| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2017/04485/И |
| Дугаар | 101/ШШ2017/03899 |
| Огноо | 2017-12-04 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 101/ШШ2017/03899
| 2017 оны 12 сарын 04 өдөр | Дугаар 101/ШШ2017/03899 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Г ХХК нэхэмжлэлтэй,
Хариуцагч: З ХХКд холбогдох
4,007,347 төгрөг гаргуулах, З ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй, доголдлыг засварласан зардалд 4,600,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийг төлөөлж О.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ү.Мандал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г ХХК, гүйцэтгэх захирал О.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манай Г ХХК нь З ХХК-тай 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Бункерийн дотор дулаалга өрлөг, заслын ажил гүйцэтгэх 3X14/59 тоот гэрээ, Д блокны техникийн өрөөн дахь цахилгаан шатны хучилтанд гарсан нүх битүүмжилэх 3X14/66 тоот гэрээ, 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдөр С1 блокны гадна фасадын ажил гүйцэтгэх 3X14/104 тоот гэрээг тус тус байгуулсан. Гэрээний дагуу ажлыг гүйцэтгэн гэрээнд зааснаар Баталгаат хугацааны барьцаа төлбөр болох гэрээний үнийн дүнгийн 5 хувь болох нийт 3-н ажлын барьцаа төлбөр 5,828,432 төгрөг олгогдохоор тооцоо нийлэн 1,821,085 төгрөгийн хасагдах тооцоо гарч 4,007,347 төгрөг олгогдохоор тооцоо нийлсэн боловч одоог хүртэл өгөхөөс зайлсхийж компанийн үйл ажиллагаанд хохирол учруулж байгаа тул дээрхи мөнгийг гаргуулж биднийг хохиролгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч З ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч алиунаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Г ХХК нь гэрээнд заасан үүргээ зөрчиж, гарсан доголдолыг засаж янзлаагүй. 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан ЗХ14/104 дугаартай С1 блокын гадна фасадын ажил гүйцэтгэх гэрээ-ний 1 дүгээр зүйлд зааснаар Гүйцэтгэгч Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, байрлах Зүүн хүрээ хотхон орон сууц үйлчилгээний цогцолбор барилгын С1 блокын хойд талын гадна фасад хийх ажлыг БНбд 12-01-09 дүрэм болон бусад холбогдох норм дүрэм, чанар, стандартын дагуу иж бүрэн гүйцэтгэн захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч хүлээн авч тохиролцсон журмын дагуу ажлын хөлсийг төлөх... байсан. Зүүн хүрээ хотхон нь 2014 оны 9 дүгээр сард ашиглалтанд орсон ба Г ХХК-ийн хийж гүйцэтгэсэн С1 блокын гадна фасадтай хэсгийг 2015 оны хавар худалдан авсан худалдан авагч тал З ХХК-д өвлийн цагт дулааны алдагдал маш их, цонхон талдаа -1 градустай байна, үүдний талаас дулаан маш их алдаж, хүйтэн нөхцөлд ажиллаж байгаа талаар гомдлыг утсаар болон бичгээр удаа дараалан ирүүлсэн. Энэ тухай Г ХХК-д тухай бүрд нь мэдэгдсэн боловч чанар, стандартын дагуу доголдолыг засаж янзлалгүй өнөөдрийг хүрсэн. Мөн 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Бункерийн дотор дулаалга өрлөг, заслын ажил гүйцэтгэх ЗХ14\59, Д блокны техникийн өрөөн дахь цахилгаан шатны хучилтанд гарсан нүх битүүмжлэх ЗХ14\66 дугаартай гэрээнүүдийн баталгаат хугацааны барьцаат төлбөрийг нь тухайн үед төлөөд дуусан тул дээрх 2 гэрээнд ямар нэгэн маргаан байхгүй болно.
Гэрээнд заасан баталгаат хугацаа дуусаагүй байна. Маргаан бүхий 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан ЗХ14\104 дугаартай гэрээний баталгаат 3 жилийн хугацаа 2017 оны 8 дугаар сарын 19-нд дуусах бөгөөд тус гэрээний 3.5.1-д Баталгаат хугацаа нь гэрээт ажлыг бүрэн гүйцэтгэж дууссан өдрөөс хойш 3 жил байна. Энэхүү хугацаа дууссанаар талууд гүйцэтгэсэн ажилд үзлэг хийж тухай шалгалтаар гүйцэтгэлийг хүлээн авах ба ажлын гүйцэтгэлд доголдол илэрвэл уг зөрчлийг засуулснаар баталгаат хугацаа дуусгавар болно. Гэрээний дээрх заалтын дагуу Г ХХК нь баталгаат хугацаа дууссаны дараа З ХХК-тай хамтран гүйцэтгэсэн ажилд үзлэг хийж, ажлын гүйцэтгэлд доголдол илэрвэл уг зөрчлийг Г ХХК нь засуулсанаар дуусгавар болно. Гэтэл Г ХХК-ийн 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан 3X14\104 дугаартай гэрээний баталгаат хугацаа дуусаагүй байхад баталгаат хугацааны барьцаат төлбөрийг шүүхэд хандан нэхэмжилсэн нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Иймд Г ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч З ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:
З ХХК нь Г ХХК-тай 2014 оны 8 дугаар сарын 19-нд ЗХ14/104 дугаартай С1 блокны гадна фасадын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан байдаг. Тус гэрээний дагуу гоёлын хөндлөн хэвтээ хүрээг хийж гүйцэтгэсэн бөгөөд гэрээнд заасан баталгаат хугацаа дуусаагүй байхад буюу 2015 онд түрээслэгч, худалдан авагчаас борооны ус нэвтэрч, дулаан алдаж байна гэсэн гомдол ирсэний дагуу хяналтын инженер тухайн үед шалган үзэж Г ХХК-ийн хийсэн ажил шилэн фасадны дээд талд бэхлэгдсэн хөөсөнцөр хавтан гоёлын хүрээ хооронд зааг гарган заагаар нь барилгын үйлчилгээний талбайн дотор талд дулаан алдаж, ус нэвчин орж байгаа тухай бичгийг манай компанид өгсөн байсан. Үүний дагуу Г ХХК руу 2015 оны 11 дүгээр сарын 26-нд 15/380 дугаартай албан бичгээр доголдлыг 2015 оны 12 дугаар сарын 01-нд засварлахыг мэдэгдсэн боловч ямар нэгэн албан ёсны хариуг өгөөгүй байдаг. Ингээд түрээслэгч, худалдан авагч нарын гомдол тасрахгүй байсан тул 2016 оны 5 дугаар сарын 15-нд 16/05-01 дугаартай Композшн констракшн ХХК-тай С, С1 блокны шилэн фасадын гоёлын хүрээний доголдолыг засварлуулах гэрээг байгуулан янзлуулсан байдаг. Тус гэрээний нийт төлбөр 9,200,000 төгрөг болсон бөгөөд С1 блокны хөндлөн гоёлын хүрээ нь тал хувь нь буюу 4,600,000 төгрөгөөр янзлуулж төлбөрийг нь төлсөн. Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2 болон 2014 оны 8 дугаар сарын 19-нд ЗХ14/104 дугаартай гэрээний 5.1.3-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийгдсэн ажилд гарсан долголдлыг захиалагчийн заасан хугацаанд засаж янзлаагүй бол гуравдагч этгээдээр янзлуулж учирсан хохирлоо гүйцэтгэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг хууль болон гэрээнд тодорхой заасан байдаг.
Иймд Г ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажилтай холбогдуулан гарсан доголдлыг засаж янзалсан зардал болох 4,600,000 төгрөгийг Г ХХК-иас нэхэмжилж байгаа болно гэв.
Нэхэмжлэгч Г ХХК сөрөг нэхэмжлэл гаргасан тайлбартаа:
Манай гүйцэтгэсэн ажил доголдолтой байсан тул өөр гуравдагч компаниар гүйцэтгүүлсэн нь худлаа, үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид ажлаа гүйцэтгэж 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүлээлгэн өгсөн, 2015 оны 11 дүгээр сарын 26-нд доголдолтой талаар мэдэгдэл өгсөний дагуу манайх засаж өгсөн. Үүнээс өөр мэдэгдэл ирж байгаагүй болно. Иймд сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч З ХХК-д холбогдуулан гэрээний баталгаат барьцаа төлбөрийн 4,007,347 төгрөг гаргуулахаар үндсэн нэхэмжлэлийн шаардлага,
З ХХК нь Г ХХК-д холбогдуулан доголдлыг засварласан зардалд 4,600,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.
З ХХК, Г ХХК-ийн хооронд
2014 оны 5 дугаар сарын 21-ний өдөр ЗХ14/59 дугаартай Бункерийн дотор дулаалга өрлөг, заслын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээний 4.6-д Баталгаат хугацааны барьцаа: Захиалагч нь гэрээний нийт үнийн дүнгийн 5 хувьтай тэнцэх хэмжээний буюу 1,190,174 төгрөгийг баталгаат хугацааны барьцаа болгож гэрээний эцсийн төлбөрөөс авч үлдэн, өөрийн дансанд байршуулах бөгөөд талууд 6 сарын дараа гүйцэтгэсэн ажилд нь шалгалт хийж уг шалгалтаар зөрчил илрээгүй бол хуанлийн 30 хоногийн дотор олгох, зөрчил илэрвэл уг зөрчлийг бүрэн арилгасны дараа гүйцэтгэгчид олгоно... гэж,
2014 оны 8 дугаар сарын 19-ний өдөр ЗХ14/104 дугаартай С1 блокны гадна фасадны ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээний 4.5-д Баталгаат хугацааны барьцаа: Захиалагч нь гэрээний нийт үнийн дүнгийн 5 хувьтай тэнцэх хэмжээний буюу 4,555,977 төгрөгийг баталгаат хугацааны барьцаа болгож гэрээний эцсийн төлбөрөөс авч үлдэн, өөрийн дансанд байршуулах бөгөөд гэрээт ажлыг захиалагчид бүрэн хүлээлгэн өгснөөс хойш 1 жилийн дараа талууд гүйцэтгэсэн ажилд нь шалгалт хийж уг шалгалтаар зөрчил илрээгүй тохиолдолд хуанлийн 30 хоногийн дотор гүйцэтгэгчид олгоно... гэж тус тус тохирсон ба ЗХ14/66 дугаартай Д блокын техникийн өрөөн дахь цахилгаан шатны хучилтанд гарсан нүх битүүмжлэх ажил гүйцэтгэх гэрээ-ний баталгаат хугацааны барьцаа нь 82,281 төгрөг, нийтдээ энэхүү 3 гэрээний баталгаат хугацааны барьцаа нь 5,828,432 төгрөг болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтууд, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулагджээ.
Энэхүү баталгаат хугацааны барьцаа болох 5,828,432 төгрөгөөс 1,821,085 төгрөгийн суутгал хийгдэж, барьцаа төлбөрт З ХХК нь гэрээний дагуу Г ХХК-д 4,007,347 төгрөг төлөх үлдэгдэлтэй байгаа талаар тооцоо нийлсэн, уг төлбөрийг хариуцагч нь нэхэмжлэгчид шилжүүлээгүй болох нь зохигчдын тайлбар, Г ХХК-ийн гэрээний тооцоо зэрэг баримтаар тогтоогдож байна.
Г ХХК нь ЗХ14/59, ЗХ14/66, ЗХ14/104 дугаартай гэрээний дагуу ажлаа гүйцэтгэж З ХХК-д хүлээлгэн өгсөн байх бөгөөд ЗХ14/104 тоот гэрээний дагуу хийгдсэн ажлын гүйцэтгэлд доголдол илэрсэн тул үүнтэй холбогдуулан гарсан зардалтай холбоотойгоор З ХХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Зохигчдын хооронд байгуулсан 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн ЗХ14/104 дугаартай С1 блокны гадна фасадны ажил гүйцэтгэх гэрээ-ний ажлын үр дүнг 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Гадна дотор будаг, заслын ажил хийсэн акт-аар З ХХК хүлээн авсан байна.
Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т Барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хугацаа нэг жил байна, 14.4-т Энэ хуулийн 14.3-т заасан хугацаа дуусгавар болсон тохиолдолд гүйцэтгэгч, зураг төсөл зохиогч, захиалагч болон ашиглагч тухайн барилга байгууламжид хамтарсан үзлэг хийж, зөрчлийг арилгах талаар тэмдэглэл үйлдэнэ гэж заажээ.
Зохигчдын хооронд байгуулсан ЗХ14/104 дугаартай гэрээний ажлын гүйцэтгэлтэй холбоотой доголдол гарсныг 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр З ХХК нь мэдэгдсэнийг Г ХХК нь үгүйсгээгүй бөгөөд үүний дагуу тодорхой хэмжээний засвар хийсэн талаар зохигчид маргаагүй, ийнхүү нэмэлт ажлыг гүйцэтгэснээс хойш дахин доголдол гарсан эсхүл өмнөх доголдлыг арилгаагүйтэй холбоотойгоор гуравдагч компаниар доголдлыг арилгуулах шаардлага үүссэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Хэрэгт 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн Бодь-пропертийз ХХК-ийн барилгын хяналтын инженерийн дүгнэлтийг хариуцагч талаас ирүүлсэн бөгөөд уг дүгнэлтээс харахад ЗХ14/104 тоот гэрээт ажлыг З ХХК-ийн гэрээний мэргэжилтэн М.Эрдэнэбилэгтэй хамтран газар дээр нь шалгав гэсэн байх ба Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар гүйцэтгэгч, зураг төсөл зохиогч, захиалагч болон ашиглагч нарын хамтарсан үзлэг хийж, зөрчлийг арилгах талаар тэмдэглэл үйлдэхээр зохицуулсныг зөрчсөн гэж үзэхээр байна.
Түүнчлэн Г ХХК нь 2014 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн ба ЗХ14/104 тоот гэрээнд зааснаар ийнхүү хүлээлгэн өгснөөс хойш 1 жилийн дараа талууд гүйцэтгэсэн ажилд нь шалгалт хийж уг шалгалтаар зөрчил илрээгүй тохиолдолд хуанлийн 30 хоногийн дотор гүйцэтгэгчид баталгаат хугацааны барьцааг олгохоор заасан бөгөөд энэхүү гэрээний заалтаа хэрэгжүүлээгүй буюу талууд байлцаж гүйцэтгэсэн ажилд шалгалт хийгээгүй, хэрвээ хийсэн бол ямар зөрчил илэрсэн нь тодорхойгүй, баримтаар тогтоогдохгүй байна.
Мөн Хүрмэн ХХК-ийн 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 49 дугаартай Таван өндөр ХХК-д гэсэн албан бичгийг хариуцагч шүүхэд ирүүлсэн бөгөөд үүнийг ашиглагчийн зүгээс гаргасан өргөдөл, гомдол гэж үзэхэд эргэлзээтэй, өөрөөр хэлбэл Таван өндөр ХХК нь сууц өмчлөгчдийн холбооны эрх, үүргийг хэрэгжүүлдэг эсэх, 2014 оны ажлын гүйцэтгэлийн доголдолтой холбоотой асуудалд 2017 онд албан бичиг үйлдэж буй нь эргэлзээтэй байна.
Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-т доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх-ээр захиалагч буюу З ХХК шаардлага гаргах эрхтэй боловч хэрэгт авагдсан бичгийн баримтаар энэхүү нөхцөл байдал буюу Г ХХК-ийн гүйцэтгэсэн ажилтай холбоотой доголдол илэрсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
Иймд зохигчдын хооронд байгуулсан 3 гэрээний баталгаат хугацааны барьцаа төлбөрийн үлдэгдэл 4,007,347 төгрөгийг хариуцагч З ХХК нь Г ХХК-д төлөх үндэслэлтэй, харин ЗХ14/104 дугаартай гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлд доголдол илэрсэн болох нь дээр дурьдсанчилан тогтоогдохгүй байх тул хариуцагч З ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.
Шүүх хуралдааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1/29 дугаартай Дулаан /дуу/ тусгаарлалтын ажил гүйцэтгэсэн акт гэсэн баримтыг нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргасныг хүлээн авсан бөгөөд энэхүү хүсэлтийг шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид зохигчид гомдол гаргахгүй гэсний дагуу шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хийсэн болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч З ХХК-иас 4,007,347 /дөрвөн сая долоон мянга гурван зуун дөчин долоо/ төгрөгийг гаргуулж, Г ХХК-д олгосугай.
2. Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-т зааснаар З ХХК-ийн Г ХХК-д холбогдуулан гаргасан доголдлыг засварласан зардал 4,600,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 79,068 төгрөг, хариуцагчийн 88,550 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 79,068 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ