Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 461

 

 

МАГАДЛАЛ

 

2019.03.13                                                 Дугаар 461                                    Улаанбаатар хот

 

 

 

Р.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ч.Цэнд, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2019/00167 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Р.Э-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч АТҮТ ТӨҮГ-т холбогдох,

 

Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2018 оны 08 дугаар сарын эхээр амралтаа авч ажилдаа орсон. Тухайн үед программ шинэчлэгдсэн байдаг. 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн тушаалын тушаах хэсгийн нэгт 2018 оны 08 дугаар сарын 13-наас 16-ны хооронд дээрх алдаа дутагдал гарсан гэх бөгөөд хариуцагч байгууллагын гаргаж өгсөн 2018 оны 10 дугаар сарын 05-наас 2018 оны 10 дугаар сарын 06-нд шилжих шөнө 262-274 дугаартай бүх хүмүүс Сэлэнгэ аймгийн Баянгол сум буюу Баруун хараад очсон болох нь баримтаар тогтоогдож байдаг. Хуучин чиглэл нь Дарханаас Улаанбаатар гэх ганцхан чиглэл байж байгаад шинэ программын дагуу Дарханаас Баруун хараа хүртэл 6 000 төгрөг, Чандмань постод очиход 9 000 төгрөг, Улаанбаатар хот ороход 10 000 төгрөг, бага насны хүүхэд       3 000 төгрөгөөр зорчих үнийн дүнтэй байсан. Тухайн үед ажилдаа шинээр ороод программ шинэчлэгдсэнийг мэдээгүй бөгөөд 2 хүний тасалбар буруу бичсэн ба тасалбар бичиж байх үед жолооч нь 20 метрийн зайтай гадаа нь байсан. Ингээд жолооч орж ирээд та 2 тасалбар буруу бичсэн байна гэж хэлэхэд Р.Э нь н.Д  гэх хүнтэй уулзахад зөрүү 8 000 төгрөг гарах юм байна, тус мөнгийг цалингаас чинь аваад би шийдэж өгье гээд харилцаа дууссан байдаг. Үүнтэй холбоотойгоор Дархан-Уул аймгийн Авто тээврийн үндэсний төвийн дарга н.Н  дуудаж оруулж ирээд 2 хүний тасалбар буруу бичсэн талаараа чи тайлбар бич гэж хэлээд үүний дагуу тайлбар бичиж өгсөн байдаг. Дархан авто вокзалаас тухайн тээврийн хэрэгсэл зорчигч нараа ачиж 10 километрийн зайд очиход 40 дүгээр пост гэж байгаа. Тэнд очиход байцаагч гарч ирээд хэдэн зорчигч байгаа, хаашаа зорчиж байгаа талаарх тасалбарыг шалгаад цааш явуулдаг. Түүний дараа Баруун хараа, Чандмань, Драгон дээр очиход байцаагч гарч ирж, тасалбарыг зоригч нартай тулгаж хяналт тавьдаг. Гэтэл хариуцагч байгууллагын зүгээс хянагч нар ажлаа хийдэггүй зөвхөн нэхэмжлэгч хийх ёстой байсан мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Дарханаас Улаанбаатарын чиглэлд 2 аж ахуй нэгж тээвэрлэлт хийдэг бөгөөд тус аж ахуй нэгж нь ашгийн төлөө байгууллага учраас өөрсдөө маш сайн анхаарал тавьдаг. Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг баримталж ажлаас халсан байдаг. Мөн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 55 дугаартай Бодлого зохицуулалтын албаны тогтоолоор АТҮТ дотоод аудитын албатай байхаар тогтоосон байдаг. Тус тогтоолын дагуу нэгдүгээр хавсралтаар Авто тээврийн үндэсний төвийн дүрмийг баталж өгсөн байдаг. Тус дүрмийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2, 8.3, 8.4-т зааснаар санхүүгийн үйл ажиллагааг хянах дотоод аудиттай байх, өдөр тутмын санхүүгийн тайланд хөндлөнгийн аудит оруулах зэргээр санхүүгийн тооцоог хянана гэж байгаа. Хариуцагч байгууллага 3 том бүтэцтэй. Түүний нэг нь дотоод хяналт аудит юм. Мөн АТҮТ тогтоохгүй юм бол тээвэрлэгч 2 байгууллага мөн адил санхүүгийн тооцоог АТҮТ-тэй нийлүүлдэг. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 19.1-т зааснаар аж ахуй нэгж байгууллага нягтлан бодох бүртгэлийн дотоод хяналтын бодлого, удирдлага зохион байгуулалт, аж ахуй нэгж байгууллага нь эрх бүхий этгээдээр тодорхойлно гэж зааснаар хяналт оруулдаг. Тээвэрлэгч 2 компани Р.Э-тай холбоотой нэг ч гомдол ирүүлж байгаагүй. Мөн ажлаас халсан тушаалтай холбоотойгоор Хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлд сахилгын шийтгэл ногдуулсан байдаг. Гэтэл ажил олгогч Хөдөлмөрийн дотоод журмын 11.6.17-г баримталж ажлаас халсан. Энэ нь билет буруу бичсэн нь сахилгын шийтгэлийн арга хэмжээ авагдах нөхцөл байсан.

Жолооч болох тээвэр ачилтын н.Т, н.Б, н.С гэх хүмүүс өргөдөл бичсэн байдаг. Эдгээр хүмүүс нь ямар аж ахуй нэгжид ямар ажил эрхэлдэг нь тодорхойгүй, ямар ч нотолгоогүй зүйл бичсэн байдаг. Мөн 24 хүнийг 10 000 төгрөг төлүүлээд дундаас нь 4 000 төгрөгийн ашиг олчихлоо гэж хэлсэн. Гэтэл тооны хувьд зөрүүтэй байгаа. Мөн хот хооронд явж буй хүмүүст и-баримт өгдөг. Ямар ч хүн 10 000 төгрөг өгчхөөд 6 000 төгрөгийн баримт авч байгаа бол маргаан үүсгэх ёстой гэтэл нэг ч иргэн гомдол гаргаж байгаагүй. 2005 оноос хойш АТҮТ-д нэхэмжлэгч ажиллаж эхэлсэн. 2006 оноос эхлэн тасалбар түгээгчээр ажилласан. 2017 онд онц тээвэрчин болсон. Гэтэл шинэ дарга ирээд нэг жилийн дотор хамгийн муу ажилтан болсон. 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хурал болсон. Мөн хариуцагч байгууллагын хуралдсан гэх хуралд нэхэмжлэгч бичиж өгөөгүй байдаг. Тиймээс хариуцагчийн гаргасан тушаал хууль зүйн шаардлага хангахгүй байна, ямар ч нотолгоогүйгээр ажилтныг ажлаас халсан байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Дархан Уул аймгийн АТҮТ-д тасалбар түгээгч болон эд хөрөнгө хариуцагчаар ажиллаж байсан. Мөнгө хүлээн авах хадгалах хамгаалах үүрэгтэй байдаг. Нэхэмжлэгч нь 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр болон 10 дугаар сарын 05, 10 дугаар сарын 15-ны өдрүүдэд Дарханаас Улаанбаатар хот хүртэлх билетийг 12 000 төгрөгөөр бичсэн байдаг. Энэ талаар нэхэмжлэгчид хэлэхэд мөнгийн өөрөө гаргаж өгсөн байдаг. Нэхэмжлэгч буруу бичсэн гэдгийг өөрөө хүлээн зөвшөөрсөн байдаг. Удаа дараа ажил олгогчийн итгэл алдсан, аж ахуй нэгжид хохирол учруулсан. Хөдөлмөрийн дотоод журмын 11.6.4, 11.6.17-д зааснаар сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар ажлаас чөлөөлсөн байгаа. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Р.Э-ыг Дархан Уул аймгийн АТТ-ийн тасалбар түгээгчийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 1 508 371 төгрөгийн хариуцагч АТҮТ ТӨҮГ-аас гаргуулж, нэхэмжлэгч Р.Э-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Р.Э-ын нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч АТҮТ ТӨҮГ-т даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар АТҮТ ТӨҮГ-аас 39 084 төгрөгийг нөхөн гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Р.Э нь удаа дараа том хүний хөлсийг хүүхдээр бичсэн зөрчил, холын маршруттай хүнийг ойрын маршрутаар бичсэн үйлдлийг удаа дараа гаргасан бөгөөд энэхүү үйлдэл нь өөрийн тайлбар болон бусад ажилтан албан хаагч болон тээвэрлэгч жолооч нарын тайлбар, билет бичих программаар нотлогдож байгаа болно. Нэхэжмлэгчийн үйлдэл нь ажил олгогчийн итгэлийг алдсан цаашид итгэх боломжгүй болсон учир Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-т заасны дагуу ажлаас чөлөөлсөн болно. Шүүх хуралдаанд гэрч оролцуулж өгөх хүсэлтийг амаар гаргасан боловч хангаагүй. Тус үйлдвэрийн газрын Дархан-Уул аймаг дахь АТТ-д тасалбар түгээгчийн ажлын байрны тодорхойлолтод зааснаар салбарын дарга шууд хяналтыг тавих эрхтэй. Энэхүү эрхийнхээ дагуу салбарын дарга нь 2018 оны 08 дугаар сарын 13-наас 2018 оны 08 дугаар сарын 16, 10 дугаар сарын 05,12,15-ны өдрүүдэд гаргасан зөрчлийг илрүүлж шалган тогтоож ирүүлсний дагуу ажлаас чөлөөлсөн. Мөн ажил олгогч нь Р.Э-д сахилгын шийтгэл хүлээлгээгүй бөгөөд мөнгө хариуцан ажилладаг ажилтны хувьд цаашид тухайн ажилтанд итгэл үзүүлэн мөнгө хариуцуулан тасалбар түгээгчээр ажиллуулах боломжгүй гэж үзсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг хангах талаар хийвэл зохих ажиллагааг бүрэн гүйцэтгэсэн  боловч нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй байна.

Нэхэмжлэгч Р.Э ажлаас үндэслэлгүй халагдсан болох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч АТҮТ ТӨҮГ-т холбогдуулан гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн гэж маргаж байна.

Ажил олгогчийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн б/445 тоот тушаалаар Р.Э-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа үүргээ биелүүлээгүй, итгэл алдагдуулсан үйлдлийг удаа дараа гаргасан гэх үндэслэл зааж, 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөр цуцалж, ажлаас халсан ба Монгол Улсын төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4, 20.1.10, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2016 оны 55 дугаар тогтоолоор батлагдсан АТҮТ төрийн өмчит үйлдвэрийн газрын дүрмийн 6.10.7, 6.12, Үйлдвэрийн газрын Хөдөлмөрийн дотоод журам-ын 3.18.1, 1.18.2, 11.6.1, 11.6.4, 11.6.17, хөдөлмөрийн гэрээний 4.3.1, 4.3.2 дахь заалтуудыг тушаалын үндэслэл болгожээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “удаа дараа байргууллагын итгэлийг эвдэж, Улаанбаатар Дархан-Уул аймаг руу зорчигдын тасалбарыг хямд үнээр бичиж, зөрүү мөнгийг өөртөө авахаар журам зөрчсөн үйлдлүүдийг гаргаж байсан тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан” гэж тайлбарлажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь 2018 оны 7 дугаар сард амралтын хугацаагаа дуусган ажилдаа орохдоо тариф үнэ өөрчлөгдсөнийг мэдээгүй буруу бичилт хийж, цалингаасаа суутгуулсан, 2018 оны 10 сард удаа дараа Баруун хараа руу явах тасалбар авсан хүний төлбөрийг 6 000 төгрөгөөр бичсэн, том хүний хөлсийг хүүхдийн тасалбарын үнээр бичсэн, холын маршруттай хүнийг ойрын маршрутаар бичсэн зэрэг талаар Дархан-Уул аймгийн автотээврийн төв дотоод хяналтын шалгалтаар зөрчил гаргасан нь тогтоогдсон байна.

Түүнчлэн, нэхэмжлэгч Р.Э нь өөрийн буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч Дархан автотээврийн төв Дархан-Уул аймаг дахь салбарын захиргаанд тодорхойлолт гаргаж, дахин тарифын үнэ андуурч гаргахгүй талаар бичиж өгсөн байх тул хариуцагч байгууллагын итгэлийг алдагдуулсан үйл ажиллагаа явуулсан гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч Р.Э-ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-т заасныг үндэслэн ажлаас чөлөөлснийг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд хариуцагч байгууллагын “хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл болоогүй” гэх агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2019/00167 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, бичилт хийлгүүлэх тухай Р.Э-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар хариуцагч нь давж заалдах жрмаар гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Н.БАТЗОРИГ

 

        ШҮҮГЧИД                                   Ч.ЦЭНД

 

                                                                            М.НАРАНЦЭЦЭГ