Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 101/ШШ2020/02648

 

 

 

 

 

 

 

 

2020 07 24

101/ШШ2020/02648

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: 0 байрлах ХҮСТҮБК ААТҮГ /Рд:0/-ын  нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: 0тоотод байрлах ШУПЗШУТҮН, УТҮГ /РД:01/-т холбогдох,

Түрээсийн гэрээний үүрэг болон хохиролд 137,128,880 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч П.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай байгууллага нь арьс ширний салбарт туршилт судалгаа, сургалт, зөвлөх үйлчилгээ, инноваци итгэмжлэгдсэн лабораторийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг өөрийн өмчлөлийн байртай, төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар юм. 2016 оноос Шинжлэх ухаан технологийн сантай Молекул-биологийн хэрэглээний лаборатори үйл ажиллагаа явуулах лабораторийн байр түрээслэх гэрээ байгуулан хамтран ажиллаж ирсэн. Монгол Улсын Засгийн Газрын 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн №19 дүгээр тогтоолоор Шинжлэх ухаан технологийн сангийн бүтцэд байгаа Шинжлэх ухааны паркийн менежментийн хэлтсийг Шинжлэх ухааны паркийн захиргаа болгон өөрчилж, ШУТҮНэгдэл гэдэг төрийн өмчит хуулийн этгээдийг байгуулсан. Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны сайдын 2017 оны А/47, 27 тоот тушаалаар тус Молекул-биологийн хэрэглээний лаборатори-ийн өмчлөл одоогийн Шинжлэх ухааны паркийн захиргаа ШУТҮН, УТҮГ-т шилжсэн болно. Молекул-биологийн хэрэглээний лаборатори нь Шинжлэх ухааны паркийн захиргаа ШУТҮН, УТҮГ-т шилжсэнтэй холбоотойгоор манай байгууллагын Шинжлэх ухаан технологийн сантай байгуулсан лабораторийн байр түрээслэх гэрээ 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр дуусгавар болсон. Манай байгууллагаас гэрээг шинэчлэн байгуулах саналыг Шинжлэх ухааны паркийн захиргаа ШУТҮН, УТҮГ-т удаа дараа тавьж байсан боловч арга хэмжээг аваагүй тул манай байгууллага Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж 2017 оны 04 сарны 16-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 16-ны хоорондох 26,481,600 төгрөгийг 2019 оны 03 сарын 01 -ний дотор манайд төлөхөөр эвлэрч шүүгчийн захирамж гарсан. Бид энэ хугацаанд хариуцагчаас дээрхи мөнгийн гаргуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хүсэлт хүргүүлсэн боловч эцэслэн шийдэгдээгүй байна.

Шинжлэх ухааны паркийн захиргаа ШУТҮН, УТҮГ-ын Молекул биологийн хэрэглээний лаборатори нь одоог хүртэл манай корпорацийн байранд байгаа ба 2019 оны 05 сарын 17-ны өдрийн 34 тоотоор хүсэлт гаргасныг үндэслэн ХҮСТҮБ- ийн корпораци Шинжлэх ухааны паркийн захиргаа ШУТҮН, УТҮГ -ын хооронд 2019 оны 05 сарын 20-ны өдрийн 19/35 тоот лабораторийн байр түрээслэх чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгуулсан. Харамсалтай нь Шинжлэх ухааны паркийн захиргаа ШУТҮН, УТҮГ нь өнөөдрийг хүртэл ямар нэгэн байдлаар өр барагдуулаагүй байна. Уг гэрээний гуравын 3.1-д Шинжлэх ухааны паркын захиргаа ШУТҮН УТҮГ нь ХҮСТҮБ-ийн корпораци ТӨААТҮГ-ын 3 ба 4 давхарт 471,1 м.кв талбайг сарын 10 000 төгрөгөөр тооцон нийт 4,721,000 төгрөгийг cap бүрийн 10-ны дотор шилжүүлж байхаар заасан. Нэхэмжлэгчийн зүгээс Шинжлэх ухааны паркийн захиргаа ШУТҮН, УТҮГ-т хандан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардан удаа дараа албан тоотуудыг илгээж байсан боловч зохих шийдвэрийг гаргаагүй болно. Хариуцагч байгууллага нь улсын төсвөөс санхүүждэг, өөрийн хөрөнгө, орлогыг хуулийн дагуу захиран зарцуулах эрхтэй, байгууллагын үйл ажиллагааг тогтвортой явуулах үүрэг хүлээсэн хуулийн этгээд боловч гэрээний үүргээ биелүүлэхгүй нэхэмжлэгч байгууллагын эрхийг зөрчиж, үндэслэлгүйгээр хөрөнгөжиж үйл ажиллагаагаа явуулсаар байна. Хоёр улсын Засгийн газрын хэлэлцээр, хамтын ажиллагааны хүрээнд хүлээсэн үүргийг хэрэгжүүлэх, шинжлэх ухаан, технологийн дэвшил, хөгжлийн төлөө манай байгууллага өөрсдийн нөөцийг ашиглан ажиллаж, хүлээцтэй хандаж ирсэн. Гэвч өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар үйл ажиллагааны орлогын эх үүсвэрийг бүрдүүлэн ажилладаг газрын хувьд цаашид энэ байдлаар ажиллахад хүндрэлтэй болж байна. Байгууллагуудын хооронд авлага, өглөгийн асуудал шийдэгдэхгүй удааширсан, хариуцагч талын нягтлан тооцоо нийлсэн актанд гарын үсгээ зурж, тооцоогоо хүлээн зөвшөөрөхөөс удаа дараа татгалзсан нь манай байгууллагын үйл ажиллагаанд хохирол учруулж байна. Үүссэн хохирлыг дурдвал, дансны авлага 131,405,412 төгрөг болтол нэмэгдсэн, татварт 86,196,717 төгрөгийн өрийн хуримтлал үүссэн, авлага, өр барагдуулаагүй гэсэн шалтгаанаар Үндэсний аудитын газраас 2019 онд хязгаарлалттай санал дүгнэлт авсан, хязгаарлалттай санал дүгнэлт авсан тул ажилтнуудад хариуцлага тооцох тухай БСШУСЯ -наас ирсэн 10/2996 тоотын дагуу албан үүргээ шударгаар гүйцэтгэж байгаа ажилтанд хариуцлага тооцох нөхцөл байдал үүссэн, татварын ерөнхий газар өртэй тул тендерт оролцох боломжгүй болсон, байгууллагын төлөвлөгдсөн засвар үйлчилгээ, бизнесийн үйлчилгээний ажлууд хийгдээгүй, байгууллагын бизнесийн нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн, төрийн өмчид хариуцлагагүй хандаж 2 удаа ус алдаж байсан болно. Иймд Шинжлэх ухааны паркийн захиргаа ШУТҮН, УТҮГ-аас 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2020 оны 05 дүгээр сарын 31-ний өдөр хүртэлх байр ашигласны төлбөр 107,128,880 төгрөг, бизнесийн үйл ажиллагаанд учирсан хохирлын төлбөр 30 000 000 төгрөг, нийт 137 128 880 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай байгууллага нь ХҮСТҮБК ТӨААТҮ-тай 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 19/35 тоот Хамтран ажиллах гэрээ" байгуулсан. Уг гэрээнд заасны дагуу 34,778,033 төгрөгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн үлдсэн дүн болох 102 350 847 төгрөгийг түрээсийн гэрээ хийгээгүй тул эс хүлээн зөвшөөрч байна. Иймд нэхэмжлэлийн нийт үнийн дүнгээс 102 350 847 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Манай байгууллага нь нэхэмжлэгч байгууллагын байранд 2017 оноос хойш байрлаж, 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр нүүсэн. Энэ хугацаанд 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацааны түрээсийн төлбөрийг төлөөгүй болох нь үнэн. Манай байгууллагыг цалингаас өөр төсөв байхгүйгээр 9 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж ирсэн. Нэхэмжлэгч байгууллага нь түрээсийн гэрээний 4.2-т заасан үүргээ биелүүлээгүй, манай байгууллагыг үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөлөөр хангаагүй. 2020 оны 03 дугаар сард хаалга лацдаж, удаа дараа тог таслах зэргээр гэрээний үүргээ зөрчиж байсан тул түрээсийн төлбөр төлөх үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 34.778.033 төгрөгийг хүлээн зөвшөөрч, бусад хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад, 

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч ХҮСТҮБК ААТҮГ нь хариуцагч ШУПЗШУТҮН, УТҮГ-т холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 107,128,880 төгрөг, хохиролд 30,000,000 төгрөг, нийт 137,128,880 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч 34,778,033 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргасан.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Зохигчдын хооронд 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ХҮСТҮБК ААТҮГ нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, арьс ширний үйлдвэрүүдийн хашаанд орших ХҮСТҮБ-ийн корпорацийн байрны 3 ба 4 давхрын 472,1 м.кв талбайг ашиглуулах, ШУПЗШУТҮН, УТҮГ нь 1 м.кв-ыг 10,000 төгрөгөөр тооцож, сард нийт 4,721,000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь хамтран ажиллах гэрээ гэх нэртэй байх боловч тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар түрээсийн гэрээний харилцаа үүсчээ.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ гэж заасан. Зохигчдын хооронд байгуулсан гэрээний зүйл нь үл хөдлөх эд хөрөнгө байх бөгөөд талуудын хэн аль нь гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй талаар тайлбарласан.

Хэдийгээр Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж заасан боловч түрээслэгч нь түрээслүүлэгчийн үл хөдлөх эд хөрөнгө болох барилгыг бүхэлд нь түрээслээгүй, 3, 4 давхрыг хэсэгчлэн түрээслэсэн байх тул гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх шаардлагагүй юм.

Иймд талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд байгуулсан, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар хийгдсэн, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр байна.

Хариуцагч ШУПЗШУТҮН, УТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн төлбөрийг 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл төлөөгүй, 2020 оны 06 сарын 18-ны өдөр хүртэл хугацаанд уг байранд үйл ажиллагаа явуулсан талаар тайлбарласан. Нэхэмжлэгч нь хариуцагчаас 2020 оны 05 сарын 31-ний өдөр хүртэл хугацааны түрээсийн төлбөр шаардсан болно.

Хариуцагчаас гэрээг бичгээр байгуулаагүй хугацааны түрээсийн төлбөрийг төлөхгүй гэж маргасан нь үндэслэлгүй байна. Талууд 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр гэрээг бичгээр байгуулахаас өмнөх хугацааны буюу 2018 оны 01 сарын 16-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд 34,330,950 төгрөг, 2019 оны 01 сарын 01-ний өдрөөс 2019 оны 05 сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд 15,368,770 төгрөгийн түрээсийн төлбөрийн үлдэгдэлтэй болохыг тодорхойлж тооцоо нийлсэн байна. Уг тооцоо нийлсэн баримтад нэхэмжлэгч байгууллагын нягтлан бологч Ц.Ичинхорлоо, хариуцагч байгууллагын нягтлан бодогч Г.Ганжаргал нар гарын үсэг зурж, тус бүр санхүүгийн тэмдэг дарж баталгаажуулсан байна.

Түүнчлэн хариуцагч нь түрээсийн гэрээний үүрэг төлөхгүй гэх үндэслэлээ ...байгууллага 9 хүний цалингаас өөр төсөвгүй, түрээслэгч байгууллага нь үйл ажиллагаа явуулах хэвийн нөхцөлөөр хангаагүй, удаа дараа тог тасалсан, түрээсийн зүйлийг лацдаж оруулаагүй гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар баримтаар нотлоогүй.

Иймд хариуцагч ШУПЗШУТҮН, УТҮГ-аас түрээсийн төлбөрт 2018 оны 01 сарын 16-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд 34,330,950 төгрөг, 2019 оны 01 сарын 01-ний өдрөөс 2019 оны 05 сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд 15,368,770 төгрөг, 2019 оны 05 сарын 20-ны өдрөөс 2020 оны 05 сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд 57,429,160 төгрөг/12 сар 11 хоног х 4,721,000 төгрөг/, нийт 107,128,880 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХҮСТҮБК ААТҮГ-т олгох нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

Нэхэмжлэгч ХҮСТҮБК ААТҮГ нь хариуцагч ШУПЗШУТҮН, УТҮГ-ыг түрээсийн төлбөрөө хугацаандаа төлөөлөөгүйгээс 30,000,000 төгрөгийн хохирол учирсан гэж нэхэмжилсэн боловч уг шаардлагаа баримтаар нотлоогүй болно.

Тодруулбал, тус байгууллагад татварын өр төлбөрийн хуримтлал үүсч, үүнд аудитын дүгнэлт гарсан нь хариуцагч байгууллагын түрээсийн төлбөр төлөөгүйтэй шууд шалтгаант холбоотой гэж үзэхээргүй байна. Мөн тус байгууллага тендерт оролцож чадаагүйд хариуцагчийн ямар буруутай үйлдэл, эс үйлдэхүй байгаа эсэх, хариуцагч нь төлөвлөгдсөн засвар үйлчилгээ хийхэд яаж саад учруулсан эсэх, хариуцлагагүй хандаж ус алдсан гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн гэрээний үүрэг гүйцэтгээгүйтэй холбоотойгоор хохиролд 30,000,000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй гэж үзэж хэрэгсэхгүй болгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч ШУПЗШУТҮН, УТҮГ-аас 107,128,880 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ХҮСТҮБК ААТҮГ-т олгож, нэхэмжлэлээс 30,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 843,594 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 693,594 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Г.БЯМБАЖАРГАЛ