| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 128/2022/0494/3 |
| Дугаар | 128/ШШ2022/0874 |
| Огноо | 2022-11-22 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 128/ШШ2022/0874
2022 11 22 128/ШШ2022/0874
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж, тус шүүхийн 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Н*** р***” ХХК /РД:5***/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Ө***, Д.Н***,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ж.Д*** /ШТЭҮ:***/, Б.А**** /ШТЭҮ:***/,
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Хуулийн хэлтсийн мэргэжилтэн З.М***,
Гуравдагч этгээд: Нийслэлийн Боловсролын газар
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус газрын Санхүү, хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Д.И*** нарын хоорондын газар эзэмших эрхтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ө***, Д.Н***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Д***, Б.А****, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.И***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Т*** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Улмаар Нийслэлийн Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн “Төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн барилга барих зориулалтаар газар эзэмших эрх олгох тухай” А/577 дугаар захирамжаар “...Нийслэлийн Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууц, худалдаа, үйлчилгээний зориулалтаар 69,944 м.кв газар эзэмшигч “Н*** р***” ХХК нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй тул 12,000 м.кв газрыг төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн барилга барих зориулалтаар Нийслэлийн Боловсролын газарт шилжүүлж, 15 жилийн хугацаатай газар эзэмших эрх олгож” шийдвэрлэснийг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
“...Нийслэлийн Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 69,944 м.кв талбай бүхий орон сууц, худалдаа үйлчилгээний зориулалттай газрыг 15 жилийн хугацаагаар эзэмших эрхийг Нийслэлийн Засаг даргын 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн А/433 дугаартай захирамжаар “Н*** р***” ХХК-д олгосон бөгөөд эрхийн улсын бүртгэлийн Э-220*** дугаарт бүртгэгдэж, нэгж талбарын 178*** дугаар олгогдсон.
“Н*** р***” ХХК нь дээрх газар дээр “Силк рөүд” нэртэй сургууль цэцэрлэг, худалдаа үйлчилгээний төв бүхий орон сууцны цогцолборын төслийг хэрэгжүүлэх зорилгоор Барилгын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу холбогдох зөвшөөрөл, техникийн нөхцөлүүд, зураг төсөл, төсөв, архитектур төлөвлөлтийн даалгавар зэрэг барилга байгууламжийн баримт бичгийг бүрдүүлэн ажиллаж байна.
Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн А/577 дугаар захирамжаар “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн үндэслэлээр “Н*** р***” ХХК-ийн эзэмшлийн газраас 12,000 м.кв газрыг Нийслэлийн Боловсролын газарт шилжүүлж шийдвэрлэсэн нь хууль бус, үндэслэлгүй бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэгт заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэсэн зарчмыг хангаагүй байна.
Мөн манай эзэмшлийн газрыг дээрх үндэслэлээр хүчингүй болгох талаар бидэнд урьдчилан мэдэгдээгүй, хариу тайлбар гаргах болон хуулиар олгогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах эрхийг хязгаарлан шийдвэр гаргасан.
Манай компанийн ажилтан Б.А*** нь Хүннү 2222 хотхонд оршин суудаг бөгөөд Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан талаар Академи-2 оршин суугчдын цахим группд 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдөр “Хүннү 2222 хажууд улсын сургуультай болохнээ” гээд маргаан бүхий захирамжийн зургийг нийтэлснийг тухайн өдөр нь мэдээд компанидаа мэдэгдсэн тул нэхэмжлэл гаргасан болно” гэжээ.
Иймд Нийслэлийн Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн А/577 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н***оос шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Нийслэлийн Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 27-ны А/577 дугаартай захирамжийг хүчингүй болгох гэсэн шаардлага гаргасан. Тиймээс тухайн захирамж нь хууль зүйн үндэслэлтэй гарсан уу үгүй юу гэдгийг хэлэлцэх гэж байгаа учир хууль зүйн үндэслэлийн тухайд үзэхэд тухайн захирамж нь процессын алдаатай гарсан гэж харагдаж байгаа. Яагаад гэхээр газар эзэмшигч шүүх газар эзэмших эрхийн зарим хэсгийг нь хүчингүй болгохдоо сонсох ажиллагаа хийгээгүй, энэ талаар хэрэгт баримт байхгүй. Хариуцагчаас сонсох ажиллагааны талаар 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Нийслэлийн Газар зохион байгуулалтыг албанаас “Н*** р***” ХХК-д мэдэгдэл хүргүүлсэн нь сонсох ажиллагаа хийгдсэн гэж тайлбарладаг. Сонсох ажиллагаа гэх зүйл дээр “...танай газар авто замын сүлжээг өргөжүүлэх мастер төлөвлөгөөнд тусгагдсан авто замын трассд өртсөн байна. Тийм учраас газрын эрхийг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн байна” гэсэн агуулгатай албан бичиг ирүүлсэн. Үүний дараагаар гарж байгаа маргаан бүхий акт нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дах заалтад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж заасны дагуу газраа 2 жил зориулалтын дагуу ашиглаагүй байна гэсэн агуулгаар ирсэн. Сонсох ажиллагаанд тавиад байгаа хуулийн үндэслэл болон маргаан бүхий акт дээр байгаа үндэслэл нь хоёр өөр зүйл байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ бид нар тухайн оршин суугчдын группээс /цахим
хуудас/ захирамж гарсныг мэдээд шүүхэд хандаад, шүүх хариуцагчаас шаардсаны дагуу маргаан бүхий акт ирсэн байдаг. Тэгэхээр захиргааны байгууллагаас процессын үйл ажиллагааг хангалттай явуулаагүй хууль зөрчсөн гэдэг нь харагдаж байсан. Захирамжийн гарчиг нь “Төрийн өмчийн сургууль цэцэрлэгийн барилга барих зориулалттай газар эзэмших эрх олгох тухай” гэсэн байдаг. Захирамжийн нэгдүгээр заалтад “Н*** р***” ХХК нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа хоёр жил ашиглаагүй учраас 12,000 м.кв газрыг Нийслэлийн Боловсролын газарт өгье гэсэн байдаг.
Газар эзэмших эрхийг хүчингүй болгох гэдэг нь газрын тухай хуулиар зохицуулагддаг. Нийслэлийн Боловсролын газарт газар эзэмшүүлэх нь өөр зохицуулалттай байна. “Н*** р***” ХХК-иас Нийслэлийн Боловсролын газарт газар эзэмших эрхийнхээ зарим хэсгийг шилжүүлээд байгаа юм шиг байдаг. Захирамжийн зорилго тодорхойгүй, ямар агуулгаар гараад байгаа үүнд нийцүүлэн хуулиудад агуулга нь тохирч байгаа эсэх нь тодорхой харагдахгүй захирамж гарсан байдаг. “Н*** р***” ХХК-ийн 69,000 м.кв газраас 12,000 м.кв газрыг эзэмших эрхийг хүчингүй болгож байна гэсэн агуулгатай гарсан уу гэхээр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дах заалтад “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасны дагуу үндэслэлтэй. Хэргийн материалтай танилцахаар анх 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр газар эзэмших гэрчилгээ аваад гэрээ байгуулсан. Үүнээс хойш 2021 оны 7 дугаар сард дахин гэрээ байгуулсан. 2021 оны 7 дугаар сараас хойш 2 жилийг тооцоод үзэхээр одоог хүртэл хугацаа нь болоогүй байгаа. Үйл ажиллагаа явуулж байсан. Түүнтэй холбоотойгоор архитектур төлөвлөлтийн даалгавар нь гарчихсан явж байгаа. Үүнтэй холбоотойгоор бусад холбогдох байгууллагуудаас тусгай зөвшөөрөл, техник хэрэгслүүд явж байсан гэдэг нь нотлох баримтаар хангалттай нотлогдож байгаа учир газар ашиглаагүй гэсэн зүйл нь үгүйсгэгдэж байна.
Нийслэлийн Боловсролын газарт 12,000 м.кв газар эзэмшүүлж байна. Энэ нь Газрын тухай хуульд заасан тусгай зохицуулалттай хуулийн дагуу хүсэлтээ гаргаад эрх олгогдох байсан боловч ийм зүйл байхгүй байгаа. Газар эзэмших эрхийг шилжүүлж байгаа зүйл байхгүй. Үүнтэй холбоотой “Н*** р***” ХХК-иас гаргасан ямар ч хүсэлт байхгүй. Захирамж нь хууль зөрчиж гарсан. Үйл ажиллагааны тухайд /ковид-19/ цар тахлаас хамаараад “Н*** р***” ХХК нь давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэрээгээ хэрэгжүүлэх боломжгүй болсон гэдгийг худалдаа аж үйлдвэрийн танхимаас тогтоон давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ олгосон нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. Тийм учраас А/577 захирамж нь хуулийн үндэслэлгүй тул хүчингүй болгож өгнө үү” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А****аас шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “... Нэхэмжлэгч "Н*** р***" ХХК нь тухайн эзэмших эрх олгогдсон газар дээр барилга байгууламж барих зөвшөөрөл гаргуулахын тулд Барилгын тухай хуулийн 4 дүгээр бүлэгт заасны дагуу маш олон байгууллага, албан тушаалтнаас холбогдох зөвшөөрөл, дүгнэлт, техникийн нөхцөлийг гаргуулах шаардлагатай бөгөөд үүнд нэлээдгүй цаг хугацаа шаардлагатай болдог. "Н*** р***" ХХК-ийн зүгээс газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргуулсан цагаас эхлэн өнөөдрийг хүртэл барилга байгууламжийн баримт бичгийг бүрдүүлж, холбогдох зөвшөөрлийг гаргуулах ажилд тасралтгүй анхаарсаар ирсэн боловч дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын нөлөөнөөс болж уг ажил нэлээдгүй саатаж удааширсан. Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн А/577 дугаартай захирамжаар "хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэсэн үндэслэлээр "Н*** р***" ХХК-ийн эзэмшлийн газраас 12,000 м.кв газрыг Нийслэлийн Боловсролын газарт шилжүүлж, эзэмших эрх олгохоор шийдвэрлэсэн нь хууль бус, үндэслэлгүй бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэгт заасан "зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх" гэсэн зарчмыг хангаагүй байна.
"Н*** р***" ХХК нь өөрийн эзэмшлийн газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлгүй бөгөөд энэ хугацаанд тухайн газар дээр орон сууцны барилгын төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой зөвшөөрөл, техникийн нөхцөлүүдийг гаргуулахаар тасралтгүй ажилласан бөгөөд уг нөхцөл байдалд давагдашгүй хүчин зүйлийн үйлчлэл буюу /Ковид-19/ цар тахлын улмаас хөл хорио тогтоосон, үүний улмаас зөвшөөрөл олгох ёстой төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа доголдсон, удааширсан зэрэг газар эзэмшигчээс үл шалтгаалах нөхцөл байдал үүссэн. Нийслэлийн Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн А/577 дугаартай захирамжийн 1 дэх хэсэгт "Н*** р*** ХХК нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тул 12000 м.кв газрыг төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн барилга барих зориулалтаар Нийслэлийн Боловсролын газарт шилжүүлж, 15 жилийн хугацаатай газар эзэмших эрх олгосугай" гэж, мөн захирамжийн 3 дах хэсэгт "Энэ захирамж гарсантай холбогдуулан Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай Нийслэлийн Засаг даргын 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн А/433 дугаар захирамжийн 1 дүгээр зүйлийн 69,944 м.кв гэснийг 57,944 м.кв гэж өөрчилсүгэй" гэж заасан нь "Н*** р***" ХХК-ийн газар эзэмших эрхээс 12,000 м.кв талбай бүхий газрын эрхийг хэсэгчлэн хүчингүй болгож, гуравдагч этгээдэд шилжүүлэх эрх олгосон гэж ойлгогдож байгаа ба ингэснээр "Н*** р***" ХХК нь тухайн газар дээр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа "Силк Рөүд" төслийг бүрэн хэрэгжүүлэх боломжгүй болж манайн компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж байгаа нь холбогдох баримтаар тогтоогдож байна” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Д***аас шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “А*** өмгөөлөгчийн хэлсэн дээр тодотгож хэлэхэд хавтаст хэргийн 104 дүгээр талд “Н*** р***” ХХК-д олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээ байна. Гэрчилгээний огноо 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдөр гэсэн байна. Гэтэл хууль зүйн үндэслэл нь 2 жил зориулалтын дагуу газар ашиглаагаагүй гээд байгаа нь үндэслэлгүй гэдгийг тодотгож байна. Бусад хууль зүйн үндэслэлийг дэмжиж байна” гэв.
4. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “...Нийслэлийн Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн А/577 дугаартай захирамжаар Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2 дахь заалт, 49 дүгээр зүйлийн 49.3.3, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг үндэслэн нийслэлийн Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууц, худалдаа үйлчилгээний зориулалтаар 69,944 м.кв талбай бүхий газрыг эзэмшигч “Н*** р***” ХХК нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тул 12,000 м.кв газрыг төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн барилга барих зориулалтаар нийслэлийн Боловсролын газарт шилжүүлж, 15 жилийн хугацаатай газар эзэмших эрх олгосон байна.
Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас “Н*** р***” ХХК-д 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 02-06/1367 дугаартай албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн болно.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
5. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо сургуулийн өмнөх боловсролын 884 хүүхэд, ерөнхий боловсролын сургуулийн 2266 хүүхэдтэй. Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо нь төрийн өмчийн сургууль, цэцэрлэг байхгүй. Нийслэлийн Засаг дарга 2022 оны А/577 дугаар захирамж гарсантай холбогдуулан нийслэлийн төсвийн тодотголоор 640 хүүхдийн сургууль баригдахаар хөрөнгө батлагдсан. Хан-Уул дүүргийн 18 дугаар хороонд сургууль, цэцэрлэгийн шаардлага хэрэгтэй. “Н*** р***” ХХК-ийн газарт сургууль, цэцэрлэгийн зураг төсөл батлагдаад явж байна гэсэн тайлбар өгч байна. Зураг төслөөрөө сургууль, цэцэрлэг барин ашиглалтад орсон тохиолдолд хувийн өмчийн сургууль, цэцэрлэг болохоор харагдаж байгаа. Төрийн өмчийн төлбөргүй сургууль, цэцэрлэг биш байна. Боловсролын тухай хуульд заасны дагуу хүүхэд боловсролыг эрх тэгш жигд хүртэх эрхтэй гэсэн заалтыг зөрчиж байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх, нэхэмжлэгч “Н*** р***” ХХК-иас тус шүүхэд хандан гаргасан нэхэмжлэл үндэслэлтэй байна гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр Нийслэлийн Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн А/577 дугаар захирамжийг хууль бус хэмээн маргасан. Үүнд:
1. “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн үндэслэлээр “Н*** р***” ХХК-ийн эзэмшлийн газраас 12,000 м.кв газрыг Нийслэлийн Боловсролын газарт шилжүүлж шийдвэрлэсэн нь хууль бус,
2. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэгт заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэсэн зарчмыг хангаагүй,
3. манай эзэмшлийн газрыг дээрх үндэслэлээр хүчингүй болгох талаар бидэнд урьдчилан мэдэгдээгүй, хуульд заасан журмын дагуу сонсох ажиллагаа хийгээгүй зэрэг үндэслэлээр тайлбарлан маргаж байна.
3. Хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд,
Маргаан бүхий газар болох Нийслэлийн Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 178*** дугаар бүхий 69,944 м.кв талбай бүхий газрыг Нийслэлийн Засаг даргын 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн А/433 тоот захирамжаар нэхэмжлэгч “Н*** р***” ХХК-д “орон сууц, худалдаа, үйлчилгээ”-ний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн болох нь,
Маргаан бүхий нэгж талбарын 178*** дугаар бүхий 69,944 м.кв газар нь Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Хүннү 2222” хорооллын баруун талд байрлалтай, Монгол Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг”-т тухайн байршлыг орон сууцны хорооллын бүсэд төлөвлөгдсөнөөс өөр нэмэлт төлөвлөлт хийгдээгүй, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлагдаагүй, нэхэмжлэгчээс тухайн эзэмшил газрынхаа хойд хэсэгт барилгын үйл ажиллагаа явуулж байгаа, хариуцагчийн зүгээс маргаан бүхий захиргааны акттай холбогдуулан нэхэмжлэгчийн хашаалсан газрыг хөндөх болон хэсэгчлэн хашааг буулгах, цуцалж, гуравдагч этгээдэд шилжүүлсэн газрыг тэмдэгжүүлж, цэг тогтоогоогүй болох нь,
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2022 оны 4 дүгээр сарын
01-ний өдрийн 02-06/1367 дугаартай албан бичгээр “... тухайн газар нь Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, Авто замын сүлжээг хөгжүүлэх мастер төлөвлөгөөнд тусгагдсан авто замын трасст өртсөн байх тул Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1, 48.2.2 дахь заалтад заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн болох”-ыг мэдэгдсэн бөгөөд эл мэдэгдэлтэй холбогдуулан нэхэмжлэгчээс 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 4-12/223 дугаар албан бичгээр холбогдох тайлбарыг өгч байсан хэдий ч маргаан бүхий захиргааны акт болох Нийслэлийн Засаг даргын даргын 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн А/577 дугаар захирамжаар “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй тул 12,000 м.кв газрыг төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн барилга барих зориулалтаар Нийслэлийн Боловсролын газарт шилжүүлж, 15 жилийн хугацаатай газар эзэмших эрх олгож” нэхэмжлэгчийн эзэмшлийн 69,944 м.кв газраас 12,000 м.кв газрын эзэмших эрхийг хүчингүй болгон шийдвэрлэсэн.
Хариуцагчаас тухайн маргаан бүхий захиргааны актад дурдагдсан “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлээр Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан мэдэгдэх, сонсох ажиллагааг явуулаагүй болох нь,
Маргаан бүхий захиргааны акт болох Нийслэлийн Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн А/577 дугаар захирамжаар нэхэмжлэгч “Н*** р***” ХХК-ийн эзэмшиж байсан газраас 12,000 м.кв газрыг “төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн барилга барих зориулалтаар” Нийслэлийн Боловсролын газарт шилжүүлж шийдвэрлэсэн ч өнөөгийн байдлаар Нийслэлийн Боловсролын газрын эзэмшилд олгосон тухайн газар дээр барихаар төлөвлөж буй гэх 640 хүүхдийн сургуулийн барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз зураг болон холбогдох бусад баримт бичгүүд батлагдаагүй, тухайн үйл баримттай холбогдуулан хариуцагч болон гуравдагч этгээдээс шүүхэд ямар нэгэн нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу гаргаж өгөөгүй болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт нотлох баримтаар авагдсан Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/433 дугаар болон 2022 оны А/577 дугаар захирамжууд, 000016883 дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2020 оны 01122-2020/00396 дугаар бүхий Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 02-06/1367 дугаар албан бичиг, Хот байгуулалт, хөгжлийн газрын 2022 оны 10/3009 дүгээр албан бичиг, маргаан бүхий газарт хийсэн шүүхийн үзлэгийн тэмдэглэл болон холбогдох бусад баримтаар тус тус тогтоогдож байна.
4. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална”, 4.2.1-т “хуульд үндэслэх”, 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах”, 24 дүгээр зүйлийн 24.1-т “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно”, 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны актыг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах
боломж олгоно" хэмээн,
Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д “нийтийн эдэлбэрийн газар" гэж зохих журмын дагуу нийтээр ашиглахаар тогтоогдсон төрийн өмчийн газрыг”, 40 дүгээр зүйлийн 40.1-т “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно: 40.1.6.хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” хэмээн тус тус хуульчлан заасан.
5. Үүнтэй холбогдуулан шүүх, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар захиргааны байгууллага нь тодорхой нэг захиргааны шийдвэрийг гаргахын тулд тухайн үйл баримтад хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай ажиллагааг хийж, нотлох баримтыг цуглуулж, үнэлсний үндсэн дээр тухайн шийдвэрийг гаргах үүрэгтэй. Ингэхдээ мөн хуулийн 26 дугаар зүйлд заасан журмын дагуу тухайн захиргааны актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгох ёстой.
Тухайн тохиолдолд хариуцагч Нийслэлийн Засаг даргаас маргаан бүхий захиргааны акт болох 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн “Төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн барилга барих зориулалтаар газар эзэмших эрх олгох” тухай А/577 дугаар захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулиар хүлээсэн дээрх үүргээ хэрэгжүүлэлгүйгээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хэсэгчлэн цуцалсан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан “хуульд үндэслэх”, 4.2.6-д заасан “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” тусгай зарчимд нийцсэн гэж үзэх боломжгүй бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна хэмээн үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Мөн тус өдөр товлогдсон шүүх хуралдааны товыг шүүхээс хуульд заасан журмын дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдсэн бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2022 оны 11 дүгээр сарын 21, 22-ний өдрүүдэд захиргааны чөлөөтэй тул шүүх хуралдааныг 14 хоногоор хойшлуулж өгнө үү гэсэн агуулга бүхий хүсэлтийг хурлын өмнө шүүхэд цахимаар ирүүлсэн ч хүсэлтэд хавсаргасан баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байсан тул шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон шүүх хуралдааныг үргэлжүүлэн явуулсан болохыг дурдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 103.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн “Төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн барилга барих зориулалтаар газар эзэмших эрх олгох” А/577 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /Далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА