| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 195/2025/0732/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/859 |
| Огноо | 2025-03-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Энхням |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 2025/ШЦТ/859
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Сэрчмаа,
улсын яллагч С.Энхням,
шүүгдэгч ****** нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн 2508004120226 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ***** оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Говь-Алтай аймгийн *** суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын хөөсчин пассадчин мэргэжилтэй, “*****д” ХХК-д савлагчийн ажил эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ***** дүгээр хороо, Хилчин **** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ***** овогт **********,********);
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний “өөрийгөө өмгөөлөх” эрхийг хангасан болохыг тэмдэглэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
шүүгдэгч ***** шүүхийн хэлэлцүүлэгт “...мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Эрүүгийн 2508004120226 дугаартай хэргээс:
Улсын яллагч: ***** мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11 дэх тал), гэрч ***** мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дахь тал), гэрч ****** мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дахь тал), гэрч ***** мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дахь тал), Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 1419 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 35-36 дахь тал), камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 59-65 дахь тал ), караокены эзний ****** нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй тухай гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 70 дахь тал ), сэтгэл санааны хохирол 2 дугаар зэрэглэл тогтоосныг нэхэмжлэхгүй талаар хохирогчийн гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 39 дахь тал ), яллагдагч ****** мэдүүлэг (хавтаст хэргийн 51-52 дахь тал ),гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 04 дэх тал),”...бусдад зодуулсан байдалтай эрэгтэй хүн байна...” гэх дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 05 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
|
|
Шүүгдэгч нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талууд гаргаагүйг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн 2508004120226 дугаартай хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн тогтоогдсон, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч оролцсон бол улсын яллагч шүүгдэгчийн гэм бурууг нотлох, яллах байр суурьтай оролцсон болно.
шүүгдэгч **** нь 2024 оны 12 дугаар сарын 22-ны шөнө 02 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Хилчин ***** байрлах “Орбит” караокед “цохилоо” гэх шалтгаанаар хохирогч ****** нүүр, шанаа, толгой руу гараараа цохиж зодсоны улмаас түүний эрүүл мэндэд баруун хөмсөгт шарх, баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, баруун өвдөгт зулгаралт, зүүн дээд 1 болон 5-р шүдний сулрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож, уг хэрэгт шүүгдэгч ***** нь гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэ үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч ****:”... Би тухайн өдөр болох 2024 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн орой 18 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороонд байрлах "Буман Өлзий" хорооллын тойргийн орчимд байх нэрийг нь сайн мэдэхгүй караокед ганцаараа орсон юм. Би урьд өдөр нь тухайн караокед утсаа хаячихсан байсан юм. Тэгээд тухайн үед утсаа авахаар очсон. Намайг ороход өөр хүн байгаагүй би ганцаараа текний хажуу талын ширээн дээр пиво уугаад сууж байтал гаднаас баахан залуучууд хүүхнүүд орж ирсэн. Тэгээд би тэд нарыг бас дайлсан л бололтой байсан. Тэгээд тухайн караокед байсан 2 залуугийн нэг залуу нь намайг хэл амаар өдөөд байсан. Тэгээд тухайн залуутай барьцалдаж аваад хоёулаа газар өнхөрсөн чинь караокены ажилтан хоёр эмэгтэй салгасан. Тэгээд газар өнхөрч унаад босоод ирсний дараа миний баруун хөмсөг задарчихсан цус гараад байсан караокены хүмүүс цус гарсан хэсэг дээр хөвөн шатааж тавиад цус нь тогтоогүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11 дэх тал),
гэрч ********:”... Би тухайн өдөр болох 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Толгойтын эцэст байрлах "Юми" нэртэй сүлжээ дэлгүүрт хүний оронд худалдагчаар сууж байсан юм. Тэгсэн шөнө 05 цаг өнгөрч байхад гаднаас намайг дуудлага өгөхөөс 30 минутын өмнө манай дэлгүүрт 35-40 орчим насны үл таних эрэгтэй хүн орж ирсэн. Би анх орж ирэхэд нь хутгалуулсан байна гэж харсан, хаанаас нь ч юм цус гарчихсан байсан. Тэгээд дэлгүүрийн цонхны тавцангийн хажууд зогсоод байхаар нь дөхөж очоод харсан чинь духны баруун талынх нь хэсэгт нь оёдол тавиулахаар хэмжээний язарчихсан, хоёр нүднийх нь нэг хөхөртлөө цохиулчихсан, энгэрээр нь дүүрэн цус нь гоожоод манай дэлгүүрийн шалаар нэг цус гоожчихсон байсан. Тэгээд бас нэг худалдагч эрэгтэй цуг дэлгүүрт гоожсон бохир болсон цуснуудыг нь цэвэрлэж байгаад хүн хүлээгээд байгаа юм болов уу гээд 20-30 минут орчим харзнаж байгаад хүн ирэхгүй болохоор нь цагдаа дуудсан...гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дахь тал),
гэрч ********:”... Би тухайн өдөр болох 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 34-р хороонд байрлах "Орбит" нэртэй караокед орсон. Манай найз ******аа тухайн караокед зөөгч хийдэг юм. Тэгээд найз дээрээ очих далимаараа караокед орсон, намайг караокед ороход 4-5 хүн байсан. Тэгээд би ганцаараа явж байсан болохоор *****а намайг караокены текний урд байрлах ширээн дээр 40 орчим насны эрэгтэй хүн байсан тэр хүнтэй нэг ширээнд суулгасан. Тэгээд тухайн үед нөгөө эрэгтэй хүнтэй танилцаад хамт нэг ширээнд цуг суусан. Тухайн үед тэр залуу надад өөрийгөө ******а гэж танилцуулж байсан. Тэгээд бид хоёр уугаад нэлээн сууж байсан. Тэр залуу ер нь их түрэмгий ааштай, караокед байсан хүмүүстэй жаахан том том дугараад маргалдаад л байх шиг байсан. Тэгээд би хэсэг сууж байгаад нэлээн согтоод манараад 00 орчхоод гараад ирэхэд надтай хамт ширээнд цуг сууж байсан ***** гэх залуугийн баруун талын хөмсөг хэсэг нь бондойгоод хавдчихсан, цус гараад тогтохгүй байсан тэгэхээр нь би 00 цаасан дээр спиртний гар ариутгагч асгаж байгаад хөмсөг хэсгийнх нь цусыг нэлээн арчиж өгөөд тэгээд тогтоосон. Тэгээд би чамайг хэн цохичхов гэтэл тухайн залуу нь өндөр шар царайтай, ажлын хувцастай залууг зааж байсан...”гэсэн мэдүүлэг, (хавтаст хэргийн 22-23 дахь тал),
гэрч Б*****:”...*****амц өөрийнхөө сууж байсан үүдний ширээн дээр ******аг дараад унагаачихсан нүүр хэсэг рүү нь цохиод байсан, тэгээд ******* нь босоод ирэхэд түүний баруун хөмсөгний дээд хэсэгт язарчихсан цус гарсан байдалтай босоод ирсэн...”гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дахь тал),
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 1419 дугаартай ”...**** биед баруун хөмсөгт шарх, баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, баруун өвдөгт зулгаралт, зүүн дээд 1 болон 5-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо...дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр 4-7 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Хоёр шүдний булгарал нь цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонгид 10% алдагдуулна..” гэсэн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 35-36 дахь тал),
камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 59-65 дахь тал ),
караокены эзний ***** нэхэмжлэх зүйлгүй,гомдол саналгүй тухай гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 70 дахь тал ),
сэтгэл санааны хохирол 2 дугаар зэрэглэл тогтоосныг нэхэмжлэхгүй талаар хохирогчийн гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 39 дахь тал ),
яллагдагч ******:”...би өөрийн гаргасан буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчид 550,000 төгрөг шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 51-52 дахь тал ),гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 04 дэх тал),”...бусдад зодуулсан байдалтай эрэгтэй хүн байна...” гэх дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 05 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргүүд нь материаллаг бүрэлдэхүүнтэй буюу гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг бодитой учирсан байхыг шаардана. Тодруулбал энэ төрлийн гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив талын заавал байх, зайлшгүй тогтоох шинж нь шалтгаант холбоо юм.
Хохирогч ****** эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгч ****** түүний нүүр хэсэг рүү нь гараараа цохисон идэвхтэй үйлдлийн улмаас үүсгэгдсэн шалтгаант холбоо тогтоогдсон, шүүгдэгч нь бусдын бие мах бодид халдвал аливаа хохирол учрах боломжтой гэдгийг мэдэж, ухамсарласан атлаа хохирол, хор уршигт үйлдлээрээ зориуд хүргэсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.
Шүүгдэгч ****** дээрх хууль бус үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэл бүхий, түүний гэм буруутай үйлдэлд тохирсон байна.
Иймд шүүгдэгч ****** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн 2508004120226 дугаартай хэрэгт хохирогчоор тогтоогдсон ***** эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь эмчилгээний зардлын баримт ирүүлээгүй бөгөөд шүүгдэгч ***** 550,000 төгрөг өгсөн талаар хохирогч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ дурджээ. (хавтаст хэргийн 111-112 дахь тал)
Мөрдөгчөөс Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, түүнд нийцүүлэн гаргасан Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын дагуу “хоёрдугаар” зэрэглэл тогтоосныг хохирогч **** нь сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй талаар хүсэлт гаргасан байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Хохирогч ***** нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий өнгийн 1.4 дүгээр зүйлд заасан “гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч ***** гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***** 900,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаагаар төлүүлэх...” гэх санал, дүгнэлтийг гаргав.
Шүүхээс шүүгдэгчид оногдуулах ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, ингэхдээ эрүүгийн хариуцлагын нийтлэг зорилгыг хангах, түүнчлэн гэмт үйлдлийн шинж чанар болон ял шийтгэлийн хэр хэмжээ хоорондын харьцаагаар зүй зохистой нийцсэн байх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзсэн.
Шүүгдэгч ******* эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлж барагдуулсан, хохирогчийн хууль бус, зүй буй үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4 дэх заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *****.****** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***** оногдуулсан 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. шүүгдэгч ******** нь хохирогчид 550,000 төгрөг төлснийг дурдаж, хохирогч ****** нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
7. Шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *********** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ