Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 10

 

 

         Т.Д-д холбогдох

              эрүүгийн хэргийн тухай

 

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалан, шүүгч Л.Алтан, шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 06 дугаар шийтгэх тогтоолтой, Т.Д-д холбогдох 2035000000192 дугаартай эрүүгийн 1 хавтас хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа, прокурор Х.Энхтуул нар оролцов.

Монгол Улсын иргэн, .... оны .... дүгээр сарын ....-нд Увс аймгийн Улаангом суманд төрсөн, ... настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл ..., .... хүүхдийн хамт Увс аймгийн .... сумын ..... багт оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Ш овогт Т-гийн Д /РД:..............

Шүүгдэгч Т.Д нь Увс аймгийн ..... сумын 01 дүгээр багийн нутаг Хоо толгой гэх газрын ойгоос 2020 оны 11 дүгээр сарын 14, 15-ны өдрүүдэд зохих зөвшөөрөлгүйгээр буюу хууль бусаар 2.1593 метр куб хэрэгцээний шинэс мод бэлтгэж, ойн экологи-эдийн засагт 1.435.901 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдсон байна.

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч Ш овогт Т-гийн Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Дд хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д тус тус зааснаар шүүгдэгчид тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч,

Шүүгдэгч Т.Д нь хохиролд 1.435.901 төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын санд төлснийг дурдаж, Байгаль орчныг хамгаалах тухай хулийн 49 дүгээр зүйлийн 1, 4.1-д зааснаар ойн санд учруулсан хохиролд 2.871.802 төгрөг нөхөн гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Т.Д гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө болох 2.1593 метр куб шинэс модны үнэ 1.435.901 төгрөг, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 10.000 төгрөгийн үнэ бүхий хөрөө, 5000 төгрөгийн үнэ бүхий сүхийг тус тус хурааж, ойн санд учруулсан хохиролд 2.871.802 төгрөгийн хохирлыг Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахад зарцуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэжээ.

Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Прокуророос Т.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т заасан “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн” гэмт хэрэгт яллагдагчаар татсан бөгөөд тухайн яллагдагчаар татагдсан зүйл анги нь “дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял” шийтгэхээр заасан. Өөрөөр хэлбэл тухайн яллагдагчаар татагдсан Эрүүгийн хуулийн зүйл, хэсэгт хорих ялаар оногдуулахаар хуульчлаагүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасан нь хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болох зохицуулалт юм.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуульд хорихоос өөр төрлийн ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна.

Шүүх хорих ялгүй гэмт хэрэгт шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнсэж, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д тус тус зааснаар тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, түүний эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзнэ.

Иймд шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2021/ШЦТ/06 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т.Д-д холбогдох, 2035000000192 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын гаргасан эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Увс аймгийн Прокурорын газраас Т.Д-г 2020 оны 11 дүгээр сарын 14, 15-ны өдрүүдэд Увс аймгийн Түргэн сумын 1 дүгээр багийн нутаг “Хоо толгой” гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 2.1593 метр куб хэрэгцээний шинэс мод бэлтгэж, ойн экологи-эдийн засагт 1.435.901 төгрөгийн хохирол учруулсан гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Т.Д-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Хууль тогтоогч хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх журмыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлээр зохицуулсан ба тухайн зүйлийн 1 дэх хэсэгт “хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болох”-оор, өөрөөр хэлбэл: хорих ял оногдуулж болох хөнгөн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж болох журмыг хуульчилсан байна.

Гэтэл анхан шатны шүүх хорихоос өөр төрлийн ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Тодруулбал: Шүүгдэгч Т.Д-гийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт “дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх”-ээр хуульчилсан байхад шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Д-д хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж,  албадлагын арга хэмжээ хэрэглэсэн нь дээрх хуулийн агуулгад нийцээгүй байна.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.2-т заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн зөрчилд хамаарч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болж байна.  

Иймд энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах үндэслэлтэй байна.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө  орлого буюу модны үнийг улсын орлогод оруулахдаа тухайн хууль бусаар бэлтгэсэн 2.1593 метр куб хэрэгцээний шинэс модны ойн экологи эдийн засгийн үнэлгээ /1.435.901 төгрөг/-ээр тооцож улсын орлогод оруулж, хохирол төлүүлэхэд зарцуулахаар шийдвэрлэсэн нь буруу байна. Учир нь, хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн хувьд гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого нь хууль бусаар бэлтгэсэн мод байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар уг хууль бусаар бэлтгэсэн модыг  албадан хураах, модыг хураах боломжгүй тохиолдолд модны зах зээлийн үнэлгээг гаргуулж улсын орлогод оруулах, хохирол нөхөн төлөхөд зарцуулах байтал шүүх ойн экологи-эдийн засгийн үнэлгээгээр тооцсон нь буруу болохыг цаашид анхаарах нь зүйтэй.

Ойн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д зааснаар “ойн экологи-эдийн засгийн үнэлгээ” гэж тухайн бүс нутгийн ойн нөөцийн хэмжээ, чанар, хэрэглээний экологи-эдийн засгийн үр өгөөжийг мөнгөн хэлбэрээр илэрхийлсэн ойлголт, өөрөөр хэлбэл ойгоос хууль бусаар 2.1593 м3 шинэс мод бэлтгэсний улмаас ойн санд учирсан хохирол, түүнийг нөхөн сэргээхэд шаардагдах хөрөнгийн хэмжээг тусгай аргачлалын дагуу тогтоосон мөнгөн дүн бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө орлогод хамаарахгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 06 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Т.Д-д холбогдох 2035000000192 дугаартай  эрүүгийн хэргийг дахин  хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэрэг анхан шатны шүүхэд очтол Т.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ,ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                          Д.ЖАМБАЛСҮРЭН  

   ШҮҮГЧИД                                                  Л.АЛТАН     

                                                                       Н.МӨНХЖАРГАЛ