүү гэрээний зохицуулалт нь хугацаа хэтэрсэн хоногоос эхлэн тоологдох ёстой юм. Иймд, хариуцагч нь 2018 оны 2 дугаар сарын 26-наас 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх 63 хоногийн алданги 800 000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 26-наас 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл 36 хоног 450 000 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 26-наас өдрөөс 04 дүгээр сарын 30 өдөр хүртэл 5 хоног 67 500 төгрөг нийт 1 317 500 төгрөгийн алдангийг төлөх ёсгүй юм. Учир нь нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа түрээсийн гэрээний алдангийг 2018 оны 05 дугаар сарын 01 өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 22 өдрийг хүртэл нийтдээ 175 хоногийн алдангийг шаардсан болно. Хариуцагч нь 9 390 000 төгрөгнөөс 1 677 500 төгрөгийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна гэжээ.  

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Ө.Б нь хариуцагч Л.Д-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 11 749 500 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч маргасан байна.

Талууд 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Хар Хорин худалдааны төвд байрлах 89 м.кв талбайг нэг сарын түрээсийн төлбөр 2 700 000 төгрөгөөр 1 жилийн хугацаатай, жилийн аль нэг 2 сарын түрээсийг 2 500 000 төгрөгөөр, түрээсийн төлбөрийн хугацааг хэтрүүлсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор хариуцагчид түрээслүүлэхээр тохиролцжээ. /хэргийн 8,9 дүгээр тал/

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй тул нэхэмжлэгч нь хариуцагчаас түрээсийн төлбөрийг шаардах эрхтэй. Хэрэгт цугларсан баримт болон талуудын тайлбараар зохигчдын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний хугацаа 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр дууссан байх бөгөөд 2018 оны 1 дүгээр сарын 25-наас 4 дүгээр сарын 25-ны хүртэлх түрээсийн төлбөр 5 900 000 төгрөгийн төлбөрийн талаар зохигчид маргаагүй байна. Түүнчлэн хариуцагч нь гэрээний хугацаа дуусгавар болсон өдрийн байдлаар 10 800 000 төгрөгийн үлдэгдэлтэй гэж 2018 оны 07 дугаар сарын 01-нд төлж барагдуулна гэх акт үйлджээ.  

Хариуцагч нь дээрх актад 4 хоногийн түрээсийн төлбөр тусгаагүй бөгөөд 360 000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар гаргаж өгөх, нотлох үүргээ хэрэгжүүлж чадаагүй байна.  

Нэхэмжлэгчийн шаардсан алданги нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас илүү тул хуульд заасан хэмжээгээр хязгаарлан 6 260 000 төгрөгийн алданги 3 130 000 төгрөг, нийт 9 360 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах хууль зүйн үндэслэлтэй.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 184/ШШ2019/00007 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41 800 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааpг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ

           ШҮҮГЧИД                                   Д.ЦОГТСАЙХАН

                                                                М.НАРАНЦЭЦЭГ