| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 315/2025/0020/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/85 |
| Огноо | 2025-03-20 |
| Зүйл хэсэг | 17.12.2.4., |
| Улсын яллагч | Х.Ууганбат |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 2025/ШЦТ/85
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,
улсын яллагчаар хяналтын прокурор Х.Ууганбат,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг,
шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ууганбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох 2430003590332 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, ******* суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эцгийн хамт Сүхбаатар аймгийн ******* гэх газарт оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* регистрийн дугаартай,
*******.
Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтээр):
Шүүгдэгч ******* нь 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар аймгийн сумын 2 дугаар багийн нутаг "" гэх газраас амар хялбар аргаар өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор иргэн эзэмшлийн 1 тооны хүрэн халзан зүсмийн зөв талын гэр гуяндаа нүдтэй загасан тамгатай адууг бэлчээр дээрээс нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, "Даюун" маркийн улсын дугааргүй, улаан өнгийн мотоциклийг мал хулгайлах үйлдлээ хөнгөвчлөх, түргэтгэх, хулгайн малыг туух үйлдэлдээ ашиглан, хулгайлж, хохирогч Г.д 1,005,000 төгрөгийн хохирол учруулж мал хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан машин механизм ашиглаж, мал хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Би ******* ахад гүү өгөх ёстой байсан. Найзаасаа гүү авах авлагатай байсан тул авахаар очих гэтэл найз минь байхгүй байсан. Тэгээд утсаар яриад хэлэхэд “тэнд байгаа очоод авчих ” гэхээр нь адуу руу нь очиход нийлүүлсэн адуунд нь байхгүй, өөр хүний адуунд байсан. ******* ахын адуунд хүрэн халзан гүү байсныг тэгээд авсан...гэв.
Эрүүгийн 2430003590332 дугаартай хэргээс:
- Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: Би гэх найзаасаа 1 адууны авлагатай юм. Тэр адуугаа авах гээд 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр утсаар найз тай ярихад “Би Шилийн богдод мод тарьж байна сумын 2 дугаар баг сумаас баруун урагш 17-18 км газар Овоо наран гэх газарт байгаа бор азаргатай адуунаас хүрэн халзан гүүг аваарай” гэж надад хэлсэн. Шилийн богд руу явахаасаа өмнө тэр халзан гүүг бор азаргатай адуундаа нийлүүлсэн гэж хэлсэн. Би 2024 оны 10 дугаар сарын 03-ны өгөөө тухайн хэлсэн газарт адуун дээр очиход онгин дотор “Г” үсгэн тамгатай хүрэн халзан гүү байхгүй байсан. Тэр газраас 3 км орчим явж байсан чинь ******* ахын хүрэн азаргатай адуун дотор хүрэн халзан гүү байсан. Тэгэхээр нь найз хэлсэн гүү энэ байх гээд мотоциклтойгоо туугаад гэдэг ахын гадаа хөөж очоод бариад маргааш нь У. гэх хүн ачуулсан. Ганцаараа Даюун маркийн өөрийн мотоциклтой явж байсан. Би ******* ахын адуунаас ын гүүг 15 орчим км газар хөөж ахын гадаа очсон. Би 2024 оны 10 дугаар сарын 03-ны орой д хүрэн халзан гүүгээ бариад авчихсан гэж хэлсэн. за гэж хэлж байсан. Бариад авчихсан юм чинь мөн байх гэж бодоод асуугаагүй...гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 82-84 дүгээр хуудас),
- Хохирогч : 2021 онд Сүхбаатар аймгийн сумын 2 дугаар багийн иргэн ******* гэх хүний хүрэн азаргатай адуунд миний 1 тооны гүү нийлсэн байсан. Би тухайн хүнд захиад харж байгаарай гээд үлдээсэн. 2024 оны 10 дугаар сарын эхээр ******* надтай утсаар ярихдаа “таны үлдээсэн хүрэн халзан зүсмийн гүү чинь адуун дотор байхгүй алга болсон байна” гэж хэлсэн. Тэгээд эрэл сурал хийгээд явсан чинь “ сумын 2 дугаар багийн иргэн хүү гэдэг залуу таны гүү алга болох үеэр аймаг руу хүнд хүрэн халзан зүсмийн гүү ачуулж явуулсан”гэх сураг байна. Айлын гадаа мотоциклтой хөөж ирээд барьж аваад өгөөд явуулсан юм шиг байна лээ” гэж ярьсан учираас цагдаагийн байгууллагад гомдол гаргасан.7 настай хүрэн халзан зүсмийн зөв талын гэр гуяндаа нүдтэй загасан тамгатай гүү байсан. Унагагүй сувай гүү байсан. Би унага байхад нь өөрийнхөө нүдтэй загасан тамгаа хөндлөн хайрч дарсан юм. Миний тамга маш тод гарсан байсан. Учир нь миний гүүг алга болох үеэр ******* нь миний алдсан гүүтэй ижил төстэй гүү аймаг руу хүнд өгөөд ачуулсан байна гэж би *******аас сонссон юм...гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас),
- Хохирогч дахин өгсөн: Миний хулгайд алдсан 1 тооны адууны хохирлыг ******* нь зах зээлийн үнэлгээгээр барагдуулсан тул надад одоо гаргах гомдол нэхэмжлэх зүйл байхгүй. Би сэтгэл санааны хохирлын талаар ойлголоо миний хохирлыг барагдуулсан учраас би сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дүгээр хуудас),
- Гэрч М.*******ын: 2021 оны намар 10 сарын үед миний хүрэн халзан азарганд нүдтэй загасан тамгатай хүрэн халзан гүү ирээд нийлсэн байсан. Тухайн үед сумын иргэн гэх хүн надтай утсаар холбогдоод наад “гүү чинь миний гүү байгаа юмаа би өөрөө тэгж байгаад очиж авна” гэж хэлээд манай адуунд гурван жил болсон юм. 2024 оны 10 дугаар сарын эхээр тухайн гүү алга болоод сураггүй болсон. Тухайн үед Энхбаяр овогтой гэх манай сумын залуу Х. гэх айлын гадаа барьчихсан байна гэж би сураг сонсоод өнгөрсөн. Би тэр Э.Сүх-очир гэх залууг яагаад барьж авсан талаар сайн хэлж мэдэхгүй байна. Намайг аймагт биеэ үзүүлээд явж байхад нэг хүн утсаар хэлсэн юм. Тухайн үед яг хэн ярьсан эсэхийг нь би сайн санахгүй байна...гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас),
- Гэрч Х.ы: Би сумын 2 дугаар багийн нутаг гэх газар эхнэрийн хамт мал маллан амьдардаг юм. 2024 оны 10 дугаар сарын 10-д гаргаад байх, би хөдөө гэртээ байхдаа өглөө адууны эрэлд яваад орой 20 цагийн үед гэртээ ирэхэд манай гадаа байх хонины хашаанд загасан тамгатай хүрэн халзан гүү уяатай байсан. Би гэртээ ороход манай сумын гэх залуу манай гэрт сууж байсан. т ямар ажлаар яваа талаар асуухад, “танай гадаа загасан тамгатай хүрэн халзан гүүг би уясан юм. Манай сумын багш өгөх ёстой адуу юм” гэж надад хэлээд манай гэрээс явсан юм. Маргааш өглөө нь багш манай гэрт ачааны машинтай ирээд манай гадаа уяатай байсан загасан тамгатай хүрэн халзан гүүг оос худалдаж авсан юм ачих гээд ирлээ гээд манай гэрийн гаднаас ачаад явсан. Номерыг нь бол санахгүй байна. Ямар ч байсан цагаан өнгийн Бонго маркийн тээврийн хэрэгсэл байсан...гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас),
- Гэрч Б.агийн: Би 2024 оны 10 сард намайг Шилийн богдод мод тарих ажлаар явж байхад манай найз Н. надтай холбогдож “найз нь гэх хүнд адуу өгөх ёстой юм. Чи надад өгөх адуугаа өгөх боломж байна уу” гэхээр нь би “миний Бор азаргатай адуунаас гэр гуяндаа Онго дотор Г үсгэн тамгатай хүрэн халзан гүү байгаа тэрийг бариад аваарай гэж хэлсэн. тамга нь жаахан баалцан байгаа барьж авахдаа сайн үзэж хараарай” гэж хэлсэн. Тухайн үед авсан талаараа надтай холбогдоогүй. ******* ахын адуунд миний адуу байдаггүй. Адууны бэлчээр тусдаа байдаг учраас сарниж адуу орох боломжгүй гэж бодож байна... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32 дугаар хуудас),
- Гэрч : Би 2024 оны 10 дугаар сарын эхээр манай сумын иргэн нь миний Бонго-3 машинаар сум руу адуу ачъя гэж намайг хөлслөөд нийт 6 адуу ачиж явсан. 5 адууг нь сумын урдаас бөөн ачсан бөгөөд 1 адууг нь гэдэг дүү загасан тамгатай хүрэн халзан гүү ачиж өгч явуулсан юм. Би азаргыг нь мэдэхгүй байна. Загасан тамгатай тамга нь тод гарсан хүрэн халзан гүү ачиж өгч явуулсан. Тухайн үедээ миний гүү гэж ярьж байсан. хүрэн халзан гүүний зургийг авч байсан. суманд Түмэн цагаан гэдэг бойны газарт буулгаж өгөөд би явсан...гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35 дугаар хуудас),
- Гэрч У.ын: Би суманд адуу авч байхад 2024 оны 09 дүгээр сарын сүүлээр ******* надад адуу өгнө гээд 800,000 мянган төгрөг авсан байсан юм. 10 дугаар сарын 03-ны өдөр над руу холбогдож дүү нь “танд өгөх гүүгээ барьж аваад ахын гадаа уячихлаа” гэж ярьсан. Би 10 дугаар сарын 04-ны өдөр очиж авсан юм. Би азаргыг нь мэдэхгүй байна. Загасан тамгатай тамга нь тод гарсан хүрэн халзан гүү байсан. Би айлын гадаа байхад нь зургийг нь дарж авсан юм...гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38 дугаар хуудас),
- Хөрөнгийн үнэлгээний “Болор үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2402279 дугаартай “Хүрэн халзан гүүний зах зээлийн үнэ 1,005,000.00 (нэг сая таван мянган) төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 47-52 дугаар хуудас),
- Хөрөнгийн үнэлгээний “Болор үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2402311 дугаартай “.Даюун мотоциклын зах зээлийн үнэ 1,300,000.00 (нэг сая гурван зуун мянган) төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 59-64 дугаар хуудас),
- Шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 86-87 дугаар хуудас),
- Шүүгдэгч *******ын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 91 дүгээр хуудас)
- Гэрч “Би ыг танина. 2022 онд анх танилцаж үерхээд 1 жил гаруй хугацаанд хамтран амьдарсан. Дундаасаа нэг хүүхэдтэй. Би хүүгээ 5 сартай байхад аавд нь өгсөн. ******* хүүгээ аавынхаа эгчийнд өргүүлчихсэн гэж байсан. Манай хүүг гэдэг. *******оор овоглодог. ******* бид хоёр албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй. Гэр бүлийн дундын маргаанаас болж салсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 129-130 дугаар хуудас)
- Хохирогч “Манай сумын малчид миний хоёр нүдний хэвтээ загасан тамга ихтэй учир би арай жаахан ялгархын тулд сүүлд 2022 онд тамганыхаа доор жижиг сүүл залгаж сүүлтэй хоёр нүдний загасан тамга болгож өөрчилсөн. Хүрэн халзан гүүгээ алдсанаас хойш би өөрчилсөн. Миний тамга харахад жижиг боловч адуун дээр дарагдсаныхаа дараа буюу адуу нас ахиад томрох тусам арьс нь сунаад томордог юм. Бүх адуунууд адилхан томорч бүдүүрэх тусам бие, арьсаа дагаад анх дарагдсан тамга дагаад томордог.” (хавтаст хэргийн 133-134 дүгээр хуудас)
- Гэрч Х.ы “Би тухайн үед гэртээ байгаагүй. Адууны эрэлд яваад гэртээ ирэхэд манай гадаа ******* хүрэн халзан зүсмийн бариад уячихсан. Өөрөө явчихсан байсан. Адуу тууж ирээд манай гадаа тухайн гүүг барьж үлдээгээд явсан байсан. Дараа нь сумын төвөөс У. багш ирээд тухайн гүүг ачаад авч явсан. Зөв талынхаа гэр гуяндаа хэвтээ загасан тамгатай хүрэн халзан гүү байсан. Тухайн гүүг хэний гүү гэдгийг мэдэхгүй байна. *******ыг барьж үлдээсэн болохоор түүний гүү гэж бодсон. Намайг эрэлд яваад ирсний маргааш У. багш ирээд авч явсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 139-140 дугаар хуудас)
- Гэрч “Миний буган зүсмийн азаргатай адуунд хээр зүсмийн Очир тамгатай нэг тооны гүү байдаг байсан. Би тухайн гүүг нь энэ өвөл буюу 2024 оны 12 дугаар сард шарга зүсмийн орон гүүг нь өгөөд хээр гүүг нь авсан. Хээр гүүг нь би сольж авсныхаа дараа хүнд идшинд хийгээд өгчихсөн. Б. надаас авсан шаргал гүүгээ аваад айлын адуунд тавьсан сурагтай байсан. Одоо байгаа ч юм уу хунд өгчихсөн, хийчихсэн эсэхийг нь мэдэхгүй байна. Өөр Б. адуу манай адуунд байхгүй.Энэ талаар надад мэдэх зүйл байхгүй. Тэр Бор азаргаа сумаас гэх хүнээс авсан гэж би сонссон. гэх хүн нь манай сумын гаралтай суманд хүргэн орсон залуу байдаг юм.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 143-144 дүгээр хуудас)
- Гэрч М.*******ын “ын эзэмшлийн хүрэн халзан зүсмийн зөв талынхаа гэр гуянд хэвтээ, хөндлөн хоёр нүдний загасан тамгатай, бүдүүн сувай гүү байсан. Манай адуунд ирж нийлээд 3 жил болж байсан. гэх хүн /оныг нь санахгүй байна/ манайд ирээд гүүгээ үзэж хараад таниад надад адуундаа байлгаж байгаач гэж гуйж захичхаад явж байсан юм. Мөн байна. Миний хүрэн азаргатай адуунд байсан ын эзэмшлийн хүрэн халзан зүсмийн гүү мөн байна. Ийм дэлтэй гүү байсан. Тамга нь ч яг дүрээрээ байна. Хэвтээ хоёр нүдний загасан тамгатай мөн байна. Манайх өнгөрсөн намар 10 дугаар сард сумын 2 дугаар багийн нутаг "Визийн хошуу" гэх газар намаржиж байсан. Сумын төвөөс ертөнцийн зүгээр зүүн урагш 8 орчим км-т намаржиж байсан. Манай хүрэн азаргатай адуу сумын 2 дугаар багийн нутаг "Овоо наран" гэх газраар бэлчээрлэж байдаг байсан. "Овоо наран" гэх газар нь сумын төвөөс зүүн урагшаа хилийн 06 дугаар заставын урд руу 25 орчим километрт байдаг.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 147-148 дугаар хуудас)
- Гэрч “2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр У. гэх хүнтэй хамт Х.ы гаднаас 1 тооны хүрэн халзан зүсмийн гүүг очиж авсан. У. нь манай сумын залуу болох *******оос нэг тооны адуу авах ёстой, мөнгийг урьдчилаад өгчихсөн гээд ******* нь өгөх 1 тооны адуугаа Х.ы гадаа уяад орхисон гэсэн. Тэгээд би У.той очиж тухайн хүрэн халзан гүүг очиж авсан. Зөв талынхаа гэр гуянд хөндлөн загасан тамгатай байсан. У. тухайн гүүний зургийг машинд ачихаас нь өмнө утсан дээрээ дарж байсан.*******ын өвөө нь болох талийгаач гэж өвгөн байхдаа адуунууд нь хоёр нүдний загасан тамгатай байсан. Хүүхдүүд нь мөн адилхан аавынхаа тамгаар адуугаа тамгалдаг байсан болохоор би тухайн хүрэн халзан гүүг анх хараад хөндлөн хэвтээ загасан тамгатай болохоор Х. хүү *******ын өөрийнх нь эзэмшлийн адуу юм байх гэж бодож байсан. Хүрэн халзан гүүний гэр гуянд дарагдсан байсан тамга мөн байна. Би тухайн үед загасных нь нүдийг нь бол сайн хараагүй. Ямар ч байсан хөндлөн загасан тамга байсан. Би 2001 онд сургуулаа төгсөөд мал дээр гарч одоог хүртэл мал маллаж байна. Би өөрөө хурдан морь уядаг. Аймгийн алдарт уяач хүн юм. Адууны зүс, им, тамгыг бол маш сайн мэднэ.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 151-152 дугаар хуудас)
- Гэрч “Би Бор, Халиун, Хонгор зүсмийн 3 азарга адуутай. Бор азарга нь Б. өөрийнх нь эзэмшлийн азарга юм. Тэр Бор азаргатай адуунд нь одоо нэг тооны байдсан гүү байдаг. Өнгөрсөн жилийн буюу 2024 оны даага сартай хүрэн зүсмийн очир тамгатай байдсан гүү байдаг. Б. нь манай адуунд бор зүсмийн азарга, сартай хүрэн зүсмийн байдсан гүү гээд яг өөрийнх нь эзэмшлийн 2 тооны адуу байдаг. Мөн манай сумын Заяат гэх хүний адуунд хээр зүсмийн буруу талынхаа гэр гуянд Очир тамгатай нэг гүү байдаг. Ингээд нийт яг өөрийнх нь 3 тооны адуу байдаг. Манай Бор азартай адуунд 2024 оны 10 дугаар сард гэр гуяндаа Онги дотор Г үсгэн тамгатай, хүрэн халзан зүсмийн гүү огт байгаагүй. Харин Б. өөрийнх нь сартай хүрэн зүсмийн, очир тамгатай охин даага бол Бор азаргатай адуунд байсан. Б. хүнээс гэр гуяндаа Онги дотор Г үсгэн тамгатай, хүрэн халзан зүсмийн гүү худалдаж авсан болон бэлгэнд авсан зүйл огт байхгүй. Би сайн мэдэж байна. Б. нь өөрийн гэсэн адууны Очир тамгатай. Сартай хүрэн байдсан гүү нь буруу талынхаа гэр гуянд Б. өөрийнх нь Очир тамгатай байдаг. Буруу талынх нь гэр гуянд Очир тамгаа дардаг. Бор азаргаа Б. өнгөрсөн жил буюу 2024 оны хавар 04 дүгээр сард Сүхбаатар аймгийн сумаас гэх хүнээс худалдаж авч байсан. Бор азарга нь зав талынхаа гэр гуяндаа Онги тамгатай. сумын 2 дугаар багийн нутаг Хашаат, Хонхор муруй гэх газруудаар байсан. Тухайн газрууд нь хоорондоо залгаа ойрхон газрууд юм. Сумын төвөөс ертөнцийн зүгээр урагшаа 7-8 орчим км зайтай газрууд юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 155-156 дугаар хуудас) ,
- Гэрч Х. “Манай хүү ******* нь албан ёсоор гэр бүл зохиож гэрлэлтээ батлуулсан зүйл байхгүй. 3 жилийн ирснээс нь хойш өөр дээрээ байлгаж асарч өсгөж байна. Манай эгч нь Улаанбаатар хотод оршин суудаг. Амьд сэрүүн байдаг. Одоо яг хаана хийж байгаа гэж байсан. *******ын өвөө гэж хүн байхгүй. Манай аав гэдэг байгааг нь мэдэхгүй байна. Өнгөрсөн жил буюу 2024 оны 11 дүгээр сард намайг аймгийн төв дээр явж байхад нэг удаа таарч байсан. Тухайн үед ресторанд ажил хүн бурхан болоод 5-6 жил болж байна. *******ын ээжийнх нь аав Бадрай гэж хүн байсан. Энэ нас бараад удаж байгаа яг хэзээ гэдгийг нь би сайн мэдэхгүй байна. 3.ын ээжээс нь салаад тусдаа амьдраад 20-иод жил болж байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 159-160 дугаар хуудас)
- Гэрч У.ын “ нь 2024 оны 09 дүгээр сарын сүүлээр надаас мөнгөний хэрэг гараад байна, би танд нэг гүү өгье гэж хэлээд 800,000 төгрөг дансаар авсан. Тэгээд би удаагүй 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ******* нь сумын 2 дугаар багийн нутагт оршин суух ы гадаа танд өгөх гүүгээ бариад уячихлаа гэхээр нь би тухайн өдөртөө очиж хүрэн халзан зүсмийн зөв талын гэр гуяндаа хоёр нүдний загасан тамгатай гүүг ы гаднаас очиж авсан. Зөв талынхаа гэр гуянд тод дарагдсан хоёр нүдний загасан тамга байсан. Надад хүрэн халзан гүүний дарсан зураг байгаа, би ы гадаа ачихаасаа өмнө нь дарсан юм. Би тухайн зургийг сайн дурын үндсэн дээр гаргаж өгч хэрэгт хавсаргуулах хүсэлтэй байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 163 дугаар хуудас)
- Гэрч “Тиймээ би дээрх тодорхойлолтыг гаргаж өгсөн. ******* нь 2025 оны 01 дүгээр сарын 27-ны орой ажлын цаг тарсны дараа намайг гэртээ амарч байхад утсаар залгаад "ахаа багийн даргын тодорхойлолт авах гэсэн юм" гэхээр нь би ажлын цаг дууссан, ах нь гэртээ байна, одоо тодорхойлолт гаргаж өгөх боломжгүй байна гэж хэлсэн. Тэгсэн ******* над руу хэд хэдэн удаа утсаар залгаад байхаар нь би утсыг нь аваагүй. Тэгээд маргааш нь өглөө нь би ажил дээрээ очоод байж байтал ******* ахиад утсаар залгаад тодорхойлолт авъя гэж залгахаар нь би ямар тодорхойлолт авах вэ гэж асуухад "амьжиргааны түвшин доогуур хүүгийнхээ хамт амьдардаг нь үнэн" гэсэн тодорхойлолт авах гэсэн юм гэж хэлсэн. Би *******оос тухайн тодорхойлолтыг юунд хэрэглэх гэж байгааг асуугаагүй. Тэгээд би багийн дарга нарын Хүн амын өрхийн мэдээллийн сангаас харах гэсэн боловч сангийн сүлжээний асуудлаас болж ХАӨМС-н программ нэвтэрч болохгүй байгаад байхаар нь би ******* руу эргэж залгаад хэнтэйгээ амьдардаг талаар асуухад хүүтэйгээ байгаа гэхээр нь би *******т "хүүтэйгээ хамт 2-лаа амьдардаг, амьжиргааны түвшин доогуур болох үнэн" гэсэн багийн даргын тодорхойлолтыг гаргаж өгөөд зургийг нь дараад *******ын хувь чатаар нь явуулсан. ******* нь өмнө нь буюу 2 жилийн өмнө шиг санаж байна, хүнтэй сууж байгаа гээд нэг эмэгтэйтэй хамт амьдарч байсан. Би тухайн эмэгтэйг нь сайн танихгүй сумын гаралтай гэж сонссон. Сүүлд дундаасаа хүүтэй болсон, салж нийлж байгаа гэсэн дам яриа сонсож байсан. Тэгээд би *******ыг хүүгээ өөр дээрээ авчихсан юм байна, хүүхэд, гэр бүлтэй холбоотой маргаантай асуудал гараад багийн даргын тодорхойлолт авах гэж байгаа юм байна гэж бодоод тухайн үед программ гацаад уншаад болохгүй байхаар нь би *******оос асуугаад хүүтэйгээ хамт байгаа гэхээр нь би тухайн тодорхойлолтыг гаргаж өгсөн. Саяхан цагдаагаас ярьж байна гээд миний гаргаж өгсөн тодорхойлолтын талаар асуухаар нь *******ын регистрээр ороод Хүн амын өрхийн сангийн мэдээлэл рүү ороод харсан чинь ******* нь программын бүртгэл дээр эмээтэй хамт амьдардаг, ам бүл-2 гэж албан ёсоор гарч ирж байсан. Хүү нь зундаа хаа ганц аав, өвөө дээрээ ирчихсэн харагддаг. Э.Сүх- Очир нь сумын төв дээр байхаас илүү хөдөө ах дүү хамаатан садангынхаараа адуу мал гээд явчихдаг. Би бодохдоо хүүг өөр дээр нь байдаг гэж боддог. Аавынх нь эгч нь хардаг ч гэл үү тийм зүйл сонсож байсан. *******ын хамт амьдарч байсан эмэгтэй, хүүгийнх нь ээжийн нэрийг нь би мэдэхгүй. Ямар ч байсан сумын гаралтай хүн гэдгийг нь би сонсож байсан. Нас барсан гэж би сонсоогүй. Батхүрэлийн , Мижиддоржийн ******* нарыг танина. Манай 2 дугаар багийн иргэд юм. Батхүрэл нь манай 2 дугаар багийн иргэн боловч малын "А" дансан дээрээ малгүй, өөрөө сумын төв буюу 3 дугаар багт аавтайгаа хамт амьдардаг. Аавынхаа эгчийндээ малыг хаа ганц харж хөдөө сумын 2-ын хооронд ирэн очин байдаг. Аавынх нь эгч нь Отгон гэж хүн байдаг нөхөр нь гэдэг хүн байдаг. гэдэг хүний малыг ирэн очин харж тусалдаг болохоос өөрөө тусдаа адуу, мал /бог, бод/ гэж байдаггүй. х өнгөрсөн 2024 оны 10 дугаар сард тус сумын 2 дугаар баг "Хонхор муруй" гэх газарт нутаглаж байсан. Харин Мижиддоржийн ******* нь өөрөө малтай 2 дугаар багт оршин суудаг. 2024 оны 10 дугаар сард тус сумын 2 дугаар багийн нутаг "Визийн хошуу" гэх газар намаржиж нутаглаж байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 169-171 дүгээр хуудас)
- Эд зүйл баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 135-136, 164-166, 172-174 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтууд болно.
Хэргийн үйл баримтыг нотолж буй дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хэргийн үйл баримт, бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэх хангалттай гэж шүүх үзсэн болно.
Гэм буруугийн талаар:
1. Шүүгдэгч ******* нь 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар аймгийн сумын 2 дугаар багийн нутаг "" гэх газраас "Даюун" маркийн улсын дугааргүй улаан өнгийн мотоциклийг ашиглан иргэн өмчлөлийн зөв талын гэр гуяндаа нүдтэй загасан тамгатай, хүрэн халзан зүсмийн, 7 настай гүүг бэлчээрээс нь авч 1,005,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд мэдүүлсэн “ Би найз ас 1 адууны авлагатай байсан. Тэр адуугаа авах гээд 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр утсаар ярихад “ Би Шилийн богдод мод тарьж байна. сумын 2 дугаар баг сумаас баруун урагш 17-18 км газар Овоо наран гэх газарт байгаа бор азаргатай адуунаас хүрэн халзан гүүг аваарай, халзан гүүг бор азаргатай адуундаа нийлүүлсэн” гэж хэлсэн. Би 2024 оны 10 дугаар сарын 03-ны өглөө тухайн хэлсэн газарт адуун дээр очиход онгин дотор “Г” үсгэн тамгатай хүрэн халзан гүү байхгүй байсан. Тэр газраас 3 км орчим явж ойр орчмын адуунуудаар хайгаад явж байсан чинь ******* ахын хүрэн азаргатай адуун дотор адилхан зүстэй хүрэн халзан гүү байсан, тамга нь ойролцоо болохоор найз хэлсэн гүү энэ байх гээд өөрийн Даюун маркийн мотоциклтойгоо 15 орчим км газар хөөж гэдэг ахын гадаа очиж бариад маргааш нь У. гэх хүнд ачуулсан. Би 2024 оны 10 дугаар сарын 03-ны орой д хүрэн халзан гүүгээ бариад авчихсан гэж хэлсэн. за гэж хэлж байсан. Бариад авчихсан юм чинь мөн байх гэж бодоод асуугаагүй ” гэх,
хохирогч “ 2021 онд Сүхбаатар аймгийн сумын 2 дугаар багийн иргэн ******* гэх хүний адуунд миний 1 гүү нийлсэн байсныг тухайн хүнд харж байгаарай гээд захиад үлдээсэн юм. 2024 оны 10 дугаар сарын эхээр ******* “ таны хүрэн халзан зүсмийн гүү чинь адуун дотор байхгүй алга болсон байна” гэж ярьсан.Эрэл сурал хийгээд явахад “ сумын 2 дугаар багийн иргэн хүү гэдэг залуу таны гүү алга болох үеэр аймаг руу хүнд хүрэн халзан зүсмийн гүү ачуулж явуулсан, айлын гадаа мотоциклтой хөөж ирээд барьж аваад өгөөд явуулсан юм шиг байна лээ” гэж сураг сонсоод цагдаад гомдол гаргасан. 7 настай хүрэн халзан зүсмийн зөв талын гэр гуяндаа нүдтэй загасан тамгатай, унагагүй сувай гүү байсан. Би унага байхад нь өөрийнхөө нүдтэй загасан тамгаа хөндлөн хайрч дарсан юм. Миний тамга маш тод гарсан байсан” гэх,
гэрч М.*******ын “ 2021 оны намар 10 сард миний хүрэн халзан азарганд нүдтэй загасан тамгатай хүрэн халзан гүү ирээд нийлсэн байсан. Тухайн үед сумын гэх хүн утсаар холбогдоод “наад гүү чинь миний гүү байгаа юмаа би өөрөө тэгж байгаад очиж авна” гээд манай адуунд гурван жил болсон. 2024 оны 10 дугаар сарын эхээр тухайн гүү алга болоод сураггүй болсон юм. Тухайн үед ******* гэх манай сумын залуу Х. гэх айлын гадаа барьчихсан байна гэж би сураг сонсоод өнгөрсөн. Миний хүрэн азаргатай адуунд байсан ын эзэмшлийн хүрэн халзан зүсмийн гүү мөн байна. Ийм дэлтэй гүү байсан. Тамга нь ч яг, дүрээрээ байна. Хэвтээ хоёр нүдний загасан тамгатай мөн байна ” гэх,
гэрч Х.ы “ сумын 2 дугаар багийн нутаг гэх газарт 2024 оны 10 дугаар сарын 10-д гаргаад орой 20 цагийн үед гэртээ ирэхэд манай гадаах хонины хашаанд загасан тамгатай хүрэн халзан гүү уяатай байсан. Би гэртээ ороход манай сумын гэх залуу сууж байсан. “танай гадаа загасан тамгатай хүрэн халзан гүүг би уясан юм. Манай сумын багш өгөх ёстой адуу юм” гэж хэлээд явсан. Маргааш нь багш ачааны машинтай ирээд уг гүүг оос худалдаж авсан юм ачих гээд ирлээ гээд ачаад явсан” гэх,
гэрч Б.агийн “ Би 2024 оны 10 сард намайг Шилийн богдод мод тарих ажлаар явж байхад манай найз Н. надтай холбогдож “ найз нь гэх хүнд адуу өгөх ёстой юм. Чи надад өгөх адуугаа өгөх боломж байна уу гэхээр” нь би “миний Бор азаргатай адуунаас гэр гуяндаа Онго дотор Г үсгэн тамгатай хүрэн халзан гүү байгаа тэрийг бариад аваарай, тамга нь жаахан баалцан байгаа барьж авахдаа сайн үзэж хараарай” гэж хэлсэн. Тухайн үед авсан талаараа надтай холбогдоогүй. ******* ахын адуунд миний адуу байдаггүй. Адууны бэлчээр тусдаа байдаг учраас сарниж адуу орох боломжгүй гэж бодож байна ” гэх,
гэрч У.ын “ Би суманд адуу авч байхад 2024 оны 09 дүгээр сарын сүүлээр ******* надад адуу өгнө гээд 800,000 мянган төгрөг авсан юм. 10 дугаар сарын 03-ны өдөр над руу холбогдож “дүү нь танд өгөх гүүгээ барьж аваад ахын гадаа уячихлаа” гэж ярьсан. Би 10 дугаар сарын 04-ны өдөр очиж авсан. Загасан тамгатай тамга нь тод гарсан хүрэн халзан гүү байсан. Би айлын гадаа байхад нь зургийг нь дарж авсан зургийг сайн дурын үндсэн дээр гаргаж өгч хэрэгт хавсаргуулах хүсэлтэй байна” гэх,
гэрч “ Би 2024 оны 10 дугаар сарын эхээр манай сумын иргэн нь миний Бонго-3 машинаар сум руу адуу ачъя гэж намайг хөлслөөд нийт 6 адуу ачиж явсан. У. нь “*******оос нэг тооны адуу авах ёстой, мөнгийг урьдчилаад өгчихсөн. Өгөх адуугаа Х.ы гадаа уяад орхисон” гээд Х.ы гаднаас 1 тооны Зөв талынхаа гэр гуянд хөндлөн загасан тамгатай, хүрэн халзан зүсмийн гүүг очиж авсан.. У. тухайн гүүний зургийг машинд ачихаас нь өмнө утсан дээрээ дарж байсан. *******ын өвөө нь болох талийгаач гэж өвгөн байхдаа адуунууд нь хоёр нүдний загасан тамгатай байсан. Хүүхдүүд нь мөн адилхан аавынхаа тамгаар адуугаа тамгалдаг байсан болохоор би тухайн хүрэн халзан гүүг анх хараад хөндлөн хэвтээ загасан тамгатай болохоор Х. хүү *******ын өөрийнх нь эзэмшлийн адуу юм байх гэж бодож байсан ” гэх,
гэрч “Миний буган зүсмийн азаргатай адуунд хээр зүсмийн Очир тамгатай нэг тооны гүү байдаг байсан. Би тухайн гүүг 2024 оны 12 дугаар сард шарга зүсмийн орон гүүг нь өгөөд хээр гүүг нь авсан. Хээр гүүг нь би сольж авсныхаа дараа хүнд идшинд хийгээд өгчихсөн. Б. надаас авсан шаргал гүүгээ аваад айлын адуунд тавьсан сурагтай байсан. Өөр Б. адуу манай адуунд байхгүй.Тэр Бор азаргаа сумаас гэх хүнээс авсан гэж би сонссон. гэх хүн нь манай сумын гаралтай суманд хүргэн орсон залуу байдаг юм.” гэх,
гэрч “ Би бор, халиун, хонгор зүсмийн 3 азарга адуутай. Бор азарга нь Б. эзэмшлийн азарга юм. Тэр Бор азаргатай адуунд нь 2024 оны даага, сартай хүрэн зүсмийн очир тамгатай байдсан гүү байдаг. Манай Бор азартай адуунд 2024 оны 10 дугаар сард гэр гуяндаа Онги дотор Г үсгэн тамгатай, хүрэн халзан зүсмийн гүү огт байгаагүй. Харин Б. өөрийнх нь сартай хүрэн зүсмийн, очир тамгатай охин даага бол Бор азаргатай адуунд байсан. Б. нь өөрийн гэсэн адууны Очир тамгатай. Сартай хүрэн байдсан гүү нь буруу талынхаа гэр гуянд Б. өөрийнх нь Очир тамгатай байдаг. Буруу талынх нь гэр гуянд Очир тамгаа дардаг. Манай адуу сумын 2 дугаар багийн нутаг Хашаат, Хонхор муруй гэх газруудаар байсан. Тухайн газрууд нь хоорондоо залгаа ойрхон газрууд юм ” гэх,
гэрч “Би той 2022 онд анх танилцаж үерхээд 1 жил гаруй хугацаанд хамтран амьдарсан. Дундаасаа нэг хүүхэдтэй. Би хүүгээ 5 сартай байхад аавд нь өгсөн. ******* хүүгээ аавынхаа эгчийнд өргүүлчихсэн гэж байсан. Манай хүүг гэдэг. *******оор овоглодог. ******* бид хоёр албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй” гэх,
гэрч Х. “Манай хүү ******* нь албан ёсоор гэр бүл зохиож гэрлэлтээ батлуулсан зүйл байхгүй. Хүүг нь 3 жилийн өмнө сумын гаралтай Цогтбаатарын Пүрэвханд гэх охинтой үерхээд дундаасаа 1 хүүтэй болсон. Манайд ач хүү 5 сартай нялхаараа ирж байсан. Хүүг манай эгч ирснээс нь хойш өөр дээрээ байлгаж асарч өсгөж байна. Манай эгч нь Улаанбаатар хотод оршин суудаг. Ц.Пүрэвхандтай 2024 оны 11 дүгээр сард намайг аймгийн төв дээр явж байхад нэг удаа таарч байсан. Би 3.ын ээжээс нь салаад тусдаа амьдраад 20-иод жил болж байна.” гэх,
гэрч “ Би дээрх тодорхойлолтыг гаргаж өгсөн. Маргааш нь ******* ахиад залгаад “тодорхойлолт авъя” гэхээр нь “ямар тодорхойлолт авах вэ” гэж асуухад "амьжиргааны түвшин доогуур хүүгийнхээ хамт амьдардаг нь үнэн" гэсэн тодорхойлолт авах гэсэн юм гэж хэлсэн. Би Хүн амын өрхийн мэдээллийн сангаас харах гэсэн боловч сүлжээний асуудлаас болж ХАӨМС-н программ нэвтэрч болохгүй байхаар нь би ******* руу залгаад “хэнтэйгээ амьдардаг” талаар асуухад “хүүтэйгээ байгаа” гэхээр нь "хүүтэйгээ хамт 2-лаа амьдардаг, амьжиргааны түвшин доогуур болох үнэн" гэсэн багийн даргын тодорхойлолтыг гаргаад зургийг нь дараад *******ын хувь чатаар нь явуулсан. ******* нь 2 жилийн өмнө хүнтэй сууж байгаа гээд нэг эмэгтэйтэй хамт амьдарч байсан. Би тухайн эмэгтэйг нь сайн танихгүй, сумын гаралтай гэж сонссон. Сүүлд дундаасаа хүүтэй болсон, салж нийлж байгаа гэсэн дам яриа сонсож байсан. Тэгээд би *******ыг хүүгээ өөр дээрээ авчихсан юм байна, хүүхэд, гэр бүлтэй холбоотой маргаантай асуудал гараад багийн даргын тодорхойлолт авах гэж байгаа юм байна гэж бодоод тухайн үед программ гацаад уншаад болохгүй байхаар нь уг тодорхойлолтыг гаргаж өгсөн. Саяхан цагдаагаас ярьж миний гаргаж өгсөн тодорхойлолтын талаар асуухаар нь *******ын регистрээр ороод Хүн амын өрхийн сангийн мэдээлэл рүү ороод харсан чинь ******* нь программын бүртгэл дээр эмээтэй хамт амьдардаг, ам бүл-2 гэж албан ёсоор гарч ирж байсан. Хүү нь зундаа хаа ганц аав, өвөө дээрээ ирчихсэн харагддаг” гэх мэдүүлгүүд,
шинжээчийн 2402279 дугаартай “...Хүрэн халзан гүүний зах зээлийн үнэ бүхэлчилбэл 1,005,000.00 төгрөг” гэх дүгнэлт,
2402311 дугаартай “Даюун мотоциклын зах зээлийн үнэ 1,300,000.00 (төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
2. Прокуророос нотлох баримтаар тогтоогдох дээрх үйл баримтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас шүүгдэгчийн *******ыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж тухайн зүйчлэлээр гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг, шүүгдэгч ******* нараас хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргаагүй байна.
3. Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчөөс хохирогч Г.д учирсан хохирлыг тогтоолгохоор шинжээчийн дүгнэлт гаргуулсан нь үндэслэл бүхий, хууль зөрчөөгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ” гэх зохицуулалтад нийцсэн хийгээд “Болор үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2402279 дугаартай “Хүрэн халзан гүүний зах зээлийн үнэ бүхэлчилбэл 1,005,000.00 төгрөг” гэх дүгнэлтийн талаар шүүгдэгч болон хохирогч нараас хүлээн зөвшөөрч маргаан гаргаагүй байна.
4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан мал хулгайлах гэмт хэргийн объектив талын үндсэн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд санаатай үйлдлээр бусдын малыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан идэвхтэй үйлдлээр хэрэгжиж, захиран зарцуулах боломж бүрдүүлснээр төгсдөг бөгөөд хохирол, хор уршиг учирсан нь уг үйлдэлтэй холбоотой, шалтгаалсан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн тайлбарт “Мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарах, “олон тооны мал” гэдэг нь найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгохыг тодорхойлжээ.
Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэхэд тээврийн хэрэгсэл ашигласан болохыг тогтоохдоо тухайн гэмт хэргийг үйлдэхэд буюу тодорхой материаллаг эд зүйлсийг зөөвөрлөх, тээвэрлэхэд уг тээврийн хэрэгсэл зайлшгүй хэрэглэгдэх шинж чанартай байсан эсэх, материаллаг зүйлсийн жин, хэмжээ, тоо ширхэг, тодорхой биет байдал зэргээс шалтгаалан тээврийн хэрэгсэлгүйгээр гэмт хэрэг үйлдэгдэх боломжгүй байсан гэдгийг тогтоох бөгөөд мал хулгайлах гэмт хэргийн хувьд уг малыг хөөж туух, ачиж зөөвөрлөх зэргээр өөрийн эзэмшилдээ оруулах идэвхтэй үйлдлийг хамааруулан ойлгоно.
“Машин механизм” гэдэгт хүн, ачаа тээвэрлэх зориулалттай бүх төрлийн автомашин, мотоцикл, трактор, өөрөө явагч бусад машин болон өргөх буулгах, ухах, малтах, түрэх, цоолох, зүсэх зориулалтай машин, механизмууд хамаарах юм.
Шүүгдэгч *******ын хувьд өмчлөлийн гүүг авахдаа өөрийн өмчлөлийн "Даюун" маркийн улсын дугааргүй улаан өнгийн мотоциклийг ашиглан бэлчээрээс нь 15 км газарт хөөж авчирсан бөгөөд уг тээврийн хэрэгсэл нь тухайн гэмт хэргийг үйлдэхэд зайлшгүй хэрэглэгдэх шинж чанартай байсан буюу тэрээр мотоциклгүйгээр хол газраас уг адууг авчрах боломжгүй байжээ.
Машин механизм ашиглан мал хулгайлахыг хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хүндрүүлэх шинж болгон хуульчилжээ.
5. Хэргийн баримтаар, шүүгдэгч ******* нь найз Б.агийн хэлсэн “бор азаргатай адуунаас гэр гуяндаа онго дотор Г үсгэн тамгатай хүрэн халзан гүүг ав” гэснийг нягтлан шалгалгүйгээр, өөрийн эзэмшлийн "Даюун" маркийн улсын дугааргүй, улаан өнгийн мотоциклыг ашиглан бусдын өмчлөлийн буюу хохирогч “хүрэн халзан зүсмийн зөв талын гэр гуяндаа нүдтэй загасан тамгатай, 7 настай” гүүг нутаг, бэлчээрээс нь 15 км-т хөөж туун хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан нь хэрэгт бүрэн дүүрэн, хөдөлбөргүй, нотлогдож, тогтоогдсон хийгээд прокуророос түүнд холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, улсын яллагчаас шүүх хуралдаанд дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн жинхэнэ байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
6. Үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг шалтгаант холбоо гэх бөгөөд шүүгдэгч *******ын, хохирогч Г.ын адууг хулгайлсан үйлдлийн улмаас хохирогчид эдийн хохирол учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой юм.
7. Шүүх шүүгдэгч *******ыг дээрх гэмт хэргийг шунахайн сэдэлтээр гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэв.
Шүүгдэгч нь бусдын малыг авч болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр байж өөрийн хувийн хэрэгцээг хангах зорилгоор, шунахайн сэдэлтээр хохирогчийн гүүг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчийн эд хөрөнгийн эрхэд зориуд хохирол учруулжээ.
Гэмт хэргийн хохирлын талаар:
Шүүгдэгч *******ын, хохирогч эзэмшлийн 1 адууг хулгайлсан үйлдлийн улмаас хохирогчид 1,005,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгчийн зүгээс уг хохирлыг нөхөн төлсөн болох нь хохирогч мэдүүлэг /хэргийн 21-р хуудас/ -ээр тогтоогдоно.
Монгол Улсын Дээд шүүхийн Нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг,
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны А/268, А/275 дугаартай хамтарсан тушаалын 2 дугаар хавсалтаар “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтийг баталжээ.
Дээрх “ Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-тогтоох хүснэгтээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн хохирогчид учирсан хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын зэрэглэлийг “хоёрдугаар” зэрэглэлээр тогтоосон бөгөөд хохирогч Г.аас шүүгдэгч *******оос сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй гэдгээ Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтад мэдүүлсэн тул шүүгдэгчээс гаргуулахгүйгээр тогтоолоо.
Шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт “хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар хорих ял” оногдуулахаар тогтоожээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор улсын яллагчаас “Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдохгүй байна. *******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай” гэх,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишигээс “ Үйлчлүүлэгч минь хүний юмыг хулгайлах санаа зорилго байгаагүй ч мотоцикл унаж яваад хүний юмыг санамсар болгоомжгүйгээр авсан нь миний буруу гэж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн. Иймд шүүгдэгч ******* нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа, шүүгдэгчийн насны байдал, тухайн хэргийг анхнаасаа хулгайлах санаа зорилгогүй үйлдсэн, болгоомжгүй, хайхрамжгүй хандсан, урьд ял шийтгүүлж байгаагүй, хохирогчийн хохирол төлбөрийг барагдуулсан, хохирогчийн зүгээс хохирол төлбөр, сэтгэл санааны хохирлыг нэхэмжлэх гэж ямар нэгэн гомдол тэмцэл гаргаагүй байдаг. Иймд ******* гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дах хэсэгт зааснаар ялын дээд хэмжээний 2/1-ээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний 2/1-ээс багагүй буюу 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргав.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд орших ба гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх учиртай.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно, 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах“ гэж хуульчилжээ.
Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэрэг нотлогдож, тогтоогдсон, тэрээр хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарах, мөн хохирогч гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжлэхгүй гэсэн, анх удаа гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээж байгаа, ам бүл 2, эмээгийн хамт амьдрах, хүү С. нь түүний аавын эгч ий асаргаанд байдаг зэрэг хувийн байдлыг харгалзан үзвэл түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан хуулийн дээрх зохицуулалтыг хэрэглэх хууль зүйн боломжтой гэж дүгнэлээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар шүүгдэгч *******т 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, дээрх үндэслэлээр уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус тогтоолоо.
Бусад:
Иймд хуулийн дээрх зохицуулалтыг үндэслэн, шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 1,300,000.00 төгрөгийн үнэ бүхий БНХАУ-д үйлдвэрлэгдсэн "Даюун" загварын улсын дугааргүй, улаан өнгийн мотоциклийг улсын орлогод оруулахаар тогтоолоо.
Хөрөнгийн үнэлгээний “Болор үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2402311 дугаартай дүгнэлтээр дээрх мотоциклийн зах зээлийн үнийг 1,300,000.00 төгрөгөөр тогтоосон болохыг дурдъя.
Дээрх мотоциклийг улсын орлогод оруулах шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдтал хэрэгт шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан БНХАУ-д үйлдвэрлэгдсэн "Даюун" маркийн улсын дугааргүй мотоциклийг битүүмжилсэн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 06 дугаартай Прокурорын тогтоолыг хэвээр үлдээнэ.
2. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, түүний эдлэх хорих ялыг энэ өдрөөс эхлэн тоолно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******ыг машин механизм ашиглаж, мал хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч *******ыг 1 (нэг) жил 3 (гурав) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******т оногдуулсан 1 (нэг) жил 3 (гурав) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тоолсугай.
5. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас баривчлагдан, цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, хохирогч Г.д учирсан хохирол нөхөн төлөгдсөн, шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 1,300,000.00 төгрөгийн үнэ бүхий БНХАУ-д үйлдвэрлэгдсэн "Даюун" загварын улсын дугааргүй, улаан өнгийн мотоциклийг улсын орлогод оруулсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан БНХАУ-д үйлдвэрлэгдсэн "Даюун" маркийн улсын дугааргүй мотоциклийг битүүмжилсэн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 06 дугаартай Прокурорын тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН