| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Золзаяа |
| Хэргийн индекс | 101/2021/05216/И |
| Дугаар | 101/ШШ2021/04162 |
| Огноо | 2021-12-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 101/ШШ2021/04162
| 2021 12 13 | 101/ШШ2021/04162 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г.Ю нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.Б,
Хариуцагч: Д.Х нарт холбогдох,
19,239,700 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Ю, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Иргэн Д.Б, Д.Х нар нь Г.Ю-тэй 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 2103130002479 тоот зээлийн гэрээ байгуулан 10,000,000 төгрөгийг 1 сарын 3.8 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай авсан. Зээлийн барьцаанд Д.Б, Д.Х нарын өмчлөлийн Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, Хоршооллын хотхон, Б.Доржийн гудамж, байр, тоот хаягт байрлалтай улсын бүртгэлийн дугаартай, дугаар гэрчилгээтэй, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлэн улсын бүртгэлд бүртгүүлэн гэрээ хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн. Зээлдэгч Д.Б, Д.Хнар 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 300,000 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 500,000 төгрөг төлснөөс өөр төлөлт хийгээгүй, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 430 хоногийн хугацаа хэтэрсэн байна. Энэ хугацаанд Д.Б, Д.Хнартай удаа дараа холбогдоход шүүхэд нэхэмжлэл гарга, зээл төлөх боломжгүй байна, цалин хүрэхгүй байна гэдэг шалтгаан хэлж өнөөдрийг хүрсэн. Нэхэмжлэгчийн зүгээс 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр, 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр, 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр тус тус хариуцагч нарын оршин суух хаягаар баталгаат шуудангаар мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн, мөн хаягаар 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр, 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр очиж, зээлдэгч Д.Бд зээлээ төлөх, төлөөгүй бол зээлийн гэрээг зээлийн гэрээг зээлдүүлэгч дангаар цуцлах тухай мэдэгдэх хуудас гардуулсан. Зээлдэгч Д.Б нь 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахад татгалзах зүйлгүй, зээлийн асуудлыг шүүхээр шийдвэрлүүлье гэсэн хүсэлтээ бичиж өгсөн. 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар зээл 10,000,000 төгрөг, хүү 5,021,353 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,418,347 төгрөг, нийт 22,439,700 төгрөг болсон. Иймд хариуцагч Д.Б, Д.Хнараас 22,439,700 төгрөг гаргуулж өгнө үү.
Хариуцагч Д.Бгийн амьдралын нөхцөл байдал, олон хүүхэдтэй байдлыг харгалзан алданги 7,418,347 төгрөгийн 3,200,000 төгрөгөөс татгалзаж байна гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Ю нь хариуцагч Д.Б, Д.Хнарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт зээл 10,000,000 төгрөг, зээлийн хүү 5,021,353 төгрөг, алданги 7,418,347 төгрөг, нийт 22,439,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Шүүхийн хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчийн хувийн байдлыг харгалзан алданги 7,418,347 төгрөгийн 3,200,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, нэхэмжлэлийн үнийн дүнг 19,239,700 төгрөг болгож багасгасан.
Хариуцагч нар шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Шүүх нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэстэй гэж дүгнэв.
Зохигчид 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулж, нэхэмжлэгчээс хариуцагч нарт 10,000,000 төгрөгийг сарын 3.8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдүүлэхээр харилцан тохиролцсон байх ба талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна (хх-4-5).
Дээрх зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч нь 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хариуцагч Д.Бгийн Хаан банкин дахь 5019255953 тоот дансанд 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь Хаан банкны шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна (хх-10).
Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1 дэх хэсэгт эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцох, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцохоор тус тус заасан тул дээрх зээлийн гэрээг байгуулагдсан гэж дүгнэх үндэстэй.
Нэхэмжлэгч нь зээл олгох үүргээ биелүүлсэн байх тул хариуцагч нараас зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан нь үндэстэй байна.
Зээлийн гэрээний хавсралт ёсоор хариуцагч нар 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд сар бүр 645,031.58 төгрөг төлөх үүрэг хүлээсэн боловч 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 300,000 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 500,000 төгрөгөөс өөр төлөлт хийгдээгүй байна.
Нэхэмжлэл болон түүнд хавсаргасан нэхэмжлэгчийн мэдэгдлүүдээс үзэхэд хариуцагчид зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа мэдэгдэж байсан үйл баримт тогтоогдож байна (13-15).
Мөн нэхэмжлэгч нь 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 15,311,699.18 төгрөгийг 2 хоногийн хугацаанд төлөх, төлөөгүй тохиолдолд зээлийн гэрээг цуцлах, барьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах, шүүхэд нэхэмжлэл гаргахыг хариуцагчид мэдэгдсэн байх ба хариуцагчийн зүгээс уг мэдэгдэлд шүүхэд нэхэмжлэл гаргахад татгалзах зүйлгүй, шүүхээр асуудлаа шийдвэрлүүлье гэх хариу өгчээ (хх-11, 12).
Дээрхээс үзэхэд талуудыг Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээг цааш үргэлжлүүлэх боломжгүй буюу зээлийн гэрээг дуусгавар болгох хүсэл зоригоо харилцан илэрхийлсэн гэж дүгнэхээр байх тул зээлийн гэрээний 1.7, 1.8 дахь хэсэг, Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.2, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар тус зээлийн гэрээ 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөр цуцлагдсан байна гэж шүүх дүгнэв.
Зээлийн гэрээнд сарын 3.8 хувийн хүү төлөх, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд зээлийн үлдэгдэл дүнгээс 0.5 хувийн алданги төлөхөөр тус тус заасан нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан агуулгад нийцэж байх тул нэхэмжлэгч нь хүү, алданги төлөхийг хариуцагчаас шаардах эрхтэй.
Харин нэхэмжлэлд хүү, алдангийг 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаагаар тооцсон нь үндэслэлгүй тул шүүх хариуцагчийн хүлээх үүргийг дор дурдсанаар тодорхойлох нь зүйтэй гэж дүгнэв.
Зээлийн хүүнд 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс гэрээ цуцлагдсан 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл 318 хоногийн хугацаанд 4,027,998 төгрөг (10,000,000*3.8%/30*318) тооцогдох ба үүнээс хариуцагчийн төлсөн 792,647 төгрөгийг хасч, төлбөл зохих хүү 3,235,351 төгрөг байна.
Алдангийн хувьд, зээлийг сар бүр хэсэгчлэн төлөхөөр эргэн төлөх хуваарьт тусгасан байх тул зээлийн хэсэгчилсэн дүн тус бүрд мөн гэрээ цуцлагдсан 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хугацаагаар шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн тайлбарласнаар 0.38 хувиар тооцоход дор дурдсанаар нийт 1,704,896 төгрөг байна. Үүнд:
- 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 277,698.25 төгрөгт 287 хоногоор тооцон 302,857 төгрөг,
- 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 263,262.20 төгрөгт 259 хоногоор тооцон 259,109 төгрөг,
- 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 285,588.34 төгрөгт 229 хоногоор тооцон 248,519 төгрөг,
- 2020 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 284,821 төгрөгт 198 хоногоор тооцон 214,300 төгрөг,
- 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 307,263.90 төгрөгт 169 хоногоор тооцон 197,325 төгрөг,
- 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 308,070.20 төгрөгт 137 хоногоор тооцон 160,381 төгрөг,
- 2021 оны 02 дугаар сарын 28-ын өдрийн 320,167.09 төгрөгт 106 хоногоор тооцон 128,963 төгрөг,
- 2021 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 362,960.85 төгрөгт 78 хоногоор тооцон 107,581 төгрөг,
- 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 346,991.25 төгрөгт 47 хоногоор тооцон 61,973 төгрөг,
- 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 369,791.12 төгрөгт 17 хоногоор тооцон 23,888 төгрөг.
Дээрх үндэслэлээр хариуцагч нараас зээл 10,000,000 төгрөг, зээлийн хүү 3,235,351 төгрөг, алданги 1,704,896 төгрөг, нийт 14,940,247 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Б, Д.Хнараас 14,940,247 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Юд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,299,453 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Югээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 270,149 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Б, Д.Хнараас 232,651 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Юд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА