| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2019/01487/И |
| Дугаар | 101/ШШ2019/01804 |
| Огноо | 2019-06-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 101/ШШ2019/01804
| 2019 оны 06 сарын 14 өдөр | Дугаар 101/ШШ2019/01804 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: тоотод оршин суух, М /регистрийн дугаар: /-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: хаягт оршин суух, БА /регистрийн дугаар: /-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 14,310,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С*******л, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ганболд, хариуцагч Г.А , хариуцагчийн өмгөөлөгч С.Ялалт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамханд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С*******л шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Зээлийн гэрээ байгуулан 10,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаатай зээлдүүлсэн. Зээлийн гэрээнд бид гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлсэн. Гэрээний хугацаа дуусахад 25 хоног дутуу боловч Г.А нь 2019 оны 02 дугаар сарын 05-нд 390,000 төгрөг өгснөөс хойш хүү болон үндсэн мөнгө өгөлгүй өдийг хүрсэн тул зээлийн гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцож 54 хоногийн алданги 2,700,000 төгрөг, үндсэн зээлийн 10,000,000 төгрөг, түүний хүү болох 1,610,000 төгрөгийн хамт нийт 14,310,000 төгрөгийг хариуцагч Г.А ээс гаргуулж өгнө үү.
Манай нөхөр буюу Б.М нь Г.А т мөнгө зээлэхгүй гээд байхад нь би Г.А ийг сайн мэдэх учир нөхрөөсөө зөрсөөр байгаад, нөхрийнхөө эгчээс 10,000,000 төгрөг аваад Г.А т зээлдүүлсэн юм. Эхлээд мөнгөө өгөхдөө хүү авч үлдсэн. Эхний 4 сарын зээлийн хүүгийн мөнгийг өгсөн. 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хойш төлөөгүй. Нөхрийнхөө эгчээс мөнгө авсан учир нөхрийнхөө нэрээр гэрээг хийлгэсэн. Эхлээд 6,000,000 төгрөгийг өгсөн, дараа нь бэрийнхээ мобайл банкаар үлдсэнийг нь шилжүүлсэн. Мобайл банкны өдөрт гарах мөнгөний хэмжээ хэтэрсэн учир 2,995,000 төгрөг шилжүүлсэн. Манай нөхөр дургүйцээд 5,000,000 төгрөг зээлдүүлж болохгүй юм уу гэхэд нь би зөрсөөр байгаад 10,000,000 төгрөг өгсөн. Нотариатаар гэрчлүүлсэн гэрээнд зааснаар 4,390,000 төгрөгийн хүү, үндсэн 10,000,000 төгрөгийг аваагүй тул нийт 14,310,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ганболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч гэдэг нь өөрийн зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандаж байгаа этгээдийг хэлж байгаа. Хэлцлийг Г.А , Б.С*******л, Б.М гурав хамт байхдаа хийсэн. Гэрээний хүүгийн мөнгийг хэлэлцүүлэгт гаргаж өгсөн баримтаар нотолж байгаа. Үүнийг баталгаажуулахын тулд зээлийн гэрээ хийсэн байдаг. Зээлийн гэрээг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар бичгээр байгуулах хэдий ч эд хөрөнгийг шилжүүлэн өгснөөр хүү алданги тооцох эрх нь үүсэж байна. Эдгээр хүмүүс анх амаар зээлийн гэрээ байгуулсан, гэрээг баталгаажуулахын тулд 2018 оны 10 сарын 01-ний өдөр бичгээр үйлдсэн. Үүнээс хойш 1,000,000 төгрөг төлж байсан, мөн зээлийн гэрээ үргэлжилж байсан. Иймд гэрээ байгуулагдсан байна гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М бид 2 гэр бүлийн хүмүүс учир миний дансаар мөнгө өгсөн гэдэг. Энэ гэрээний хүүг өгч байсан. Гэрээг байгуулахын тулд итгэмжлэл хийсэн. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасан шаардлагыг бүрэн хангасан байгаа учир нэхэмжлэлийн шаардлагаа гаргуулах эрх нь үүсэж байна гэж үзэж байна. Энэ үйл явдлыг гэрчлэх гол гэрч нь болж байна. Мөнгө зээлүүлснийг нотлох гол баримт болно. Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байгаа гэв.
Хариуцагч Г.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талын нэхэмжилсэн нийт дүн нь 14,310,000 төгрөг байх бөгөөд үүндээ үндсэн зээл 10,000,000 төгрөг, 54 хоногийн алданги болох 2,700,000 төгрөг, хүү 1,610,000 төгрөгийг тус тус оруулан нэхэмжилсэн байна.
Б.М нь гаргасан нэхэмжлэлдээ 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 10,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаатай зээлсэн, зээлийн гэрээнд бид гарын үсэг зурж нотариатаар батлуулсан гэж дурдсан байх тул энэхүү зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хугацаанаас нь өмнө шаардаж байгаа гэж үзэхээр байгаа юм. Зээлийн хугацаа дуусаагүй талаар тэрээр нэхэмжлэлдээ хугацаа дуусахад 225 хоног дутуу гэж бичсэн байгааг дурьдах нь зүйтэй болов уу.
Бидний хооронд 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдсан зүйл байдаг боловч энэхүү зээлийн гэрээний үндсэн дээр 10,000,000 төгрөгийг олгосон, авсан зүйл бидний хооронд огт болоогүй юм. Энэхүү гэрээний үндсэн дээр ямар нэг мөнгө төгрөг надад зээл гэж олгоогүй. Харин олгосон мэтээр нэхэмжилсэн байгааг үнэхээр гайхаж байна.
Энэхүү нэхэмжлэлийн үндэслэл болсон зээлийн гэрээний 4 дүгээр зүйлд Энэхүү гэрээ нь зээлдүүлэгчээс зээлдэгчид мөнгийг бодитойгоор гардуулсан өдрөөс хүчин төгөлдөр болж, талууд хүлээсэн үүргээ бодитойгоор биелүүлсэн нөхцөлд дуусгавар болно. Гэж заасан нөхцөл огт хэрэгжээгүй гэдгийг дахин хэлмээр байна. Нэхэмжлэгч талаас энэхүү зээлийн гэрээгээ гаргаж өгсөн байна.
Б.М*******ын зүгээс энэхүү зээлийн гэрээний дагуу 10,000,000 төгрөгийг бодитойгоор олгосон нөхцөлд гэрээ хүчин төгөлдөр болж хэрэгжих байсан ч энэхүү мөнгөн хөрөнгийг олгох зээлдүүлэгчийн үүргээ биелүүлээгүй байдаг юм.
Энэхүү гэрээний үндсэн дээр түүнээс нэг ч төгрөг авч ашиглаагүй байхад хүү болон алданги тооцож нэхэмжилж байгаа нь үндэслэл муутайн зэрэгцээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.2-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасантай огт нийцэхгүй байна. 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн зээлийн гэрээ нь хуулийн дагуу тухайн мөнгө хөрөнгийг олгосноор байгуулагдсан гэж тооцогдох үндэслэлтэй байгаа юм.
Б.М*******тай өмнө нь аман байдлаар тохиролцсон өр авлагын асуудал байдаг ч үүнийгээ зохих ёсоор төлж байгаа юм. Энэхүү тохиролцооныхоо төлбөрт нийтдээ 4,390,000 төгрөгийг төлж барагдуулсан байдаг.
Иймээс Б.М*******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Бид нэг газар ажилладаг байсан. Мөнгө зээлэх хэрэгтэй болоод Б.С*******лаас авсан. Мөнгө авснаас хойш сард 10 хувийн хүү төлж байсан. 4,000,000 гаруй төгрөг төлсөн. 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хойш төлөөгүй. Б.С*******л бид хоёрын хооронд гэрээ байхгүй гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч С.Ялалт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч бол Б.С*******л гэдэг хүнтэй мөнгө өгч, авсан гэдэг асуудал бол байгаа. 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Г.А Б.М нарын хооронд байгуулагдсан гэрээний үүрэгтэй холбоотой асуудлаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч зээл олгох үүргээ биелүүлсэн гэж үзээд, хариуцагчийн зүгээс гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна. Учир нь гэрээ байгуулагдсан өдрөөс хойш мөнгө олгох ёстой. 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх дансны хуулгаар Б.С*******л, Г.А нарын өмнөх мөнгө өгч, авч байсан асуудал болохоос 2018 оны 10 сарын 01-ний өдөр гэрээ байгуулагдаж, түүнээс хойш мөнгө олгох ёстой гэсэн зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой асуудал байхгүй. Энэ нь ялгаатай хоёр асуудал юм. 2018 оны 10 сарын 01-ний өдөр байгуулагдсан гэрээн дээр мөнгө бодитойгоор өгснөөс хойш зээлийн гэрээ хүчинтэй болно гэж зохицуулсан байгаа. 2018 оны 10 сарын 01-ний өдрөөс хойш Б.М гэдэг хүн мөнгө өгөөгүй. Үүнээс хойш хариуцагч мөнгө төлж байсан нь дансны хуулгаас харагдаж байна. Б.С*******л гэдэг хүнд мөнгө төлж байсан ч энэ нь Г.А , Б.С*******л нарын өмнөх өгч, авч байсан асуудал юм. Хэрэв Б.М*******тай эрх зүйн харилцаанд орсон бол Б.М*******ын данс дансны хуулга дээр гарч ирэх ёстой. Б.С*******лын дансанд мөнгө орсон, данснаас мөнгө гарсан хуулга байгаа. Б.М өөрөө 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл гэрээ байгуулсан. Нэхэмжлэлийг 2019 оны 4 дүгээр сард гаргасан. Зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө нэхэмжлэл гаргасан гэж хэлдэг. Мөн алданги 2,700,000 төгрөг, хүүнд 1,610,000 төгрөг гэж тооцсон. Гэтэл энэ хоёр хүний хооронд ямар ч мөнгө өгч, авсан асуудал байхгүй. 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гэрээ байгуулчихаад өмнө мөнгө өгсөн гээд энэ гэрээг баталгаажуулна гэдэг бол гэрээ өөрөө хуульд нийцэхгүй. Б.С*******л, Г.А нарын хооронд мөнгө өгч, авсан асуудал байсан бол хоорондоо гэрээ байгуулаад хүүг тогтоосон байх ёстой. Нэхэмжлэгч гэрээгээр бид нар авах ёстой гэж төөрөгдөөд байх шиг байна. Дансны хуулгыг харахад 5,730,000 орчим төгрөгийн асуудал байсан. Нэгтгээд 10,000,000 төгрөг болох эсэх нь мэдэгдэхгүй. Гэхдээ энэ асуудал бол гэрээ байгуулахаас өмнө Б.С*******л, Г.А нарын хооронд болсон үйл баримт юм. Б.С*******л, Г.А нарын асуудал тусдаа байсан бол Б.М гэдэг хүн тусдаа 10,000,000 төгрөгөө олгох ёстой. Тэгж байж гэрээнд заасан эрхээ эдэлнэ, үүргээ шаардана, хүү тооцно, хугацаа хэтэрсэн бол алданги тооцно. Мөн гэрээний хугацаа дуусаагүй байхад яагаад үндсэн үүргээ, алдангитай нэхэмжилж байгаа юм бэ. Мөнгө аваагүй учир яагаад гэрээний үүргийг хэрэгжүүлэх ёсгүй. Хуулийн дагуу шийдэгдэх асуудал. Хэрэв Б.С*******л гэдэг хүн зээл олгоод мөнгөө авч чадахгүй байгаа бол тэр асуудлаа нэхэмжилж болно. Б.М гэрээ байгуулсан асуудал бол тусдаа гэж үзэж байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь энэ юм. Тиймээс энэ үндэслэлээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч Г.А т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 14,310,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч талууд маргаж байна.
Шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Г.А тэй байгуулсан Зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 10,000,000 төгрөг, алданги 2,700,000 төгрөг, хүү 1,610,000 төгрөг, нийт 14,310,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, 282 дугаар зүйлийн 282.3.-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана., 232 дугаар зүйлийн 232.3.-т Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ., мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.10-т ... бичгээр хийх хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хүчин төгөлдөр бус байх бөгөөд энэ тохиолдолд талууд хэлцлээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгнө. гэж тус тус заажээ.
Нэхэмжлэгч Б.М болон хариуцагч Г.А нарын хооронд 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр, 10,000,000 төгрөгийг 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй, зээл төлөх хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн 0,5 хувийн алданги тооцох нөхцөлтэй зээлийн гэрээ бичгээр байгуулагдаж, талууд гэрээнд гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлсэн байна.
Дээрх зээлийн гэрээний 4 дүгээр зүйлд Энэхүү гэрээ нь зээлдүүлэгчээс зээлдэгчид мөнгийг бодитойгоор гардуулсан өдрөө хүчин төгөлдөр болж, талууд хүлээсэн үүргээ бодитойгоор биелүүлсэн нөхцөлд дуусгавар болно гэж заасан байх бөгөөд зээлдүүлэгч Б.М нь энэхүү зээлийн гэрээний дагуу тохирсон мөнгийг гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчид бодитоор гардуулан өгөөгүй болох нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдов.
Нэхэмжлэгч Б.М*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний эхнэр гэх Б.С*******л нь ...хариуцагч Г.А т мөнгө зээлдүүлж, улмаар зээлийн гэрээг бичгээр байгуулахдаа өөрийн нөхөр Б.М*******ыг зээлдүүлэгчээр оролцуулсан... гэж, хариуцагч нь ...Б.С*******лтай зээлийн харилцаанд орсон, гэхдээ түүний нөхөр Б.М*******тай зээлийн гэрээ байгуулсан боловч зээлийг бодитоор аваагүй тул зээлийн гэрээний дагуу мөнгө төлөхгүй... гэж талууд тус тус шүүхэд тайлбарлаж мэтгэлцсэн.
Б.С*******л болон Г.А нар нь 2018 оны 10 дугаар сараас өмнө зээлийн харилцаанд орсноо хэн аль нь шүүхэд мэдүүлж байна. Тэдний хооронд үүссэн зээлийн харилцаа үргэлжилсээр 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хойш 2019 он хүртэл нийт 12 сая төгрөгийг төлсөн гэж хариуцагч тайлбарлаж байх боловч нотлох баримтаар нотлоогүй.
Нэхэмжлэгч Б.М болон Г.А нарын хооронд зээлийн харилцаа үүсээгүй, гагцхүү нэхэмжлэгчийн эхнэр гэх Б.Сайнбаяр, хариуцагч Г.А нарын хооронд үүссэн зээлийн гэрээг бичгээр байгуулах зорилго агуулсан гэж үзэх үндэслэлийг илэрхийлэх тайлбарыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч Г.А нар хэн аль нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэв.
Иргэний хуулийн 8 дугаар зүйлд заасан Иргэний эрх зүйн харилцаа зохигч талуудын хооронд бодитоор үүсээгүй буюу Б.М*******, Г.А нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ хэрэгжээгүй гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч Б.М нь 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 10,000,000 төгрөг, алданги 2,700,000 төгрөг, хүү 1,610,000 төгрөг, нийт 14,310,000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэр хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 229,500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан, хариуцагч Г.А ээс зээлийн гэрээний үүрэгт 14,310,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.М*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.М*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 229,500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА