Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 460

 

 

МАГАДЛАЛ

 

2019.03.13                                                 Дугаар 460                                      Улаанбаатар хот

 

 

 

МБС ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ч.Цэнд, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2019/00017 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч МБС ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч КА ХХК-д холбогдох,

 

16 495 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Э,

Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 03/01-132 тоот гэрээг КА ХХК-тай байгуулсан. Энэ гэрээний дагуу КА ХХК-ийн зар сурталчилгааг БМ  ХХК өөрийн эзэмшлийн сувгуудаар олон нийтэд түгээж, КА ХХК нь гүйцэтгэлээр төлбөр төлөхөөр тохиролцсон. Гэрээний дагуу манай байгууллага нийт 31 260 645 төгрөгийн реклам цацсан болно. Үүнээс КА ХХК нь 20 263 645 төгрөгийг барагдуулсан. Гэрээний 3 дугаар зүйлийн 3.4-т алданги тооцохоор заасан тул төлөгдөөгүй үнийн дүнгээс алданги тооцохоор заасны дагуу төлөгдөөгүй үнийн дүн болох 10 997 000 төгрөг, түүний 50 хувьтай тэнцэх алданги 5 498 500 төгрөг нийт 16 495 500 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: тайлбар гаргаагүй байна.

Шүүх: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч КА ХХК-иас 16 495 500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч МБС  ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240 430 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч КА ХХК-иас 240 430 төгрөг гаргуулан нэхэмжлэгч МБС ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Талууд ашгийн төлөө байгууллага ба КА ХХК нь хариуцагчаас үйлчилгээ авснаас бэлэн мөнгө аваагүй. Өөрөөр хэлбэл, МБ ХХК-д тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн. КА ХХК-ийн зүгээс 2018 оны 11 дүгээр сарын 30-нд нэхэмжлэлийг шүүхээс хүлээн авсан ба 2 удаа МБ ХХК-д (марктинг хариуцсан захиралтай) үндсэн төлбөрийг тодорхой хугацаанд графикаар төлөх тухай саналаа амаар илэрхийлсэн. Нэхэмжлэгч тал саналыг судлах, графикийг харах тухай ярилцсан. Хариуцагч КА ХХК нь энэхүү тохиролцоог үндэслэн хариу тайлбараа шүүхэд өгөх бодолтой байтал 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэргийн анхан шатны шүүхээс хурал заралсан байсан ба тухайн үед КА ХХК-ийн захиралд мэдэгдээгүй нь тус байгууллагын ажилтан хариуцлага алдсанаас шүүх хуралд өөрийн байр суурийг илэрхийлж мэтгэлцэж чадаагүй болно. Иймд хариуцагчийг эзгүйд шүүх хуралдааныг явуулж шийдвэр гаргасан байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Нэхэмжлэгч МБС ХХК нь хариуцагч КА ХХК-д холбогдуулан 16 495 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч тайлбар гаргаагүй байна.

 

Талуудын хооронд 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр “Хамтран ажиллах гэрээ” гэх нэртэй гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгч нь хариуцагчийн зар сурталчилгааг телевизээр нэвтрүүлэх, хариуцагч нь ажлын үр дүнг харгалзан гэрээнд заасан хөлс төлөхөөр тохиролцсоныг шүүх тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн байна. /хэргийн 9 дүгээр тал/ Нэхэмжлэгч нь гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгэсэн талаар талууд маргаагүй тул нэхэмжлэгч нь гүйцэтгэсэн ажлын хөлсийг шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 10 997 000 төгрөгийн алданги 50 хувиар тооцож       5 498 500 төгрөг, нийт 16 495 500 төгрөгийг хариуцагч байгууллагаас дээрх гэрээний дагуу гаргуулахаар шүүх шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “төлбөрийг графикийн дагуу төлөх саналаа илэрхийлсэн, нэхэмжлэгч нь судлах тухай ярилцсан” гэх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна. Түүнчлэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагын хувийг гардан авч, хэргийн материалтай танилцсан боловч хуулиар тогтоосон хугацаанд тайлбар, татгалзал гаргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт нийцсэн үндэслэлтэй болжээ.

Шүүхээс хариуцагч байгууллагад шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хүрэлцэн ирээгүйтэй холбоотой хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй тул шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дах заалтад нийцсэн байна.

Иймд дээрх үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2019/00017 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240 500 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааpг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Н.БАТЗОРИГ

        ШҮҮГЧИД                                   Ч.ЦЭНД

                                                                           М.НАРАНЦЭЦЭГ