| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2017/03350/И |
| Дугаар | 101/ШШ2017/02816 |
| Огноо | 2017-09-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 101/ШШ2017/02816
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Н.Бын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: З.Н-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 4,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бишдарь оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хариуцагч З.Нгийн Хаан банкны ******* тоот дансанд 4,500,000 төгрөгийг зээлдүүлсэн юм. З.Нгийн данс руу шилжүүлж, зээлдүүлсэн мөнгөө нэхэхээр өгнө, төлнө гэсээр өдийг хүрсэн.
Иймд хариуцагч З.Нгээс 4,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч З.Н шүүхэд хариу тайлбараа ирүүлээгүй болно.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч З.Нд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч З.Нд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хувийг 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдөр гардуулсан бөгөөд тэрээр 8 дугаар сарын 22-ны өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан талаарх тайлбарыг шүүхэд ирүүлэх үүргийг хүлээсэн боловч хариу тайлбараа ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй юм.
Нэхэмжлэгч Н.Б нь мөнгө зээлдүүлэх зорилгоор 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр З.Нгийн тоот дансанд 4,500,000 төгрөгийг шилжүүлсэн, хариуцагч нь зээлийг буцаан төлөөгүй болох нь Хаан банкны 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 331 дугаартай тодорхойлолт, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байна.
Үүнээс үзвэл нэхэмжлэгч нь хариуцагчид мөнгийг шилжүүлэн өгснөөр зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар зээлийн гэрээ байгуулсанд тооцох үндэслэлтэй байх бөгөөд зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 4,500,000 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн бөгөөд тэрээр өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх хүсэлт гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар, хариуцагч З.Нд шүүх хуралдааны товыг 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр түүний дугаарын утсаар мэдэгдсэн бөгөөд тэрээр шүүх хуралдаан товлосон цагт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 100.4, 100.5-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтган үзэж зохигчдыг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийсэн болно.
Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 7/7265 дугаартай албан бичгээр З.Нгийн өмчлөлд эд хөрөнгийн бүртгэлийн цахим мэдээллийн санд өнөөдрийн байдлаар үл хөдлөх эд хөрөнгө бүртгэгдээгүй байгааг дурьдах нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч З.Нгээс үндсэн зээл 4,500,000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Бд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.Нгээс улсын тэмдэгтийн хураамжид 86,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Бд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар хариуцагч З.Н нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд зөвшөөрсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ