Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 2021/ДШМ/281

 

 

 

 

 

 

   2021             03            23                                        2021/ДШМ/281  

 

Э.У-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Д.Мягмаржав, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор М.Отгонбаатар,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Азжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 2021/ШЦТ/90 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор М.Отгонбаатарын бичсэн 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 5 дугаартай эсэргүүцлээр Э.У-д холбогдох 2009023271358 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 9 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

У-,

 

Э.У- нь 2020 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Улаанбаатар зочид буудлын урд талд С.А-тай “архи уух гэлээ, архи уулгасангүй” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний нүүр лүү гараараа цохиж, усан оргилуур луу түлхэж унагаан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Э.У-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч У-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүгдэгч Э.У- нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.У-ас 128.000 /нэг зуун хорин найман мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч С.А-д олгож, хохирогч С.А- нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг, дурдаж, шүүгдэгч Э.У-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Прокурор М.Отгонбаатар бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шийтгэх тогтоолын “Тодорхойлох хэсгийн 2 дахь заалт буюу шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай” хэсэгт: Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Э.У-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, хохирогчид хөнгөн гэмтэл учруулсан зэргийг харгалзан үзсэн болно. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаад, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа торгох ял оногдуулахаар шийдвэрлэв гэж,

шийтгэх тогтоох хэсгийн 2 дахь заалтаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Эрдэнэчимэгийн У-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй” гэж дурджээ.

Шүүхийн дээрх шийдвэрээс үзэхэд, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, хохирогчид хөнгөн гэмтэл учруулсан зэргийг харгалзсан гэж байгаа боловч улсын яллагчаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан  нотлох баримтууд, хувийн байдлыг нь үндэслэн шүүгдэгч Э.У-д 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар гаргасан саналыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалт “шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл”-ийн талаар дүгнэлт хийгээгүй байна. Учир нь, шүүгдэгч Э.У- нь эрхэлсэн тодорхой ажилгүй, хохирогчийн баримтаар гаргаж өгсөн хохирлыг төлөөгүй, хохирогчоос уучлалт гуйгаагүй зэргээс үзэхэд шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлэх боломжгүй нөхцөл тогтоогдсон байхад шүүхээс түүнд торгох ял оногдуулсан нь ял эрүүгийн хариуцлага нь тохироогүй гэж үзлээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж, 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг... тогтоож болно.” гэж тус тус заасныг шүүх анхаарч үзсэнгүй.Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3, 1.4-т зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Э.У- нь 2020 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Улаанбаатар зочид буудлын урд талд С.А-тай “архи уух гэлээ, архи уулгасангүй” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний нүүр лүү гараараа цохиж, усан оргилуур луу түлхэж унагаах зэргээр эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун хацар, эрүү, хамрын нуруу, зүүн бугалга, уруул, өгзөг, баруун чих, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх, баруун, зүүн нүдний дотор салст, зүүн бугалга, баруун гуя, баруун шилбэ, зүүн бугалганы цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч С.А-гийн “...Ардын Зулаа намайг “яагаад архи уугаад байгаа юм бэ” гэж хэлэхээр нь би “чамд ямар хамаатай юм бэ” гэж хэлсэн. Гэтэл тэр намайг усан оргилуур луу хоёр удаа түлхэж, нүүр ам руу цохисон. Нүүр хавдаж цус гараад, зулайн тэнд хагарч цус гарсан, бүх шүд хөдөлж уруулын дотор тал идээлж хавдаад хөхөрсөн байсан. ...” /хх 7-8/,

гэрч Б.Энхтөрийн “...би явж очоод “чи одоо яагаад ингээд зодчихсон юм бэ” гэхэд тэр эмэгтэй “би зодсон нь үнэн, би хоёр удаа усан оргилуур луу түлхэж унагаасан” гэж хэлсэн. Маргааш нь эхнэрийн бие хөхөрсөн, хавдсан, тархи нь хагарсан, бүх биед нь их хэмжээний хөхрөлт байсан. ...” /хх 10/,

Э.У-ын яллагдагчаар өгсөн “...хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун хацар, эрүү, хамрын нуруу, зүүн бугалга, уруулын бэртэл гэмтлүүдийг түлхэж усан оргилуур луу унахад учирсан ба босож ирээд агсам тавиад байхаар нь дахиад түлхэж унагаасан. ...” /хх 33/ гэсэн мэдүүлгүүд,

 

“...С.А-гийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 9811 дугаартай дүгнэлт /хх 12-13/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Э.У-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгч Э.У- нь өмнө нь хэдийгээр гэмт хэрэг үйлдэж байсан боловч шүүхээс үйлдсэн хэрэг тус бүрт нь ял шийтгэл оногдуулж, уг ялаа эдэлсэн бөгөөд одоо үйлдсэн хэрэгт нь шүүхээс түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, тухайн зүйлд заасан 500 нэгжтэй тэнцэх хэмээний буюу 500.000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэснийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй тул прокурор М.Отгонбаатарын “...ял шийтгэл тохироогүй. ...” гэсэн агуулга бүхий эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

 

Харин анхан шатны шүүх торгох ялыг биелүүлэх хугацааг тогтоогоогүй, ямар шалтгааны улмаас тогтоох боломжгүй байсан талаар дүгнэлт хийлгүй орхигдуулсан байх тул шүүгдэгч Э.У-ын хохирлоо нөхөн төлсөн болон бусад орлого олох боломж зэргийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хугацааг шүүх тогтоосноор ял шийтгүүлсэн хүний хувьд шүүхийн шийдвэрийг хэдийд хэрхэн биелүүлэхийг ойлгох, харин хуульд заасан ажил үүргийнхээ хүрээнд шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангуулах, түүнд хяналт тавих эрх бүхий этгээдэд түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй үйл ажиллагаа явуулах зэрэг чухал ач холбогдолтой.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.” гэж заасантай нийцэх юм.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, прокурор М.Отгонбаатарын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Э.У- нь 2021 оны 3 дугаар сарын 4-ний өдөр хохирогч С.А-гийн Хаан банкны 0000000000 тоот данс руу 128.000 төгрөгийг төлсөн талаархи баримтыг давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 2021/ШЦТ/90 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.У-д оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэхээр тогтоосугай. …” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, прокурор М.Отгонбаатарын бичсэн 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 5 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Шүүгдэгч Э.У- нь хохирогч С.А-д 128.000 /нэг зуун хорих найм/ төгрөгийг төлсөн болохыг дурдсугай.

 

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Д.МЯГМАРЖАВ

 

                        ШҮҮГЧ                                                                    Л.ДАРЬСҮРЭН