Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 125/ШШ2022/0028

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Т” ХХК,

Хариуцагч: Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын аудитын менежер А.Ц, аудитор Д.Э  нарын хооронд үүссэн төлбөрийн акттай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Т ” ХХК-нийн захирал Ц.О   хариуцагч Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын  А.Ц , аудитор Д.Э , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Аззаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

    1. Нэхэмжлэгч “Т ” ХХК-нийн захирал Ц.О  нь 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын  Д.Э-т холбогдуулан “Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 94/А2170429 дүгээр “Төлбөр барагдуулах тухай” актын “Т ” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан.
    2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2022 оны 10 дугаар сарын 24-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 10 сарын 21-ны өдрийн 94/А 2170429 дүгээр “Төлбөр барагдуулах тухай” актын хавсралтын “Т ” ХХК-нийн 30 айлын орон сууцны урд талбайн тохижилт/ Жаргалант сум, Жаргалан баг ХОАОНӨГ202001030/-д холбогдох 2091800 /хоёр сая ерэн нэгэн мянга найман зуун/- төгрөгийг хүчингүй болгуулах” гэж тодруулсан.

 

Хоёр. Хэргийн үйл баримтын талаар:

2.1. Нэхэмжлэгч нь 2020 оны 10 сард зарлагдсан орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэх “30 айлын орон сууцны урд талбайн тохижилт /Жаргалант сумын Жаргалан баг/”-ын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт оролцож шалгарч, ажлыг 2020 оны 11 дүгээр сарын сарын 03-ны өдрөөс   эхлэн гүйцэтгэж 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ашиглалтад оруулахаар захиалагчтай гэрээ байгуулжээ.

2.2. Аймгийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/725 дугаар захирамжаар гэрээний ажлыг хүлээн авах ажлын хэсгийг байгуулж, ажлын хэсгийн мөн өдрийн БЗА/69/2020 дугаартай дүгнэлтээр барилга байгууламжийг ашиглалтад оруулсан.

2.3. Ховд аймаг дахь Төрийн аудитын газраас  орон нутгийн төсвийн 2019-2020 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, үр ашигт гүйцэтгэлийн аудит хийж, илэрсэн зөрчилд нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажил хамрагдаж төлбөрийн акт тогтоогдсон.   

2.4. Нэхэмжлэгчээс 94/А2170429 дугаартай актын талаар 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Монгол улсын ерөнхий аудиторт гомдол гаргаж, актыг хүчингүй болгох үндэслэлгүй болох талаар хариуг 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 01/536 тоот албан бичгээр хүлээн авснаар шүүхэд ханджээ.  

        

            Гурав. Хэргийн оролцогчдын тайлбар, түүний үндэслэл:

            3.1. Нэхэмжлэгч “Т ” ХХК-нийн захирал Ц.О  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2020 оны 11 сард Ховд аймгийн Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах ажиллагааны албанаас зарласан ХОАОНӨГ202001030 дугаартай “30 айлын орон сууцны урд талын талбайн тохижилт /Жаргалант сум, Жаргалан баг/ нэртэй тендер шалгаруулалтанд оролцож, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн  28.7.4-д заасан “хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг «хамгийн сайн» үнэлэгдсэн тендер”-ээр шалгарч захиалагч Ховд аймгийн Засаг даргын орлогч Т.Ж-тай гэрээ байгуулсан.

            Уг ажлыг гүйцэтгэхдээ хувь хүмүүстэй тохиролцож талбайн тохижилтын ажлыг гүйцэтгүүлсэн ба ажил гүйцэтгэх явцад ойр хавийн орон сууцны оршин суугчдаас тэр хавийн шороон талбайг бүхэлд нь цементэн талбай болгох хүсэлт гаргасан. Ховд аймгийн Засаг даргын орлогч Т.Ж-д уламжлахад Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын орлогч Т.Ж-ы 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 1/1886 дугаар албан бичгээр “... 30 айлын урд талбайн тохижилтын ажлын тоо хэмжээнд өөрчлөлт оруулах иргэдийн өргөдөл гомдлын дагуу 432 метр кв талбай бүхий шороог бетон болгон өөрчлөх, ингэхдээ 80 метр кв резинэн хавтангаар хүүхдийн талбайн шалыг бүрэх ажлын зориулалтыг хасаж, 80 метр кв резинэн хавтангаар хүүхдийн талбайн шалыг бүрэх мөнгөөр 432 метр кв шороон талбайг бетон болгон өөрчлөлт хийхийг үүгээр мэдэгдье...” гэсэн хариу өгсөн. Үүний дагуу 80 кв талбай бүхий резинэн хавтанг 432 кв метр бетон талбай болгон цутгалт хийсэн. Ингээд гэрээгээр хүлээсэн үүрээ гүйцэтгэн улсын комисс ажиллуулж уг ажлыг хүлээлгэн өгч дуусгавар болсон.

Уг ажлыг хүлээлгэн өгсний дараа буюу 2021 оны 6 сард тохижилтын ажлаас 1 ширхэг модон сандал, 1 ширхэг хогийн сав алга болж, саравчны дээвэр хууларсан байсан тул эдгээрийг засаж янзлаад акт тогтоохоос өмнө аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэст засвар хийсэн тухай зургийн хамт албан бичгээр хүргүүлсэн.

Гэтэл Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын  Д.Э нь Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүн, үр ашигт гүйцэтгэлийн аудит хийж Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 10 сарын 21-ны өдрийн 94/А 2170429 дүгээр “Төлбөр барагдуулах тухай” актаар манай компанид 2091800 төгрөгийг акт тогтоосон байдаг.Бид уг актыг хэзээ мэдсэн бэ гэхээр манай компани 2020 онд Зэрэг сумын сургуулийн хашаа, Ховд аймгийн Жаргалант сумын Усжуулалтын турбо цэвэрлэгээний ажил гүйцэтгэхээр тендерт шалгарч захиалагчтай гэрээ байгуулж, уг ажлаа хүлээлгэн өгсөн. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар гүйцэтгэх ажлын үнийн дүнгийн 5 хувийг дээрх ажлуудыг хийж гүйцэтгэж дууссаны дараа буцааж өгөхөөр барьцаа болгон авч үлддэг. Үүний дагуу дээрх ажлын тендерийн баталгааны мөнгийг төрийн сангаас манай компани руу шилжүүлэхдээ 4.300.000 орчим төгрөгийг суутгасан байсан. Ямар учраас энэхүү мөнгө суутгасан талаар тодруулахаар Төрийн сангийн хэлтсийн дарга Ч.Багдалтай уулзахад “Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 94/А 2170429 дүгээр “Төлбөр барагдуулах тухай” актаар олон компанид төлбөр тогтоосон, тэр дунд танай компанид 2.091.800 төгрөгийн акт тогтоосон байсан тул энэхүү мөнгийг суутгасан” гэж тайлбарласан.

Ингэж бид энэхүү акт тогтоосон талаар мэдэж Үндэсний аудитын газарт 2022 оны 01 сарын 10-ы өдөр гомдол гаргасан. Уг акт гарсан талаар надад Захиргааны Ерөнхий хуульд заасны дагуу мэдэгдэж сонсгоогүй ба өнөөдрийг хүртэл акт тогтоосон талаар Ховд аймаг дахь Аудитын газраас мэдэгдээгүй. Хариуцагч нь Ц.Т , Э.У гэх хүмүүст акт тогтоосон талаар мэдэгдсэн гэх боловч надад огт мэдэгдэж байгаагүй. Манай компанид Ц..Т , Э.У зэрэг хүмүүс ажилладаггүй ба 2010 онд манай компани байгуулагдсан цагаас хойш өнөөдрийг хүртэл би тус компаны захирлаар ажиллаж байгаа юм.  

Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын  Д.Э  гүйцэтгэлийн аудит хийхдээ Төрийн аудитын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Төрийн аудитын байгууллага аудитын тайлангийн дүнгийн улмаас аудитад хамрагдагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй тохиолдолд энэ талаар санал, хүсэлт, тайлбар, гомдол гаргах боломжийг олгоно” гэж заасныг зөрчиж Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 94/А 2170429 дүгээр “Төлбөр барагдуулах тухай” акт тогтоохдоо бидэнтэй холбогдож тайлбар, хүсэлт гаргах боломж олгоогүй.

Дээрх хуульд зааснаар акт тогтоохоос өмнө бидэнд мэдэгдсэн бол захиалагчаас ирүүлсэн ажлын даалгаварт өөрчлөлт оруулах тухай албан мэдэгдэл, холбогдох баримтыг гаргаж өгөх боломжтой байсан болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад манай компани маргаан бүхий актын “Т ” ХХК-нд холбогдох хэсгээс “Т ” ХХК-нийн 30 айлын орон сууцны урд талбайн тохижилт/ Жаргалант сум, Жаргалан баг ХОАОНӨГ202001030/-д холбогдох 2091800 төгрөгт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан. Уг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

3.2. Хариуцагч Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын  А.Ц , шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Т ” ХХК нь Жаргалант сумын Жаргалан баг, 30 айлын орон сууцны урд талбайн тохижилтын ажил гүйцэтгэх тендерт шалгарч уг ажлыг 19.500.000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулсан байдаг. Гэрээний 2 дахь хэсгийн 1-д 30 айлын гадна 54 метр явган хүний зам, хашлага, 80 кв метр резинэн шал, 2 саравч, 5 сандал, 5 хогийн сав, 27 ширхэг навчит мод суулгахаар заасан байсан.

Тус компаны гүйцэтгэсэн ажлыг уг тендерийн ажлын зурагтай тулгаж үзэхэд ажлын даалгавар өөрчилсөн, зарим ажлыг хийж гүйцэтгээгүй дутуу хийсэн, хийсэн ажил нь чанаргүй байсан. Тухайлбал тохижилтын ажилд резинэн шал цутгах байсан хэдий ч цементэн шал цутгахаар ажлын даалгавар өөрчилсөн, саравч эвдэрхий, хогийн сав, сандал дутуу, навчит мод тарих байсан боловч тариагүй байсан. Үүнийг ажлын гүйцэтгэлийг хүлээн авах ажлын хэсгийн хурлын тэмдэглэлтэй тулгаж үзэхэд энэ зөрчлийг арилгах үүрэг даалгавар өгсөн боловч уг даалгаврыг биелүүлээгүй байсан учир резинэн шал хийгээгүй, 1 ширхэг сандал, 1 ширхэг хогийн сав дутуу гэх үндэслэлээр нийт 2.091,000 төгрөгийн төлбөрийн акт тогтоосон.

Энэ асуудлаар “Т ” ХХК-нийн төлөөлөл гэж биеэр ирж уулзсан Ц.Т-д удаа дараа хэлсэн боловч би хийгээгүй, манай компаниар дамжуулан   Э.У  хийсэн, түүнээс асуу гэсэн. “Т ” ХХК-ны захирал Ц.О нь нялх хүүхэдтэй тул ирэх боломжгүй, Ц.Т би төлөөлнө гэдэг байсан тул түүнтэй харьцахаас өөр аргагүй байсан. Э.У-тэй уулзаж энэ талаар тодруулахад уг ажлыг Т ХХК-нийн нэр дээр авч гүйцэтгэсэн гэдгээ хүлээн зөвшөөрч аудитын хугацаанд дутуу хийсэн ажлаа бүрэн хийж дуусгаад тайлангаа ирүүлнэ гэсэн боловч ирүүлээгүй.

Мөн шалгуулагч байгууллага болох аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга, нягтлан бодогч, аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга, мэргэжилтнүүдэд акт тогтоож байгааг танилцуулж, Ц.Т, Э.У  нартай утсаар холбогдож сонсох ажиллагааны тэмдэглэл үйлдсэн байгаа.

Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.3 Хариуцагч Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын аудитын Д.Э  шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 

Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын захиалгаар орон нутгийн төсвийн 2019-2020 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүн, үр ашигт гүйцэтгэлийн аудитыг хийхээр болсон. Гүйцэтгэлийн аудитаар орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр Жаргалант сумын Жаргалан багийн 30 айлын орон сууцны гадна тохижилтын ажлыг “Т ” ХХК хийж гүйцэтгэхдээ ажлын даалгавар дутуу, хийсэн ажил нь чанаргүй, 200 орчим оршин суугчдын өмнөөс 3 хүний өргөдөл гарган шийдвэрлүүлж ажлын даалгаврыг өөрчилсөн байсан. Ингэхдээ ажлын даалгавар өөрчлөх талаар ямар нэгэн гэрээ байгуулаагүй, үнэлгээний хорооны дүгнэлт, ажлын даалгавар өөрчлөх шийдвэр байгаагүй, тендерийн ажил гүйцэтгэх гэрээг өөр хүнд дамжуулсан. Тэр хүн нь аймгийн  У  гэх хүн байсан ба Уранчимэгээс энэ талаар асуухад ажил хийснээ хүлээн зөвшөөрч дутуу хийсэн ажлаа гүйцээж тайлангаа өгнө гэсэн боловч өгөөгүй.

Санхүүгийн аудит хийх явцдаа удаа дараа холбогдох баримт ирүүлэхийг шаардсан боловч ирүүлээгүй.Санхүүгийн аудитын явцад энэ асуудлыг бүрэн шалгаж, шалгалтыг газар дээр нь очиж байгаа байдлыг зургаар баталгаажуулсан. Энэ үед аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс болон Санхүү төрийн сангийн хэлтсээс төлөөллүүд оролцсон байсан. Эдгээр мэргэжилтнүүд тайлбарлахдаа дарга нар мөнгийг нь өг гэсэн учраас мөнгийг нь шилжүүлсэн гэж тайлбарлаж байсан.

Бид аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс, Санхүү төрийн сангийн хэлтсийн ажил хариуцсан мэргэжилтнүүдтэй гүйцэтгэлийг хангуулах, дутуу ажлыг гүйцээх 2 удаа хуралдаж холбогдох хүмүүст мэдэгдэх үүрэг чиглэл өгсөн.

Мөн энэ асуудлаар “Т ” ХХК-ны төлөөлөл Ц.Т-тэй утсаар болон уулзаж хэлсэн боловч манай эхнэр нялх хүүхэдтэй ирэх боломжгүй гэж гэдэг байсан. Ажлын захиалагч тал “Т ” ХХК-тай удаа дараа холбогдсон ба Ц.Т  гэх хүн манай байгууллагад ирж энэ асуудлаар уулзаж байсан. Энэ тухай бид тэмдэглэл үйлдэж байсан ба холбогдох баримтыг шүүхэд баримтаар өгсөн байгаа.  Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, хариуцагчаас гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судалж үнэлээд, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 10 сарын 21-ны өдрийн 94/А 2170429 дүгээр актын “Т  ХХК-нийн Жаргалан баг 30 айлын орон сууцны урд талбайн тохижилтын ажил”-д холбогдох хэсгийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч нь маргаан бүхий актын талаар урьдчилан мэдэгдэх, сонсох ажиллагаа явуулаагүй,актыг гардуулаагүй гэж, хариуцагчаас нэхэмжлэгч компанийн төлөөлөлд сонсох ажиллагаа явуулсан, шалгагдагч этгээд актын талаар нэхэмжлэгчид мэдэгдэх ёстой гэж тайлбарласан ба нэхэмжлэгчид акт гардуулж мэдэгдсэн талаар нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй буюу мэдэгдэх үүргээ хэрхэн биелүүлсэн талаар нотлоогүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан хугацааг тооцох боломжгүй, харин нэхэмжлэгчээс актад гомдол гаргаж шийдвэрлүүлснээр шүүхэд хандсан байх тул шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлээгүй гэж дүгнэв. 

 3. Нэхэмжлэгчээс гэрээний ажлаа бүрэн хийж гүйцэтгэсэн, зарим ажлыг захиалагчтай тохиролцож өөрчилж хийсэн байхад төлбөрийн акт тогтоосонд гомдолтой гэж, хариуцагчаас ажлыг чанаргүй, дутуу хийсэн, ажлын даалгавар заасныг зөрчиж гүйцэтгэсэн гэх зэрэг зөрчил гаргасан гэж тайлбарлан маргана.

4. Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлд 6.3.3-д зааснаар Төрийн аудитын байгууллага нь төрийн санхүү, төсвийн хяналтыг хэрэгжүүлэх хүрээнд хуульд заасан болон шаардлагатай тохиолдолд тодорхой асуудлаар аудит хийх бүрэн эрхтэй бөгөөд мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д аудит хийх төрлийг санхүүгийн тайлангийн аудит, гүйцэтгэлийн аудит, нийцлийн аудит гэж тодорхойлсон. Аймгийн тэргүүлэх аудитораас 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс 6 дугаар сарын 23-ны өдрийн хугацаанд орон нутгийн төсвийн 2019-2020 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, үр ашигт гүйцэтгэлийн аудит хийх төлөвлөгөөг баталж шалгагдагч этгээд болох аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсийн дарга, Санхүү, төрийн сангийн хэтсийн дарга нарт тус тус аудит хийх тухай мэдэгдлийг хүргүүлснээр хариуцагч аудит хийжээ.

Аудит хийх үндэслэл, хамрах хүрээнд нэхэмжлэгчийн 2020 онд орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн тохижилтын ажил хамаарч байна.

5. Төрийн аудитын тухай хуулийн 18 дугаар зүйлд төрийн аудитын байгууллага аудитын тайлангийн төслийг шалгагдагч этгээдэд хүргүүлж  саналаа авах, шалгагдагч этгээдээс ирүүлсэн саналыг үндэслэлтэй гэж үзвэл тайланд засвар оруулах, үндэслэлгүй гэж үзвэл аудитын тайланг нэмэлт нотлох баримтаар бататгах арга хэмжээ авах, заасан хугацаанд санал ирүүлээгүй бол саналгүйд тооцохоор зохицуулжээ. Төрийн аудитын байгууллагаас 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 218 тоот албан бичгээр гүйцэтгэлийн аудитын тайлангийн төслийг шалгагдагч байгууллагад хүргүүлсэн байх ба хариу санал ирүүлсэн аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэтсийн даргын 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 5/1421 тоот албан бичигт маргаан бүхий актын тухайд зөвшөөрсөн саналыг ирүүлсэн байна.

Иймд Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудиторын 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 22 дугаар тушаалаар уг гүйцэтгэлийн аудитын тайланг баталгаажуулсан байх тул хариуцагч 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр маргаан бүхий актыг гаргажээ.   

6. Хариуцагчаас маргаан бүхий актын үндэслэлээ /актын хавсралтад дурдсанаар/ нэгдүгээрт, ажлын даалгавраар ажлаа бүрэн хийгээгүй, хоёрдугаарт зарим ажлууд дутуу хийгдсэн, гуравдугаарт гүйцэтгэлийн дараах хяналт хэрэгжээгүй, дөрөвдүгээрт ажлын тоо хэмжээ өөрчилсөн, тавдугаарт резинэн талбай хийгдээгүй, нэг сандал, нэг хогийн сав дутуу, зургаадугаарт хийсэн ажил нь сайжруулах шаардлагатай, долоо дугаарт тендер өөр хүнд дамжуулсан гэж тодорхойлж, актын төлбөрийг хийгдээгүй резинэн талбайн материалын үнэ 1876800 /нэг сая найман зуун далан зургаан мянга найман зуун/ төгрөг, хогийн сав 80000 /наян мянган/ төгрөг, сандал 135000/нэг зуун гучин таван/ төгрөг нийт 2091800 /хоёр сая ерэн нэгэн мянга найман зуун/ төгрөгийн төлбөр тогтоосон нь бодит нөхцөлд нийцээгүй, үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзлээ.

Учир нь хариуцагчаас төлбөрийн акт тогтоох үндэслэлийг нотлох ажиллагаа бүрэн хэрэгжүүлээгүй, актын төлбөрийг бүрэн зөв тооцоолоогүй байна.

7. Төрийн аудитын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-д "шалгагдагч этгээд" гэж төсвийн байгууллага, тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, төрийн чиг үүргийг хууль тогтоомж, гэрээний үндсэн дээр шилжүүлэн авсан этгээд болон хуульд заасны дагуу төрийн аудит хийгдэх аливаа этгээдийг,4.1.5-д "аудитад хамрагдагч" гэж шалгагдагч этгээдтэй санхүү, эдийн засгийн харилцаанд оролцсон этгээдийг ойлгоно гэж заасан байх тул нэхэмжлэгч нь аудитад хамрагдагч байна.

8. Төрийн аудитын байгууллага аудит хийхдээ мэдээллээр бүрэн хангагдах зарчмын хүрээнд Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-ээс 15.1.5-д заасан шаардлагатай мэдээлэл, баримт бичгийг хэлбэрээс нь үл хамааран цахим болон бусад хэлбэрээр шалгагдагч этгээд, аудитад хамрагдагч болон холбогдох бусад байгууллага, албан тушаалтнаас тогтоосон хугацаанд, үнэ төлбөргүйгээр гаргуулах, хуулбарлаж авах, шалгагдагч этгээд болон аудитад хамрагдагчийн ажлын байр болон бусад холбогдох газарт ажлын цагаар саадгүй нэвтрэн орох, ажиллах, бүртгэл, тооллого хийх, мэдээлэл, баримт бичиг, аливаа эд зүйлстэй үнэ төлбөргүйгээр танилцах, шалгагдагч этгээд болон аудитад хамрагдагчаас тайлбар гаргуулах, тодорхой асуулт тавьж, хариулт авах зэрэг бүрэн эрхийг хэрэгжүүлэх бүрэн эрхтэй. Мөн хуулийн 16 дугаар зүйлд шалгагдагч этгээд, аудитад хамрагдагч нь төрийн аудитын байгууллагын аудит хийхэд шаардагдах бичиг баримтыг гаргаж өгөх, түүний үнэн зөв, бодитой байх байдлыг хариуцах, аудитын үйл ажиллагаанд саад учруулахгүй байх зэрэг үүргийг хуульчилсан.

9. Гэтэл хариуцагч дээрх хуульд заасан бүрэн эрхээ хэрхэн хэрэгжүүлж ажилласан талаар болон шалгагдагч этгээд, аудитад хамрагдагч нар үүргээ биелүүлээгүй талаар нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй бөгөөд энэ талаар үндэслэл бүхий тайлбар гаргаж мэтгэлцээгүй тул хариуцагчийн “нэхэмжлэгчийн ажлыг бус захиалагчийн ажилд гүйцэтгэлийн аудит хийсэн учраас нэхэмжлэгчтэй уулзаж ажиллагааг явуулах шаардлагагүй, аудит хийх явцад холбогдох баримтуудыг захиалагчаас шаардсан боловч гаргаж өгөөгүй” гэх тайлбар нь хариуцагчийг зөвтгөх үндэслэл болохгүй.

10. Хариуцагчаас нэхэмжлэгчийн ажлын гүйцэтгэлийг шалгахаар 2 удаа /6,9 сард гэх өдөр тодорхойгүй/ очиж үзсэн гэх боловч энэ талаар баримтжуулсан үзлэгийн тэмдэглэл байхгүй, нэхэмжлэгчийг байлцуулаагүй учраас актад дурдсан нэг сандал, хогийн сав дутуу байршуулсан, эсхүл байсан нь алга болсон гэдгийг нотлох боломжгүй. Харин нэхэмжлэгчээс сандал, хогийн сав бүрэн байсан, алга болсныг нөхөж хийсэн талаар маргаан бүхий акт гарахаас өмнө 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 15 тоот албан бичгээр захиалагчид хүргүүлсэн байх ба  шүүхээс хийсэн үзлэгээр сандал, хогийн сав бүрэн байсан.     

 11. Резинэн шал суулгаагүй зөрчлийн тухайд 30 айлын орон сууцны оршин суугчдын төлөөллөөс гаргасан өргөдөл, түүнд үндэслэн нэхэмжлэгчээс ногоон байгууламж хийх 20м.кв талбай, саравчны банзан шал шахах 25.9 м.кв талбай, хүүхдийн тоглоомын талбайг резинээр бүрэх 80м.кв талбайн ажлыг 432 м.кв шороон талбайг цемент бетон хольцоор цутгах ажлаар дүйцүүлэн хийх хүсэлтийг захиалагч буюу аймгийн дэд бүтэц хариуцсан орлогч даргад 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 17 тоот албан бичгээр хүргүүлсний хариуг орлогч дарга 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 1/1886 тоот албан бичгээр иргэдийн өргөдлийн дагуу ажлын тоо хэмжээнд өөрчлөлт оруулж хүүхдийн талбайг 80м.кв резинэн шалаар бүрэх ажлыг 432 м.кв шороон талбайг бетон болгон өөрчилж хийхийг мэдэгджээ.        

12. Төрийн аудитын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-т “Төрийн аудитын байгууллага аудитын тайлангийн дүнгийн улмаас аудитад хамрагдагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй тохиолдолд энэ талаар санал, хүсэлт, тайлбар, гомдол гаргах боломжийг олгоно” гэж заасан. Мөн  Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т “Энэ хуулийн 24.1-т заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж заасныг захиргааны байгууллага шийдвэр гаргах ажиллагаандаа хэрэгжүүлэх үүрэгтэй.

13. Иймд аудитын тайлангаар илэрсэн зөрчлийг шалгагдагч байгууллага дангаар танилцаж зөвшөөрсөн нь хангалтгүй, тухайн аудитын дүнгийн улмаас эрх, ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй аудитад хамрагдагчийн тайлбарыг сонсох, гомдол гаргах боломжийг олгох ёстой байна.

14. Хариуцагчаас акт гаргахаас өмнө шалгагдагч этгээд сонсох ажиллагаа явуулсан гэх, харин аудитад хамрагдагч нэхэмжлэгч компанийн тухайд сонсох ажиллагаа явуулсан тэмдэглэлд захирал н.Т-д танилцуулав гэж тэмдэглэсэн атлаа гарын үсэг зурж баталгаажуулах хэсэгт оролцогч, захирал н.О  гэж бичиж гарын үсэг зурагдаагүй, аудитын тайланд үл хамаарах   н.У  /сонсох ажиллагааны тэмдэглэлд бичсэнээр/ гэгчид нэхэмжлэгч компанийн ажил гүйцэтгэлийн талаар танилцуулсан талаар тэмдэглэл үйлдсэн нь ойлгомжгүй,сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд журмын дагуу бус хэлбэрийн төдий явуулсан гэж үзэхээр байна.

15. Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Шалгагдагч этгээд төсөв, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа болон төсвийн орлого бүрдүүлэх, зарцуулах, нийтийн өмч, хөрөнгө олж бэлтгэх, ашиглах, зарцуулах, хадгалах, хамгаалахтай холбоотой хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн бол төлбөрийн акт тогтооно.” гэжээ.

Нэхэмжлэгчээс зарим ажлыг захиалагчийн зөвшөөрлөөр өөрчилж хийхдээ бусад ажилтай дүйцүүлж тооцсон гэж тайлбарласан. Хариуцагч акт тогтоохдоо энэ талаар холбогдох мэдээлэл, нотлох баримтыг цуглуулж нягталж шалгаагүй, хийх ёстой ажлын тоо хэмжээ, дүйцүүлж хийсэн ажлын тоо хэмжээ, өртгийг нарийвчлан тооцоолохгүйгээр төлбөр тогтоосон нь илрүүлсэн зөрчил, тогтоосон төлбөрийн дүн тохирохгүй, өөрөөр хэлбэл, хийх ёстой ажил, хийгдээгүй ажил, дүйцүүлэн хийсэн гэх ажил бүрийн өртөг зардлын тооцоолол хийхгүйгээр зөвхөн хийгдээгүй ажлын материалын өртгөөр төлбөр тогтоосон нь буруу .     

Иймд эдгээр нөхцөл байдлыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад залруулах боломжгүй, тухайн нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэх судлах боломжоос хэтэрсэн байх тул хариуцагчаас дээрх маргаан бүхий үйл баримтыг дахин нягтлан шалгаж дахин шинэ акт гаргах хүртэл Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 10 сарын 21-ны өдрийн 94/А 2170429 дүгээр актын “Т" ХХК-нийн Жаргалан баг 30 айлын орон сууцны урд талбайн тохижилтын ажил”-д холбогдох хэсгийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.11 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн аудитын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 19 дүгээр зүйлийн 19.1, 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр үйлийн 4.2.5, 24 дүгээр зүйлийн  24.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан “Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 10 сарын 21-ны өдрийн 94/А 2170429 дүгээр “Төлбөр барагдуулах тухай” актын хавсралтын “Т" ХХК-нийн 30 айлын орон сууцны урд талбайн тохижилт/ Жаргалант сум, Жаргалан баг ХОАОНӨГ202001030/-д холбогдох 2091800 /хоёр сая ерэн нэгэн мянга найман зуун/- төгрөг гэсэн хэсгийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт заасныг баримтлан шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий  “Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 10 сарын 21-ны өдрийн 94/А 2170429 дүгээр “Төлбөр барагдуулах тухай” актын хавсралтын “Т ” ХХК-нийн 30 айлын орон сууцны урд талбайн тохижилт/ Жаргалант сум, Жаргалан баг ХОАОНӨГ202001030/-д холбогдох 2091800 /хоёр сая ерэн нэгэн мянга найман зуун/- төгрөг гэсэн хэсэг хүчингүй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн төсөвт хэвээр үлдээсүгэй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл  гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.ОЮУНГЭРЭЛ