Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 462

 

 

МАГАДЛАЛ

 

2019.03.13                                                 Дугаар 462                                      Улаанбаатар хот

 

 

 

С.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ч.Цэнд, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,  

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2019/00100 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч С.Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “ОТ ” ХХК-д холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.М,

Хариуцагчийн өмгөөлөгч: Т.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2011 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүнд машин механизмын операторын ажилд орсон бөгөөд ажиллах хугацаандаа ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж байгаагүй ажиллаж байсан. Гэтэл 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр HR 3746 дугаар гүйцэтгэх захирлын тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Хөдөлмөрийн гэрээг цуцалсан үндэслэл нь 2018 оны 6 дугаар сарын 13-ны шөнийн ээлжид LO-042 тээврийн хэрэгслийг жолоодон ажил үүргээ гүйцэтгэж байхдаа хөдөлгөөнт тоног төхөөрөмж ажиллаж байгаа уулын идэвхитэй талбайд найдвартай харилцаа холбоо тогтоохгүйгээр зөвшөөрөл авахгүйгээр нэвтрэн орсон гэж үзээд сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж дүгнэсэн байна. Гэтэл миний үйлчлүүлэгч тухайн үед холбоо харилцаа тогтоох гэж оролдлого хийсэн боловч холбогдож чадаагүй, арга буюу нэвтэрсэн гэдэг. Энэ үйлдэл нь хөдөлмөрийн гэрээг цуцлах хэмжээний ноцтой зөрчил биш юм. Хөдөлмөрийн гэрээнд Компанийн аюулгүй ажиллагааны журам зөрчвөл ажлаас халах ноцтой зөрчилд тооцохоор заасан нь хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчлийг тухайлан заасан гэж үзэхгүй. Хөдөлмөрийн гэрээний 10.2.1-т “туйлын тодорхойгүй” заалт учир үүнийг үндэслэн ажилтныг ажлаас чөлөөлөх нь түүний хуулиар хамгаалагдсан эрх ашиг болон хуульд нийцэхгүй. Компанийн хуульч өөрөө ч тухайн компанид аюулгүй ажиллагааны ямар журамууд үйлчилдэг болохыг нэрлэж чадахгүй байгаа энэ тохиолдолд ажил олгогч дээрх заалтыг дур зоргоороо хэрэглэх үндэс болохоор байна. Гүйцэтгэх захирлын тушаалд амь нас хамгаалах дүрмийг зөрчсөн гэж үзсэн ч тухайн дүрмийн зөрчил нь өөрөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үр дагаварт хүргэх үү гэдэг асуудал тодорхой бус юм. Хөдөлмөрийн тухай хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээний дагуу шат дараалласан сахилгын арга хэмжээг авах ёстой бөгөөд ажлаас халах арга хэмжээг шууд авдаггүй, эхлээд сануулах, дараа нь цалингийн 20 хувиар торгох, тэгээд ажлаас халах гэсэн практик тус компанид тогтсон байдаг юм байна. Гэтэл миний үйлчлүүлэгчид шат дараалласан арга хэмжээ авалгүй шууд ажлаас халсан нь хуулийн өмнө эрх тэгш байх, ялгаварлахгүй байх зарчим зөрчигдөж байна. Иймд ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож, түүнийг хүнд машин механизмын операторын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговрыг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: “ОТ ” ХХК нь нэхэмжлэгч С.Б-той байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр цуцалсан. С.Б-той байгуулсан хөдөлмөрийн гэрээний 10.2.1-д хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил “а”-д заасан компанийн аюулгүй ажиллагаатай холбоотой журмыг зөрчсөн тохиолдол ноцтой зөрчилд тооцохоор байгаа. Тухайн өдөр С.Б нь харилцаа холбоо тогтоох оролдлого хийгээгүй болох нь зөрчлийн шалгалтаар тогтоогдсон, түүний радио холбоо нь бүрэн ажиллаж байсан нь баримтаар нотлогдож байгаа тул гаргасан ноцтой зөрчил нь бүрэн тогтоогдсон гэж үзэж байна. “ОТ ” ХХК-ийн хувьд ажилтнуудын үйл ажиллагаа, үйлдэл бүр дээр дүрэм, журмууд мөрдөгддөг. Тухайн ажлын байрнаас шалтгаалан тухайн харилцааг зохицуулсан дүрэм, журмууд үйлчилдэг. Тэгэхээр хөдөлмөрийн гэрээнд заасан аюулгүй ажиллагааны журам гэдэгт ажлын байрнаас хамаарч, өөр өөр дүрэм, журмуудыг ойлгоно. Энэ бүгдийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заах боломжгүйгээс нийтэд нь оруулсан байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан С.Б-ыг “ОТ ” ХХК-ийн хөдөлгөөнт хүнд машин механизмын операторын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар “ОТ ” ХХК-иас 33 942 144 төгрөгийг гаргуулж С.Б-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар С.Б-ын гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, “ОТ ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид    327 661 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд хуулийн шаардлага бүхний нотлох баримтыг хүлээн авахаас татгалзаж буцаан өгч процессийн алдаа гаргасан. Шүүх хуралдаан дээр тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн боловч нотлох баримтыг шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаангүй гэж үзэн хүлээж авахаас татгалзсан. Гэтэл тухайн нотлох баримтууд дотор нэхэмжлэгчийн гаргасан зөрчилтэй шууд хамааралтай биш боловч зөрчлийг тодорхойлоход шаардлагатай "ИУД "-ээс гадна Ажлын өмнөх хурлын ирцийн бүртгэлийн хуудасны баталгаат орчуулга, “ОТ ” ХХК-ийн гүйцэтгэх захирлаас хуулийн хэлтсийн даргад олгосон итгэмжлэлийн баталгаат орчуулгыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэгт заасныг үндэслэн гаргаж өгсөн. Гэтэл хавтаст хэргийн 10 дугаар хуудас, 27 болон 28 дугаар хуудасны ар талд авагдсан нотлох баримтын орчуулгыг хүлээж авахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч С.Б-той байгуулсан хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.2.1.и хэсэгт нэр заагдсан болно. Өөрөөр хэлбэл шүүх ажил олгогчийн дотоод журам гэх баримт бичгийн хүчингүй болсон хэсгийг баримтлан шийдвэр гаргажээ. Шүүх хуралдаан дээр маргаагүй, хариуцагчаас хүчинтэй эсэхийг тодруулалгүй хэрэгт авсан баримт бичгийг үндэслэн ийнхүү шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч С.Б нь хариуцагч “ОТ ” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэргийн баримтаас үзвэл “ОТ ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн HR3746 дугаар тушаалаар нэхэмжлэгч С.Б-ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 43 дугаар зүйлийн 43.1, Хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.2.1.а дахь заалт болон “Амь нас хамгаалах дүрэм”-ийн 3 дахь хэсэгт заасныг үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. /хх 5/

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт зааснаар хэрэг үүсгэсэн шүүгчийн ажиллагааг дутуу хийсэн гэж үзнэ. Тодруулбал, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хэргийн оролцогчийн болон шүүх бүрдүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.6 дахь хэсэгт тус тус зааснаар зохицуулсан.  

Дээрх хуулийн заалтын хүрээнд хариуцагч талаас гаргаж өгсөн нотлох баримтыг хүлээн авахаас шүүх татгалзахдаа “өмнө гаргаж өгөх боломжтой байсан” гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдалд шүүх дүгнэлт хийх журмыг зөрчиж, 26 хуудас бүхий нотлох баримтыг урьдчилан дүгнэж хүсэлтийг хангаагүй нь буруу болжээ.

Талууд хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчил гаргасан эсэх талаар маргаж “ОТ ” ХХК-ийн аюулгүй ажиллагаатай холбогдох журамд ямар дүрэм байдаг, үүнд амь нас хамгаалах дүрэм орж байгаа эсэх нь тодорхой бус байна. Хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн 26 хуудас бичмэл нотлох баримт тухайн хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байж болохоор байна.

Давж заалдах шатны шүүх дээрх нөхцөл байдлыг нөхөн гүйцэтгэж, хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааны үйл баримтын талаар эрх зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2019/00100 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 327 661 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Н.БАТЗОРИГ

 

         ШҮҮГЧИД                                   Ч.ЦЭНД

 

                                                                            М.НАРАНЦЭЦЭГ