Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 101/ШШ2017/01184

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 101/ШШ2017/01184

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.З-н нэхэмжлэлтэй,

  

Хариуцагч: Д.Б-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 3.030.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.З, түүний өмгөөлөгч Л.Б хариуцагч Д.Б, түүний өмгөөлөгч А.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.З шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Б.З би Д.Бтай 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 2.000.000 төгрөгийг хүүгүй 1 сарын хугацаатай 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл зээлдүүлсэн. Зээлийн гэрээнд бид гарын үсэг зурж нотариатаар батлуулсан. Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч Д.Б нь зээлийн төлбөрөө төлөөгүй өнөөг хүрч байна. Зээлийн гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцож 103 хоногийн алданги 1.030.000 үндсэн зээл болох 2.000.000 төгрөг нийт 3.030.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан өгнө үү гэв.

 

Хариуцагч Д.Б шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Би нэхэмжлэгч Б.Заас 2014 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Хаан банкны дансаар дамжуулан 5.000.000 төгрөг зээлж авч байсан бөгөөд энэ мөнгөө цувуулж 3.000.000 төгрөгөөр нэг удаа, 350.000 төгрөгөөр 18 сар төлсөн бөгөөд Б.З нь зээлийн гэрээ хийж байгаагүй төдийгүй үндсэн зээлийн мөнгөнөөс 2.000.000 төгрөг дутуу гэж намайг айлган сүрдүүлж 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр зээлийн гэрээг нөхөн хийж алданги тооцон шүүхэд нэхэмжлэл гарган шаардаж байгаа учир дээрх зээлийн гэрээг хүчингүйд тооцуулж нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг хэлэлцээд

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.З нь хариуцагч Д.Бт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт зээл 2.000.000 төгрөг, алданги 1.030.000 төгрөг, нийт 3.030.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба шүүх хуралдаанд алдангийн 30.000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж 1.000.000 төгрөг болгож байна.

 

Хариуцагч Д.Б нь нэхэмжлэгчээс авсан 5.000.000 төгрөгийн зээлээс нийт 4.560.000 төгрөг төлсөн, үлдэх 440.000 төгрөг төлөхийг зөвшөөрнө, алдангийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Зохигчдын хооронд 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулагдаж, нэхэмжлэгч нь хариуцагчид 2.000.000 төгрөгийг нэг сарын хугацаатай, хүүгүй нөхцлөөр зээлдүүлэх, 0.5 хувиар тооцож алданги төлүүлэхээр тус тус харилцан тохиролцжээ /хх-5/.

 

Гэвч дээрх гэрээний дагуу нэхэмжлэгчээс хариуцагчид 2.000.000 төгрөгийг шилжүүлээгүй байх бөгөөд 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр зээлдүүлсэн 5.000.000 төгрөгийн зээлийн үлдэгдэл 2.000.000 төгрөгийг төлүүлэхээр дээрх бичгийн гэрээг байгуулсан гэж талууд тайлбарлаж байна.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгийг зээлдэгчид шилжүүлснээр зээлийн гэрээг байгуулсанд тооцох тул дээрх 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн зээлийн гэрээг байгуулсанд тооцох үндэслэлгүй юм.

 

Харин хариуцагч нь нэхэмжлэгчээс 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 5.000.000 төгрөг зээлснээ хүлээн зөвшөөрч маргаагүй ба уг зээлээс хэсэгчлэн 4.560.000 төгрөг төлсөн гэж тайлбарлаж байна. Нэхэмжлэлд хариуцагчийн дансанд 5.000.000 төгрөг шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримтыг хавсаргажээ /хх-3/.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас дээрх 4.560.000 төгрөг төлөгдсөнийг үнийн дүнгийн хувьд маргаагүй, харин үүний 3.000.000 төгрөгийг зээлд, 1.560.000 төгрөгийг зээлийн хүүд тооцож авсан гэж тайлбарлаж байна.

 

Зохигчид Хаан банкин дахь өөрийн дансны хуулгыг шүүхэд баримаар гаргасан ба эдгээр баримтаар 1.560.000 төгрөг төлөгдсөн нь нотлогджээ /хх-22-88, 95-115/.

 

Талууд 5.000.000 төгрөгийн зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй, амаар 7 хувийн хүү тохиролцсон гэж тайлбарлах боловч Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ, энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасантай нийцээгүй байна.

 

Иймд хариуцагчийн төлсөн 1.560.000 төгрөгийг зээлийн хүүд тооцох үндэслэлгүй, өөрөөр хэлбэл уг төлбөрийг зээлд тооцуулах тухай хариуцагчийн татгалзлыг хүлээн авах үндэслэлтэй.

 

2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр бичгээр хийгдсэн зээлийн гэрээ нь талуудын хооронд өмнө үүссэн зээлийн гэрээний харилцааг баталгаажуулсан баримт бөгөөд уг гэрээгээр алданги төлөх үүргийг хариуцагч хүлээсэн байх ба тэрээр зээл төлөх үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн буруутай байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийг 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс нэхэмжлэл гаргасан 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 100 хоногийн хугацаа хэтрүүлсэн гэж тооцсон нь зөв байх тул хариуцагчаас уг хугацааны алданги 220.000 төгрөг /440.000*0.5%*100/ гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч Д.Баас зээлийн үлдэгдэл 440.000 төгрөг /5.000.000-4.560.000/, алданги 220.000 төгрөг, нийт 660.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Зт олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Баас 660.000 /зургаан зуун жаран мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Зт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.340.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 63.430 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Баас 20.390 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Зт олгосугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА