| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2025/0003/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/40 |
| Огноо | 2025-04-02 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 11.6.1., |
| Улсын яллагч | О.А |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 2025/ШЦТ/40
2025 ... .. ....
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,
Нарийн бичгийн дарга Б.М
Улсын яллагч О.А
Хохирогч нарын өмгөөлөгч Л.С
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Б
Хохирогч М.М
Шүүгдэгч Э.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У овогт Э-ын Х-д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2024 оны 12 сарын 25-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... сарын ...-ны өдөр ... аймгийн ... суманд төрсөн, ... настай, ..., ... боловсролтой, ... мэргэжилтэй, ... ажилтай, ам бүл ..., ..., ... хамт, ... аймгийн ... сумын ...-р баг, ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, У овогт Э-ын Х /РД:.../
Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Э.Х нь 2024 оны 05 сарын 16-аас 17-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ...-р багийн нутаг дэвсгэрт байрлах ... дугаар байрны зүүн талд согтуурсан үедээ П.М-г дүүгээ өмөөрсөн гэх шалтгаанаар өшиглөж унагаан толгой руу нь өшиглөж зодон биед нь зүүн хоншоорын хөндийн дотор ханын хугарал, зүүн дээд зовхинд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн ухархайн дээд, дотор, доод ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, хамрын зөөлөн эдийн няцрал, баруун завжинд шарх бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
2024 оны 05 сарын 16-аас 17-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ...-р багийн нутаг дэвсгэрт байрлах ... дугаар байрны зүүн талд согтуурсан үедээ М.М-г надад таалагддаггүй гэсэн шалтгаанаар цохиж унагаан толгой руу нь өшиглөж биед нь тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.Х мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Манай охин Б Дорноговь аймгийн ... сумын ... дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "..." цэцэрлэгт явдаг бөгөөд 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр тус цэцэрлэгийн төгсөлтийн баяр нь болсон. Тэгээд үйл ажиллагаа дуусаад манай охины ангийн эцэг, эхчүүд VІР караокед уулзаж суухаар болсон юм. Тухайн үед би ажилтай явж байгаад орой 23 цагийн үед караокед орж ирэхэд эцэг, эхчүүд байсан ба тэд нартай сууж байтал 00 цаг болж караоке хаасан. Бид нар тэндээс гараад .... цэцэрлэгт бөөндөө юм ярьж сууж байтал цагдаа нар ирээд тарцгаа гэж хэлээд би өөрийн эхнэр М, найз Ү, түүний эхнэр С нарын хамт Ү-ын гэрт очиж хонох гээд явж байтал Г, М нар араас дагаад яваад байхаар нь Ү-ыг “чи наадах хоёроо явуулчхаад хүрээд ир” гэж хэлээд би М, С хоёртой хамт түрүүлж яваад Ү, М-той хамт ирсэн. Тэгээд М, Ү, М, С бид нар гадаа сааданд нэг шил 0,75 литрийн архи хувааж уусан. Тэгээд байж байтал М манай эхнэрийн араар гараа тавьж суугаад байсан. Тэр үед би М-ыг “чи яв” гээд хэлтэл М надад хандан “чи намайг хөөдөг хэн юм бэ” гэж хэлээд бид хоёр маргалдсан. Тэгээд би М-ыг очиж заамдаж аваад газарт унагааж байгаад толгой руу нь хэд хэдэн удаа өшиглөөд байж байтал тэнд байсан хүмүүс салгаад М босож ирээд яваад өгсөн. Тэгээд бид нар Ү-ын гэрт орж амрах гээд байж байтал М өөрийн ах гэх М-г дагуулж ирээд тэр хоёр нийлж байгаад над руу дайрсан. Тэгээд би хэсэг ухартал М гараараа миний зүүн шанааны хэсэгт 2 удаа цохисон. Тэгээд би зөрүүлж М-ыг цохиж унагаатал М гүйгээд ирэхээр нь би дахиад цохиод унагасан. Тэгээд М-ын нүүр лүү 3-4 удаа өшиглөсөн. Тэгээд байж байтал удалгүй цагдаа нар ирээд Ү бид хоёрыг цагдаа дээр авч ирээд эрүүлжүүлсэн. Тухайн үед М манай эхнэр М-ийг зүгээр сууж байх үед нь хажууд нь очиж суугаад татаж чангаагаад байсан юм. Энэ асуудлаас болж миний уур хүрээд М-той маргалдах болсон. Тэр үед М миний биед нэг ч удаа цохиж зодоогүй, гэмтэл учруулаагүй. Би эхлээд М-ыг заамдаж чирч байгаад гараараа нүүрэн тус газарт нь цохиж унгаагаад толгой хэсэгт нь 3-4 удаа хөлөөрөө өшиглөсөн. М ирээд гараараа миний нүүр хэсэгт 2 удаа цохисон. М, Ү, М, С бид нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Миний бие М.М-ын биед гэмтэл учруулсан. М.М-ын биед Б.Ү гэмтэл учруулаагүй. Бид нарыг зодолдож байхад Б.Ү салгаж бид нарын дундуур орж ирсэн. Миний бие төрд учирсан 2,379,209 төгрөг төлж барагдуулсан. Хохирогч П.М-д учирсан хохирлоос 3,300,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан. Цаашид учирсан хохирлыг төлж барагдуулна гэжээ. /1-р хх-ийн 168-169/
Шүүгдэгч Э.Х шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Өмнөх шүүх хуралдаанд мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйл байхгүй гэв.
Хохирогч М.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2024 оны 05 дугаар сарын 16-ний өдөр манай охин 5 настай М нь ... сумын ... цэцэрлэгийн төгсөлтийн баяр болж өнгөрсөн бөгөөд тэр өдрийнхөө орой нь манай хүүхдийн цэцэрлэгийн ангийн хүүхдүүдийн эцэг эхчүүд нь караокед орж сууж байна ирэх хүн байна уу гэж дундын групп дээр бичсэн байсан. Би тухайн үед ажилтай байсан тул 18 цагийн үед ажлаасаа буугаад гэртээ харьж хоол унд идээд хэсэг амарч байгаад эцэг эхчүүдийн байна гэх караокед очсон. Намайг очих үед манай охины ангийн багш Э болон ангийн хүүхдүүдийн эцэг эхчүүд гэх 10 гаран хүмүүс байсан. Тэгээд бид нар бөөндөө дуулж архи дарс ууж сууж байгаад 00 цаг болж караоке хаах болж бид нар бөөндөө гарцгаасан. Тэр үед зарим эцэг эхчүүд нь гэртээ харьцгаасан бөгөөд хэсэг эцэг эхчүүд ... хөшөөний цэцэрлэгт хэсэг юм яриад сууцгааж байх үед эргүүлийн цагдаа нар ирж бид нарыг тарцгаа гэж хэлсэн бөгөөд тэр үед дахин хэсэг эцэг эхчүүд гэр лүүгээ явцгааж миний бие Х болон түүний эхнэр, мөн Ү, бас нэг нэрийг нь мэдэхгүй эмэгтэй нарын хамт ... дөрвөн давхар байрны гадна сааданд сууж нэг 0,75 литрийн архи ууцгаасан. Тэгээд байж байтал Х гэнэт уурлаад над руу дайрч “чи надад таалагдахгүй байна миний эхнэрийг оролдсон” гэх зэрэг юм яриад миний нүүр лүү цохиж унагаагаад намайг газарт унасан байх үед миний толгой руу нүүр хэсэгт хөлөөрөө маш олон удаа цохиж зодсон. Тэр үед Ү болон Х-ын эхнэр нар арай гэж салгасан. Тэгээд би босож ирээд шууд М ах дээр очоод болсон асуудлын талаар хэлээд ахыг дагуулан буцаж, тэдгээр хүмүүс дээр очиж учир зүйгээ олох гэсэн боловч Х өөдөөс томроод байхаар нь би Х-ыг нэг удаа гараараа цохисон. Тэгээд эргээд хартал Ү, М ахыг цохиод газарт унагасан байсан бөгөөд Х гүйж очоод М ахын нүүр хэсэгт 2-3 удаа өшиглөсөн. Тэгээд би Х-ыг салгаж М ахыг босгож аваад бид хоёр шууд сумын эмнэлэг дээр очиж үзүүлсэн. Би Х-тай огт маргалдаж муудалцаагүй зүгээр байж байтал Х гэнэт надад хандан “чи надад таалагдахгүй байна манай эхнэрийг оролдсон” гэж хэлээд намайг учир зүггүй цохиж зодсон. Х, Ү, Х-ын эхнэр гэх нэрийг нь мэдэхгүй эмэгтэй байсан бас нэг танихгүй эмэгтэй байсан. Өөр хүн байгаагүй. Тухайн үед миний хувьд их согтоогүй өөрийн үйлдлийг хянах чадвартай байсан. Харин Х-ын хувьд хэр зэрэг согтолттой байсан талаар би мэдэхгүй байна. Би М ахыг дагуулж ирэх үедээ Х-ыг нэг удаа цохисон, өөр цохиж зодсон зүйл байхгүй. Х эхлээд миний нүүр хэсэгт гараа нэг удаа цохиж унагаасан. Тэгээд намайг газарт хэвтэж байх үед миний толгой хэсэг рүү хөлөөрөө 4-5 удаа өшиглөсөн. Надад одоо ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ. /1-р хх-ийн 74-76, 82/
Хохирогч М.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Мэдүүлэх зүйл байхгүй. Одоо нэхэмжилж байгаа зүйл байхгүй гэв.
Хохирогч П.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: 2024 оны 05 сарын 16-аас 17-нд шилжих шөнө миний бие гэртээ унтаж амарч байхад манай гэрийн хаалгыг 03 цаг өнгөрч байхад манай том эгчийн хүүхэд М цохиод гэрт орж ирээд “ах 2-3 залууд зодуулчихлаа” гэж хэлхээр нь “цагдаа дуудаж хэлсэн үү” гэж асуухад “Өртөөний 2-3 залуучууд байна хамт явах уу” гэхээр нь таньдаг залуучууд байж магадгүй гэж бодоод дүүгийн хамт гэрээс гараад ... төвийн баруун урд талд байдаг ... 4 давхар байрны хажууд очсон. Очиход 2 залуу, 2 эмэгтэй хүн байсан. М өндөр хар өнгийн цамцтай залууг нь цохиод авсан. Намайг очих хооронд хар цамцтай залуутай хамт байсан цагаан өнгийн цамцтай залуу нийлээд манай дүүг хоёр талаас нь цохиод, газар унагаагаад цохиж зодоод байсан. Би тэр цагаан цамцтай залуу руу дөхөж очоод “яаж байна” гэхэд хамт байсан нэг эмэгтэй надад хандаж “танай дүүг тэр залуу цохиж, муудалцсан” гэж хэлсэн. Тэгээд би нөгөө хар цамцтай залууг хэн юм бэ гэж бодоод царайг нь харах гээд дөхөөд очиход үгийн зөрүү байхгүй нөгөө залуу миний зүүн талын нүдний зовхи хэсэг рүү баруун талын гараараа нэг удаа цохиход нь би нүдэнд оч манараад 4-5 алхам ухарсан. Энэ үед нөгөө залуу миний зүүн талд гарсан. Гаалийн байрны гражийн гэрэлд гараад ирсэн зогсож байхаар нь “чи яаж байгаа юм бэ” гэж хэлээд дөхөж очиход миний зовхины хэсгээс цус гараад дарах гэж байхад нөгөө залуу дахин миний нүүр хэсэг рүү гараараа цохиж, би сөхрөөд суух үед миний нүүр хэсэг рүү хөлөөрөө өшиглөсөн. Хойшоо саваад унах үед дээрээс хэд хэдэн удаа дэвсээд байсан ба би сөхөрч суугаад толгойгоо гараараа хаагаад байж байхад дахин өшиглөх гэхээр нь би тэр залуугийн хөлнөөс тэврээд авахад нөгөө цагаан цамцтай залуу нөгөө талаас миний нүр хэсэг рүү өшиглөөд авсан. Тэр хоёр залуу намайг нийлээд дахин цохиод өшиглөх үед хамт байсан эмэгтэй “та хоёр хүн аллаа шүү дээ” гээд цагаан цамцтай залууг салгасан. Мөн хар цамцтай залуу дахиж намайг хэд хэдэн удаа өшиглөж аваад больсон. Намайг газар хэвтэж байхад тэр хоёр залуу манай дүүг хоёр талаас нь цохиж, өшиглөөд байсан. Миний зүүн талын зовхи хэсэгт 3 ширхэг оёдол тавьж, уруулын дотор талд язарсан байсан тул эмнэлгийн тусламж авсан. Миний зүүн талын нүдний яс хугарсан, хацарны яс хугарсан, зовхи язарсан, уруулын дотор тал язарсан, баруун талын нүд хөхөрсөн, толгой дүүрээд босоход толгой өвдөөд байгаа мөн хамар хугарсан байгаа. Миний зүүн талын нүд, зовхи, хацар хэсэгт гэмтэл учирсан ба энэ гэмтлүүдийг тэр хар цамцтай залуу гараараа цохиод, хөлөөрөө өшиглөөд байсан. Баруун талд учирсан гэмтлүүдийг нөгөө цагаан цамцтай залуу учруулсан, мөн тэр хоёр залуу дээрээс дэвсээд, өшиглөөд байсан гэжээ. /1-р хх-ийн 103-106/
Иргэний нэхэмжлэгч Д.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Монгол Улсын Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасан байдаг бөгөөд тухайн гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гарч уг зардал нь тус санд эргэн төлөгдөхгүй төрийн ашиг сонирхол зөрчигдөж, төрд хохирол учруулах явдал байгаа бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан хуулийн заалт хэрэгжихгүй байгаа явдалд Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газраас намайг томилсон тул эрүүгийн хэрэгт нэхэмжлэл гарган оролцож байна. Тухайн гэмт хэргийн улмаас иргэн П-ийн М нь Дорноговь аймгийн ... сумын Нэгдсэн эмнэлэг, Улсын нэгдүгээр төв эмнэлгээс тусламж үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас 2,379,209 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг Э-ын Х-аас гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь ... дугаартай дансанд төлүүлж өгнө үү. Эрүүл мэнд нь хохирсон иргэн, даатгуулагчид үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг гэм буруутай этгээдээс гаргуулан, эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх ажлыг хариуцан харьяалах шүүхэд нэхэмжлэл гарган ажиллаж байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа явуулан шалгагдаж байгаа эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцон төрд учирсан хохирлыг гаргуулан авна. Тухайн гэмт хэргийн улмаас иргэн М.М нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлгээс тусламж үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас 192,601 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг Э.Х-аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь ... дугаартай дансанд төлүүлж өгнө үү. Харин эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан зардлын лавлагааг цахимаас гаргахад бүтэн жилээр гардаг тул хохирогч М.М сүүлд Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлгээр үйлчлүүлсэн 2 төрлийн дүн нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэхгүй өөр төрлийн эмчилгээ үйлчилгээ авсан тул нэхэмжлэхгүй гэжээ. /1-р хх-ийн 136-137, 221-222/
Гэрч Э.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Миний том охин ... сумын.. . цэцэрлэгт суралцдаг бөгөөд 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр төгсөлтийн баяр нь болсон. Тэгээд тэр өдрийн орой манай охины ангийн хүүхдүүдийн эцэг эхчүүд нийлж караокед суух болсон. Тэгээд тэндээсээ гараад ... хашааны цэцэрлэгт очиж сууж байгаад хэдэн лааз пиво ууж дуусгаад тэндээсээ салцгаагаад Х, М, М, Ү бид 5 манай гэрийн гадаа буюу ... 4 давхар цагаан байрны гадаа сааданд сууж байгаад 0,75 литрийн Х нэртэй архи хувааж уусан. Архиа хуваагаад ууж байх үед М, М нар зэрэгцээд сууж байсан. тэр үед Х, М-ыг эхнэртэйгээ хардаад элдэв янзаар хараагаад эхэлсэн. Тэгээд гэнэт босож ирээд Х М-ын нүүр лүү цохиж унагаагаад дээрээс нь гараа атгаж байгаад цохиж зодсон. Тэгээд бид гурав Х-ыг арай гэж салгаж аваад М-ыг явуулсан. Тэгээд бид дөрөв байрны гадаа сууж байтал цагдаа нар ирээд бид нарыг тарцгаа гэж хэлээд буцаад явцгаасан. Тэгтэл М нэг танихгүй залуу аваад иртэл Х тэр хоёр дээр очоод “яасан намайг зодох гэж ирээ юу” гэж хэлээд М-ыг цохиж аваад бас тэр М-ын дагуулж ирсэн ахыг цохиод унагаасан. Тэр үед манай нөхөр Ү Х дээр гүйж очоод тэр М-ын ах М гэх залууг цохих шиг болсон тэр үед Х тэр М-ыг хэд хэдэн удаа өшиглөсөн. Тэгээд М, Ү бид гурав Х-ыг арай гэж салгасан. Тэр үед М нүүрээ дараад босож ирээд цааш явсан. Удалгүй цагдаа нар ирээд Х, Ү нарыг цагдаа нар ирээд аваад явсан. Тэр үед Х М-ын нүүрний хэсэгт хэд хэдэн удаа цохиж зодсон. Харин дараа нь дахин ирэх үед нь дахин гараа атгаж байгаад нүүрний хэсэгт нь цохиж зодсон. Тэр үед М-ын нүүрний хэсэгт цохиж унагаагаад хэд хэдэн удаа өшиглөсөн. Яг аль хэсэгт нь өшиглөсөн талаар би харж чадаагүй. Тэр үед Ү М-ыг нэг ч удаа цохиж зодоогүй. Харин М-ыг нэг удаа цохих шиг болсон яг цохисон эсэх талаар би сайн анзаараагүй. М, Х-ыг нэг удаа цохисон байх мөн М Х-ыг нэг удаа цохисон харин тэр хоёр Ү-ыг бол огт цохиж зодоогүй. Тэр үед би тэр хүмүүсийг салгах гээд сандраад байж байсан тул цагдаа дуудах бодол огт орж ирээгүй гэжээ. /1-р хх-ийн 62-63/
Б.Ү сэжигтнээр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Манай том охин Т нь ... сумын төмөр замын ... цэцэрлэгт суралцдаг бөгөөд 2024 оны 05 дугаар сарын 16-ны өд..өр . цэцэрлэгийн төгсөлтийн арга хэмжээ болсон. Тэгээд манай охины ангийн хүүхдүүдийн эцэг эхчүүд бөөндөө нийлж караокед дуулж сууцгаасан. Тэгээд 00 цаг болж караоке хаагаад бид нар . ..цэцэрлэгийн сааданд сууж байгаад тэндээсээ тарцгаасан. Тухайн үед Х түүний эхнэр М болон манай эхнэр О бид нар хоорондоо ярилцаж тохиролцоод манай гэрт очиж хонохоор болсон. Тухайн үед бид дөрвийг явах гэтэл М, Г хоёр бид хэдийг дагаад яваад байсан. Тэр үед манай нөгөө хэд намайг “чи наадах Г, М-гоо уулзаад явуулчхаад ирээрэй” гэж хэлээд тусдаа салаад явсан. Тэгээд би Г-ийг явуулчхаад М-ыг явуулах гэсэн боловч М явахгүй дагаж явсаар байгаад манай гэрийн гадна буюу гаалийн 4 давхар байрны гадаа ирсэн. Тэгээд тэнд Х, М, О, М бид нар байрны гадаа сааданд архи уугаад сууж байтал Х өөрийн эхнэр М-тэй, М-ыг хардаж уурлаад “чи миний эхнэрийг оролдлоо” гэж хэлээд М-ын нүүр лүү цохиж унагаагаад дээрээс зодсон. Тэр үед М, О бид гурав нийлж байгаад Х-ыг салгатал М босож ирээд яваад өгсөн бөгөөд ойролцоогоор 10 орчим минут яваад буцаад нэг ул таних залуу дагуулаад ирсэн. Тэгээд М тэр дагуулж ирсэн залууг хараад зориг орсон бололтой нэлээн чанга дуутай болчихсон орилоод хүрээд ирсэн. Тэр үед Х М-ын ах гэх М-ыг гараараа цохиж унагаасан. Тэр үед нь би гүйж очоод Х бид хоёр нийлж байгаад тэр М-ын толгой нүүр хэсэг рүү хэд хэдэн удаа өшиглөсөн. Тэгээд бид хэдийг манай эхнэр О болон М нар салгаад байж байтал цагдаа нар ирсэн. Цагдаа нар Х бид хоёрыг цагдаагийн хэлтэс дээр авч ирээд согтолт хэмжигч багаж үлээлгэн шалгаад эрүүлжүүлэх байрны өрөө рүү орохыг шаардаж хууль ёсны шаардлага тавьсан. Тэр үед миний уур хүрээд байсан тул би цагдаагийн алба хаагчийн өөдөөс орилж надад тавьсан хууль ёсны шаардлагыг нь биелүүлээгүй, тэгтэл цагдаагийн алба хаагч намайг “халаасандаа байгаа зүйлсээ хураалгаад хувцсаа тайлаад эрүүлжүүлэх өрөө рүү ор” гэж дахин хэлэх үед нь би халаасандаа байсан электрон тамхиа гаргаж ирээд өөрөө сорж татсан. Тэгээд уурандаа тэнд байсан нэг цагдаагийн алба хаагч руу шидээд тэр алба хаагчийн толгой хэсэг рүү нэг удаа цохисон. Тэгээд би өөрөө хувцсаа тайлаад эрүүлжүүлэх өрөө рүү нь орсон. Тэр үед бид над гадаа саадан дотор сууж байсан бөгөөд тухайн саадны суудал нь ардаа түшлэгтэй байсан. Тэгээд тэр саадан доторх сандал дээр М, М хоёр зэрэгцээд сууж байсан ба М сандал дээр сууж байгаад хойш түшлэгийг налж суугаад гараа түшлэг дээр нь тавьсан байсан, тэрийг нь Х хараад эхнэрийгээ тэврээд сууж байна гэж харсан юм шиг байна лээ. Энэ асуудлаас болж анх маргаан болсон. Тэр үед Х, М-ын нүүр хэсэгт нэг удаа гараараа цохиж унагаагаад унасан хойно нь толгой дээр нь хэд хэдэн удаа өшиглөсөн. Тухайн үед М, Х-ыг нэг ч удаа цохиж зодоогүй. М ах М-г дагуулж ирээд шууд Х руу дайрсан. Тэгээд Х хэсэг ухарч байтал М, М хоёрын нэг нь түрүүлээд Х-ыг цохисон тэр үед Х М-ыг цохиод газарт унагаах үед нь би гүйж очсон. Тэгээд би тэр хоёр Х-ыг хоёулаа нийлж зодох нь гэж бодоод гүйж очоод Х-тай хамт М-ын толгой нүүрний хэсэгт хэд хэдэн удаа өшиглөсөн. Сүүлд зодоон болох үед Х М-ыг цохиж зодоогүй байхаа би сайн анзаараагүй юм байна. Тэр үед Х М-ыг гараараа нүүрэн тус газарт нь цохиж унагаасан. Тэгээд газарт хэвтэж байх үед нь би гүйж очоод Х бид хоёр М-ын нүүр толгой хэсэгт хэд хэдэн удаа өшиглөсөн. Х-ыг М, М хоёрын аль нэг нь нэг удаа гараараа нүүрэн тус газарт нь цохисон. Тэр үед миний биед хэн нэгэн хүн хүрч цохиж зодоогүй. Би өөрийн хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлээ хүлээн зөвшөөрч гэжээ. /1-р хх-ийн 28-30/
-2024 оны 11 сарын 08-ны өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ: П.М гэх залуу бид нар дээр ирээд Х-ыг түрүүлээд цохиод авсан ба Х М-ын нүүр хэсэг рүү нь гараараа цохиод газар унагаж, нүүр, толгой хэсэг рүү хэд хэдэн удаа өшиглөж, энэ үед М Х руу дайраад цохих гээд байхаар нь дундуур нь орж П.М, Х хоёрыг салгах санаатай П.М-ын бие хэсэг рүү хэд хэдэн удаа хий өшиглөж, Х-ын эхнэр М, манай эхнэр О нар бид нараас зууралцаад салгаж байхад цагдаагийн алба хаагч нар ирээд Х, бид хоёрыг цагдаа руу аваад явсан. Би П.М гэх хүний биед гэмтэл учруулаагүй П.М ирээд Х-ыг цохиж аваад Х зөрүүлээд П.М-ыг гараараа цохиод газар унагаж нүүр, толгой хэсэг рүү өшиглөсөн. Надаас мэдүүлэг авах явцад дарамталсан зүйл байхгүй. Миний эрх үүргийг сайн тайлбарлаж өгсөн гэжээ. /1-р хх-ийн 245/
Гэрч М.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: Манай том охин Дорноговь аймгийн ... сумын ... дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "..." цэцэрлэгт явдаг бөгөөд 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр тус цэцэрлэгийн төгсөлтийн баяр нь болсон. Тэгээд үйл ажиллагаа дуусаад манай охины ангийн эцэг, эхчүүд групп чат хаяг дээр хоёр багшаа баярлуулаад караоке орох талаар ярилцаж, ... караокед уулзаж суухаар болж караоке орсон. Манай нөхөр бол миний хойноос ирсэн. Эцэг, эхчүүд байсан ба тэд нартай сууж байтал 00 цаг болж караоке хаасан. Бид нар тэндээс гараад.. . цэцэрлэгт бөөндөө юм ярьж сууж байтал цагдаа нар ирээд “тарцгаа” гэж хэлээд би, манай нөхөр Э.Х, манай нөхөртэй хамт ажилдаг Б.Ү түүний эхнэр Э.О нарын хамт Б.Ү-ын гэрт очиж хонох танилцах талаар ярилцаад бид нар ар араасаа цуваад Б.Ү-ын байрны гадна ирсэн. Хамгийн түрүүнд манай нөхөр Э.Х, Ү-ын эхнэр О бид гурав ирсэн. Удалгүй бид нарын араас Б.Ү, цэцэрлэгийн хүүхдийн аав болох М-той хамт ирсэн. Тэгээд бид нар Ү-ын байрны гадна байх сааданд нэг шил 0,75 литрийн архи уугаад юм яриад сууж байхад М гэх залуу миний хажуу талд сууж байсан ба миний нурууны хойгуур гараа оруулаад сандлын түшлэг хэсэгт гараа тавиад байсан ба энэ үед манай нөхөр Э.Х М-ыг “ахын дүү одоо гэртээ харьж амар” гэхэд “чи намайг хөөдөг хэн бэ” гээд уурлаад тэр хоёр муудалцаад, нэг нэгийгээ түлхээд барилцаж аваад байсан ба нэг нэгийгээ цохиж, зодсон эсэх талаар хараагүй, Ү бид хоёр тэр хоёрыг салгасан. Энэ үед М хашаанаас гараад гүйгээд яваад өгсөн. Тэгээд бид 4 сааданд сууж байхад М гэх ... сумын залуу бид нар дээр ирээд манай нөхөр Э.Х-ыг цохисон ба манай нөхөр зөрүүлээд М-ыг цохиод нэг нэгийгээ цохиод түлхэлцээд байж байсан ба мөн Ү тэр хоёрын хажуугаар орж ирээд зууралцаад байсан. Би тэр гурвын дундуур орсон салгах гэсэн чинь хүчрэхгүй М нь газар унасан. Би М-ын дээрээс дарж хэвтэх үед цагдаагийн алба хаагч нар ирээд манай нөхөр Х, Ү нарыг аваад явсан. Би ажил дээрээ ирж хоносон. Манай нөхөр Э.Х М гэх залууг “ахын дүү харж амар” гэж хэлэхэд “чи яахаараа намайг хөөдөг юм бэ” гэж хэлээд тэр хоёр муудалдсан. М манай нөхөр Э.Х бид нарыг сааданд сууж байхад ямар нэг үгийн зөрүүгүй орж ирээд цохиж аваад тэрнээс болж манай нөхөр М-ыг зөрүүлээд цохиж аваад М, манай нөхөр, хажуугаас нь Ү барилцаж аваад тэр гурав сааднаас бужигнаад гарсан. Бид нар тодорхой хэмжээний архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тул М гэх хүнийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан эсэх талаар мэдэхгүй. Мөн тодорхой хэмжээний удаан хугацаатай харилцаагүй тул мэдэхгүй байна. М гэх хүн манай нөхөр Х-ыг цохиод тэр хоёр барилцаж аваад нэг нэгийгээ цохиод Ү хажуугаас барилцаж аваад тэр гурав сааднаас бужигнаад гарч би тэр гурвыг салгах гээд очсон ба би тэр гурвыг салгаж дийлэхгүй, М газар унах үед би М-ын дээрээс дарах үед цагдаагийн алба хаагч нар ирсэн. М гэх хүнийг Ү ямар байдлаар цохиж зодсон талаар хараагүй, тэр гурав зууралцаад байсан гэжээ. /1-р хх-ийн 242-243/
-2025 оны 03 сарын 06-нд өгсөн мэдүүлэгтээ: Гаалийн цагаан байрны гадаа сааданд 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн оройн 03 цаг орчимд Ү, түүний эхнэр, Х болон бид 4 сууж байх үед Б.М ирээд Х-ыг гараараа цохисон. Х босоод М руу дайрсан, би голоор нь орж тэр хоёрыг салгах гэж байгаад нүүрэндээ цохиулсан. Миний зүгээс эмнэлэгт үзүүлээгүй, Х шүүх эмнэлэгт үзүүлсэн боловч ямар нэгэн хохирлыг нэхэмжлээгүй байгаа. Архины төрлийн согтууруулах ундаа хэрэглэсэн бас М гэж залуу нь Ү-ыг дагаж ирээд бид нартай юм ярьж сууя гээд ирсэн юм билээ, би түшлэгтэй сандал дээр сууж байхад М миний араар гараа оруулж суусан юм тэр үед манай нөхөр миний дүү одоо яв аа гэж хэлэхэд "чи намайг хөөдөг хэн юм бэ" гэж М хэлсэн, тэрний дараа за боль гээд болиулсан боловч маргаан эхэлсэн. Энэ асуудлын дараа байх М би гомдолгүй ээ гээд яриад байсан. Тэгсний дараа ахынхаа хэлснээр л гомдолтой гээд ингэж яваа байх, үр хүүхдийнхээ асуудлаар согтуурч явчхаад одоо ингээд маргаан эхлүүлээд яваад байгааг би ойлгохгүй байна. Манай гэр бүлийн зүгээс М-ыг хохиролгүй болгох гэж банкнаас зээл аваад л чадахаараа л хичээж байна. Тухайн шөнө гадаа харанхуй байсан. М болон Х нар барьцалдаад зодолдоод эхлэхэд би салгах гээд нөхрөө татаад зууралдаад байж байсан. Тэр өдөр Ү нь зодолдож байгаа хоёрын дундуур ороод зогсож байсан. Би хэн хэнийхээ биед халдаад байгааг хараагүй. Тухайн шөнө шөнийн цагаар хүмүүс согтуурсан сууцгааж байхад гэнэт гүйж ирснийг бодоход М ирсэн учраас миний зүгээс согтууруулах ундаа хэрэглэсэн байсан байх гэж бодож байна. Би танихгүй, урьд уулзаж байгаагүй, хэрэг болсон өдөр л анх удаа уулзаж юм ярьж үзсэн гэжээ. /2-р хх-ийн 99-101/
Гэрч Н.У мөрөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: Миний бие 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 17-ны хооронд ... сумын сум дундын Цагдаагийн хэлтсийн жижүүрийн жолооч албан тушаал дээр үүрэг гүйцэтгэж байхдаа цагдаагийн дэд ахлагч Б.Б, Т.Ц нарын хамт Замын-Үүд сумын ... дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах ... талбай дээр эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад хүмүүс чанга чанга яриад байхаар нь очтол 5-6 хүмүүс юм яриад сууж байсан ба та нар хүмүүс унтаж амарч байхад чанга чанга яриад байна одоо тарж амарцгаа гэхэд за гэж тэр хүмүүс тараад явсан. Тэгээд 30-40 минутын дараа Замын-Үүд сумын ... дүгээр багт байрлах Гаалийн 8 дугаар байрны гадна хүмүүс зодолдоод байна гэх дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн дэд ахлагч Б.Б, Т.Ц нарын хамт дуудлага дээр очиход 2 эмэгтэй, 4 эрэгтэй хүмүүс байсан ба зодолдож байгаа үйл явдал нь дууссан байдалтай байшингийн хажуу талд М гэх залуугийн нүүрнээс цус гарсан, М гэх залуу бас зодуулсан гээд байж байсан. Тэр М гэх залуу би эмнэлэг явлаа гээд байсан ба би арван жилийн нөгөө ангийн залуу М-оос “хэн зодож цохисон” талаар асуухад тэнд байсан өндөр залуу буюу Х гэх залууг зодсон гэж байсан. Мөн тэнд байсан Ү гэх залуу цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцээд байсан. Тэгээд Х, Ү нарыг Цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх саатуулах байранд авч ирсэн. Тэнд байсан хүмүүс архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, цохиж, зодсон гэх хүмүүсийг цагдаа дээр авч ирсэн. Тэр М гэх залуу нь эмнэлэг явна гээд яваад өгсөн тул архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэх талаар мэдээгүй. Би арван жилийн нөгөө ангийн хүүхэд М-оос хэн зодож цохисон талаар асуухад тэнд байсан өндөр залуу буюу Х цохиж зодсон талаар хэлсэн гэжээ. /1-р хх-ийн 246-248/
Гэрч Т.Ц-ийн мөрөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: Миний бие 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 17-ны хооронд Замын-Үүд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах ... талбай дээр цагдаагийн дэд ахлагч Б.Б, цагдаагийн ахлагч Н.У нарын хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад хүмүүс чанга чанга яриад байхаар нь очтол 5-6 хүмүүс юм яриад сууж байсан ба та нар хүмүүс унтаж амарч байхад чанга чанга яриад байна одоо тарж амарцгаа гэхэд за гэж тэр хүмүүс тараад явсан. Тэгээд 30-40 минутын дараа Замын-Үүд сумын 1 дүгээр багт байрлах Гаалийн 8 дугаар байрны гадна хүмүүс зодолдоод байна гэх дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн дэд ахлагч Б.Б, цагдаагийн ахлагч Н.У нарын хамт дуудлага дээр очиход 2 эмэгтэй, 4 эрэгтэй хүмүүс байсан ба зодолдож байгаа үйл явдал нь дууссан байдалтай байшингийн хажуу талд М гэх залуугийн нүүрнээс цус гарсан, М гэх залуу бас зодуулсан гээд байж байсан. Тэр М гэх залуу би эмнэлэг явлаа гээд байсан ба цагдаагийн ахлагч Н.У өөрийн арван жилийн нөгөө ангийн М гэх залуугаас хэн зодож цохисон талаар асуухад тэнд байсан өндөр залуу буюу Х гэх залууг зодсон гэж байсан. Мөн тэнд байсан Ү гэх залуу цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцээд байсан. Тэгээд Х, Ү нарыг Цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх саатуулах байранд авч ирсэн. Тэнд байсан хүмүүс архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, цохиж, зодсон гэх хүмүүсийг цагдаа дээр авч ирсэн. Тэр М гэх залуу нь эмнэлэг явна гээд яваад өгсөн тул архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэх талаар мэдээгүй. Тухайн үед цагдаагийн ахлагч Н.У өөрийн арван жилийн нөгөө ангийн хүүхэд М гэх залуугаас хэн зодож цохисон талаар асуухад тэнд байсан өндөр залуу буюу Х цохиж зодсон талаар хэлсэн гэжээ. /2-р хх-ийн 95/
Шинжээчийн 2024 оны 08 сарын 26-ны өдрийн ... дугаартай дүгнэлтэд 1.М.М-ын биед тархи доргилт, хэлний үзүүр, дээд уруулын дотор салстын шарх, духны зулгаралт, зовхины зулгаралт, эрүүний зулгаралт, баруун сарвууны 4,5 дугаар хурууны 2 дугаар шивнүүрийн ар хэсгийн зулгаралт, баруун сарвууны 1 дүгээр хурууны, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. 2.Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Учирсан тархи доргилт гэмтэл нь Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Учирсан хэлний үзүүр, дээд уруулын дотор салстын шарх, духны зулгаралт, зовхины зулгаралт, эрүүний зулгаралт, баруун сарвууны 4,5 дугаар хурууны 2 дугаар шивнүүрийн ар хэсгийн зулгаралт, баруун сарвууны 1 дүгээр хурууны, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь Эрүүл мэндийг сарниулахгүй тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй. 5.М.М-ын өөрийн биед үзлэг хийгээгүй тул эрүүл мэндийн байгууллагад эмчлүүлсэн, үйлчлүүлсэн баримтуудад тусгасан эмч нарын онош, тэмдэглэлүүдтэй тохирох эсэхийг тогтоох боломжгүй байна. 6.Учирсан гэмтлүүдийн үүссэн цаг хугацааг бичиг баримтаар тогтоох боломжгүй. /1-р хх-ийн 98-99/
Шинжээчийн 2024 оны 07 сарын 09-ны өдрийн ... дугаартай дүгнэлтэд 1.П.М-ын биед зүүн хоншоорын хөндийн дотор ханын хугарал, зүүн дээд зовхинд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн ухархайн дээд, дотор, доод ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, хамрын зөөлөн эдийн няцрал, баруун завжинд шарх гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. 3.Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. /1-р хх-ийн 124-126/
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 09 сарын 05-ны өдрийн ... дугаартай шинжээчийн дүгнэлт: 1.Хохирогч П.М-ын сэтгэцэд хор уршиг учирсан байна. 2.Хохирогч П.М-ын 2024 оны 05 дугаар сарын 16-17-ны шилжих шөнө үл таних залуучуудад зодуулсан гэх хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. 3.Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна. 4.Шинжилгээний явцад өөр зүйл илрээгүй. /1-р хх-ийн 142-144/
Шинжээчийн 2025 оны 03 сарын 21-ний өдрийн ... дугаартай дүгнэлт: 1.М-ийн М-ын сэтгэцэд тухайн гэмт хэргийн шалтгаант өөрчлөлтийн шинж илрээгүй тул гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоогдохгүй. /2-р хх-ийн 112-113/
Хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 01/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 02/
Иргэний нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлийн баримт, шүүгдэгчийн гаргаж өгсөн нэхэмжлэгч байгууллагын хохирол 2,379,209 төгрөгийг 2024 оны 10 сарын 14-ны өдөр төлсөн гүйлгээний баримт, 192,700 төгрөг төлсөн Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт /1-р хх-ийн 132-133, 138, 215-216, 2-р хх-ийн 47/
2024 оны 05 сарын 31-ны өдрийн ... дугаартай Э.Х-ын биед хийсэн шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 150-151/
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын 2024 оны 10 сарын 18-ны өдрийн тогтоол /1-р хх-ийн 160-164/
Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 173/
Хохирогч П.М-ын хохирлын баримтууд, Хаан банкны хуулга /1-р хх-ийн 186-208/
Шүүгдэгчээс хохирогч П.М-д төлсөн хохирлын баримтууд /1-р хх-ийн 211-213/
Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /1-р хх-ийн 226-230, 249, 2-р хх-ийн 02, 11, 2-р хх-ийн 116-121/
Хэрийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 92-94/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Гэм буруугийн хувьд:
Шүүгдэгч Э.Х нь 2024 оны 05 сарын 16-аас 17-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р багийн нутаг дэвсгэрт байрлах 8 дугаар байрны зүүн талд согтуурсан үедээ П.М-ыг “дүүгээ өмөөрсөн” гэх шалтгаанаар өшиглөж унагаан толгой руу нь өшигдөж зодон биед нь зүүн хоншоорын хөндийн дотор ханын хугарал, зүүн дээд зовхинд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн ухархайн дээд, дотор, доод ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, хамрын зөөлөн эдийн няцрал, баруун завжинд шарх бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
хохирогч М.М-ыг “надад таалагддаггүй” гэсэн шалтгаанаар цохиж унагаан толгой руу нь өшиглөж биед нь тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч М.М-ын “...Х гэнэт уурлаад над руу дайрч “чи надад таалагдахгүй байна миний эхнэрийг оролдсон” гэх зэрэг юм яриад миний нүүр лүү цохиж унагаагаад намайг газарт унасан байх үед миний толгой руу нүүрний хэсэгт хөлөөрөө маш олон удаа цохиж зодсон. Тэр үед Ү болон Х-ын эхнэр нар арай гэж салгасан тэгээд би босож ирээд шууд М ах дээр очоод болсон асуудлын талаар хэлээд ахыг дагуулан буцаж тэдгээр хүмүүс дээр очиж учир зүгээ олох гэсэн боловч Х өөдөөс томроод байхаар нь би Х-ыг нэг удаа гараараа цохисон. Тэгээд эргээд хартал Ү, М ахыг цохиод газарт унагасан байсан бөгөөд тэгтэл Х гүйж очоод М ахын нүүр хэсэгт 2-3 удаа өшиглөсөн. Тэгээд би Х-ыг салгаж М ахыг босгож аваад бид хоёр шууд сумын эмнэлэг дээр очиж үзүүлсэн. Х эхлээд миний нүүрний хэсэгт гараа нэг удаа цохиж унагаасан тэгээд намайг газарт хэвтэж байх үед миний толгой хэсэг рүү хөлөө 4-5 удаа өшиглөсөн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 74-76, 82/, хохирогч П.М-ын “...очиход 2 залуу, 2 эмэгтэй хүн байсан. М өндөр хар өнгийн цамцтай залууг нь цохиод авсан. Намайг очих хооронд хар цамцтай залуутай хамт байсан цагаан өнгийн цамцтай залуу нийлээд манай дүүг хоёр талаас нь цохиод, газар унагаагаад цохиж зодоод байсан. Би тэр цагаан цамцтай залуу руу дөхөж очоод “яаж байна” гэхэд хамт байсан нэг эмэгтэй надад хандаж “танай дүүг тэр залуу цохиж, муудалцсан” гэж хэлсэн. Тэгээд би нөгөө хар цамцтай залууг хэн юм бэ гэж бодоод царайг нь харах гээд дөхөөд очиход үгийн зөрүү байхгүй нөгөө залуу миний зүүн талын нүдний зовхи хэсэг рүү баруун талын гараараа нэг удаа цохиход нь би нүдэнд оч манараад 4-5 алхам ухарсан. Энэ үед нөгөө залуу миний зүүн талд гарсан. Гаалийн байрны гражийн гэрэлд гараад ирсэн зогсож байхаар нь “чи яаж байгаа юм бэ” гэж хэлээд дөхөж очиход миний зовхины хэсгээс цус гараад дарах гэж байхад нөгөө залуу дахин миний нүүр хэсэг рүү гараараа цохиж, би сөхрөөд суух үед миний нүүр хэсэг рүү хөлөөрөө өшиглөсөн. Хойшоо саваад унах үед дээрээс хэд хэдэн удаа дэвсээд байсан ба би сөхөрч суугаад толгойгоо гараараа хаагаад байж байхад дахин өшиглөх гэхээр нь би тэр залуугийн хөлнөөс тэврээд авахад нөгөө цагаан цамцтай залуу нөгөө талаас миний нүр хэсэг рүү өшиглөөд авсан. Тэр хоёр залуу намайг нийлээд дахин цохиод өшиглөх үед хамт байсан эмэгтэй “та хоёр хүн аллаа шүү дээ” гээд цагаан цамцтай залууг салгасан. Мөн хар цамцтай залуу дахиж намайг хэд хэдэн удаа өшиглөж аваад больсон. Намайг газар хэвтэж байхад тэр хоёр залуу манай дүүг хоёр талаас нь цохиж, өшиглөөд байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 103-106/, гэрч Э.О-ын “...Х, М-ыг эхнэртэйгээ хардаад элдэв янзаар хараагаад эхэлсэн. Тэгээд гэнэт босож ирээд Х М-ын нүүр лүү цохиж унагаагаад дээрээс нь гараа атгаж байгаад цохиж зодсон. Тэгээд бид гурав Х-ыг арай гэж салгаж аваад М-ыг явуулсан. Тэгээд бид дөрөв байрны гадаа сууж байтал цагдаа нар ирээд бид нарыг тарцгаа гэж хэлээд буцаад явцгаасан. Тэгтэл М нэг танихгүй залуу аваад иртэл Х тэр хоёр дээр очоод “яасан намайг зодох гэж ирээ юу” гэж хэлээд М-ыг цохиж аваад бас тэр М-ын дагуулж ирсэн ахыг цохиод унагаасан. Тэр үед манай нөхөр Ү Х дээр гүйж очоод тэр М-ын ах М гэх залууг цохих шиг болсон тэр үед Х тэр М-ыг хэд хэдэн удаа өшиглөсөн. Тэгээд М, Ү бид гурав Х-ыг арай гэж салгасан. Тэр үед М нүүрээ дараад босож ирээд цааш явсан. Удалгүй цагдаа нар ирээд Х, Ү нарыг цагдаа нар ирээд аваад явсан. Тэр үед Х, М-ын нүүрний хэсэгт хэд хэдэн удаа цохиж зодсон. Харин дараа нь дахин ирэх үед нь дахин гараа атгаж байгаад нүүрний хэсэгт нь цохиж зодсон. Тэр үед М-ын нүүрний хэсэгт цохиж унагаагаад хэд хэдэн удаа өшиглөсөн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 62-63/, гэрч М.М-ийн “...Э.Х М-ыг “ахын дүү одоо гэртээ харьж амар” гэхэд “чи намайг хөөдөг хэн бэ” гээд уурлаад тэр хоёр муудалцаад, нэг нэгийгээ түлхээд барилцаж аваад байсан ба нэг нэгийгээ цохиж, зодсон эсэх талаар хараагүй, Ү бид хоёр тэр хоёрыг салгасан. Энэ үед М хашаанаас гараад гүйгээд яваад өгсөн. Тэгээд бид 4 сааданд сууж байхад М гэх Замын-Үүд сумын залуу бид нар дээр ирээд манай нөхөр Э.Х-ыг цохисон ба манай нөхөр зөрүүлээд М-ыг цохиод нэг нэгийгээ цохиод түлхэлцээд байж байсан ба мөн Ү тэр хоёрын хажуугаар орж ирээд зууралцаад байсан. Би тэр гурвын дундуур орсон салгах гэсэн чинь хүчрэхгүй М нь газар унасан би М-ын дээрээс дарж хэвтэх үед цагдаагийн алба хаагч нар ирээд манай нөхөр Х, Ү нарыг аваад явсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 242-243/, шинжээчийн 2024 оны 08 сарын 26-ны өдрийн ... дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 98-99/, шинжээчийн 2024 оны 07 сарын 09-ны өдрийн ... дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 124-126/, шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 09 сарын 05-ны өдрийн ... дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 142-144/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ. Шүүгдэгч Э.Х-ын гэм буруутай үйлдэл, насанд хүрээгүй хохирогч М.М, П.М нарт учирсан эрүүл мэндийн хохирол, хор уршиг хоёр хоорондоо шалтгаант холбоотой байна.
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Сэжигтэн Б.Ү-ын хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс энэ гэмт хэрэгт буюу хохирогч П.М-д учирсан хохиролд хамааралтай гэх боловч хэрэгт энэ талаар нотлогдоогүй түүнчлэн гэрч Н.У-ын “...М гэх залуугийн нүүрнээс цус гарсан, М гэх залуу бас зодуулсан гээд байж байсан. Тэр М гэх залуу би эмнэлэг явлаа гээд байсан ба би арван жилийн нөгөө ангийн залуу М-оос “хэн зодож цохисон” талаар асуухад тэнд байсан өндөр залуу буюу Х гэх залууг зодсон гэж байсан. Мөн тэнд байсан Ү гэх залуу цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцээд байсан. Тэгээд Х, Ү нарыг Цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх саатуулах байранд авч ирсэн. Тэнд байсан хүмүүс архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, цохиж, зодсон гэх хүмүүсийг цагдаа дээр авч ирсэн. Тэр М гэх залуу нь эмнэлэг явна гээд яваад өгсөн тул архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэх талаар мэдээгүй. Би арван жилийн нөгөө ангийн хүүхэд М-оос хэн зодож цохисон талаар асуухад тэнд байсан өндөр залуу буюу Х цохиж зодсон талаар хэлсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 246-248/, гэрч Т.Ц-ийн “...Тэгээд 30-40 минутын дараа Замын-Үүд сумын 1 дүгээр багт байрлах Гаалийн 8 дугаар байрны гадна хүмүүс зодолдоод байна гэх дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн дэд ахлагч Б.Б, цагдаагийн ахлагч Н.У нарын хамт дуудлага дээр очиход 2 эмэгтэй, 4 эрэгтэй хүмүүс байсан ба зодолдож байгаа үйл явдал нь дууссан байдалтай байшингийн хажуу талд М гэх залуугийн нүүрнээс цус гарсан, М гэх залуу бас зодуулсан гээд байж байсан. Тэр М гэх залуу би эмнэлэг явлаа гээд байсан ба цагдаагийн ахлагч Н.У өөрийн арван жилийн нөгөө ангийн М гэх залуугаас хэн зодож цохисон талаар асуухад тэнд байсан өндөр залуу буюу Х гэх залууг зодсон гэж байсан.” /2-р хх-ийн 95/ гэх мэдүүлгээр хохирогч нарын биед учирсан гэмтэл нь Б.Ү-ын үйлдэлтэй холбоогүй гэж үзсэн. Б.Ү-ын үйлдлийг зөрчлийн шинжтэй үйлдэл гэж үзэж түүнийг бусдын биед буюу хохирогч П.М-ын биед хохирол учруулахгүйгээр халдсан гэж Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэлийг оногдуулсан болох нь эрх бүхийн албан тушаалтны 0297826 дугаартай шийтгэлийн хуудсаар /2-р хх-ийн 106/-аар тогтоогдож байна.
Хохирлын хувьд:
Шүүгдэгч Э.Х нь хохирогч М.М-д 74,900 төгрөгийг, хохирогч П.М-д 5,300,000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч байгууллагаас хохирогч П.М-ын эмчилгээнд зарцуулсан төлбөр болох 2,379,209 төгрөг, хохирогч М.М-ын эмчилгээнд зарцуулагдсан 192,601 төгрөгийг тус тус төлж барагдуулсан нь хохирогч, иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч нарын тайлбар, Хаан банкны шилжүүлгийн баримт /1-р хх-ийн 132-133, 138, 211-213/, Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт /2-р хх-ийн 47/ зэргээр тогтоогдож байна.
Хохирогч П.М нь эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалин, эхнэр Н.У-ийн өвчтөн асарсан үеийн цалин, замын зардал, байрны түрээс нийт 6,728,549 төгрөгийг нэхэмжилсэн. Хэрэгт авагдсан баримтаар эмчилгээний зардалд нийт 2,952,550 төгрөг, замын зардалд 669,870 төгрөгийг, 2024 оны 05 сарын 22-ны өдрөөс 2024 оны 06 сарын 22-ны хооронд Улаанбаатар хотод байр түрээсэлсэн түрээсийн төлбөр 1,000,000 төгрөг нийт 4,622,420 төгрөгийн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангасан байх тул шүүгдэгч нь хохирогч П.М-д төлөх үндэслэлтэй гэж үзлээ. Байрны түрээсийн төлбөрийн хувьд хохирогч П.М нь түрээсийн хугацаанд Улаанбаатар хотод Улсын нэгдүгээр эмнэлэг болон Гэмтэл согог судлалын үндэсний төв, Төмөр замын нэгдсэн эмнэлэгт эмчилгээ хийгдэж, үйлчилгээ авч байсан нь Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан зардлын баримт, эмнэлгийн байгууллагад төлбөр төлсөн баримт, эмийн сангийн баримт /1-р хх-ийн 133, 187-188/ зэргээр тогтоогдож байна.
Хохирогч П.М-ын ажилгүй байсан хугацааны цалин болон цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болно. Харин түүний эхнэр Н.У-ийн өвчтөнг асарсан хугацааны цалин гэж нэхэмжилсэн 700,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй гэж үзлээ. Учир нь эмнэлгийн 2024 оны 05 сарын 28-ны өдрийн ... дугаартай магадалгаагаар Н.У-ийг өвчтөн асарсан бус өөрийг нь өвчтэй байсан гэж тэмдэглэгдсэн байгаагаас үзэхэд түүний ажилгүй байсан хугацаа нь шүүгдэгч Х-тай харилцан хамааралгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд 700,000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Хохирогч М.М нь хохирол, төлбөр нэхэмжлээгүй, шинжээчийн ... дугаартай дүгнэлтээр сэтгэцэд учирсан хор уршиг тогтоогдоогүй болно.
Хохирогч П.М-ын сэтгэцэд учирсан хор уршгийг шинжээчийн дүгнэлтээр хоёрдугаар зэрэглэл гэж тогтоосон. Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 25 дугаар тогтоолын хавсралт болох “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д зааснаар сэтгэцэд учирсан гэм хорын хоёрдугаар зэрэглэлийн нөхөн төлбөрийн хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй байхаар тогтоогджээ.
Шүүхээс хохирогчид учирсан гэмтлийн зэргийг харгалзан сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг энэ гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд буюу 2024 оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660,000 төгрөгийг 7 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ болох 4,620,000 төгрөгөөр тооцон шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Э.Х нь хохирогч П.М-д хохиролд төлсөн 5,300,000 төгрөгөөс нотлох баримтын хүрээнд тогтоогдсон 4,622,420 төгрөгийг хасаж тооцон үлдэх 677,580 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөрөөс хасаж тооцож үлдэх 3,944,840 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзсэн.
Эрүүгийн хариуцлагын хувьд:
Шүүгдэгч Э.Х нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4-д зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрийг төлсөн, хохирогч М.М-ын зүй бус үйлдэл нөлөөлсөн байдлыг хөнгөрүүлэх, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн байдлыг хүндрүүлэх нөхцөл байдал болгон авч үзэн торгох ялыг оногдуулсан болно.
Шүүгдэгчийн ажил эрхлэлтийн байдлыг харгалзан үзэж оногдуулсан торгуулийн ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүхэд эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, түүнээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч У овогт Э-ын Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирлыг санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Э-ын Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,500 /нэг мянга таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Х оногдуулсан торгох ялыг нэмж нэгтгэн нийт 2,000 /хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,000,000 /хоёр сая/ төгрөгийн торгох ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Х нь оногдуулсан 2,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгийн торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т зааснаар шүүгдэгч Э.Х-аас 3,944,840 төгрөгийг гаргуулан хохирогч П.М-д олгож, хохирогчийн эхнэр Н.У-ийн ажилгүй байсан хугацааны цалин 700,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, П.М нь цаашид гарах эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалин орлогоо баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн хохирогч П.М-ын тархины бичлэг бүхий 1 ширхэг СД-ийг хэрэгт хадгалсугай.
7. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч М.М-д болон иргэний нэхэмжлэгч байгууллагад төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол хуулийн хүчинтэй болох хүртэл хугацаанд шүүгдэгч Э.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.Б