Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 126/ШШ2022/0031

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Ганчимэг би Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.Бгийн Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Бд холбогдуулан гаргасан Холбогдогч П.От шийтгэл оногдуулсан 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 0001553 дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах тухай дүгнэлт бүхий гомдлыг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хөвсгөл аймгийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.Б тус шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: Хөвсгөл аймгийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.Б би, тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Б нь Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын иргэн П.О нь зохих зөвшөөрөлгүй загас тээвэрлэсэн гэх 2238000088 дугаартай зөрчлийн хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, холбогдогч П.От 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар торгох шийтгэл оногдуулж, хохирол, нөхөн төлбөр гаргуулах албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.

Материалд цугларсан холбогдогч П.Оийн ... Загасны хорио тавигдсан гэхээр нь хувь хүмүүсээс худалдаж авсан. Хувь хүмүүс зөвшөөрөл авч барьдаг. Хэдэн килограмм явуулсан гэдгээ мэдэхгүй байна ... гэх мэдүүлэг, тус аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн экологийн асуудал хариуцсан ажилтан, цагдаагийн дэслэгч Ц.Батсүхийн зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, Мэргэжлийн хяналтын газрын 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 23-04-020/02 дугаартай улсын байцаагчийн эд зүйл хураан авах тухай акт зэрэг нотлох баримтуудаар холбогдогч П.О нь иргэдээс 77 ширхэг загасыг гарал үүслийн тодорхойлолтгүйгээр худалдан авч, 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас Улаанбаатар хот руу тээвэрлэсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

Амьтны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсэгт Ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг худалдах иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тухайн сум дахь байгаль хамгаалагч гарал үүслийн тодорхойлолт олгоно гэж, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт энэ хуулийн 25.3-т заасан тодорхойлолт аваагүй амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг худалдах, худалдан авахыг хориглоно гэж хуульчилсан бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн А/75 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан Ан амьтан, тэдээрийн гаралтай түүхий эдийн гарал үүслийн тодорхойлолт олгох, хяналт тавих журам-ын 1.2-т Ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн гарал үүслийн тодорхойлолт нь ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг нийслэл, өөр аймаг, сум тэдгээрийн хооронд тээвэрлэх, худалдахад зохих зохих журмын дагуу агнасан болохыг гэрчилсэн баримт болно гэсэн байна.

Холбогдогч П.О нь гарал үүслийн тодорхойлолтгүйгээр загас худалдан авч, тээвэрлэсэн байх бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт Агнуурын амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг тусгай зөвшөөрөл, гарал үүслийн бичиг, дагалдах тодорхойлолтгүйгээр худалдсан, худалдан авсан үйлдлийг зөрчилд тооцохоор хуульчилсан байх тул түүний гарал үүслийн тодорхойлолтгүйгээр загас худалдан авсан үйлдэлд нь хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Гэтэл эрх бүхий албан тушаалтан 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 0001553 дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч П.От Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шийтгэл оногдуулсан, мөн шийтгэлийн хуудсанд шийтгэлийн хэмжээг бичээгүй, албадлагын арга хэмжээг бичих хэсэгт торгуулийг бүрэн барагдуулах гэж албадлагын арга хэмжээний төрлийг буруу бичсэн нь Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2-т заасан зөрчил үйлдсэн хүн хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг энэ хуулиар тогтооно гэсэн хууль ёсны зарчимд нийцээгүй байна.

Иймд шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах үндэслэл тогтоогдож байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Бгийн холбогдогч П.От шйитгэл оногдуулсан 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 0001553 дугаартай шийтгэлийн хуудасны Шийдвэрлэх нь: хэсгийн 1 дэх хэсэгт заасан ... Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1.2-т заасны дагуу торгох шийтгэл оногдуулж, торгуулийг бүрэн барагдуулах ... гэснийг ... Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу 300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, 770 000 төгрөгийн хохирол, нөхөн төлбөр гаргуулах ... гэж өөрчлүүлэхээр прокурорын дүгнэлт бичив гэжээ.

Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Бшүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хөвсгөл аймгийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.Б 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр прокурорын 42 дугаартай дүгнэлт бичиж тус аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн дүгнэлттэй таницлаа.

Уг прокурорын дүгнэлтэнд Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Б миний би, Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын иргэн П.От Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шийтгэл оногдуулсан, шийтгэлийн хуудсанд шийтгэлийн хэмжээг бичээгүй, албадлагын арга хэмжээг бичих хэсэгт торгуулийг бүрэн барагдуулах гэж албадлагын арга хэмжээний төрлийг буруу бичсэн нь мөн хуулийн 1.2 дугаар зүйлийн 2-т заасан зөрчил үйлдсэн хүн хуулийн этгээдэд оногдуулах шийгэл, албадлагын арга хэмжээг энэ хуулиар тогтооно гэсэн хууль ёсны зарчимд нийцээгүй байна. Иймд холбогдогч П.От шийтгэл оногдуулсан 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 0001553 дугаартай шийтгэлийн хуудасны шийдвэрлэх нь: хэсгийн 1 дэх хэсэгт заасан ... Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1.2-т заасны дагуу торгох шийтгэл оногдуулж, торгуулийг бүрэн барагдуулах ... гэснийг ... Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5-т заасны дагуу 300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, 770 000 төгрөгийн хохирол нөхөн төлбөр гаргуулах ... гэж өөрчлүүлэхээр прокурорын бичсэн дүгнэлтийг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Б ньиргэн П.От гарал үүслийн тодорхойлолтгүйгээр загас худалдан авч, тээвэрлэсэн гэх 2238000088дугаартай зөрчлийн хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, холбогдогч П.От 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1.2-т зааснаар торгох шийтгэл оногдуулжээ.

Хөвсгөл аймгийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.Б тус шүүхэд Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Бгийн үйлдсэн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0001553 дугаар шийтгэлийн хуудсаны Шийдвэрлэх нь: хэсгийн 1 дэх хэсэгт заасан ... Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1.2-т заасны дагуу торгох шийтгэл оногдуулж, торгуулийг бүрэн барагдуулах ... гэснийг ... Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу 300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, 770 000 төгрөгийн хохирол, нөхөн төлбөр гаргуулах ... гэж өөрчлүүлэх тухай гомдол гаргаж, дүгнэлт ирүүлсэн байна.

Шүүх зөрчлийн хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Бгийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0001553 дугаар шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах тухай Хөвсгөл аймгийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.Бгийн дүгнэлтийг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрчээ.

Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхолыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийн баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дугаар зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Хөвсгөл аймгийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.Бгийн П.От шийтгэл оногдуулсан 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 0001553 дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах тухай дүгнэлт бүхий гомдлыг хариуцагч Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Б бүхэлд нь зөвшөөрснийг баталж, зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар гомдол гаргагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг тайлбарласугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ГАНЧИМЭГ