Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 126/ШШ2022/0032

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Ганчимэг би Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.Бгийн Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Бд холбогдуулан гаргасан “Холбогдогч О.Цт шийтгэл оногдуулсан 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 0001556 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” дүгнэлт бүхий гомдлыг Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.Б, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ө нарыг оролцуулан шүүх хуралдааны 108 дугаар танхимд нээлттэй хянан хэлэлцээд

    ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хөвсгөл аймгийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.Б тус шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ:

1.1.Тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Б нь “Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн О.Ц нь зохих зөвшөөрөлгүйгээр зэрлэг гахайн мах тээвэрлэсэн” гэх 2238000115 дугаартай зөрчлийн хэрэг хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, холбогдогч О.Цт 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар “торгох” шийтгэл оногдуулсугай гэж шийдвэрлэсэн байна.

1.2.Материалд цугларсан нотлох баримтуудтай танилцахад холбогдогч О.Цын “... Гахай агнасан. Улаанбаатар хот руу дүү болон найзууддаа агнасан гахайн махнаасаа явуулсан юм. Хот хоорондын автобусанд явуулахдаа агнасан эрхийн бичгийг нь хамт явуулаагүй ..., ... Цагаан-Үүр сумын н.Зоригтбаяр гэдэг хүний нэр дээр эрхийн бичиг авсан байсан. Миний нэр дээр эрхийн бичиг авах боломжгүй, гадны хүн гээд олгохгүй учраас энэ ахын нэр дээр агнах эрхийн бичиг авч, хамт явж гахай агнасан ...” гэх мэдүүлэг, 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 0006576 дугаартай гарал үүслийн бичиг, тус аймаг дахь Цагдаагийн газрын  Эрүүгийн цагдаагийн тасгийн экологийн асуудал хариуцсан ажилтан, цагдаагийн дэслэгч Ц.Бийн зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, Хөвсгөл аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 3 дугаартай шинжээчийн дүгнэлт, Мэргэжлийн хяналтын газрын 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 23-04-020/03 дугаартай улсын байцаагчийн эд зүйл хураан авах тухай акт зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.

1.3.Дээрх нотлох баримтуудаар холбогдогч О.Ц нь Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын иргэн Г.Зоригтбаяртай хамт зохих зөвшөөрлийн дагуу агнасан гэх зэрлэг гахайн 9.64 кг мах 1.2 кг элэг, мөн ямар амьтных болох нь тодорхойгүй 2 ширхэг шагай, урт, богино, цагираг хэлбэртэй 3 ширхэг соёо зэрэг эд зүйлсийг тус  аймгийн Мөрөн сумаас Улаанбаатар хот руу нийтийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн явуулсныг 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр амьтны гаралтай түүхий эдийг гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэсэн үндэслэлээр цагдаагийн албан хаагч ачааг саатуулсан байна.

1.4.Гэтэл эрх бүхий албан тушаалтан дээрх үйлдэлд зөрчлийн хэрэг нээж, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахдаа холбогдогчийн өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг шалгаагүй буюу мэдүүлэгт дурдсан иргэн Г.Зоригтбаяр болон тэдэнд зэрлэг гахай агнах эрхийн бичиг олгосон албан тушаалтнаас гэрчийн мэдүүлэг авах, эрхийн бичгийг хураан авч хэрэгт хавсаргах, хураан авсан 2 ширхэг шагай, 3 ширхэг соёог ямар амьтных болохыг мэргэжлийн байгууллагаар тогтоолгоогүй зэрэг зайлшгүй хийгдэх шаардлагатай ажиллагаануудыг хийгээгүйн зэрэгцээ хэрэгт хамааралтай эсэх нь тодорхойгүй гарал үүслийн бичгийг хэрэгт хавсарган нотлох баримтаар үнэлж улмаар холбогдогч О.Цт Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 0001556 дугаартай шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй  байна.

1.5.Иймд эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаагаар хэргийн бодит байдлыг бүрэн шалгаж тогтоолгүйгээр холбогдогч О.Цт шийтгэл оногдуулсан байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Бгийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 0001556 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив гэжээ.

            2.Прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            2.1. Эрхийн бичиг авсан олгосон гээд байгаа хүн, Зоригтбаяр нараас мэдүүлэг авахаас илүү утсаар тодруулсан нь эрх бүхий албан тушаалтан хууль зөрчиж байгаа асуудал юм. Нотлох баримт гэж юуг хэлэх вэ гэдгийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг зөрчлийн нотлох баримт гэнэ гэж заасан байдаг. Тэр хүмүүстэй эрх бүхий албан тушаалтан утсаар тодруулж байсан талаараа тайлбартаа хэлсэнээс хэрэгт утсаар ярьсан тэмдэглэл байхгүй учраас хэргийг шалгаж байхдаа утсаар ярьсан гэсэн тайлбар хэлсэн нь нотлох баримт болохгүй. Тийм учраас энэ талаар ажиллагаа хийгээгүй байна гэж үзэж байна.

            2.2.Эрх бүхий албан тушаалтан гарал үүслийн гэрчилгээ олгосон хүн, Б.З нараас гэрчийн мэдүүлэг авах шаардлагагүй гэж үзсэн гэж байна. Гэтэл ямар үйл явдал болсон бэ гэдэг нь зөвхөн холбогдогчийн өгсөн мэдүүлгээс өөр нотлох баримт байхгүй учраас энэ эрхийн бичгийн дагуу агнасан гахай мөн эсэхийг сайн шалгах ёстой. Тээвэрлэж явсан гахайн махыг саатуулсны дараа олон хоногийн дараа гарал үүслийн гэрчилгээ авч ирсэний дараа энэ гарал үүслээр агнасан юм байна гэж дүгнэлт хийх үндэслэл хуульд байхгүй.

            2.3.Мөн холбогдогч О.Цыг хэргээ хүлээсэн гэж тайлбарлаад байна. Холбогдогч О.Ц нь зөвшөөрөлгүй гахай агнасан гэх хэргийг хүлээгээгүй. Мэдүүлэг авахад “би зөвшөөрөлтэй гахай агнасан. Агнасан гахайн махаа гарал үүслийн гэрчилгээгүй тээвэрлэж явсан” гэж тайлбар өгдөг. Гэтэл зөвшөөрөлтэй агнасан гахайн махаа тээвэрлэж явсан нь зөрчлийн хэрэг биш юм. Эрх бүхий албан тушаалтан Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1.3-т заасан зөвшөөрөлгүй амьтан агнасан гэсэн шийтгэл оногдуулсан. Энэ хэргийг холбогдогч О.Ц хүлээгээгүй. Түүний мэдүүлэгт би зөвшөөрөлгүй агнасан гэсэн үг, өгүүлбэр байхгүй. Тиймээс өөрөө хэргээ хүлээсэн гэсэн үндэслэлд хамаарахгүй. Өөрөө хэргээ хүлээсэн байсан ч давхар нотлох баримтаар тогтоогдох ёстой. Д.Зоригтбаяр гэдэг хүн гахай агнах зөвшөөрөл авсан байж болно. Энэ нь 2021 оны 11 дүгээр сард О.Ц гэдэг хүний тээвэрлэж явсан гахайн махыг гахай агнасан зөрчил үйлдсэн эсэхийг үгүйсгэсэн нотлох баримт болохгүй юм.

            2.4.Гахайн махтай хамт явж байхад нь хураан авсан ямар амьтных болох нь тодорхойгүй 2 ширхэг шагай, 3 ширхэг соёо зэрэг эд зүйл байдаг. Үүн дээр эрх бүхий албан тушаалтан дүгнэлт гаргуулсан. Дүгнэлт нь тухайн амьтны гаралтай түүхий эд ямар амьтных болохыг тогтоох боломжгүй гэсэн дүгнэлт ирсэн байдаг. Дүгнэлт гаргуулсан ажиллагааг хийснээс үр дүн нь чухал шүү дээ. Тухайн соёо ямар амьтных, нэн ховор, ховор амьтных уу, гахайн соёог хэзээ агнасан, гэмт хэрэг үйлдсэн юм уу зөрчил үйлдсэн юм уу гэдгийг заавал тогтоох шаардлагатай. Гэтэл тогтоох боломжгүй гэсэн дүгнэлт гарсан байхад дүгнэлт хийлгэсэн гэсэн тайлбар хэлж байгаа нь үндэслэлгүй юм.

            2.5.Шинжээчээс мэдүүлэг авахдаа биеийн байцаалт аваад, гарын үсэг зуруулаад мэдүүлэг авсан хэсэг нь хоосон байдаг. Үүнийг мөн мэдүүлэг авсан гэж үзэх боломжгүй. Хэрэгт гарал үүслийн гэрчилгээ авагдсан. Нөхөж нотлох баримт цуглуулах нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл байдаг.

            2.6.Хариуцагчийн гаргасан тайлбарууд нь хууль зүйн үндэслэлгүй тайлбар байна. Хууль зөрчсөн үйлдэл бүхэн зөрчил болохгүй. Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ. Хууль зөрчсөн үйлдэл хуульд заасан  зөрчил  хоёр өөр шүү дээ. Хуульд заасан үйлдэлд шийтгэл оногдуулахаар хуульд заасан тохиолдолд шийтгэл оногдуулна. Зохих зөвшөөрөлгүйгээр мах тээвэрлэж явсан нь захиргааны хэм хэмжээний акт зөрчсөн үйлдэл мөн. Гэхдээ тухайн үйлдэлд нь шийтгэл оногдуулахаар тухайн хуульд заагаагүй байна. Эрх бүхий албан тушаалтан хууль зөрчиж тухайн иргэний эрхэнд халдаж байгаа үйлдэл юм. Тиймээс шийтгэлийг хүчингүй болгуулахаар дүгнэлтийг бичсэн.

            2.7.Прокурор хэргийг хянаж шийдвэр гаргах эрх байхгүй. Хэргийг шалгах явцад нь буруу зөрүү чиглэл өгсөн байхыг үгүйсгэхгүй. Хэргийг шалгаж шийдвэрийг хэн гаргах вэ гэхээр эрх бүхий албан тушаалтан гаргана. Хуулиар олгогдсон эрхийг хэрэгжүүлж байгаа хүн хуулийг зөв хэрэглэж хүний эрхийг зөрчихгүй байх, ямар баримтыг нотлох баримт гэж үзэх вэ гэдэг талаар жишиг тогтоосой гэдэг үүднээс уг дүгнэлтийг бичсэн. Прокурор тэг гэсэн учир би тэгсэн гэж тайлбарлаад байж байхгүй, шийтгэлд гарын үсэг зурснаараа эрх бүхий албан тушаалтан өөрөө үүрэг хүлээнэ.

            2.8.Хэрэг доторх баримтуудыг уншаад үзэхээр өөрийнх нь тайлбарлаад байгаагаар зөвшөөрөлтэй гахай агнаад түүнийгээ зөвшөөрөлгүй тээвэрлэсэн үйл явдал болсон юм уу, аль эсвэл  огт зөвшөөрөлгүй гахай агнаад тээвэрлэж явсан юм уу, тэгээд танидаг хүнээс эрхийн бичиг авч ирээд шийдүүлсэн юм уу гэдэг нь тодорхойгүй. Энэ шийтгэлийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэх, шалгах хуулийн зохицуулалт байхгүй учраас энэ шийтгэлийг хүчингүй болгох үндэслэлтэй байна. Энэ хэргийг цааш шалгахад зөрчил биш, магадгүй эрүүгийн хэрэг байхыг үгүйсгэхгүй. Хэрэгт цугларсан нотлох баримт бол эрх бүхий албан тушаалтан зөвшөөрөлгүй гахай агнасан гээд шийтгэл оногдуулсан. Холбогдогч нь өөрөө зөвшөөрөлтэй гахай агнасан, гарал үүслийн гэрчилгээ аваагүй гэж мэдүүлэг өгсөн ийм л нөхцөл байдал байгаад байна. Энэ хэргийг шийдвэрлэх хэмжээний нотлох баримт хэрэгт авагдаагүй учир шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох саналтай байна гэв.

3.Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

3.1.Холбогдогчийн өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг шалгаагүй буюу мэдүүлэгт дурдсан иргэн Г.Зоригтбаяр болон тэдэнд зэрлэг гахай агнах эрхийн бичиг олгосон албан тушаалтнаас гэрчийн мэдүүлэг авах ажиллагааг хийх шаардлагагүй гэж үзсэн учраас дээрх хүмүүсээс мэдүүлэг аваагүй. Холбогдогч О.Ц нь өөрөө хэрэгээ хүлээсэн. Нотлох баримтыг хангалттай гэж үзсэн.

3.2.Эрхийн бичгийг хураан авч хэрэгт хавсаргах гэсэнд: Цагаан-Үүр сумын байгаль хамгаалагч Д.Сайнбаяраас 2022 оны 01 дүгээр сард /хэрэг шалгах хугацаанд/ танай сумын 2-р багт Г.Зоригтбаяр гэж хүн байдаг эсэх, 2021 оны сүүлчээр болон 2022 оны эхээр зэрлэг гахай агнах эрхийн бичиг авсан эсэх талаар утсаар тодруулж асуусан. Байгаль хамгаалагч Д.Сайнбаяр нь олгосон эрхийн бичгийн жагсаалтаа хараад 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 2-р багийн /Дархинтийн эхээр нутагладаг/ иргэн Г.Зоригтбаярт 1 ширхэг гахай агнах 0009619 дугаартай эрхийн бичиг олгосон талаар мэдээллийг надад утсаар өгсөн. Тэгээд холбогдогч О.Ц агнах эрхийн бичгийн хуулбар болох хувийг авч ирж надад үзүүлснээр хэрэгт уг эрхийн бичгийг хавсаргасан болно. Цахим хаягаараа авсан гэх.

3.3.Хураан авсан 2 ширхэг шагай, 3 ширхэг соёог ямар амьтных болохыг мэргэжлийн байгууллагаар тогтоогоогүй гэсэнд: Хэргийг шалгаж байх хугацаандаа Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 1/33 дугаартай албан тоотоор аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт шинжээч томилж, шинжээчээр ажиллахаар 3 хуудас материалыг хүргүүлсэн. Уг албан бичгийн хариу буюу шинжээчээр ажиллах шинжээчийн мэдүүлэг авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлтийг манай газарт Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 26-ны  өдрийн 69 дугаар албан тоотоор хариу ирсэн. Уг дүгнэлтэнд хэргийн материалд хавсаргасан байсан.

3.4.Хэрэгт хамааралтай эсэх нь тодорхойгүй гарал үүслийн бичгийг хэрэгт хавсарган нотлох баримтаар үнэлж гэсэнд: Холбогдогч О.Ц нь шалгагдаж байх хугацаандаа 0006576 дугаартай гарал үүслийн гэрчилгээг нөхөж авж ирсэн. Уг гарал үүслийн гэрчилгээ нь /ХӨА/ серигүй байсан, гарал үүслийн гэрчилгээг дахин ашиглаж болзошгүй нөхцөл байдал үүссэн учраас уг гарал үүслийн бичгийг хэргийн материалд хураан авч хавсаргасан. 0006576 дугаартай гарал үүслийн гэрчилгээг уг хэрэгт нотлох баримтаар үнэлж, уг хэргийг шийдвэрлэхэд ашиглаагүй болно гэжээ.

4.Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

4.1.Амьтан агнах эрхийн бичиг гэж байдаг. Тээвэрлэхдээ гарал үүслийн эрхийн гэрчилгээг хэрэглэдэг прокурор андуураад байх шиг байна. Холбогдогч О.Ц нь хэргээ хүлээсэн гэж би тайлбартаа бичсэн. Би хэргийг Батзориг, Өсөхбаяр гэдэг 2 прокурорын хяналтад шийдвэрлэсэн. Холбогдогч О.Ц маань хот хоорондын тээврийн автобусанд 9.64 кг зэрлэг гахайн мах, 1.2 кг гахайн түүхийн элэг тээвэрлэж явсан.

4.2.Холбогдогч нь мэдүүлэгтээ “манай өвөөгийн хуучин хэрэглэж байсан эд зүйлээс хэрэглэж байсан эд зүйлээс гарч ирсэн эд зүйлийг би завсар нь хийгээд явуулсан” гэсэн байдаг. Би энэ хэргийг Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1.3-т зааснаар 150 нэгжээр торгох шийтгэл оногдуул гэж хяналтын прокурор хэлсний дагуу би шийтгэл оногдуулах ажиллагааг хийсэн.

4.3.Эрхийн бичгийг хураан авч хавсаргах гэдэгт тайлбар хэлэхэд эрхийн бичиг маань эх хувь, хорон хувь гэж байдаг. Эх хувь нь Байгаль орчин, аялал жуулчлалын газрын үнэт цаасны тайланд ороод явдаг. Хорон хувь нь иргэнд очдог. Би иргэнтэй холбогдох гэж нилээд цаг хугацаа орсон. Тэгээд холбогдож чадахгүй байсан учир Цагаан-Үүр сумын байгаль хамгаалагч Мөнх-Эрдэнэтэй холбогдоод цахимаар эрхийн бичгийг нь харсан. Цахимаар татаж аваад хэвлээд хуулбар хувь гэж гарын үсгээ зураад хэрэгт өгсөн.

4.4.Мэргэжлийн байгууллагаар тогтоогоогүй гэж байна. Миний хувьд биологийн төрөл зүйлээр ажилладаг Даваадорж гэдэг хүнийг шинжээчээр томилсон. Тэгээд хөдөөнөөс ирээд дүгнэлтээ хүргүүлсэн байсан. Шинжээчээс мэдүүлэг аваагүй гэдгийг бол би хүлээн зөвшөөрч байна. Гарал үүслийн гэрчилгээний тухайд дахин ашиглах боломжтой гэж үзэж хэрэгт хураан авсан.

4.5.Холбогдогч нь өөрөө зөвшөөрөлтэй гахай агнаад тээвэрлэхдээ гарал үүслийн гэрчилгээгүй тээвэрлэсэн гэж хэргээ хүлээсэн байгаа шүү дээ. Тиймээс тухайн сумын байгаль хамгаалагч, байцаагч нараас тодруулга аваад цахимаас хараад хэрэгт хавсаргах шаардлагагүй гэж үзсэн. Би өөрөө эрх зүйч хуульч хүн биш учраас хангалттай нотлох баримт цуглуулсан гэж үзсэн.

4.6.Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1.3-т зааснаар зөвшөөрөлтэй  гахай агнаад тухайн амьтныхаа махыг тээвэрлэхдээ эрхийн бичгээ авч яваагүй гэдэг үндэслэлээр шийтгэл оногдуулсан. Холбогдогч зөвшөөрөлгүй гахайн мах тээвэрлэсэн зөрчил үйлдсэн. Тэр хүн иргэнийхээ үүргийг гүйцэтгээгүй шүү дээ. Энэ ажиллагааг би өөрөө дур мэдэн хийгээгүй. Прокурорын хяналт дор хийсэн.

4.7.Би хангалттай нотлох баримт бүрдүүлсэн. Би хүний эрхийг ноцтой зөрчөөгүй. Холбогдогч маань өөрөө хэргээ хүлээсэн. Холбогдох орон нутгийн ажилтнуудаас асуусан. Хэргийг хурдан шийдвэрлэх үүднээс цахимаар баримт цуглуулсан, ийм л процесс болсон гэв. 

    ҮНДЭСЛЭХ нь:

5.Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Б нь иргэн О.Цт холбогдуулан “зохих зөвшөөрөлгүйгээр зэрлэг гахайн мах тээвэрлэсэн” гэх 2238000115 дугаартай зөрчлийн хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, түүнд 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 0001556 дугаар шийтгэлийн хуудсаар Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар 150 нэгжээр торгох шийтгэл оногдуулсныг дараах үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэлээ.

6.Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1-д “Хугацаа дууссан гэрээ, зөвшөөрлөөр, эсхүл гэрээ, зөвшөөрөлгүйгээр амьтныг: ... 1.3.агнасан бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байна.

7.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ. Мөн зүйлийн 2-т зааснаар зөрчил шалгах ажиллагаа нь ... баримт бичиг, мэдээлэл гаргуулан авах, эд зүйл, баримт бичгийг хураан авах, ... мэдүүлэг авах ... ажиллагаанаас бүрдэхээр заасан.  

8.Хэргийн материалд авагдсан 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 0009619 дугаартай “Ахуйн зориулалтаар амьтан агнах, загас барих эрхийн бичиг”-т иргэн Г.Зоригтбаяр РР82022873-д, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын 2 дугаар багийн Асгатын таг гэдэг газраас зэрлэг гахай 1 ширхэг, 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 15-ны хооронд агнах эрхийн бичиг олгов гэжээ.

9.Зөрчилд холбогдогч О.Ц нь хугацаа дууссан гэрээ, зөвшөөрлөөр, эсхүл гэрээ, зөвшөөрөлгүйгээр амьтныг агнасан зөрчил гаргасан гэж мэдүүлээгүй. 
Түүний мэдүүлэг үнэн, зөв эсэхийг тодруулж болох Цагаан-Үүр сумын иргэн Г.Зоригтбаяр, байгаль хамгаалагч нарыг гэрчээр асууж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хэргийн нөхцөл байдлыг бүрэн тодруулаагүй нь эрх бүхий албан тушаалтны буруу байна. Өөрөөр хэлбэл зөрчилд холбогдогч О.Ц нь х
угацаа дууссан гэрээ, зөвшөөрлөөр, эсхүл гэрээ, зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан уу, эсхүл зөвшөөрөлтэй амьтан агнасан иргэн Г.Зоригтбаатарын ангийн махыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлүүлсэн үү гэдэг нь тодорхойгүй байхад шийтгэл оногдуулсан нь буруу, прокурорын дүгнэлт үндэслэлтэй байна.

10.Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т хугацаа дууссан гэрээ, зөвшөөрлөөр, эсхүл гэрээ, зөвшөөрөлгүйгээр амьтныг агнасан гэх нөхцлийг хуульчилсан. Гэтэл хэрэгт авагдсан баримтаар холбогдогч О.Цыг хугацаа дууссан гэрээ, зөвшөөрлөөр, эсхүл гэрээ, зөвшөөрөлгүйгээр амьтныг агнасан гэх зөрчил үйлдсэн нь тогтоогдохгүй байна. Хариуцагч М.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Холбогдогч нь өөрөө зөвшөөрөлтэй гахай агнаад тээвэрлэхдээ гарал үүслийн гэрчилгээгүй тээвэрлэсэн гэж хэргээ хүлээсэн байгаа” гэв. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар зөрчилд холбогдогч нь үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэггүй бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 14-т зааснаар өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй. Хэрэгт авагдсан О.Цын мэдүүлэгт “... эрхийн бичигтэй гахайгаа агнасан. Хот хооронд тээвэрлэх зөвшөөрлийн бичиг байхгүй байсан. Зөвшөөрлийн бичгээ би явуулж байсан махан дотроо хийхээ мартсан байсан ...” гэжээ. Иймд түүнийг дууссан гэрээ, зөвшөөрлөөр, эсхүл гэрээ, зөвшөөрөлгүйгээр амьтныг агнасан зөрчил үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлгүй.

11.Хариуцагч М.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “О.Ц нь Г.Зоригтбаяраас зэрлэг гахайн махыг худалдаж авсан. ... Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4-т тээвэрлэсэн гэж заасан байгаа шүү дээ” гэв. Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 5-д “Агнуурын амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг тусгай зөвшөөрөл, гарал үүслийн бичиг, дагалдах тодорхойлолтгүйгээр худалдсан, худалдан авсан бол ...” гэж заасны дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй, хуулийн энэ заалтаар шийтгэл оногдуулаагүй, хэрэгт авагдсан баримтаар О.Ц, Г.Зоригтбаяр нарын хооронд худалдах, худалдан авах хэлцэл хийгдсэн талаар нотлогдоогүй тул хариуцагчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй. Мөн О.Цыг Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4-т “Агнуурын бүс нутгаас бусад газарт, эсхүл амьтныг агнах хориотой үед, эсхүл хориглосон хугацаанд, эсхүл хориглосон арга хэрэгслээр амьтныг барьсан, агнасан, тээвэрлэсэн ...” гэх зөрчилд холбогдуулан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй, хуулийн энэ заалтаар шийтгэл оногдуулаагүй тул хариуцагчийн тайлбар хэрэгт хамааралгүй. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хуулийг төсөөтэй хэрэглэхгүй.

12.Төрийн эрх бүхий албан тушаалтан хуульд захирагдах үүрэгтэй, хуульд байхгүй үндэслэлээр иргэнд шийтгэл оногдуулах эрхгүй. Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: 4.2.1.хуульд үндэслэх, … 4.2.5. ... бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж заасан. Иймд Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1-д зааснаар “Хугацаа дууссан гэрээ, зөвшөөрлөөр, эсхүл гэрээ, зөвшөөрөлгүйгээр амьтныг: ... 1.3.агнасан ...” болох нь нотлогдоогүй байхад иргэн О.Цт 150 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Бгийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 0001556 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

13.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1-д зааснаар эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ. Мөн хуулийн 4.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг зөрчлийн нотлох баримт гэнэ, 2 дах хэсэгт зааснаар зөрчлийн нотлох баримт нь гэрч, хохирогч, холбогдогчийн мэдүүлэг, бичмэл болон эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг, гэрэл зураг, зураглал, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг, хэв загвар, дээж, зөрчил шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл, хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас ирүүлсэн зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл, стандартаар баталгаажсан хэмжилт-хяналтын төхөөрөмжийн мэдээлэл, бусад баримтаар тодорхойлогдоно гэжээ. Иймд эрх бүхий албан тушаалтан нотлох баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу бүрдүүлэх үүрэгтэй бөгөөд бүрэн нотлогдоогүй асуудлаар таамаглалд үндэслэн иргэнд сөрөг үйлчлэл бүхий шийдвэр гаргах нь шударга ёсны зарчимд нийцэхгүй, хууль бус болохыг дурдъя.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.Бгийн Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Бд холбогдуулан гаргасан “Холбогдогч О.Цд шийтгэл оногдуулсан 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 0001556 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” дүгнэлт бүхий гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Бгийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 0001556 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх хэсэгт зааснаар прокурор улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 113 дугаар зүйлийн 113.2, 113.5-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.ГАНЧИМЭГ