Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 148/ШШ2022/00042

 

 

2022 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 148/ШШ2022/00042

Сэлэнгэ аймаг

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 2 дугаар баг, 2 дугаар хэсэг 085 тоотод оршин суух, Монгол овогт *******гийн ******* /РД:ТК75012464/- ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: : Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 2 дугаар баг, 2 дугаар хэсэг 085 тоотод оршин суух, Боржигин овогт *******ийн ******* /РД:ТК74120438-д холбогдох

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Цогзолмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нандин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Цогзолмаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэл .../хх-1-2/

Миний бие 1996 онд Ц.*******тэй танилцан улмаар 1997 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр гэрлэлтийн 009 тоот баталгаагаар бүртгүүлэн гэр бүл болсон билээ. Бидний хамтран амьдрах хугацаанд том хүү 1998 онд төрж 2018 онд зуурдаар нас барсан. 2008 оны 12 дугаар сарын 16-ны өдөр охин *******, 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүү ******* төрсөн. Бид цаашид хамтран амьдрах боломжгүй нөхөр маань Улаанбаатар явж ажиллаж байх хугацаанд эхнэр авсан тул хамтран амьдрах боломжгүй болсон юм. 2020 оноос салж тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш охин хүү хоёр маань эх Н.Цогзолмаа миний асрамжид амьдарч өсөж торниж байна. Одоо бид тус тусын амьдралтай болсон цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж, охин А.*******, хүү А.******* нарыг миний асрамжид үлдээж, Ц.*******ээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

Н.Цогзолмаа нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: .... 1997 онд анх Ц.******* гэх хүнтэй гэр бүл болоод. Дундаасаа 1998 онд *******, 2008 онд *******, ******* гэж хүү охин хоёртой болсон. Бидний дундаас төрсөн хамгийн том хүү маань нас барсан. Тэгээд бид хоёр ярилцаж байгаад хүүхэд өргөж авсан. Одоо би хоёр хүүхдийн хамт амьдарч байна. Ц.******* нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг байсан бөгөөд би ажил хийдэггүй байсан учраас нөхрөө хол хөдөө ажилд явахад нь дургүйцдэггүй байсан. Үүнээс хойш Ц.******* нь 2020 онд ажил хийгээд ирье гээд явсан тэгсэн өөр хүнтэй суугаад гэр бүл болоод эхнэр нь жирэмсэн болсон гэж хэлсэн. Энэ талаар сүүлд суух гэж байгаа эхнэр гэх хүүхэн над руу залгаад намайг Улаанбаатар хотод хүрээд ир би нөхөртэй чинь суух гэж байгаа хүн байна гэж хэлсэн. Ингээд би охиноо дагуулаад Улаанбаатарт байгаа газар нь очиход тэр хоёр нэг оронд унтаж байсан. Ийм учраас одоо ямар нэгэн эвлэрэх боломжгүй. Би нөхөртөө маш их гомдож байна. Миний бие 21 настай сайхан хүүгээ алдаад удаагүй байна. /уйлав/ Манай нөхөр энд ирээд чамаас сална гэж хэлсэн. Тийм болохоор одоо би энэ хүмүүс зай тавьж өгөх хэрэгтэй гэж бодоод гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан гэв.

Хариуцагч Ц.******* нь шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: /хх-24/

Миний бие нь Н.Цогзолмаатай 1997 онд танилцаж гэр бүл болсон бөгөөд одоо миний бие нь цаашид амьдрах боломжгүй болсон тул гэр бүлээ цуцлуулж охин *******, хүү ******* нарт хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Банкны өөрийн нэр дээрх зээлийг би өөрөө барагдуулж дуусгах болно. Өөрийн хүүхэд *******, ******* нарыг ээжийнх нь асрамжид үлдээнэ гэжээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Н.*******ийн шүүхэд гаргасан ... Ц.*******ээс гэрлэлт цуцлуулж, 2 хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах хууль зүйн болон бодит үндэслэлтэй болох нь нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан ... Бидний хамтран амьдрах хугацаанд том хүү 1998 онд төрж 2018 онд зуурдаар нас барсан. 2008 оны 12 дугаар сарын 16-ны өдөр охин *******, 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүү ******* төрсөн. Бид цаашид хамтран амьдрах боломжгүй нөхөр маань Улаанбаатар явж ажиллаж байх хугацаанд эхнэр авсан тул хамтран амьдрах боломжгүй болсон юм. 2020 оноос салж тусдаа амьдрах болсон гэх тайлбар,

Хариуцагчийн шүүхэд өгсөн ... Н.Цогзолмаатай 1997 онд танилцаж гэр бүл болсон бөгөөд одоо миний бие нь цаашид амьдрах боломжгүй болсон тул гэр бүлээ цуцлуулж охин *******, хүү ******* нарт хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэх тайлбар,

хавтаст хэргийн 1-17, 29-30 дугаар талд авагдсан нэхэмжлэл, өрхийн эмчийн тодорхойлолт, Сүхбаатар сумын 2 дугаар багийн засаг даргын тодорхойлолт, Сэлэнгэ аймгийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын тодорхойлолт, 2 хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны тэмдэглэл, хариуцагчийн бичгийн тайлбар зэргээр нотлогдож, гэрлэгчид нь хүүхдийн асрамж болон дундын хөрөнгийн маргаангүй гэснийг дурдвал зохино.

Нэхэмжлэгч нь шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 2 хүүхдийн нэг жилд төлөгдөх хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 74 681 төгрөг болон 70,200 төгрөгийг тус тус гаргуулан төсвийн орлогод оруулбал зохино.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.1, 132.4, 132.5, 132.6 -д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4 дэх хэсэгт зааснаар *******ийн *******, *******гийн ******* нарын 1997 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр гэр бүл болсныг 1998 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум дахь иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллага ПА № 009 дугаарт бүртгэсэн гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2018 оны 12 дугаар сарын 03-нд төрсөн хүү А.Энхмөрөн, 2008 оны 12 дугаар сарын 16-нд төрсөн охин А.******* нарыг 11 нас хүртэл нь амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас / суралцаж байгаа бол 18 / -тай болтол нь амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Ц.*******ээр тэжээн тэтгүүлсүгэй.

 

3. Гэрлэгчид нь хүүхдийн асрамж болон дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 40.2-т зааснаар Зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.3, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөнийг дурдаж хариуцагчаас 70,200 төгрөг, мөн хүүхдийн нэг жилд төлөгдөх хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 74,681 төгрөгийг тус тус нөхөн гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор хувийг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй..

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

 

9. Хэргийн зохигчийн оролцоогүйгээр хэргийг шийдвэрлэсэн бол шүүх шийдвэрийг энэ хуулийн 119.4-т заасан хугацаанд зохигчид гардуулна. Ийнхүү гардуулах боломжгүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажилладаг байгууллагын нь аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлсүгэй.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН