Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 101/ШШ2018/01638

 

 

 

 

 

 

2018 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 101/ШШ2018/01638

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Б.Лын /РД: 0000000000000/,

Хариуцагч: Г.Яд /РД: 00000000/ холбогдох

32.712.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Л,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ундармаа,

Хариуцагч Г.Я,

Хариуцагчийн өмгөөлөгч П.Итгэл,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Мягмарнаран нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Л шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Л миний бие Г.Ятэй 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдөр зээлийн гэрээ байгуулан түүнд 20.000.000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, хүүгүйгээр зээлдүүлсэн. Учир нь мөн өдөр нь бид хоёр орон сууц хөлслөх гэрээ байгуулан түүний өмчлөлийн ххххххххххххххх тоот орон сууцыг би 1 жилийн хугацаагаар хөлслөхөөр тохирсон бөгөөд би 20.000.000 төгрөгнийхөө хүүнд түүний байранд түрээсийн төлбөр төлөхгүй, ашиглалтын зардлыг төлж амьдарна гэсэн үг юм.

Мөн түүнтэй 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 5.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй түүнд зээлдүүлсэн.

2015 оны 6 дугаар сарын 16-ны өдөр зээлдүүлсэн 20.000.000 төгрөгөөс 10.000.000 төгрөгийг Г.Ягээс 2016 оны 10 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авсан.

Г.Я бид хоёр өмнөх зээлийн гэрээнүүдийн талаар харилцан ярилцаж 2016 оны 10 дугаар сарын 4-ний өдөр зээлийн гэрээ байгуулан үндсэн зээл 18.800.000 төгрөгийг би түүнд 3 сарын хугацаатай, 8 хувийн хүүтэй зээлэхээр болсон. Уг өдрөө 18.800.000 төгрөг бэлнээр өгөөгүй бөгөөд өмнөх гэрээнүүдийн дагуу Г.Ягийн надад өгөх мөнгөний тооцоог хийгээд дээрхи гэрээг байгуулсан.

Үүнд 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдөр зээлсэн 20.000.000 төгрөгийн үлдэгдэл 10.000.000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр зээлсэн 5.000.000 төгрөг, түүний хүү 3.800.000 төгрөг, нийт 18.800.000 төгрөгийг зээлсэн талаараа гэрээ байгуулсан.

Иймд хариуцагч Г.Ягээс үндсэн зээл 18.800.000 төгрөг, хүү 4.512.000 төгрөг, алданги 9.400.000 төгрөг, нийт 32.712.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

Одоо үндсэн зээл 18.800.000 төгрөг, хүү 4.512.000 төгрөгөөс түүний өмнө төлсөн 2.844.000 төгрөгийг хасч хүүг нэхэмжилж байгаа ба алданги 9.400.000 төгрөг, нийт 29.868.000 төгрөгийг хариуцагч Г.Ягээс нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч Г.Я шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Г.Я би Б.Лтай 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдөр зээлийн гэрээ байгуулан түүнээс 20.000.000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, хүүгүй зээлсэн ба Б.Л нь 20.000.000 төгрөгийнхөө хүүнд миний өмчлөлийн байранд 1 жил түрээсийн төлбөр төлөхгүйгээр амьдрахаар тохирч мөн өдөр нь Б.Лтай ххххххххххххххх тоот орон сууцыг 1 жилийн хугацаагаар хөлслөх гэрээ байгуулсан.

Мөн би Б.Лтай 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 5.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй зээлсэн.

2015 оны 6 дугаар сарын 16-ны өдөр зээлж авсан 20.000.000 төгрөгийн 10.000.000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 4-ний өдөр Б.Лд өгсөн.

2016 оны 10 дугаар сарын 4-ний өдөр 18.800.000 төгрөг аваагүй. Өмнөх зээлийн гэрээнүүдийн дагуу ийм мөнгө төлөх юм байна гээд намайг гарын үсэг зур гэсэн.

Б.Л миний өмчлөлийн байрнаас хугацаандаа гараагүй, 4 сарын дараа гарсан ба манай байрыг 1 сарыг 650.000 төгрөгөөр түрээслэдэг байсан бөгөөд нийт 4 сарын түрээсийн төлбөр 2.600.000 төгрөг болно. Миний хувьд ч гэсэн хохиролтой байна.

2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр зээлсэн 5.000.000 төгрөгийн 1 сарын хүү 400.000 төгрөг, 3 сарын хүү 1.200.000 төгрөг бөгөөд би уг зээлийн хүүнд 2.340.000 төгрөг төлсөн ба үүнээс хүү 1.200.000 төгрөгийг хасахад 1.140.000 төгрөг болно.

Миний тооцоогоор би Б.Лд 11.260.000 төгрөг төлөхөөр байгаа. Нэхэмжлэлийн үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэв.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Л нь хариуцагч Г.Яд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 32.712.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба шүүх хуралдааны явцад хариуцагчийн өмнө төлсөн 2.844.000 төгрөгийг хүүгийн төлбөрөөс хасч нийт 29.868.000 төгрөгийг нэхэмжилсэн байна.

/үндсэн зээл 18.800.000 төгрөг,

хүү 4.512.000 төгрөг-2.844.000 төгрөг=1.668.000 төгрөг,

алданги 9.400.000 төгрөг/

 

Б.Л нь Г.Ятэй харилцан тохиролцож, Г.Яд 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 20.000.000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, хүүгүйгээр зээлдүүлэн,

Б.Л нь Г.Ягийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө 44-6 дугаар байрны 157 тоотын эрхийн улсын бүртгэлийн Y-2204031793 дугаарт бүртгэлтэй, 51.7 м.кв талбайтай, 2 өрөө сууцанд орон сууц хөлсөлсний төлбөр төлөхгүй, 1 жилийн хугацаанд амьдрахаар харилцан тохирсон зээлийн гэрээ, орон сууц хөлслөх гэрээ, зохигчийн тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

/ХХ-ийн 4-6 дугаар тал/

 

Мөн нэхэмжлэгч Б.Л нь хариуцагч Г.Ятэй харилцан тохирч түүнд 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 5.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй зээлсэн нь зээлийн гэрээ, зохигчийн тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдлоо.

/ХХ-ийн 7 дугаар тал/

 

Хариуцагч Г.Я нь нэхэмжлэгч Б.Лаас 20.000.000 төгрөг болон 5.000.000 төгрөгийг хүлээн авсан талаараа маргаагүй ба дээр дурьдсан орон сууц хөлслөх болон зээлийн гэрээнүүдэд талууд хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зурж баталгаажуулсан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.

/ХХ-ийн 9-10, 47-48, 59-68 дугаар тал/

 

Нэхэмжлэгч Б.Л нь хариуцагч Г.Ятэй 2016 оны 10 дугаар сарын 4-ний өдөр 3 сарын хугацаатай байгуулсан зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 18.800.000 төгрөгийг 3 сарын хүү 4.512.000 төгрөгийн хамт төлөх, үүргээ зөрчсөн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцон гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлсэн зээлийн гэрээг нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэл болгон хариуцагч Г.Ягээс зээлийн гэрээний үүрэг шаардаж байна.

 

Хариуцагч Г.Я уг зээлийн гэрээнд гарын үсэг зурснаа хүлээн зөвшөөрч байгаа боловч харин гэрээний дагуу мөнгийг бодитойгоор шилжүүлж аваагүй гэж тайлбарлаж байгаа ба үүнийг нэхэмжлэгч Б.Л эсэргүүцээгүй бөгөөд тэрээр өмнөх зээлийн гэрээний үүргийг тооцон дээрхи гэрээг байгуулсан хэмээн тайлбарласан болно.

 

/ХХ-ийн 8 дугаар тал/

 

Талуудын хооронд 2016 оны 10 дугаар сарын 4-ний өдөр байгуулсан гэх дээрхи гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан тул зохигчдын хооронд гэрээг бичгээр хийгдсэн гэж үзэх боловч зээлийн гэрээний үндсэн шинж нь мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр тодорхойлогдох учраас зээлдүүлэгч нь 18.800.000 төгрөгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлж өгсөн гэж үзэх үндэслэл зохигчдын тайлбар болон хэргийн үйл баримтаар тогтоогдсонгүй.

 

Зээлдэгч нь зээлийн гэрээний зүйл болох мөнгийг зээлдүүлэгчээс шилжүүлэн аваагүй тохиолдолд эд хөрөнгийг эргүүлэн төлөх үүрэг үүсэхгүй бөгөөд үүрэг нь Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1, 8 дугаар зүйлийн 8.1-т зааснаар үүсдэг ба талууд анхнаасаа зээлийн гэрээний харилцаанд орж байгаа бол Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно.

 

Зээлийн гэрээний үүрэг зээлдэгчид шилжсэн эсэх нь гэрээний хэлбэрээс шалтгаалахгүй, харин гэрээний зүйл зээлдэгчийн өмчлөлд шилжсэн эсэхээс хамаарна.

 

Дээрхээс үзэхэд талуудын хооронд 2016 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн зээлийн гэрээний дагуу үүрэг үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх ба талууд 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн болон 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн гэрээг дүгнэн дээрхи гэрээг байгуулсан гэж тайлбарласнаас гадна хариуцагч нь дээрхи 2 гэрээний дагуу тодорхой хэмжээний төлбөр төлнө хэмээн тайлбарлалаа.

 

Хариуцагч Г.Я нь 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу 20.000.000 төгрөг төлөхөөс 2016 оны 10 дугаар сарын 4-ний өдөр 10.000.000 төгрөгийг, мөн 2.844.000 төгрөгийг зээлийн төлбөрт төлсөн талаар нэхэмжлэгч Б.Л маргаагүй.

/ХХ-ийн 9-10, 47-48, 59-68 дугаар тал/

 

Хариуцагч Г.Я нь 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн болон 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн гэрээний дагуу зээлийн төлбөрөө төлөх үүргээ биелүүлээгүй тул зээлдүүлэгч Б.Лд зээлийн төлбөр төлөх үндэслэлтэй.

 

Хариуцагч Г.Я 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн гэрээний дагуу 10.000.000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн гэрээний дагуу 5.000.000 төгрөг, 3 сарын хүү 1.200.000 төгрөг, нийт 6.200.000 төгрөг төлөхөөс хариуцагчийн урьд өмнө төлсөн 2.844.000 төгрөгийг хасахад 3.356.000 төгрөг болж байна.

 

Иймд хариуцагч Г.Ягээс 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн гэрээний дагуу 10.000.000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн гэрээний дагуу 3.356.000 төгрөг, нийт 13.356.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Лд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 19.356.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүлэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-т зааснаар хариуцагч Г.Ягээс 13.356.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Лд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 19.356.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Лын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 321.510 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Ягээс 224.730 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Лд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН