Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 101/ШШ2019/02021

 

 

 

 

 

 

2019 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 101/ШШ2019/02021

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:  Ф К ББСБ ХХК /хуулийн этгээдийн регистрийн дугаар: /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  тоот хаягт оршин суух,  С/регистрийн дугаар: /

Хариуцагч: тоот хаягт оршин суух,  О /регистрийн дугаар: / нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэг, барьцаа хөрөнгийн үнэлгээ, оношлогооны зардалд нийт 5,826,819 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэ-Очир, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Отгонцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ичинхорлоо нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ф К ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэ-Очир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус ББСБ нь Д.С*******, Б.О нартай 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр №ЗГ18/148 дугаартай зээлийн болон ФД18/148 дугаартай фидуцийн гэрээ байгуулан сарын 2,5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай 16,000,000 төгрөгийн зээл авсан. Зээл, зээлийн хүү төлөх хуваарийг 2013 оны 12 дугаар сарын13-ны өдрийн Монгол банкнаас баталсан Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам-ын дагуу хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг төлөхөөр тохиролцсон. Энхүү зээлээр Япон улсад үйлдвэрлэсэн Тоёота Альфард маркийн хар ангийн ************** улсын дугаартай суудлын автомашин авсн. Зээлийн эргэн төлөлтийн хуваарийг үндсэн зээлийн 2019 оны 01 дүгээр сараас зээлийн хүүг сар бүр төлөхөөр хийсэн. Гэвч зээлдэгч зээл, нэмэгдүүлсэн хүүг хугацаанд нь төлөлгүй, үндсэн үндсэн хүүнд 2,564,000 төгрөг төлсөн. Зээлдэгч Д.С*******, Б.О нар нь зээл авсан цагаас хойш зээл хүү эргэн төлөх төлбөрийн хуваарийг байнга зөрчиж, төлбөрийг барагдуулах талаар санаачлага гаргахгүй байгаа нь зээлийн гэрээний 5 дугаар зүйлд заасан гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэн зээлдэгчийн зүгээс гэрээг хугацаанаас нь өмнө дангаар цуцлах үндэслэл болсон. Зээлдэгч тал 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр ББСБ-д барьцааны хөрөнгө болох суудлын машинаа үүргийн гүйцэтгэл хангуулахаар буцааж өгсөн. ББСБ нь барьцааны тээврийн хэрэгслийг оношлогоонд оруулан, үнэлгээ хийлгэхэд 11,200,000 төгрөгөөр үнэлэгдсэн боловч харилцан тохиролцож 12,500,000 төгрөгөөр тооцон зээлэнд суутгуулсан. Ингээд зээл хүүнийн өрийн үлдэгдэл 5,511,819 төгрөг, үнэлгээний зардал 35,000 төгрөг, оношлогооны зардал 20,000 төгрөг, 2018 оны автомашины албан татвар 120,000 төгрөг, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн торгууль 140,000 төгрөг, нийт 58,826,819 төгрөгийн төлбөр гарч байна. ББСБ нь зээл хүүгээс бусад төлбөрийг урьдчилан төлсөн тул нэхэмжлэх эрх үүсч байна.

Зээлдэгч Д.С*******, Б.О нараас үндсэн зээл 3,500,002 төгрөг, үндсэн хүү 1,986,136 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 25,681 төгрөг, бусад урьдчилан төлсөн төлбөр 315,000 төгрөг, нийт 5,826,819 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч Д.С*******, Б.О нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Отгонцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хариуцагч нар нь Ф К ББСБиас 2016 оноос гэрээ байгуулсан. 2016 оны гэрээн дээр Приус маркийн автомашиныг 15,000,000 төгрөгөөр худалдан аваад тухайн зээлийн хүүнд 5 хувийн хүүтэйгээр зээлэнд авсан. Зээл болох 15,000,000 төгрөгийг төлсний дараагаар Ф К ББСБын зүгээс зээлийн гэрээний үүргээ зөрчсөн. Тиймээс уг машиныг хураан авах тухай хариуцагч нарт хэлсэн байдаг. Уг авто машиныг 2018 оны 04 дүгээр сард хурааж аваад 20 хоногийн дараа дахин гэрээ байгуулсан байдаг. Өөрөөр хэлэх юм бол өмнө нь байгуулагдсан гэрээн дээр үндэслээд 2018 оны 5 дугаар сард дахин гэрээ байгуулагдсан. Энэхүү гэрээг байгуулахдаа өмнөх зээлийн гэрээний үүргээ зөрчсөн тул машин хураагдсан учраас дахин зээл аваад машин авж болно. Өмнө нь зээл авсан учраас тодорхой хэмжээний хүү багасгах тухай ярьсан байдаг. Үүний дагуу хариуцагч 2018 онд зээлийн гэрээ байгуулаад гэрээний дагуу Тоёота алфард хайбрид маркийн хар өнгийн 7327 ******* улсын дугаартай авто машиныг барьцаанд тавиад уг 16,000,000 төгрөгийн зээл авсан. Талууд гэрээг чөлөөтэй байх зарчмын үндсэн дээр байгуулдаг бөгөөд зээлийн эхний 7 сар буюу 2018 оны 6 дугаар сараас 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны үндсэн төлбөрийг төлөхгүйгээр хүү төлөхөөр тохиролцсон байдаг. Хариуцагч нарын зүгээс тухайн 7 сарын хугацаанд хүүг төлөхөөр ирсэн. Нэхэмжлэгч тал үүнтэй маргадаггүй. Нийтдээ 2,564,000 төгрөгийг төлсөн. 2019 оны 01 дүгээр сараас үндсэн төлбөр болон хүүг төлөх эрх үүссэн. Уг төлбөрийг хариуцагч нар төлж чадаагүй. Нэхэмжлэгч нарын зүгээс зээлийн гэрээний үүргээ зөрчөөд байгаа тухай хуулийн дагуу мэдэгдэх хуудас явуулах шаардлага тавих ёстой байтал ямар нэгэн шаардлага тавилгүйгээр 2019 оны 4 дүгээр сард шууд очин машиныг нь авсан байдаг. Машиныг авахдаа үүргээ зөрчсөн учраас уг машиныг манай Ф К ББСБ машиныг авна гэсэн байдаг. Тухайн үед 04 дүгээр сарын 10-ний өдөр машиныг хүлээлгэн өгсөн байдаг. Улмаар маргааш нь буюу 04 дүгээр сарын 11-ний өдөр Ф К ББСБ-иас ямар санал тавьсан бэ? гэхээр манай байгууллагын зүгээс машиныг үнэлүүлсэн үнэлгээ бол 11.200.000 төгрөгөөр гарсан байдаг. Үнэлгээний компани нь Ф К ББСБ-тай ямар хамааралтай, эсхүл уг байгууллагатай гэрээтэй байдаг эсэх талаар хариуцагч талын зүгээс мэдэх боломжгүй. Өмнөх шүүх хурал дээр хариуцагч тал 12,500,000 төгрөгөөр тохиролцсон гэж хэлж байсан. Хэргийн материалтай танилцахад ямар нэгэн тийм баримт гарч ирээгүй. Нэхэмжлэгч тал үндсэн төлбөр 3,000,000 төгрөг, хүү нь 1,900,000 төгрөг гэж нэхэмжлээд байдаг. Гэтэл үндсэн төлбөрийг ямар тооцооллоос хассан гэдэг нь тодорхойгүй, гэрээ цуцлагдсанаар хүү зогссон юм уу?, үгүй юм уу, нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна. Хариуцагч талын зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигч талуудын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ф К ББСБ ХХК нь хариуцагч Д.С*******, Б.О нарт холбогдуулан, үндсэн зээл 3,500,002 төгрөг, үндсэн хүү 1,986,136 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 25,681 төгрөг, бусад урьдчилан төлсөн төлбөр 315,000 төгрөг, нийт 5,826,819 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд эс зөвшөөрч талууд маргаж байна.

Ф К ББСБ ХХК болон иргэн Д.С*******, Б.О нар 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр №ЗГ18/148 дугаартай зээлийн гэрээг байгуулсан, зээлдэгч нар нь зээлийн гэрээний дагуу 16,000,000 төгрөгийг сарын 2,5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, зээлийн гэрээний 2.1.7-д зааснаар үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг гэрээний үүргийн гүйцэтгэл бүрэн хангагдаж дуусах хүртэл төлөх нөхцөлтэйгээр зээлж, мөнгийг хүлээн авсан болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ, зээлдэгчийн анкетын хуулбар зэргээр тогтоогдож байх бөгөөд дээрх зээлийн гэрээ нь хуульд нийцсэн хүчин төгөлдөр байна.

Нэхэмжлэгч нь зээлдэгч нартай 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр №ЗГ18/148 дугаартай зээлийн гэрээг байгуулсөн мөн өдрөө ФД18/148 дугаартай фидуцийн гэрээг байгуулж, Тоёота Альфард маркийн ************** дугаартай автомашиныг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан гэх боловч фидуцийн гэрээг шүүхэд гаргаж өгөөгүй.

Гэвч зээлдэгч нар нь 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр, дээрх зээлийн гэрээний дагуу төлөх төлбөрийн үүргээс 12,500,000 төгрөгт тооцож Тоёота Альфард маркийн ************** дугаартай автомашиныг зээлдүүлэгч Ф К ББСБ ХХК-д талууд харилцан тохиролцож шилжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Тоёота Альфард маркийн ************** дугаартай автомашиныг зээлдүүлэгч Ф К ББСБ ХХК дураараа авч явсан, 12,500,000 төгрөгт тооцохоор тэдэнтэй тохиролцоогүй гэж маргаж байх боловч хариуцагч нарын шүүхэд бичгээр гаргасан тайлбарт ...2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр ББСБ барьцаа болох суудлын автомашинаа үүргийн гүйцэтгэл хангуулахаар буцааж авсан... гэх тайлбараар үгүйсгэгдэж байгаагийн зэрэгцээ, зээлдэгч нарын эзэмшилд байсан тухайн автомашиныг тэдний зааж өгсөн газарт очиж, зээлдэгчийн өөрөө өгсөн автомашины түлхүүрээр автмашиныг хөдөлгөж авч явсан гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг хариуцагч тал үгүйсгэж чадсангүй.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй,

мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно,

453 дугаар зүйлийн 453.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заажээ.

Иймд талуудын хооронд байгуулагдсан дээрх зээлийн гэрээний дагуу хариуцагч Д.С*******, Б.О нар нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээл болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөх, мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү тус тус төлөх үүрэгтэй.

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасны дагуу нэмэгдүүлсэн хүү нь зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш зээлдэгчийн хүлээх хариуцлага учраас гэрээний хугацаанд нэмэгдүүлсэн хүү тооцсон нь үндэслэлтэй тул зээлийн гэрээний үүрэгт хариуцагч нараас үндсэн зээл 3,500,002 төгрөг, үндсэн хүү 1,986,136 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 25,681 төгрөг 5,511,819 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ф К ББСБ ХХК-д олгох үндэслэлтэй байна.

Хариуцагч нар нь Тоёота Альфард маркийн ************** дугаартай автомашиныг худалдан авахаар тус банк бус санхүүгийн байгууллагаас үйлчилгээ авч, дээрх 16,000,000 төгрөгийн зээлийг авсан байх бөгөөд зээлийн гэрээ байгуулсан 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс хойш Тоёота Альфард маркийн ************** дугаартай автомашиныг зээлдүүлэгч банк бус санхүүгийн байгууллагад 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр шилжүүлэн өгсөн өдөр хүртэлх хугацааны авто тээврийн хэрэгслийн татвар, зам ашиглалтын татварт нийт 65,016 төгрөг, уг хугацаанд Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн торгууль 140,000 төгрөгийг хариуцах үндэслэлтэй.

Мөн түүнчлэн, нэхэмжлэгч Ф К ББСБ ХХК нь Тоёота Альфард маркийн ************** дугаартай автомашиныг зээлдэгч нараас хүлээн авахдаа үзлэг оношлогоо, эд хөрөнгийн үнэлгээ хийлгэж Тэнцвэр эстимэйт ХХК-д 35,000 төгрөг, Мастер авто сүлжээ ХХК-д 20,000 төгрөг тус тус төлж зардал гаргасан нь төлбөрийн баримтууд, үнэлгээ хийсэн тодорхойлолт, оношлогооны хуудас зэргээр тогтоогдож байна.

Дээр дурдсан, зээлийн гэрээнээс бусад зардал буюу торгууль 140,000 төгрөг, авто тээврийн хэрэгслийн болон зам ашигласны татвар 65,016 төгрөг, хөрөнгийн үнэлгээний зардал 35,000 төгрөг, оношлогооны зардал 20,000 төгрөг, нийт 260,016 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгч банк бус санхүүгийн байгууллагад олгох нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

Иймд хариуцагч Д.С*******, Б.О нараас 5,771,834 төгрөгийг гаргуулж, Ф К ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 54,985 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1-д тус тус заасныг баримтлан, хариуцагч Д.С*******, Б.О нараас 5,771,834 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ф К ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 54,985 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д тус тус заасныг баримтлан, нэхэмжлэгч Ф К ББСБ ХХК-иас нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 108,180 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.С*******, Б.О нараас улсын тэмдэгтийн хураамжид 107,299 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ф К ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг танилцуулсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА