| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2025/0044/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/46 |
| Огноо | 2025-04-07 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | О.А |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 2025/ШЦТ/46
2025 ... ... ...
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,
Нарийн бичгийн дарга Б.М
Улсын яллагч О.А
Шүүгдэгч М.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт М-ын Э-т холбогдох эрүүгийн ... тоот хэргийг 2025 оны 04 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...ний өдөр ... аймгийн ... суманд төрсөн, ... настай, ..., ... боловсролтой, ... мэргэжилтэй, ... ажилгүй, ам бүл ....., . аймгийн ... сум,.. .-р баг, ... гэх газар оршин суух бүртгэлтэй, ... аймгийн ... сум, ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ... аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны ... дүгээр сарын...-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 1 хоногийн баривчлах ялаар,
... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны ... дүгээр сарын ...-ний өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар,
... аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны ... дугаар сарын ...-ны өдрийн ........ дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хорих ялаар,
..... аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны ... дугаар сарын ......-ны өдрийн .. дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Бовогт М-ын Э /РД:.../
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Э нь ... аймгийн ... сумын ... дүгээр багийн нутаг дэвсгэрт 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр согтуурсан үедээ хохирогч О.Б-ийн байнга амьдрах орон байранд нэвтэрч Самсунг 54 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бусдад бага хэмжээнээс дээш буюу 450,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч М.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би тухайн өдрийг сайн санахгүй байна. 2024 оны 07 дугаар сарын сүүлээр байсан санагдаж байна. Ц бид хоёр жоншны уурхайгаас өглөө 08 цагийн орчимд Ц-ын машинаар Дорноговь аймгийн ... сумаас салдаг уулзварын хажууд байрлах /нэрийг сайн санахгүй байна/ цайны газарт үйлчлүүлэх зорилготой ороход өглөө эрт байсан болохоороо тухайн цайны газарт хүн байхгүй ширээн дээр 1 ширхэг Самсунг маркийн гар утас байхаар нь би Ц-т мэдэгдэлгүй тухайн гар утсыг нууцаар аваад халаасандаа хийсэн. Ингээд бид хоёр архи уух зорилгоор Дорноговь аймгийн ... сум руу очиж тэндээ буудалд архи ууж байгаад согтоод унтаад өгсөн. Би тухайн утсаар яриагүй, залгасан талаар мэдээгүй. Утас алдсан гэх хүнээс мөнгө төгрөг нэхэж шаардсан зүйл байхгүй. Би Дорноговь аймгийн ... суманд байдаг гэр бүлийн талбай дээр очиж танихгүй явуулын эмэгтэй хүнд тухайн гар утсыг үзүүлж 100,000 төгрөгөөр зарж борлуулан тухайн мөнгөөрөө архи, тамхи, идэх юм авч хэрэглээд дуусгасан гэжээ. /хх-ийн 61-62/
Шүүгдэгч М.Э шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Гэм буруугаа хүлээж байгаа, хохирлоо ажил хийгээд төлнө, нэмж ярих зүйл байхгүй гэв.
Хохирогч О.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр гэртээ 13 цагийн үед гэртээ байж байтал гаднаас 2 согтуу хүн орж ирээд дундаа нэг шөлтэй хоол авна гээд захиалга өгөөд машиндаа сууж байсан. Тэгээд би хоолоо хийж дуусаад машин дээр нь очоод хоол болсон хоолоо идээрээ гээд хэлсэн чинь нэг залуу нь бууж ирсэн. Тэгээд би цайны газар луугаа явж байгаад эргээд хартал хашаан дотор тарьсан байсан модруу шээж байхаар нь боль гэж хэлээд цайны газар луугаа орсон. Тэгээд орж ирэхгүй удаад байхаар нь гараад хартал манай гэрээс гарч ирж байсан. Тэгэхээр нь чи яагаад манай гэр лүү орсон юм бэ гэж асуутал би андуурчихлаа гээд цайны газар луу орсон. Тэгээд орж ирэхээр нь тооцоогоо хий гэсэн чинь манай найз мөнгө төлнө гэхээр нь чи эхлээд тооцоогоо хийчих гэсэн чинь буцаад машин руугаа явсан. Тэгээд машиндаа сууж байснаа машинтайгаа хөдлөөд явчихсан. Түүнээс хойш би нэг цагийн дараа гар утсаа хайгаад олохгүй болохоор нь эхнэрийн утсаар өөрийнхөө утас руу залгатал нэг эрэгтэй хүн аваад “чи хэн бэ би энэ утсыг нэг хүнээс 100,000 төгрөгөөр худалдаж авсан, одоо би хотод байна” гэхээр нь “чи цайны газар хоол захиалчхаад манай гэрээс гар утас хулгайлсан байна муу хулгайч” гэх зэргээр хэлсэн чинь утсаа тасалчихсан. Тэгээд би Улаанбаатарт байгаа охин Б-д хэлтэл манай охин миний алдсан утас руу залгаад ярихад “300,000 төгрөг төлөөд утсаа ав” гэсэн. Тэгэхээр нь ямар дансанд хийх талаар асууж байгаад дансны дугаарыг нь утасны дугаартай нь асууж авсан гэсэн. Тухайн залуу манай охин Б-д ... Хаан банкны дугаар өгсөн тухайн данс нь Ц гэх нэр гарч ирсэн гэсэн. Утасны дугаар нь ... гэсэн дугаар өгсөн гэсэн. Би тухайн үед ... сумын цагдаа дэд ахлагч Б-т мэдэгдсэн. Тухайн 2 залуу Toyota Prius-20 маркийн машинтай явж байсан. Би тухайн үед машины дугаарыг анзаараагүй байсан. Орой нь манай эхнэр О өөрийнх нь дугаар луу нь залгатал аваад манай эхнэрийг өөрийнхөө найз гэж андуураад “чи хаана байна хурдан хүрээд ир” гэх зэргээр яриад байхаар нь “чиний машины дугаар хэд билээ” гээд асуутал “... улсын дугаартай” гэж хэлсэн. Тэгэхээр нь би аймагт байдаг дүү Б-т хэлтэл ар шандад өөдөөс нь урсгал сөрөөд орж ирсэн гэсэн. Тэгэхээр нь манай дүү араас нь дагаад явтал ... дэлгүүр лүү орохоор нь араас нь ортол тамхи авах гээд байгаа бололтой хүнтэй утсаар яриад байсан гэсэн. Тэгэхээр нь гараад машины цонхоор нь хартал машинд нь хүн байхгүй машин нь асаалттай байхаар нь машиныг нь унтраагаад машиных нь түлхүүрийг аваад надад хэлхээр нь би цагдаа Б луу хэлсэн. Тэгээд хөдөлгөөнт эргүүлийн цагдаа нар ирэхээр нь цагдаад хүлээлгэж өгсөн гэсэн. Би гар утсаа аваагүй байгаа. Би алдсан гар утсаа олж аваагүй байгаа, гомдолтой байна. Тухайн алдсан гар утсаар хоолны захиалга авдаг байсан юм. Би гэрээсээ гар утсаа алдсан. Миний гар утас Самсунг А-54 маркийн хар цайвар ягаан өнгийн ямар нэгэн хэрэглээний сэв зураас байхгүй. 2024 оны 04 дүгээр сард Улаанбаатар хотын теди худалдааны төвөөс 500,000 төгрөгөөр худалдан авч байсан. Би гар утсаа 500,000 төгрөгөөр үнэлж байна. Манай гэр цайны газар тусдаа байдаг. Нэг байшин мөртлөө тус тусдаа хаалгаар ордог. Би гар утсаа гэртээ орон дээрээ цэнэглэж орхиод хажуу талынхаа цайны газарт хоолоо хийж байсан. Цоожтой байгаагүй. Гэр цайны газар 2 зэргэлдээ байдаг учир орж гарахад амар гээд хаалгаа хаагаад цоожлоогүй байсан. Тухайн үед би хоолоо хийчхээд цайны газраас гарч ирэхэд хоол захиалсан 2 залуу хөх өнгийн приус машиндаа сууж байсан. Тэгээд нөгөө 2 залууг би хоолоо ид гэж хэлэхэд нэг нь намайг дагаад цайны газар луу орох шиг болсон чинь нөгөөх нь араас орж ирэхгүй болохоор нь би буцаад гарахад нөгөө залуу манай гэрээс гарч ирж байсан. Тэгээд би чи яагаад манай гэрээс гарч ирж байгаа юм гэж асуухад амандаа нэг юм бувтнаад андуурсан гэж хэлсэн. Туранхай халзандуу толгойтой хар бараан царайтай цээж нүцгэн, гуталгүй архи уусан согтуу залуу байсан. Төлөөгүй хоолоо идээгүй миний гар утсыг хулгайлаад яваад өгсөн байсан. Би хохирлоо барагдуулж авмаар байна гэжээ. /хх-ийн 19-22/
Гэрч З.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр жоншны уурхайд хамт ажиллаж байсан Х /бүтэн нэрийг мэдэхгүй/ гэх залуутай хамт уурхай дээрээ 1 шил 0,5 граммын хараа нэртэй архи хувааж уусан. Бид 2 архиа ууж дуусчхаад би ... явж өөрийнхөө ... улсын дугаартай хөх өнгийн приус-20 маркийн машины моторын тос солиулах ажилтай болоод Х-ийн хамтаар уурхай дээрээс хөдөлсөн. Замдаа бид 2 ... сумын салдаг уулзварын цайны газар орж хоол авч идсэн. Жаахан согтсон байсан болохоор ямар хоол идсэнээ санахгүй байна. Хоол идэж дуусаад шууд ... руу явсан. ... очоод Х бид хоёр 1 шил 0,75 граммын архи хувааж уугаад Х машинаас буугаад алга болсон. Би тэгээд согтуу машинаа унаж явж байгаад цагдаад баригдаад машинаа журмын хашаанд хийлгэсэн. 2024 оны 08 дугаар сарын 07-14-ний өдрүүдэд баривчлах шийтгэлээр шийтгүүлж эрхээ хасуулсан. Гарч ирээд хотод 10 хоног байж байгаад Дорноговь аймгийн ... суманд ирээд ажлаа хийж байна. Би бүтэн нэр гар утсыг мэдэхгүй жоншны газар Х 7 хоног ажилласан байх. Өөрийгөө Х гэж танилцуулсан. Тийм сайн танихгүй байж байгаад 07 дугаар сарын 20-ны өдөр хамт архи уусан. Сайн мэдэхгүй байна өөрийгөө ... аймгийнх гэж байсан. Миний ажиллаж байгаа нөхөрлөл дээр ажил хийх гэж ирээд надтай хамт архи уугаад тэгээд цааш алга болсон. Хоол идэж байхад бие засах гээд гарчхаад орж ирсэн. Би ямар нэгэн зүйл авч байхыг нь хараагүй. Харин шандад очоод хамт архи ууж байхдаа Х би энэ утсыг сая олсон юм гээд самсунгийн бололтой нэг утас харуулсан. Тэгснээ энэ утасны эзэн яриад байна утсаа 300,000 төгрөг өгөөд авмаар байна гэнээ гэж хэлсэн. Тэгээд миний ... дугаарын утсаар Х тэр гар утасны эзэнтэй яриад байсан. Удалгүй ууж байгаа архи дуусаад Х нөгөө олсон гээд байсан гар утсаа өөрөө аваад явсан. Дараа нь би баривчилгаанд явахаасаа өмнө уурхай дээр очиход Х ирчихсэн байсан. Би Х-аас тэр олсон утасных талаар лавлаж асуухад би нөгөө газраас авчихсан юм аа. Би тэр гар утсаа ... нэг танихгүй хүнд 100,000 зарсан гэж ярьж байсан. Тэрнээс хойш Х-тай уулзаагүй. Хар өнгийн Самсунгийн бололтой утас байсан. Шил нь хагарч цуураагүй шинэвтэр утас шиг харагдсан. Мөн тэр утас асаалттай эзэн нь залгаад Х яриад байх шиг байсан. Бид хоёр архи уусан гэсэн машинаа бариад ... орсон. Архи уусан ч гэсэн өөрсдийгөө удирдан жолоодох чадвартай байсан гэжээ. /хх-ийн 25-27/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 08/
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 28-35/
... ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ /хх-ийн 45-46/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 47-49/
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын 2025 оны 04 сарын 01-ний өдрийн ... дугаартай тогтоол /хх-ийн 54-57/
Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолууд, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 65, 72-90/
Хавтас хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 93-94/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Гэм буруугийн хувьд:
Шүүгдэгч М.Э нь Дорноговь аймгийн ... сумын ... дүгээр багийн нутаг дэвсгэрт 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр согтуурсан үедээ хохирогч О.Б-н байнга амьдрах орон байранд нэвтэрч Самсунг 54 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бусдад бага хэмжээнээс дээш буюу 450,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч О.Б-н /хх-ийн 19-22/ мэдүүлэг, гэрч З.Ц-ын /хх-ийн 22-25/ мэдүүлэг, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 28-35/, ... ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ /хх-ийн 45-46/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 47-49/, шүүгдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэрэг бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.
Хүний орон байрны халдашгүй байдал болон хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн хувьд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд орсон бол хууль бус нэвтрэлт гэж үзнэ. Шүүгдэгч М.Э-н хувьд хохирогч О.Б-ийн зөвшөөрөлгүй орон гэрт нь орж түүний эзэмшлийн гар утсыг авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, бусдын гар утсыг хулгайлсан гэмт хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирлын хувьд:
Шүүгдэгч М.Э нь хохирлыг төлж барагдуулаагүй байх тул ... ХХК-ийн шинжээчийн үнэлгээгээр тогтоогдсон 450,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч О.Б-д олгож шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлагын хувьд:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт М-ын Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч М-ын Э-ийг 2 /хоёр/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч М.Э-аас 450,000 төгрөгийг гаргуулж хохирогч О.Б-д олгосугай.
5. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.Б