Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 499

 

 

МАГАДЛАЛ

 

2019.03.18                                                 Дугаар 499                                    Улаанбаатар хот

 

 

 

Н ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2018/02781 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Н ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б ХХК-д холбогдох,

 

Түрээсийн гэрээний үүрэгт нийт 358 396 227 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, гэрээний үүргийн торгууль 27 657 000 төгрөг гаргуулах Б ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Doosan 500 маркын 26-06 УБ улсын дугаартай Экскаватор 1 ширхэг, Doosan 470 маркийн 12-08 УБ улсын дугаартай экскаватор 1 ширхэг тус тус хоёр ширхэг экскаваторийг түрээслэх тухай гэрээг 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл байгуулсан бөгөөд ажлын явцад гэрээний хугацаа дууссан тул 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 6 сарын хугацаатайгаар гэрээний хугацааг сунгаж, мөн дээр дурдсан хоёр экскаватораас гадна Doosan 350 маркийн 80-90 УН улсын дугаартай Экскаваторийг өдрийн 1 680 000 Lonking маркийн 27-18 УН улсын дугаартай Ковшийг өдрийн 400 000 төгрөгөөр, Xiamen маркийн 27-16 УН улсын дугаартай ковшийг өдрийн 200 000 төгрөгөөр, Хово маркийн 47-12 УНН, 68-13 УНЗ, 68-14 УНЗ, 68-15 УНӨ, 68-16 УНӨ улсын дугаартай 6 ширхэг авто самосмалыг нэг рейсийг 25 000 төгрөгөөр тооцохоор тус тус нэмж нийт 3 ширхэг экскаватор, 2 ширхэг ковш, 6 ширхэг авто самосмалуудыг түрээслүүлэн ажиллуулахаар гэрээний нэмэлт өөрчлөлт хавсралтаар хоёр тал баталгаажуулсан болно. Иймд гэрээний нэмэлт өөрчлөлт хавсралтаар хоёр тал баталгаажуулсан болно. Иймд гэрээний нэмэлт өөрчлөлт хавсралтын 11 дүгээр зүйлд заасны дагуу Түрээслэгч тал механизмийн тухайн сарын төлбөр тооцоог ТТ ХХК-тай тооцоо нийлсэн өдрөөс хойш 5 хоногт багтаан төлбөр төлөх үүрэг манай компанид хүлээсэн. Гэвч ажлын гүйцэтгэлийн дараа тооцоо нийлснээс хойш Б ХХК нь 2017 оны 2 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл 333 хоног гэрээний үүргээ биелүүлээгүй тул гүйцэтгээгүй үүрэг болох 56 298 600 төгрөг, алданги 56 242 301 төгрөг нийт 112 540 901 төгрөг, мөн манай байгууллага нь хариуцагч байгууллагатай гэрээ байгуулан хамтран ажиллах хугацаанд буюу 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл 40 хоногийн хугацаанд Б ХХК нь хөрс хуулах газрын зөвшөөрлөө авч өгөхгүй байсантай холбоотойгоор ажил саатуулж сул зогссон машин механизмуудын түрээсийн төлбөр 279 600 000 төгрөг, мөн ажлын талбайд ажиллахад бэлэн, ажиллаж байсан жолооч, операторын цалин хөлс 22 497 627 төгрөг, нийт 358 396 227 төгрөгийн хохирлыг хариуцагч Б ХХК-иас гаргуулж өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр “Хүнд машин механизм түрээслэх тухай гэрээ”-г байгуулж, DX500 маркийн 2606 УБ улсын дугаартай, DX500 маркийн 1208 УБ улсын дугаартай экскавотаруудыг тус бүрийн сарын түрээс нь 42 000 000 УБ дугаартай автогрэйдерийг сарын түрээс нь 8 000 000 төгрөг байхаар 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаатайгаар түрээслэсэн. Улмаар түрээсийн гэрээний хугацаа дуусч, төлбөр тооцоог хийж дуусахад түрээслэсэн автомашины тоог 6 автосамосвал, 2 ковш, 3 экскаватор болгон нэмэгдүүлж түрээсийн гэрээг 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаагаар сунгасан. Манай компани түрээсийн төлбөрийг цаг тухайд нь төлж байсан бөгөөд Н ХХК-тай ямар нэгэн төлбөр тооцоо байхгүй. Гэтэл тус компани машин механизмын рейс, ашиглуулсан хугацаа зэргийг нотлох баримтгүйгээр өөрөө тооцоолон гаргасан байх тул нэхэмжлэлийн шаардлагын      56 298 000 төгрөгийн тооцооны үлдэгдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Н ХХК нь 2017 оны 2 дугаар сард хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын талбараас түрээслэсэн тоног төхөөрөмжүүдээ татсан. Манай үйл ажиллагаа явуулж байсан ажлын талбайд байсан машин механизмуудын ихэнхи тус компанийн машин механизмууд байсан тул ажил маань 2017 оны 5 дугаар сарыг хүртэл зогссон. 2016 оны 10 дугаар сард байгуулсан үндсэн түрээсийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.6-д зааснаар түрээслүүлэгч тал “Байгалийн давагдашгүй хүчин зүйлээс бусад тодорхой шалтгаангүйгээр ажил зогсоосон тохиолдолд сарын ажлын хөлсийн 15 хувьтай тэнцэх торгууль төлөх” үүрэг хүлээсэн байдаг. Гэтэл нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын талбайг орхин явж бидний ажлыг 3 хүртэл сарын хугацаагаар зогсоосон. Н ХХК 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ нэхэмжлэлийн шаардлагаа 112 540 901 төгрөг гаргуулах тухай гэж тодорхойлсон байдаг. Гэтэл нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ “...өмнө нэхэмжилсэн 112 540 901 төгрөг, одоо нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага болох 302 097 627 төгрөг, нийт 358 396 227 төгрөгийг хариуцагч байгууллага болох Б ХХК-иас гаргуулж өгнө үү” гэжээ. Анх нэхэмжлэлийн шаардлага 112 540 901 төгрөг байсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг 302 097 627 төгрөгөөр нэмэгдүүлвэл 358 396 227 төгрөг бус харин 414 638 428 төгрөг болох ёстой. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа хэдэн төгрөгөөр нэмэгдүүлж нийт хэдэн төгрөгийн хариуцагчаас нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байна гэжээ.

Хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбарт: Н ХХК нь 2017 оны 2 дугаар сард хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын талбараас түрээсэлсэн тоног төхөөрөмжүүдээ татсан. 2017 оны 5 дугаар сарыг хүртэл зогссон. Иймд талуудын хооронд байгуулагдсан үндсэн зээл 3 дугаар зүйлийн     3.6-д заасны дагуу түрээсийн гэрээний үүрэг гүйцэтгээгүй торгуульд 27 657 000 төгрөгийг Н ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбарт: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 219 дугаар зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б ХХК-иас 56 298 600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н ХХК-нд олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлага        245 855 326 төгрөг, сөрөг нэхэмжлэлийн шаардлага 27 657 000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 1 668 438 төгрөг, хариуцагчаас 439 443 төгрөгийг тус тус гаргуулж улсын төсөвт оруулж, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 296 250 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Талуудын хооронд байгуулагдсан Хүнд машин механизм түрээслэх тухай гэрээнд машин, механизмын сард ажиллах хугацаа, өдөрт явах рейсийн тоог заасан байх бөгөөд машин, механизмыг зөвхөн түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлж өгөхөөс гадна тодорхой хэмжээний ажил хийж гүйцэтгэсэн байх талаар тусгасан. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээгээр машин, механизмыг зөвхөн түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлж өгсөн байх урьдчилсан шаардлага тусгагдсан байгаа бол талуудын хооронд байгуулагдсан гэрээний шинжийг авч үзвэл ажлын тодорхой үр дүн гарсан байх талаар шаардлага тавигдсан байна. Иймд хүнд машин механизм түрээслэх гэрээг Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасан түрээсийн гэрээ, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт тусгагдсан ажил гүйцэтгэх гэрээний холимог гэрээ гэж үзэх боломжтой. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт зааснаар хуулиар хориглогдоогүй холимог гэрээг байгуулах эрх талуудад бий. Үүргийн нийтлэг үндэслэлийг авч үзвэл Н ХХК машин, механизмыг Б ХХК-д шилжүүлэн өгсөн ч гэрээнд заагдсан ажил хийж гүйцэтгээгүй байх тул түрээсийн гэрээний төлбөр шаардах эрхгүй. Гэтэл анхан шатны шүүх хууль хэрэглэхдээ гэрээний төрлийг нарийвчлан шалгаж үзэлгүйгээр түрээсийн гэрээ хэмээн үзэж хуулийг буруу хэрэглэсэн байгаа тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангагдаагүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн "Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 219.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б ХХК-иас 56 298 600 төгрөг гаргуулж “Н ” ХХК-д олгож” гэх хэсгийг хүчингүй болгож, үлдэх хэсгийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Хариуцагч Б ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт нийт     358 396 227 төгрөг гаргуулахаар нэхэмжлэгч Н ХХК нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, гэрээний үүргийн торгууль 27 657 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Талуудын хооронд 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүнд машин механизм түрээслэх тухай гэрээг байгуулж, DX500 маркийн 2606 УБ улсын дугаартай DX500 маркийн 1208 УБ дугаартай 2 экскаваторыг гэрээ байгуулсан өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл түрээслүүлсэн. Гэрээний хугацаа дууссан тул 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 6 сарын хугацаатайгаар гэрээний хугацааг сунгаж, хоёр экскаватораас гадна Doosan 350 маркийн 8090 УН улсын дугаартай экскаваторийг өдрийн 1 680 000 төгрөгөөр, Lonking маркийн 2718 УН улсын дугаартай ковшийг өдрийн 400 000 төгрөгөөр, Xiamen маркийн 2716 УН улсын дугаартай ковшийг өдрийн 200 000 төгрөгөөр, хово маркийн 4712 УНН, 6813 УНЗ, 6814 УНЗ, 6815 УНӨ, 6816 УНӨ улсын дугаартай 6 ширхэг авто самосмалыг нэг рейсийг 25 000 төгрөгөөр тооцохоор тус тус нэмж нийт 3 ширхэг экскаватор, 2 ширхэг ковш, 6 ширхэг авто самосмалуудыг түрээслүүлэн ажиллуулахаар гэрээний нэмэлт өөрчлөлтийг хавсралтаар хоёр тал баталгаажуулсан ба түрээслэгч тал төлбөр тооцоог тухайн сарын тооцоо нийлсэн хоногоос хойш 5 хоногт төлсөн байх талаар харилцан тохиролцсон нь хэрэгт авагдсан гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Шүүх, талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ хуульд заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. Хуулийн дээрх заалт болон талуудын байгуулсан гэрээний дагуу түрээслэгч нь түрээсийн төлбөрийг тохирсон хугацаанд төлөх үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ гүйцэтгээгүй нь түрээслүүлэгч нэхэмжлэгчийн шаардлага гаргах эрхийн үндэслэл болох юм.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл хариуцагч Б ХХК нь 2017 оны 1 дүгээр сарын 29-ний өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд гэрээнд дурдсан тоног төхөөрөмжүүдийг түрээсэлж байсанд маргаагүй байна. Харин уг хугацааны төлбөр 56 298 600 төгрөгийг төлсөн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

Шүүх нэхэмжлэлийн үндэслэл шаардлага, хариуцагчийн татгалзал, түүнд холбогдох нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нийцүүлэн дүгнэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим хэсгийг нь хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “шүүх хэргийн нөхцөл байдал, нотлох баримтуудыг буруу үнэлж, хууль буруу тайлбарлан хэрэглэсэн” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2018/02781 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 440 000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Ш.ОЮУНХАНД

 

                      ШҮҮГЧИД                                          Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                              М.НАРАНЦЭЦЭГ