Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 101/ШШ2017/02887

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Вын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Т,

Хариуцагч: Э.Энарт холбогдох

6,024,807 төгрөг гаргуулах, хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлтэй, бичиг баримт, 7,540,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч В, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Н /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 0097/, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч В, өмгөөлөгч Ч.Н нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие В нь иргэн Э.Э, Б.Т нарын хүсэлтээр өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн  өрөө орон сууцыг ВЕLВА Ргореrties ХХК-иар зуучлуулан 2015 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийг хүртлэх хугацаагаар түрээслүүлж байгаад 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс В надтай дээрхи хоёр иргэн дахин гэрээ хийж миний орон сууцыг 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаагаар дахин түрээслэж сардаа түрээсийн төлбөрт 550,000 төгрөг төлж байхаар гэрээ байгуулсан бөгөөд түрээслэгч нар нь хэрэглэсэн ус, цахилгаан, СӨХ-ийн төлбөрийг сар бүр түрээсийн төлбөр дээр нэмж төлж байхаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан юм. Гэтэл Э.Э, Б.Т нар нь 2017 оны 01 дүгээр сараас 2017 оны 6 дугаар сарыг дуустлах хугацаанд түрээсийн төлбөрөө төлөхгүй дээр нь хэрэглэсэн ус, цахилгаан, дулаан СӨХ-ны төлбөрөө төлөхгүй удаа дараа шаардуулж намайг хохироож байна. Ус, дулаан, цахилгааны байгууллагууд надаас алданги тооцож нэхэж байгаа болно. Мөн дээрх түрээслэгч нар нь 2015-2016 онуудын СӨХ-ийн төлбөр болох 22 сарын 356,840 төгрөг, түүний алданги нь 178,420 төгрөг, бүгд 535,960 төгрөгийг төлөөгүй намайг хохироосон. Би дээрх хоёр түрээслэгч нарт төлөөгүй цаг хугацааныхаа түрээсийн төлбөр, ус, дулаан, цахилгаан, СӨХ-ийн төлбөрөө 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлж байр чөлөөлж өгөхийг олон удаа шаардсан боловч байр орон сууцаа чөлөөлж өгөхгүй түрээсийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байна. Иймд Э.Э. Б.Т нараас 2015, 2016 онуудад төлөгдөөгүй 22 сарын СӨХ-ийн төлбөрт 535,960 төгрөг, 2017 оны 1 дүгээр сараас 2017 оны 6 дугаар сарыг дуусталх хугацааны түрээсийн төлбөрт 3,300,000 төгрөг, түүний алданги 1,650,000 төгрөг, нийт 4,950,000 төгрөг, ус дулаан ашиглалтын 2016 оны 11 дүгээр сараас 2017 оны 6 дугаар сар хүртлэх хугацааны 8 сарын төлбөр 372,127 төгрөг, түүний алданги 121,543 төгрөг нийт 493,670 төгрөг, цахилгааны төлбөр 2017 оны 3 дугаар сараас 6 дугаар сар хүртэл 45,177 төгрөг, бүгд нийт 6,024,807 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэв.

 

Хариуцагч Э.Э, Б.Т нар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Втай 2015 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл түрээсийн гэрээ байгуулж, түрээсийн төлбөрийг цаг тухайд нь төлж гэрээний үүргээ биелүүлж байсан тул дахин гэрээг 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл сунгасан. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс ямар нэгэн гэрээ цуцлах талаар урьдчилан мэдэгдээгүй атлаа 2017 оны 02 дугаар сард гэнэт бидний түрээслэж байсан орон сууцанд бидний зөвшөөрөлгүйгээр дураар аашлан нэвтрэн орж нилээдгүй үнэ бүхий эд хөрөнгийг барьцаалан цоожилсон болно. Тухайн эд хөрөнгийг одоо хүртэл бидэнд өгөхгүй өөртөө ашиглаж эсвэл үрэн таран хийсэн нь тодорхойгүй байгаа болно. Хариуцагч бидний зүгээс нэхэмжлэгчид ямар шалтгааны улмаас бидний эзэмшиж ашиглаж байсан орон сууцанд нэвтрэн орж гэрээний үүргээ зөрчсөн эсэхийг асуухад түрээсийн үнэ нэмэгдсэн гэх тайлбарыг л өгсөн. Хариуцагч бид 2017 оны 02 дугаар сараас хойш түрээслэсэн орон сууцанд амьдран суугаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Хариуцагч Э.Э, Б.Т нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Э.Э, Б.Т нар нь Втай 2015 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл түрээсийн гэрээ байгуулж, түрээсийн төлбөрийг цаг тухайд нь төлж гэрээний үүргээ биелүүлж байсан тул дахин гэрээг 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл сунгасан. Гэтэл хариуцагчийн зүгээс ямар нэгэн гэрээ цуцлах талаар урьдчилан мэдэгдээгүй атлаа 2017 оны 02 дугаар сард гэнэт нэхэмжлэгч нарын түрээслэж байсан орон сууцанд зөвшөөрөлгүйгээр дураар аашлан нэвтрэн орж нилээдгүй үнэ бүхий эд хөрөнгийг шууд барьцаалан цоожилж авсан. Нэхэмжлэгч нарын зүгээс удаа дараа өөрсдийн өмчлөлийн эд хөрөнгөө авах талаар хариуцагчаас шаардаж байсан боловч БНХАУ-ын иргэн В нь утсаа авахгүй зугтсаар өнөөдрийн өдрийг хүрсэн бөгөөд хариуцагч Вд дураар аашилсан талаар хууль хяналтын байгууллагад хандах талаар мэдэгдсэнээс хойш нэхэмжлэгч нарыг шүүхэд хариуцагчаар татсан байна. Нэхэмжлэгч нарын дараах үнэ бүхий эд хөрөнгийг хариуцагч нь авсан болно. Үүнд:

1.    Зурагт Samsung 42 инч-1,500,000 төгрөг,

2.    Компьютер 13-1,200,000 төгрөг,

3.    Буйдан 3 хос-900,000 төгрөг,

4.    Шкаф-150,000 төгрөг,

5.    Компьютерийн ширээ-150,000 төгрөг,

6.    Плитка -150,000 төгрөг,

7.    Угаалгын машин Samsung-850,000 төгрөг,

8.    Аяга таваг-100,000 төгрөг,

9.    Хөшиг-120,000 төгрөг,

10. Хувцас -2,500,000 төгрөг,

11. Спикер -120,000 төгрөг,

12. Бичиг баримт-гадаад паспорт, цэргийн үнэмлэх, иргэний үнэмлэх зэрэгнийт 7,540,000 төгрөгийн эд зүйлийг одоо хүртэл өгөхгүй өөртөө ашиглаж эсвэл үрэгдүүлсэн байна.

Иймд Ваас Э.Э, Б.Т нарын 7,540,000 төгрөгийн эд хөрөнгө, бичиг баримтыг гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч В, өмгөөлөгч Ч.Н нар сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

Миний орон сууцыг түрээслэж байсан Э.Э, Б.Т нарын сөрөг нэхэмжлэлд дурьдсан эд зүйлээ 2017 оны 3 дугаар сарын 27-нд үлдээгээд явсан. Ингээд 2017 оны 8 дугаар сар хүртэл Б.Т, Э.Э нар нь тус орон сууцанд ирж, очиж байрлаж байгаад Нарантуулын номин дэлгүүрийн байр руу нүүсэн байсан. Одоо хүртэл миний орон сууцыг хүлээлгэн өгөөгүй. Сууц өмчлөгчдийн холбооны болон дулаан, цахилгааны төлбөрөө ч төлөөгүй. Үүнийг төлөх ёстой. Одоо мөнгөө хагасыг нь боловч төлөөд дээрх сөрөг нэхэмжлэлд дурьдсан эд зүйлээ хэзээ ч тоо ширхэгээр нь авах ёстой, эрхтэй. Ванны өрөөний хаалганы бариулыг эвдсэн, том өрөөний обой муухай болгосон байгаа. Өөрсдөө түрээсийн мөнгөө төлнө, та жаахан хүлээж бай гээд юмаа үлдээгээд явсан. Иргэний үнэмлэхийг ч хүртэл сайн дураараа бичиж үлдээгээд явсан шүү дээ. Орон сууцны хөлсний төлөөгүй мөнгөө өгөөд юмаа авахад би огт татгалзахгүй байна. Гадаад паспорт, цэргийн үнэмлэх зэргийг аваагүй гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч В нь хариуцагч Э.Э, Б.Т нарт холбогдуулан

1.    2015, 2016 онуудад төлөгдөөгүй 22 сарын сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт 356,840 төгрөг, алданги 178,420 төгрөг,

2.    2017 оны 01 дүгээр сараас 2017 оны 6 дугаар сарыг дуусталх хугацааны түрээсийн төлбөрт 3,300,000 төгрөг, алданги 1,650,000 төгрөг,

3.    2016 оны 11 дүгээр сараас 2017 оны 6 дугаар сар хүртэлх хугацааны 8 сарын ус, дулаан ашиглалтын төлбөр 372,127 төгрөг, алданги 121,543 төгрөг,

4.    2017 оны 3 дугаар сараас 6 дугаар сар хүртэл цахилгааны төлбөр 45,177 төгрөг, нийт 6,024,807 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нар нь 2017 оны 02 дугаар сараас хойш түрээслэсэн орон сууцанд амьдран суугаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Хариуцагч нар зурагт Samsung 42 инч-1,500,000 төгрөг, компьютер 13-1,200,000 төгрөг, буйдан 3 хос-900,000 төгрөг, шкаф-150,000 төгрөг, компьютерийн ширээ-150,000 төгрөг, плитка -150,000 төгрөг, угаалгын машин Samsung-850,000 төгрөг, аяга таваг-100,000 төгрөг, хөшиг-120,000 төгрөг, хувцас -2,500,000 төгрөг, спикер -120,000 төгрөг, бичиг баримт-гадаад паспорт, цэргийн үнэмлэх, иргэний үнэмлэх зэрэг нийт 7,540,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь 7,540,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйл нь байгаа бөгөөд эдгээрийг зөвшөөрч байна, харин бичиг баримтыг аваагүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Нэхэмжлэгч В нь Бэлба пропертис ХХК-тай 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ-г байгуулж, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 92-78 тоотод байрлах орон сууцыг түрээслүүлэхээр харилцан тохиролцсон байна.

 

Ийнхүү В нь Э.Э, Б.Т нартай орон сууц хөлслөх гэрээг 2015 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс 1 жилийн хугацаатайгаар байгуулсан, улмаар зохигчдын хооронд 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Орон сууцны түрээсийн гэрээ-г байгуулж, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 92 дугаар байрны 78 тоот, 2 өрөө орон сууцыг 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл 1 жилийн хугацаатайгаар, сарын төлбөр нь 550,000 төгрөг байхаар харилцан тохирсон болох нь зохигчдын тайлбар, 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Орон сууцын түрээсийн гэрээ зэрэг баримтаар тогтоогдож байна.

 

Зохигчид гэрээ байгуулахдаа гэрээгээ Орон сууцын түрээсийн гэрээ гэж нэрлэсэн байх боловч гэрээний агуулгаас үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д зааснаар орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан байна.

 

Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар В нь орон сууцыг Э.Э, Б.Т нарын эзэмшилд шилжүүлэх үүргээ биелүүлж, Э.Э, Б.Т нар нь 2016 оныг дуусталх хугацааны хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргээ хэрэгжүүлсэн байна.

 

Харин 2017 оны 01 дүгээр сараас хойшхи төлбөрийг төлөөгүй, Э.Э нь 2017 оны 01 дүгээр сарын 23, Б.Т нь 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрүүдэд тус тус төлбөрийг төлөхөө илэрхийлсэн баталгааг нэхэмжлэгч Вд гаргаж өгсөн болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байна.

 

Ийнхүү хариуцагч нарын гэрээний үүргээ үл биелүүлсэн дээрх нөхцөл байдал, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулгаас үзэхэд нэхэмжлэгч В нь орон сууц хөлслөх гэрээгээ хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч нарын орон сууцанд суусан хугацааны төлбөр болон бусад хэрэглээний зардлыг нэхэмжилж байна гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.3хөлслөгчид урьдчилан сануулсаар байхад хөлслөн авсан эд хөрөнгийг муутгасан, гэмтээсэн буюу муутгах, гэмтээх бодит нөхцөл бий болгосон, эсхүл хөлслөгч гурван сарын турш хөлсөө төлөөгүй бол гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах гэж зааснаар нэхэмжлэгч нь гэрээгээ цуцалж, орон сууцанд хариуцагч нарын суусан хугацааны хөлсийг төлүүлэхээр шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч нарыг 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр орон сууцнаас гарсан гэж тайлбарлаж буй нь үндэслэлтэй, харин хариуцагч нарын 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр орон сууцнаас гарсан гэж тайлбарлаж буй нь үндэслэлгүй байх бөгөөд хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Түүнчлэн гэрээний 4.2-т зааснаар хариуцагч нар нь гэрээний хугацаа дуусмагц орон сууцыг анх хүлээн авсан байдлаар нь хүлээлгэн өгөх үүргийг хүлээсэн, энэхүү үүргээ хэрэгжүүлсэн эсэх нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх боловч нэхэмжлэгчийн тайлбараар орон сууцны түлхүүрийг 2017 оны 5 дугаар сард хүлээн авч, өөрийн эзэмшилдээ авсан байна.

 

Гэрээний 4.4-т алдангийн талаар зохигчид харилцан тохирсон байх бөгөөд энэ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь заалттай нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч нь сууц өмчлөгчдийн холбооны 2015, 2016 оны нийт 22 сарын төлбөрт 356,840 төгрөгийг нэхэмжилсэн боловч энэ нь баримтаар тогтоогдохгүй байгаа боловч хариуцагч Э.Эын 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн баталгаанд сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт 200,000 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байх тул энэхүү төлбөрийг 2016 оныг дуустал хугацааны төлбөр гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Дээрх үйл баримтаас дүгнэхэд хариуцагч нар нь 2017 оны 01 дүгээр сараас гэрээгээр тохирсон хөлс төлөх үүргээ үл биелүүлж, 3 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл орон сууцанд амьдарч байсан байх тул энэ хугацааны буюу 3 сарын хөлс 1,650,000 /550,000х3/ төгрөг, гэрээний хариуцлага буюу алдангид гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь болох 825,000 төгрөг, хариуцагч Э.Эын 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн баталгаанд бичигдсэн сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт 200,000 төгрөг, нийт 2,675,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй байна.

 

Харин 2017 оны 4, 5, 6 дугаар саруудад хариуцагч нар орон сууцанд амьдарч байсаны төлбөр, мөн 2016 оны 11 дүгээр сараас 2017 оны 6 дугаар сар хүртэлх хугацааны 8 сарын ус, дулаан ашиглалтын төлбөр 372,127 төгрөг, алданги 121,543 төгрөг, 2017 оны 3 дугаар сараас 6 дугаар сар хүртэл цахилгааны төлбөр 45,177 төгрөгийг тус тус нэхэмжлэгч нь нэхэмжилсэн боловч энэхүү нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Түүнчлэн нь нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн Улаанбаатар хотын даатгал ХХК-н төлбөрийг төлөх эсэхийг харилцагчаас лавлана уу гэсэн баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангаагүй, мөн ямар гэрээ, эрхийн актыг үндэслэн алданги тооцож буй нь ойлгомжгүй байна.

 

Хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлээс нэхэмжлэгч нь зурагт Samsung 42 инч-1,500,000 төгрөг, компьютер 13-1,200,000 төгрөг, буйдан 3 хос-900,000 төгрөг, шкаф-150,000 төгрөг, компьютерийн ширээ-150,000 төгрөг, плитка -150,000 төгрөг, угаалгын машин Samsung-850,000 төгрөг, аяга таваг-100,000 төгрөг, хөшиг-120,000 төгрөг, хувцас -2,500,000 төгрөг, спикер -120,000 төгрөг, нийт 7,540,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул энэхүү шаардлагыг хангах нь зүйтэй байна.

 

Хариуцагч Б.Тгийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн баталгаанд ...Барьцаанд иргэний үнэмлэхээ үлдээв... гэснээс үзэхэд нэхэмжлэгчид Б.Т нь иргэний үнэмлэхээ үлдээсэн болох нь тогтоогдож байх тул Б.Тгийн иргэний үнэмлэхийг нэхэмжлэгчээс гаргуулах нь зүйтэй байна.

 

Харин бичиг баримт болох гадаад паспорт, цэргийн үнэмлэх зэргийг нэхэмжлэгчид хариуцагч нар өгсөн болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр үндсэн нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.3, 302 дугаар зүйлийн 302.1, 232 дугаар зүйлийн 232.4-т тус тус заасныг баримтлан хариуцагч Э.Э, Б.Т нараас орон сууцны хөлсөлсний төлбөрт 1,650,000 төгрөг, алданги 825,000 төгрөг, сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт 200,000 төгрөг, нийт 2,675,000 /хоёр сая зургаан зуун далан таван мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч В /В/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 3,349,807 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д зааснаар нэхэмжлэгч В /В/-аас зурагт Samsung 42 инч-1,500,000 төгрөг, компьютер 13-1,200,000 төгрөг, буйдан 3 хос-900,000 төгрөг, шкаф-150,000 төгрөг, компьютерийн ширээ-150,000 төгрөг, плитка -150,000 төгрөг, угаалгын машин Samsung-850,000 төгрөг, аяга таваг-100,000 төгрөг, хөшиг-120,000 төгрөг, хувцас -2,500,000 төгрөг, спикер -120,000 төгрөг, нийт 7,540,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйл, хариуцагч Б.Тгийн иргэний үнэмлэхийг тус тус гаргуулж, хариуцагч Э.Э, Б.Т нарт олгож, сөрөг нэхэмжлэлээс бичиг баримт болох гадаад паспорт, цэргийн үнэмлэх гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 111,500 төгрөг, хариуцагчаас /сөрөг нэхэмжлэл/ төлсөн 136,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Э, Б.Т нараас улсын тэмдэгтийн хураамжид 57,750 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч В /В/-д олгож, нэхэмжлэгч В /В/-аас улсын тэмдэгтийн хураамжид 136,000 төгрөгийг гаргуулж, хариуцагч Э.Э, Б.Т нарт олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар зохигчид нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахыг шийдвэр гүйцэтгэх албанд зөвшөөрсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ