Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 2025/ШЦТ/56

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Ёндонсамбуу даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,

улсын яллагч О.Мөнхтуяа,

шүүгдэгч Б.Б******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн Б.Б*******д холбогдох эрүүгийн 2515000000031 дугаартай, 304/2025/0052/Э индекстэй хэргийг 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Д******* овогт Б******* Б*******, ******* аймгийн ******* суманд ... оны ... дугаар сарын 0....-ний өдөр төрсөн, эрэгтэй, 23 настай, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт Булган аймгийн ******* сумын ******* 2 дугаар багт оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, регистрийн дугаар: ИХ01300411.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Б.Б******* нь 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 13 цагийн орчим Булган аймгийн ******* сумын ******* 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Д.С******* “хурдтай явлаа” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар гар, хөлөөрөө толгойн тус газарт удаа дараа цохиж, өшиглөн эрүүл мэндэд нь “хуйханд шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.Б******* нь 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 13 цагийн орчим Булган аймгийн ******* сумын ******* 2 дугаар багийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгслээр зорчиж яваад тээврийн хэрэгслийг жолоодож явсан Д.С******* “...зөөлөн яваач ...” гэх шалтгаанаар маргалдаж түүний толгойн тус газарт цохих, өшиглөх зэргээр зодож “хуйханд шарх гэмтэл” гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдлоо.

1.2.Нотлох баримтын үнэлгээ

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:

Мөрдөн байцаалтын шатанд цугларсан:

-Хохирогч Д.С*******ийн: “...Эхнэр А намайг “чи машин бариад даваан дээр гаргаад өгөөч” гэхээр нь би эхнэртэй солигдоод машинаа бариад Даваатын даваагаар даваад явсан. Эхнэр “Бургастын харз” гэх газрын нарийн харзтай голоор гаргаад өгөөрэй” гэж хэлсэн. Би тэгээд тэр голоор нь гарах гээд явж байтал замын донсолгоонд хадам дүү Б******* хаалганы дээд талын бариул мөргөсөн юм шиг байна лээ над руу “зөөлхөн яваач пизда минь” гэж хэлэхээр нь би өөдөөс нь “чи яахаараа пизда минь гэж хэлдэг юм” гээд машинаа зогсоогоод шууд буусан. Буугаад тойроод иртэл газраас чулуу аваад шууд толгой руу цохиод унагаагаад дээрээс зүүн мөр хэсэг рүү 3 удаа дэвсээд зодчихоод гэр лүгээ алхаад яваад өгсөн.

...Намайг тухайн өдөр хадам дүү Б******* толгой руу цохиж гэмтээсэн нь үнэн би тухайн үед газраас чулуу аваад цохисон гэж бодож байсан. Яг чулуу авсныг нь сайн мэдэхгүй байна. Хөлөөрөө олон удаа цээж, гэдэс рүү бол өшиглөсөн зодсон. ...Би эмчилгээний зардал болон ямар нэгэн хохирлын мөнгө төгрөг гэж гаргуулж авахыг хүсэхгүй байна. Би хадам дүү Б*******д ямар нэгэн гомдол байхгүй. Одоо миний биеийн байдал хэвийн болсон. ...Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгох шинжилгээ хийлгэх шаардлагагүй. Надад сэтгэцэд учирсан сэтгэл санааны хохирол байхгүй. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6, 9-10, 11-12, 13-14 дэх тал/,

-Булган аймгийн эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 04-ны өдрийн 10/23 дугаартай албан бичиг, хавсралт /хавтаст хэргийн 17-18 дахь тал/,

-Иргэний нэхэмжлэгч Б.А: “...Д.С нь 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойших хугацаанд эрүүл мэндийн даатгалын сангаас 111,246 төгрөгийн зардал гаргуулж тусламж үйлчилгээ эмчилгээ хийлгэсэн байна. Энэ мөнгийг буруутай этгээдээс буцаан авч эрүүл мэндийн даатгалын санд төвлөрүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 23-24 дэх тал/,

-Гэрч Б.Аын: “...Замдаа явж байгаад “Даваатын даваа”-г өгсөөд гарах гэж байсан машин хий эргээд гарахгүй байсан юм. Тэгсэн нөхөр “би барья” гээд цааш нь сольж бариад явж байтал аавынд очихын наад талд 4 километрийн зайд явж байхад нөхөр гэнэт аймар давхиад байхаар нь би “зөөлөн яв” гэж хэлсэн чинь “би мэдэж байна” гээд давхиад байсан. Тэгсэн дүү Б******* хойно сууж яваад “ ахаа зөөлхөн яваа, үхэр мал гэнэт гараад ирдэг юм аа” гээд хэлсэн чинь нөхөр урдаас нь уурлаад “эгч, дүү 2 нийлээд дээрэлхээд байна уу” гээд уурлаад байсан. Угаасаа манай нөхөр өглөө нь юм уусан болохоороо дүүг “чи хорголоо тоолсон пизда” гээд уурлаад хэлснээ гэнэт зогсоод машинаас бууж ирээд хоорондоо зодолдоод байсан...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 34-35, 48-51 дэх тал/,

-Гэрч Ч.Н: “...Манай хүү Б******* өдрийн 10 цагийн үед “******* аймагт байдаг төрсөн эгч болох Аынд байна, одоо хүргэн ах эгч хоёроор гэр лүүгээ хүргүүлэх гэж байна” гэж утсаар ярьсан. Тэгээд удалгүй 14 цагийн үед манай хүү Б******* явган алхаад гэрт орж ирсэн. Би “яасан юу болов ах, эгч чинь яасан” гээд асуутал “би сая урд талын жалганд хүргэн ахтай муудалцаад машинаараа хурдтай давхиад байхаар нь эгч бид хоёр зөөлхөн яваач, та хоёр хүүхдээ айлгаад байна” гэсэн чинь “чиний машин юм уу, хорголоо тоолсон банди минь гэхээр нь хоёр цохичихлоо” гэж хэлсэн. Энэ хоёрыг муудалцахыг нь би хараагүй...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 39-41 дэх тал/,

-Гэрч Б.Б: “...Б******* ******* аймагт 2 дугаар ангиасаа хойш манайд сургуульд сурч байсан. Илүү дутуу зан байхгүй, хүмүүстэй муудалцаад байдаггүй, даруухан, дуугүй, болж өгвөл хүнд тусалж өгөх талдаа гэж боддог. С******* муудалцсан талаараа яриагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 44-45 дахь тал/,

-Гэрч А.О: “...Тухайн үед С нь толгойдоо оёдол тавиулсан, толгойгоо ороосон байдалтай ирсэн байсан. Нүүрэнд гэмтэл шарх байгаагүй, согтуурлын багажаар шалгаагүй. Архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, биеэ авч явах чадвартай байсан болохоор нь гэрчээр мэдүүлэг авч, эхнэр, ээж хоёрыг нь дуудаж хүлээлгэж өгсөн. Тухайн өдрийнхөө үйл явдлыг санаж маш тодорхой мэдүүлэг өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 54-56 дахь тал/,

-Гэрч Б.С: “...Иргэн С нь эмнэлэг дээр ирж тусламж, үйлчилгээ авсан. С нь зүүн гарын тохой, мөр, цээж толгой өвдөөд байна гэсэн зовуурьтай ирсэн. Хүнд зодуулсан гэсэн өгүүлэмжтэй байсан. Тухайн үед үзэхэд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь мэдэгдээгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 59-61 дэх тал/,

-******* аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 197 дугаартай:

1.Д.С*******ийн биед хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо.

2.5.6.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн, нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Уг шарх нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.

3.4.Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх дүгнэлт /хавтаст хэргийн 64-65 дахь тал/,

-Шинжээч Ч.Б: “...Хуйханд үүссэн шарх нь зах эрмэг нь тэгш бус, эргэн тойрондоо хүрэнтсэн , мэс заслын оёдолтой байжээ. Уг шарх нь хүн өөрийн гараараа болон зөөлөн ултай гутлаар үүсгэгдэх боломжтой ба дээрх тохиолдолд чулуугаар цохих үед үүсгэгдсэн байх боломжтой байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 70-71 дэх тал/,

-Яллагдагч Б.Б*******гийн “...Би тухайн өдөр хүргэн ах С******* газраас чулуу авч толгой руу нь цохиогүй ээ. Хүргэн ах С*******ийн толгой, цээж рүү цохисон нь миний буруу. Би ахаас зөндөө уучлалт гуйсан одоо бид эвлэрсэн байгаа. ...Би тухайн өдөр хүргэн ах С*******ийн толгойн оройн хэсэгт нь гараа 2 удаа цохиж, газар сууж байхад нь хөлөөрөө толгойн орой хэсэг рүү 1 удаа өшиглөж, цээж хэсэг рүү 1 удаа бас өшиглөсөн...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 100-101 дэх тал/,

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б*******гийн өгсөн: “...Би хүргэн ахтайгаа маргалдсаны улмаас цохиж гэмтэл учруулсан нь үнэн. Би өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг

зэрэг нотлох баримт болно.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн  шийдвэрлэхэд хангалттай байна.

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс хэргийг үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Б.Б******* нь бүрэн дунд боловсролтой байх бөгөөд өөрийгөө өмгөөлөх хүсэлтээ илэрхийлж шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцсон болно.

1.4.Эрх зүйн зүйн дүгнэлт

Улсын яллагч: “...Шүүгдэгч Б.Б*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна....” гэв.

Шүүгдэгч: “...Байхгүй...” гэв.

Шүүгдэгч Б.Б*******гийн үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл байх бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчийн биед халдаж хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

******* аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 197 дугаартай дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хохирлын хөнгөн зэрэг тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Б.Б*******гийн хохирогч Д.С*******ийн толгой руу цохисон үйлдэл нь хохирогчийн бие махбодод учирсан “хуйханд шарх гэмтэл” бүхий хөнгөн зэргийн гэмтэлтэй шалтгаант холбоотой болох нь шүүх эмнэлгийн дүгнэлт гаргасан шинжээч эмч Ч.Б “...Д.С*******ийн биед учирсан гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой...” гэсэн дүгнэлтээр нотлогдож байгааг дурдах нь зүйтэй.

Шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан байх бөгөөд шинжээчийн дүгнэлт бүрэн бус, үндэслэлгүй, үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан байх бөгөөд энэ зүйлд заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнгүй, хуульд заасан бусад гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах өөр хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.Б*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

1.5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж тус тус тодорхойлсон.

Хохирогч Д.С*******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд “гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн, шүүгчийн туслахаас шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” болохоо илэрхийлсэн байх тул шүүгдэгч Б.Б*******г хохирогч Д.Сд төлөх төлбөргүйд тооцов.

Булган аймгийн Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч Д.С*******ийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардалд 111,246 төгрөг зарцуулсан болох нь баримтаар тогтоогджээ.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар хохирогч Д.С*******ийн эрүүл мэндийн даатгалын сангаас авсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрт нэхэмжилсэн 111,246 төгрөгийг шүүгдэгч Б.Б*******гаас гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэхээр шийдвэрлэснийг танилцуулахад шүүгдэгч Б.Б******* нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирол нөхөн төлөхөө илэрхийлэн 5 минутын завсарлага авах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, хуралдааныг завсарлуулсан бөгөөд шүүгдэгч нь тус хугацаанд 111,246 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд нөхөн төлсөн байх тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг дурдаж шийдвэрлэлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “...Шүүгдэгч Б.Б*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх саналтай байна...” гэв.

Шүүгдэгч: “...Байхгүй...” гэв.

2.2.Эрүүгийн хариуцлага

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 105 дахь тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 106 дахь тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 107 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 108 дахь тал/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хавтаст хэргийн 109-111 дэх тал/, нийгмийн даатгалын лавлагаа /зөрчлийн хэргийн 112 дахь тал/ зэрэг нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Б.Б*******гийн хувийн байдлыг тодорхойлов.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Б*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх эрүүгийн хариуцлагын талаарх талуудын санал дүгнэлт, шүүгдэгчийн хувийн байдал болон гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэргийг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Б.Б*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгыг хангана гэж шүүх дүгнэв.

Шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд заасан журмын дагуу биелүүлэх, тус журмын дагуу биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Б*******д тусгайлан сануулав.

2.2.Бусад асуудлын талаар

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Б.Б******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Д******* овогт Б******* Б*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б*******д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3.Шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд заасан журмын дагуу биелүүлэх, тус журмын дагуу биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Б*******д сануулсугай.

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Б.Б******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд  тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

6.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           С.ЁНДОНСАМБУУ