Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 498

 

 

МАГАДЛАЛ

 

2019.03.18                                                 Дугаар 498                                      Улаанбаатар хот

 

 

 

Г.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2018/03722 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Г.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч А.М-д холбогдох,

 

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн дундын хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Г.Б,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: М.Б,

Хариуцагчийн өмгөөлөгч: М.Ц,

Нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2006 оноос А.М-тэй гэр бүл болж, 2006 оны 12 дугаар сарын 17-ны өдөр том хүү М.М , 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүү М.М  , 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүү М.Ө төрүүлж, бид гурван хүүхэдтэй болсон. Гэрлэлтээ 2006 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод батлуулсан. Би анхны хүүгээ цэцэрлэгт ортол 2 жил гэртээ суугаад 2009-2012 онд ажил хийж байгаад том хүүг сургуульд орсноос хойш ажил хийгээгүй бөгөөд гэртээ сууж хүүхдүүдээ хардаг болсон. Бага насны хүүхдүүдтэй ба хүүхэд харах хүн байхгүй тул ажил хийх боломжгүй байсан, ажилд орох тухай А.М-д хэлэхэд элдэв шалтаг тоочин ажилд оруулахаас татгалзаж, гэртээ хүүхдүүдээ хар гэдэг байсан. А.М 2014 оны 8 сард Япон улсад Монгол жуулчны баазад гэрээгээр ажиллах болж 4 сарын дараа биднийг мөн Японд аваачсан юм. Японд очсоны дараа би бага хүүгээ төрүүлсэн бөгөөд А.М-ий ээж, эгч хоёр 14 хоногийн хугацаанд очиж дунд хүүг харахад тусалсан. Ээж эгч хоёрыгоо явснаас хойш А.М-ий ааш араншин эрс өөрчлөгдөж, чи бүх юм мэддэг байсан байна, дэлгүүрээс хүнс цуглуулахаа ч би мэднэ, гэр цэвэрлэсэнгүй, хоол хийсэнгүй гэх зэргээр нялх биетэй намайг дарамталж, сэтгэл санааны хүнд байдалд оруулсан. Энэ талаар өөрийнх нь ээжид хэлсэн боловч үүнийг мэдээд улам ихээр намайг зовоож, өдөр бүр биед халдаж, зоддог болж, сүүлдээ гар утсыг маань хүртэл хураан авсан. Хамт амьдрах хугацаанд зодуураас болж миний зүүн чихний хэнгэрэг хагарсан бөгөөд чихнийхээ хэнгэргийг нөхүүлэх тухай шаардлага тавихад дараа болъё гэж хойшлуулсаар өдийг хүрсэн. Нэхэмжлэл гаргасны дараа шүүгч эвлэрэх хугацаа тогтоосон бөгөөд эвлэрэх хугацаанд мөн л намайг элдвээр ятгаж, гуйж гувшин дахин асуудал гаргахгүй гэж байсан тул миний бие ганц удаа боломж олгохоор шийдэж эвлэрэх саналыг нь хүлээн зөвшөөрсөн. Гэтэл түүний дээрэнгүй, дарамттай байдал огт дээрдээгүйгээр барахгүй дахин хүчирхийлэл үйлдэж цагдаад баривчлагдсан. Миний бие одоогоор 3 хүүхэдтэйгээ хамт амьдарч байгаа бөгөөд хүүхдүүдээ цэцэрлэг сургуульд нь хүргэх, байрны зээл төлөх, хүүхдүүдийн хоол, унаа, цэцэрлэг сургуулийн төлбөр төлөх зэрэг маш их зардал гардаг бөгөөд энэ тухай хэлэхэд огт тоодоггүй, төлөхгүй, чадахгүй гэсэн л хариултыг өгдөг болсон. Иймд 2018 оны 5 дугаар сараас хойш тусдаа амьдрах хугацаанд 3 хүүхэд маань миний асрамжинд байгаа, өөрийн асрамжинд байх хугацаанд эх хүний үүргээ биелүүлж чадаж байгаа, цаашид ч чадна, иймд миний хүүхдүүдийг миний асрамжинд үлдээж, эцгээс нь хуульд заасан хэмжээгээр тэтгэлэгийг гаргуулах. Гэр бүлийн гишүүдийн дундын хөрөнгө Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 51 дүгээр байрны 48 тоот орон сууц, 43-98 УНУ улсын дугаартай автомашиныг өөрийн болон хүүхдүүдийн өмчлөлд авч үлдэх, Голомт банкинд байгаа 30 000 000 төгрөгний хадгаламжнаас              20 000 000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. Гэр бүлийн дундын эд хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Рашаантын 17 дугаар гудамжны 61б тоотод байрлах 191.38 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, 103.19 м.кв хувийн орон сууцыг гэрлэлт цуцлуулах нэхэмжлэл шүүхэд гаргасан байхад бичиг баримтыг нь гээгдүүлсэн гэж хуурамч баримтыг үйлдэж өөрийн төрсөн эгч А.М-ын өмчлөлд шилжүүлсэн. Үүнийг А.М-д үлдээнэ гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Өрх гэрийн тэргүүн хүнийхээ хувьд бие биедээ үнэнч байх, гэр бүл үр хүүхдээ тэжээн тэтгэх, гэр бүлдээ шаардагдах эдийн засгийн нөхцлийг бүрдүүлэх, үр хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сурч боловсруулах, бага насны хүүхдэдээ сургуулийн өмнөх насны боловсролыг олгох зэрэг үүргээ чадах хэмжээнд биелүүлсээр ирсэн. Бид 2 талаасаа нийлж амьдрахдаа байр унаа тэрэг гэж байсангүй, энэ бүхнийг би хөлс хөдөлмөрөөрөө бий болгосон, одоо унах унаа амьдрах байртай байна. Би 12-13 жил энэ амьдралыг босгох гэж зүтгэж явахдаа гэрийн эзний ёсоор хүндлэл хайр халамж амсаж эдэлж явсангүй. Санхүү мөнгөний хувьд гачигдалд оруулдаг гэж огт худал зүйл бичжээ. Миний цалингийн картыг манай эхнэр эзэмшдэг. Нэхэмжлэгч одоо үр хүүхдээ өөрөө харж байгаа мэтээр бичжээ. Бодит байдал дээр 7 хоногийн 2-3 өдөрт нь миний ээж дээр авчирч өгч ээж маань харж байгаа. Миний бие нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй. Одоо бидний амьдралд бие биеэ үл ойлголцсон хэцүү цаг үе тохиолдсон байж болно, энэ үеийг л даван туулахад цаг хугацаа шаардлагатай гэж үзэж байгаа юм. Гэрлэлтийг шууд цуцлах нь шийдвэрлэх хамгийн зөв сонголт гэж үзэхгүй, үүнд ч ихээхэн цаг хугацаа шаардагдана гэж ойлгохгүй байна гэжээ.

Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Г.Б , А.М нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2006 оны 12 дугаар сарын 17-ны өдөр төрсөн хүү М.М , 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн хүү М.М  , 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү М.Ө нарыг эх Г.Б-ийн асрамжинд үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар М.М , М.М  , М.Ө нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл нь амьжиргааны түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг А.М-өөс тэтгэлгийг гаргуулж тэжээн тэтгүүлж, Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.1, 129.2, 129.6 дахь хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Дандарбаатарын гудамж 51 дүгээр байрны 48 тоот 56.99 м.кв талбайтай Y-2204061300 гэрчилгээтэй орон сууц, 43-98 УНУ улсын дугаартай Toyota Prius автомашиныг нэхэмжлэгч Г.Б , М.М , М.М  , М.Ө нарын өмчлөлд үлдээж, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Рашаантын 17 дугаар гудамжны 61б тоот гэр бүлийн хэрэгцээний 191.38 м.кв газар, 103.19 м.кв талбайтай хувийн орон сууцыг хариуцагч А.М-д ногдох эд хөрөнгөд тооцож, хадгаламжнаас ногдох хэсэг 20 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Б гаас төлсөн 169 650 төгрөгийг улсын орлого болгож, эд хөрөнгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 476 843 төгрөг, хадгаламж 20 000 000 төгрөгөнд ногдох хураамж 257 950 төгрөгийг Г.Б гаас тус тус гаргуулж улсын орлого болгож, хариуцагч А.М-өөс эд хөрөнгийн үнэ 28 018 100 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 253 640 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож, гэрлэлт цуцлуулж, асрамж, тэтгэлэгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 169 644 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Б д олгож, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулах, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүй бөгөөд эх Г.Б , эцэг А.М нар нь харилцан дээрх эрхээ эдэлж, үүргээ хүлээхэд харилцан саад учруулахгүй байхыг дурдаж,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2-т тус тус зааснаар хариуцагч А.М болон түүний өмгөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа нотлох баримтыг өөрсдөө шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй. Ийнхүү шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж үзэж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Г.Б  нь хариуцагч А.М-д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн дундын хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл зохигч нь 2006 онд гэр бүл болж, 2006 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүү М.М , 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүү М.М  , 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүү М.Ө төрсөн. 2017 оны 11 дүгээр сард нэхэмжлэгч нь гэр бүлээ цуцлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхээс тогтоосон эвлэрэн хэлэлцэх хугацаанд эвлэрсэн боловч гэр бүлийн таарамжгүй харьцаанаас болж хамтын амьдралаа үргэлжүүлэх боломжгүй болсон, гэрлэгчид 2018 оны 5 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа зэрэг үйл баримт тогтоогдсон.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ гэрлэгчдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуульд нийцүүлэн шийдвэрлээгүй, давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулах замаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзнэ.

Тодруулбал: нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 51 дүгээр байрны 48 тоот орон сууц, 43-98 УНУ улсын дугаартай автомашин, Голомт банкинд байгаа               30 000 000 төгрөгний хадгаламжаас 20 000 000 төгрөгийг гаргуулах, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Рашаантын 17 дугаар гудамжны 61б тоотод байрлах 191.38 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, 103.19 м.кв хувийн орон сууцыг А.М-д үлдээхээр эд хөрөнгөтэй холбоотой маргаанаа шийдвэрлүүлэх нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэлд заасан 48 тоот орон сууцны зээлийн үлдэгдэл 41 000 000 төгрөгийг хэн, ямар хэмжээгээр хариуцах эсэхийг шийдвэрлээгүй, 191.38 м.кв  талбай бүхий газар, 103,19 м.кв орон сууц нь гуравдагч этгээд А.М-ын өмчлөлд бүртгэлтэй, зохигчид бүртгэл буруу ташаа гэж маргасан баримт хэрэгт авагдаагүй байхад тухайн үл хөдлөх эд хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж дүгнэсэн үндэслэл тодорхойгүй, бусдын өмчлөлийн эд хөрөнгийг хариуцагчийн өмчлөлд үлдээсэн нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх заалтад нийцээгүй байна.

Шүүх Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсгийн заалтад нийцүүлэн зохигчдын эд хөрөнгийн маргааныг шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд давж заалдах шатны шүүх дээрх алдааг залруулан хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2018/03722 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 767 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ш.ОЮУНХАНД

    ШҮҮГЧИД                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                  М.НАРАНЦЭЦЭГ