Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 2024/ШЦТ/25

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч А.Дөлгөөн даргалж, ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир, шүүгч Б.Бээжин нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн,

Улсын яллагч Ц.Чингүүн,

Иргэдийн төлөөлөгч Б.Эрдэнэбат,

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.А,

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэл,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг,

Шүүгдэгч Д.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Шид холбогдох эрүүгийн ********** дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн ***сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн гэртээ 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр нөхөр Г.Ртэй маргалдаж түүнийг цээжин тус газар хутгалж, хүнийг санаатай алах  гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн **********дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

 Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

 Шүүгдэгч Д.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн **********сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн гэртээ 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр нөхөр Г.Ртэй “битгий архи уугаад бай” гэж  хэлснээр тэдний хооронд тааламжгүй харилцаа үүсч маргалдан,  зодолдож, түүнийг цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Цийн  өгсөн: “...Мэдүүлэг өгөхгүй.. гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Агийн өгсөн: “...2024 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр миний биеийн байдал сайнгүй байна. Шүүх хурал дээр цочирдож, тэвдэж, тайлбар мэдүүлэг өгч чадахааргүй байна. Би ганц хүүгээ цэл залуу 32 настайд нь бэр Д.Цийн гарт  амь нас нь хохирсонд туйлын их харамсаж, гомдолтой байна. Хүү минь надад ганц түшиг, тулгуур болж явсан юм. Цагдаагийн байгууллага уг хэргийг шалгаад хүүгийн минь амь насыг бэр Д.Цийг хохироосон болохыг тогтоосон байна. Хэргийн материалтай танилцсан. Би оршуулгын зардалд 3,411,000 төгрөг мөн хуульд зааснаар миний сэтгэцэд учирсан нөхөн төлбөрийн хамт бэр Д.Цаас гаргуулж өгөх, хүний амь насыг санаатайгаар хохироосон хүнд хуульд зааснаар чанга хариуцлага хүлээлгэх хүсэлтийг шүүх бүрэлдэхүүнд гаргаж байна...” гэх хүсэлт тайлбар,

   Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Агийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 06 дугаар сарын 26-нь өглөөний 08 цагийн үед манай бэр Ц.Ш утсаар залгаад ярихдаа Алдарт эхийн медаль угаах гэж байна. Ээж минь ир гэсэн. Тэгээд хүргэн Б.Р хүргүүлсэн. .. Тэнд байсан хүмүүс медаль угааж хоол унд, архи ууцгаасан. Би архинаас бага зэргийн бол уусан байсан. Нар уулын цаагуур даваагүй байхад хүмүүс гадуур зөндөө л байсан. ... Би ганцаараа хүмүүс хараад сууж байхад талийгч хүү харагдахгүй байсан. Тэгээд хараад байж байхад Ц.Ш гэрээс гарч ирээд цагаан савтай зүйл гэрийн зүүн  талын дунд хэсэг рүү цацаж байснаа цааш гэр лүү харж зогсож байхад гэр шатаж эхэлсэн. Тэр үед хүүгээ хараад байхгүй байсан болохоор гэрт нь байгаа юм биш үү гээд хашхирсан чинь хэн гэр рүү орсныг хараагүй. Нэг харсан чинь талийгаачийг чирээд гаргаад ирчихсэн шатаж байсан гэрийн үүдэнд хэсэгт л байсан. Талийгаачийг харахад цээжин хэсэгт цус болчихсон байхыг нь харсан, тэгсэн хажууд модон  иштэй, ир хэсэг нь цустай байсныг хараад хутгыг нэлээн зайтай газарт хатсан  арга доогуур хийсэн. Би хүү минь үхчихлээ л гэж орилж байгаад ухаан алдчихсан байсан. Нэг мэдсэн Б.өрийн гэрт орчихсон л сууж байсан. Тэгээд М.Г гэдэг хүн ирээд цагдаад өгсөн байсан. .. хоёулаа архи уудаг болсон байсан.  Гэрээс Ц.А л гарч яваа харагдсан. Өөр  хүмүүс бол  гарч яваагүй..гүйгээд гарч ирээд савтай бензин цацсан... гэрийг шатаж байхад  л талийгаачийг гэрээс гаргасан. Хувцас хунар бие нь шатаагүй. .. Би гэр шатаж эхлэх үед шатаж байгаа  гэрийн зүүн талд буюу 100-150 метр орчим зайд  цайлганд ирсэн хүмүүстэй хамт зогсож байсан. ..  гэр шатахаас өмнө би Б.өрийн гэрт очсон. Б.Н  гэрт хүүхдүүд байсан. Бас  хүмүүс орж гарч л байсан байх. Одоо хэн орж гарсан гэдгийг хэлж мэдэхгүй байна. Би Б.өрийн гэрт ороод гэрээс гараад сууж байхад л Ц.Ш гэрээс гүйж гарч ирээд бензин цацаж гэрээ шатаасан. Би шатсан гэрийн зүүн талаас хараад сууж байсан. Тэр хавиар бол хүмүүс байж л байсан. Гэр шатахад бүгдээрээ босоцгоосон. Санаатайгаар амь насыг нь хөнөөсөн энэ хэргийг хуулийн дагуу шалгаж өгнө үү гомдолтой байна. Би оршуулгын зардлын мөнгийг гаргуулж авна. Өөр нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 46-47, 50,  52 тал),

  Гэрч Р.Х.Цын өгсөн: “...2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр .. зам дагуу байх А.Г.Рийн 19 цагийн үед очсон. Тэднийд одонгийн найр болж байгаа гээд гаднаас 5, 6 хүн ирсэн сууцгааж байсан. Г.Р Ц.Ш нар өөрсдөө бас байсан.  Хүүхдүүд нь гадуур тоглож гүйлдэж байсан. Тэднийд ороод ганц цай уугаад Н.Р  ганц хоёр хундага архи уугаад би хэсэг унтъя гээд хэвтсэн. Би тэд нартай хэсэг сууж архи ууж байгаад гэрээс нь гараад 20-иод метр зайд очиж суугаад Н.Р хүлээж хэвтэж байгаад тэндээ унтсан байсан. Унтаж байхад хүмүүс шуугилдаад байх чимээгээр сэрээд харсан чинь Г.Рийн гэр шатаж байсан. Хүмүүс галыг нь унтраах  гээд гүйлдэж байгаа харагдсан. Би сэрээд тэнд байсан хүмүүс дээр очоод яав гэж асуусан. Гал бол унтрах аргагүй аймар их асаад гэр нь тэр чигтээ шатсан.  Тэнд байсан Ч.Р гэдэг залуу надад Ц.Ш нөхрөө алсан байна гэж хэлэхээр нь би арай үгүй байлгүй дээ гэсэн. Тэгээд харахад Г.Рийг  гэрээс нь зайтай юмаар бүтээгээд хэвтүүлчихсэн байсан. Ч.Р надад хандаж "Н.Р та хоёр мөрөөрөө явж байсан улс, одоо та хоёр энд  байгаад яахав, явахгүй юу дөө" гэж хэлсэн. Тэгээд Н.Р бид хоёр тэндээс явж Г.Р гэдэг айлд очиж хоносон. Тэгээд өглөө тэднийд байж мотоциклтой хүн ирээд цагдаа нар ирсэн байна. Та хоёрыг ирж уулзаарай гэж байна гэж хэлсэн. Тэнд байсан хүмүүс бид хоёрыг очиход л нэлээн согтуу  байцгаасан. Бид хоёрыг очихоос өмнө хэдэн шил хэр их архи дарс уусныг мэдэхгүй байна. Намайг очоод хэсэг сууж байгаад тэднийхээс гарч унтах хүртэл бол тэдний гэрт хүмүүс хоорондоо маргалдаж хэрүүл зодоон болоогүй. Намайг унтаж байх хооронд юу болсныг би мэдэхгүй. Сэрээд харахад гал гарсан байсан. Г.Рийг эхнэр нь алчихлаа гэсэн яриа өгүүлэл болсон байсан. ............ Гэрээс нэлээн зайтай унтаж байсан. .. Сэрээд харахад хүн дөхөхийн аргагүй аймаар шатаж байсан. Босоод гүйгээд очиход эр эмгүй орилолдож уйлалдаж байсан. Эхлээд Ч.Т уулзаад юу болж байна. Яачихсан бэ гэж асуухад “тэр айлын авгайг нөхрөө алаад гэрээ шатаачихлаа” гэж хэлсэн. Үгүй  байлгүй дээ яаж байгаа юм бэ гэж хэлэхэд үнэн үнэн тэр байна даа гэж хэлэхээр нь харахад талийгчийг дээлээр хучаад тавьчихсан байсан. Шатаж байсан гэрээс нилээн зайтай тавьчихсан байсан. ..... Тэгээд тэнд хэсэг болж байтал Ч.Р та хоёр мөрөөрөө явж байсан хүмүүс явж бай гэж хэлэхээр нь Н.Р  аваад явсан ...” гэх мэдүүлэг ( 1 хх-ийн 53-55, 57 тал),

    Гэрч Т.Н өгсөн: “..2023 оны 06 дугаар сарын  сарын 26-ны өдөр .. бид хоёр нөгөө одонгийн найр  болж байгаа айлд очсон. Бид хоёрыг тэр айлд очиход бараг 10 гаруй хүн байсан. Тэр хүмүүс архи ууж байсан бид хоёрыг гэрт ороход архи хийж өгсөн тэр архинаас нь  би нэг хундага л архи уугаад ах одоо уухгүй гээд гэрийнх нь баруун талын орон дээр  унтсан. Намайг унтаж байхад нь хүмүүс нь орилоод хашхираад байхаар нь  харсан чинь  тэр айлын гэр нь зүүн талаасаа шатаж байхаар нь би хувинд ус байгаа  юм болов уу гэж сав суулга онгойлгож үзсэн чинь ус байгаагүй. Тэгээд гэр  шатаад утаа болоод байсан болохоор би гэрээс нь шууд  гарсан чинь гэрийнхэн хажууд нэг машин байсныг нь бид нар түрж холдуулаад байж байсан чинь хүмүүс хүн үхчихлээ гээд байсан тэнд байсан хүмүүс уйлаад байсан.  Талийгч болох А.Г.Рийн ээж нь уйлаад миний хүүг алчихлаа гээд байхаар нь би очиж тайвшруулах санаатай очсон чинь Г.Рийн ээж нь хүүг минь алчхаад дээрээс нь гэрийн шатааж байна гэж хэлээд байсан. А.А эгчийг тайвшруулах гэсэн чинь тайвшрах шинж байхгүй байхаар би тэндээс  яваад доод талд нь байсан Г.Г  гэдэг ахын гэрт Х.Ц бид хоёр очиж хоносон. Х.Ц бид 2 тэр айлд орой болж байхад очсон миний бодлоор бол бараг 19 цаг өнгөрч байсан байхаа. ... Талийгчийн ээжийг бол А.аг бол танина.  Одонгийн найр  болж байгаа газарт очихдоо л талийгчийг  нөхөр нь юм байна.  Одонгийн  найр хийж байгаа хүүхнийг талийгчийн эхнэр нь юм байна гэдгийг л мэддэг  болсон. Унтаж байхад хүн орилохоор нь сэрэхэд гэрийн зүүн талын хатавчнаас шатаж ханын толгой хүрчихсэн байхад сэрсэн. Сэрээд харахад гэрт нь  хүн байхгүй болчихсон байсан. Би бас хүүхэд багачууд байна гэж харж, тэр хавиар гал унтраах  санаатай ус бетон  саваар байхад юу ч байхгүй болохоор нь гараад гүйсэн. Гэр  дотор бол нээх аймар утаагүй байсан ямар ч байсан битон сав, хүн байна уу  гэдэг нь  бол харагдаж байсан. Тэрнээс эвдэрсэн зүйл, бохирлогдсон зүйлийг  харах  боломж байгаагүй  сандраад л  гэрээс  гарсан. Ер нь хүмүүс цуглачихсан, орь дуу болчихсон хүмүүс л байсан. Хүмүүсийн орилоон дуунаар сэрээд харахад талийгчийн эхнэр хүн алчихлаа гэж хэлээд  гэрээс гарсан. Талийгчийн эхнэр болохоор гэрийн үүдэн хэсгийн зүүн талаас  гараад гүйсэн. Би болохоор баруун талын орон дээр унтаж байгаад сэрээд унтраах санаатай ус хайгаад олдохгүй болохоор нь гэрээс гарсан. Талийгаачийн ээж нь хямраад уйлаад нь байхаар нь тайтгаруулах санаатай очиход урьд өмнө нь ч гэсэн хүүг минь алах гээд байсан юм. Дөрвөн хүүхэдтэй болохоор нь салгаж чадаагүй хүүхдүүдийг нь бодож байсан. Одоо хүслээ биелүүлээд хүүг минь алчхаад гэрээ шатаачихлаа гэж хэлсэн. Талийгаачийн эхнэр бол хүн алчихлаа гээд гэрээс гараад гүйсэн...” гэх мэдүүлэг ( 1 хх-ийн 57,63 тал),

Гэрч Ц.Б.өрийн өгсөн: “..2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Г.Рийнх одон угаана гэхээр нь би эхнэр Б.Агийн хамт очсон. Тэнд олон хүмүүс цуглаж архи хэрэглэцгээсэн. Би их хэмжээгээр архи ууж тасарсан байсан, нэг мэдэхэд л би маргааш  өглөө нь гэртээ сэрсэн. Би Г.Рийнхөөс гэртээ яаж хэдэн цагт харьснаа  юу ч мэдэхгүй, санахгүй байна. Манайх Г.Рийн гэртэй  ойрхон зайд байдаг  айл. 06 сарын 27-ны өглөө хониндоо явах гээд гэрээсээ гараад харахад Г.Рийн гэр шатчихсан аймар болчихсон харагдаж байсан. Би тийшээ нь явж очоогүй цагдаа  нар болон өөр хүмүүс зөндөө оччихсон байсан, би шууд хонь руугаа явсан.  Анх намайг ороход лав 0.75 литрийн хэмжээтэй 1 шил архи тавьсан байсан.  Нийт 8 хүн  хувааж уугаад эхэлж л байсан, би яг сайн мэдэхгүй байна. Бүгд л архи ууж байсан.  Намайг тасраагүй байхад лав хэн нэгэнтэй хэрэлдэж маргалдаагүй. ...  Г.Р, Ц.Ш нар сайн хүмүүс, энэ хоёр хоорондоо эвтэй байсан хүмүүс..” гэх мэдүүлэг ( 1 хх-ийн 65 тал),

Гэрч Б.Я өгсөн: “...2023 оны 06 дугаар сарын 26-ны өглөө 12 цагийн үед  Ц.Ш нь утсаар холбогдож найранд ир гэж ярьсан.  Нөхөр хүүхдүүдийн хамт очсон.  Манай 2 гэр ойрхон учраас шууд очсон. Очиход манай хажуу айлын хүн болох Б.өр эхнэр Байгаль 2 хүүхдийн хамт очсон хөзөр тоглоод хоол унд идээд  байж байсан.  Манай нутгийн хүн Чулуун эхнэр 3 хүүхдийн хамт,  Н.Р нөхөр 3 хүүхдийн хамт ирсэн. Тэгээд 15 цагийн үед би нөхөр 3 хүүхдийн хамт гэр  рүүгээ харьсан.  Найранд  ирсэн бусад хүмүүс Ц.Шийнд үлдсэн. Гэртээ  харьсны дараа нөхөр удалгүй малдаа явсан. Тэгээд би орой хонь ирэхгүй байхаар нь  хонио харах  гээд хонь руугаа яваад замаараа Б.өр гэдэг айлд очсон. Манай ойролцоо зусдаг   айл юм. Намайг ороход Н.Р, А.Р  хоёр сууж байсан. Удалгүй хүмүүс гал гарлаа  гээд орилолдоод байсан. Тэгээд намайг гарч харахад Г.Рийн гэр шатаж байсан. Би Н.Р, А.АА хоёртой цуг Г.Рийнх рүү очсон. Очиход гэр нь  нилээд шатсан байдалтай байсан. Тэнд байсан хүмүүс галыг нь унтраах гээд ус цацаж байсан, мөн гэрийнх ойролцоо байсан мотоцикль зэргийг нь холдуулсан.  Намайг очиход Г.Рийг гэрийнх нь урд үүдэнд нь гаргаад  тавьчихсан байсан.  Тэгээд би 3 хүүхдээ гэртээ үлдээсэн байсан болохоор гэр рүүгээ сандраад шууд явсан. 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр намайг явахаас өмнө 2-3 шил архи  тойруулж ууж дууссан. Тэгээд би нялх хүүхдүүдтэй учраас нөхрийн хамт гэр рүүгээ явсан. Намайг очоод явах хүртэл ямар нэг маргаан болоогүй.  Намайг байх хугацаанд огт маргалдаагүй. Ямар шалтгааны улмаас гэрээ шатаасныг  сонссон зүйл байхгүй. Миний сонссоноор бол хүмүүс ярихдаа хоорондоо хааяа маргалддаг гэж байсан. Талийгч бол манай нөхөр Р.Ж эгч, дүүсийн  хүүхдүүд юм.  Ц.Шийг  бол талийгчийг эхнэр гэдгээр л мэднэ. Ц.Штай бол  ойр дотно биш малаа л хааяа асуудаг байсан. Би хонио харангаа  найр хийж байсан айлаас  жаахан холхон зайтай цуг зусаж байсан.  Б.өрийн гэрт нь орсон. Гэрт  ороход хүүхдүүд байсан. Мөн А.А, Н.Р нар байсан. Би  тэр айлд цай уугаад сууж байхад А.а, Н.Р нар бол гэрээс гар ч ороод л  А.а  Н.Р гадаа байсан. Б.Рийн хүүхдүүд  борц нүдээд хоол хийх гэж байсан. Би хүүхдүүдийн хамт гэрт сууж байхад гадаа хүмүүс гал гарлаа гэсэн. Би гэрээс гарч ирэхэд талийгчийн гэр шатаад хүмүүс тойрч гүйгээд байсан Намайг гарч ирэхэд бол Н.Р, А.а нар байхгүй болчихсон байсан.  Би шатсан гэр рүү очиход А.а, Ч.н, Н.Р, Х.а, Х.Ц тэр хүмүүс л харагдсан. Шатаж байгаа гэрийг юмаар  саваад унтраах гэж байсан. Талийгч бол гэрийн үүдэнд доошоо харчихсан байдалтай хэвтэж байсан. Тэгээд би гурван хүүхдээ гэртээ үлдээчихсэн байсан хүүхдүүддээ санаа зовоод хаяад л гэр рүүгээ явсан...” гэх мэдүүлэг (1 хх-ийн 68-70,72-73 тал),

   Гэрч Б.Р өгсөн: “...2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр манай хамаатан дүүгийн эхнэр алдарт эхийн 2 дугаар одон  авсан гээд тэр одонгоо найр хийж мялаана гээд найр болсон би 12 цагийн үед дүүгийнд  ирээд хоол унд идээд хөзөр тоглоод дараа нь архи ууцгаасан юм. Тэгээд би 16 цагийн үед эхнэр хүүхдээ гэрт нь хүргэж өгөхөөр явсан хүргэж өгчхөөд буцаад 17 цагийн үед найр болсон ирсэн тэр үед хүмүүс нэлээн архи уусан согтсон байсан.  Тэгээд би зарим нэг  хүмүүстэй гадаа архи уусан тэр үед найранд ирсэн хүмүүс нэгээрээ хоёроороо энэ тэр хэсэг хэсэг газар бөөн бөөндөө сууцгааж байсан ерөнхий дөө  найр тарж  байсан гэж  хэлж болно тэгтэл талийгаач эхнэртэйгээ маргаад л хүн болгон руу агсраад дайраад л байсан. Тэгээд над дээр ирээд намайг чи баян хүн намайг тоодоггүй хүн гээд үгээр идээд эхэлсэн  тэгэхээр нь би чи одоо боль согтсон байна гэж хэлсэн тэр үед Г.Д ах ирээд талийгаачийг тэгээд би ч унаагаа  асаагаад хөдлөх гэж байхад талийгаач гэртээ эхнэртэйгээ маргаж байсан тэгээд би ч унаагаа асаагаад хөдлөөд явсан удаа ч үгүй гэр шатлаа гээд хүмүүс хашхираад эхэлсэн юм тэгээд би давхиж ирсэн чинь шатаад дуусаж байсан. Тэгтэл Ц.Ш өнгөрдгийн толгойг барьсан орилсон байж  байсан. Би тэнд байсан хүмүүсээс яасан талаар асуутал нагац эгч А.АА надад хэлэхдээ манай бэр хүүг минь хутгалж алчихаад гэрээ шатаачихлаа гэж хэлсэн тэгээд цагдаад мэдэгдсэн. Байхгүй хоорондоо их эвтэй байдаг байсан. Ч.Н ах, Х.Ц ах хоёр ааруул тавьдаг сөрний хажууд, гэрийн хажуу талд Х.А эгч, Б.өр ах хажууд нь тасарчихсан бололтой хэвтэж байсан. Г.Д ах гэрийн урд талд мотоциклийнхоо хажуу талд зогсож байсан. А.АА, Н.Р 2 болохоор Б.өрийн гэр рүү явчихсан байсан. Б.Л эгч болохоор холдуу тасраад уначихсан байсан. Хүүхдүүд Б.өр ахынд тоглож л байх шиг байсан. .. Талийгч хүн болгон руу үсчээд агсраад байсан гадна эхнэртэйгээ маргалдаж байгаад хоёулаа гэр рүүгээ орсон мотоциклио унаад хөдлөх гэж байхад гэртээ бол маргалдаад байсан. Талийгчийн ээж А.АА эгч Ц.Шийг гэр шатааж нөхрөө алсан гэж байсан....” гэх мэдүүлэг ( 1 хх-ийн 75-76, 79-80 тал),

Гэрч Б.Г.Дын өгсөн: “...Би нутгийн дүүгийн эхнэрийн алдарт эхийн 2 дугаар одонгийн найрт уригдаж  ирсэн юм.  Тэгээд хоол унд идчихээд архи ууцгаасан манайхан уугаад л байсан би орой 17 цагийн үед хонины хашааны хажууд тасраад унасан байсан. Тэгээд сэрэх үед гэр шатаад дууссан талийгаач гэрийн зүүн урд зүгт хэвтэж байсан.  хүмүүс нас барчихлаа гээд уйлалдаад байсан.  Би сэрээд удаагүй архи гараагүй согтуу байсан болохоор яг юу болоод байгааг төдийлөн  сайн ойлгоогүй байсан. Талийгаач Р.Ж  хоёр бол гэрийн гадаа маргалдаж байхад бол салгасан. Юуны талаар  маргалдсаныг бол мэдэхгүй байна. Би тэнд малын хашааны хажууд очиж унтаж байгаад гэнэт сэрсэн чинь гэр шатаж байсан.  Тэгсэн хүмүүс уйлалдаад,  талийгчийн багачууд хүүхдүүд уйлаад байсан. Би тэнд байж байгаад л гэртээ харьсан. Би талийгаачтай маргалдаагүй. ..Шатаж байгаа гэрийн гадаа очиход А.а эгч Ц.Г хүүхдийг минь алаад гэрээ шатаалаа гэж хэлж байсан. Ц.Ш болохоор талийгаачийн хажууд оччихсон уйлчихсан сууж байсан. Хажуугаар нь хүүхдүүд нь уйлалдаад л байсан...” гэх мэдүүлэг (1  хх-ийн 82-83, 85 тал),

Гэрч Т.Х өгсөн: “...Би тэр өдөр мал хайж яваад 2 дүүгийндээ очих гээд явж байгаад найранд яваад орчихсон юм. Олон өдөр нойргүй явсан байсан болохоор  хэдэн пиво уугаад нойр хүрээд байхаар нь хонины хашааны тэнд унтчихсан байсан.  Тэгтэл хүмүүс шуугилдаад байхаар нь сэрээд харахад талийгаачийн гэр шатаад  дуусаж байсан.   Би гэрийн зүүн урд зүгт байсан юу болсон талаар асуухад  Г.Р нас барсан гэж хэлсэн. Тэнд байсан хүмүүсээс  нэг нь  эхнэр рүү нь заагаад нөхрийгөө  хутгалсан гэж загнаж  байсан...” гэх мэдүүлэг ( 1 хх-ийн 87-88 тал),

 Гэрч М.Б.Агийн өгсөн: “...Талийгаачийн эхнэр 2023 оны 06 дугаар  сарын 01-ны өдөр алдарт эхийн одонгоор шагнуулсан  одонгийн найраа  хийх гэж байна гээд манайхан урьсан.  Би 13 цагийн үед орж хоол цай уугаад  хөзөр тоглоод дараа нь архи ууцгаасан юм. Би нилээн согтоод бараг тасарсан.  Нэг мэдэхэд гэрээсээ нилээн зайтай судаг дотор унтаж байсан. Тэгтэл манай 2 хүүхэд ирж намайг сэрээсэн. Надад хэлэхдээ нагац ахын гэр шатчихлаа гэж хэлсэн.  Би тэр үед босох гэж байтал манай нөхөр Б.өр ирээд  Г.Р нас барчихлаа гэр нь шатчихсан гэж хэлэх шиг болсон. Тэгээд босоод бид  4 гэр рүүгээ  харьсан юм.  ... Орой М.Р ах ирээд цагдаад дуудлага өгөхөөр нь  талийгчийг нас барсныг мэдсэн. Эхлээд бол бид нарыг байж байхад бол зүгээр л тогоо шанага бариад гүйж л байсан. Би архи уусан тасраад унтсан байсан. Хээр очоод унтаж байхад л ийм хэрэг болсон байна. ..Энэ жил цуг зуссан юм. Тэрнээс хэрэлдэж байдаггүй. дандаа л хоёулаа л цуг явж байдаг байсан..” гэх мэдүүлэг (1 хх-ийн 90-91,93 тал),

  Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн  2023 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 122 дугаартай: А.Г.Рийн цогцост цээжний хөндийд нэвтэрсэн шарх, хэвлийн, зүүн чихний дэлбэнд шарх, хүзүүнд цус хуралт, дух  хамар, хоёр хацар, уруул, хүзүү, баруун өвдөгт зулгаралт бүхий гэмтэл  тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь нас барах үед үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. А.Г.Рийн цогцост үүссэн цээжний хөндийд нэвтэрсэн шарх нь 2.0 см багагүй өргөнтэй, ажлын хэсэг нь 15,0 см ихгүй урттай ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хэвлий, зүүн чихний дэлбэнгийн шарх нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, бусад цус хуралт, зулгаралт гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Цээжний хөндийд нэвтэрсэн шарх нь үхэлд шууд нөлөөлсөн учир гэмтлийн зэрэг тогтоохгүй. Харин хэвлийн,  зүүн чихний дэлбэнгийн шарх нь тусдаа бусад гэмтлүүд нь нийтдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн  хөнгөн зэрэгт хамаарна. А.Г.Рийн биед үүссэн цээжний хөндийд нэвтэрсэн шарх нь үхэлд хүргэсэн байна. Амь хохирогчийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчин үгүй байна. А.Г.Р нь цээжний хөндий рүү нэвтэрсэн шархны улмаас нас барсан байна. Энэ нь цээжний зүүн хэсэг, 3-4-р хавирганы завсар, цээжний хөндий, үнхэлцэг хальс, зүрхний зүүн тосгуур, баруун уушги руу нэвтэрсэн зүсэгдсэн шарх, цээжний хөндийд 1000 мл,  үнхэлцгийн хөндийд 400 мл цус зэрэг шинжээр батлагдаж байна. А.Г.Рийн цуснаас 2,6% промилли спиртийн агууламж илэрсэн ба нас барах үедээ хүчтэй зэргийн согтолтой байжээ...” гэх дүгнэлт /1 хх-ийн 134-135 тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн  4038 дугаартай: ... Амь хохирогч А.Г.Рийн ДНХ-ийн тогтцыг тогтоов. Иргэн Д.Цийн хумснаас цус илэрсэн. ДНХ-ийн тогтцыг тогтоов. Илэрсэн ДНХ-ийн тогтоц нь амь хохирогч А.Г.н ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, /1 хх-ийн 157-158 тал/,

Хөвсгөл аймгийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжпийн газрын шинжээчийн Сэтгэл зүйн:  “...Сэтгэл зүйн уулзалт, ярилцлага болон тестийн үр дүнд дараах дүгнэлтэд хүрч байна. үйлчлүүлэгч Д.А.а нь сэтгэн бодох, хэл яриа, оюуны чадамжийн хувьд хэвийн. Сэтгэл санааны таагүй байдлаас үүссэн стресс, айдас, түгшүүрийн түвшин өндөр, сэтгэл санаа гутралын байдлаас болж депресстэй. Өөрийн үнэлэмж ихээр унасан мөн итгэл алдрах, анхаарал төвлөрөлт суларч, уймраа, мартамхай болсон. Хоол идэх дургүй, чичрэх, салганах, амьсгаа давчдах болсон. Нойргүйдэл үүсэж, хар дарж зүүдлэх болсон. Мөн зарим үед амиа хорлох бодол төрдөг болсон нь сэтгэл гутрал, сэтгэл зүйн хямралаас үүдэлтэй. Иймээс сэтгэл  зүйн мэргэжлийн зөвлөгөө, үйлчилгээнд хамрагдаж, ирээдүйд үүсэж болох эрсдэлт нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх нь зүйтэй...” гэх дүгнэлт / 1 хх-ийн 168-169 тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 3261 дугаартай: .. Шинжилгээнд ирүүлсэн бор өнгийн иштэй хутга дээр цус илэрсэн. Илэрсэн цус нь хүний цус байна. Шинжилгээнд ирүүлсэн бор өнгийн иштэй хутга дээр илэрсэн цус нь ДНХ-ийн шинжилгээнд тэнцэхгүй. Амь хохирогч А.Г.Рийн  гэх хуруу шилтэй  цусны ДНХ –ийн тогтцыг тогтоов...” гэх дүгнэлт /1 хх-ийн 175-178 тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн  2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 23 дугаартай: “...  Шинжилгээнд ирүүлсэн хар улаан өнгийн оруулгатай цамцанд 3.5х, 2мм хэмжээтэй гэмтэл, хөх өнгийн өмдөнд 2.5х2мм хэмжээтэй гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь зах ирмэгийн хэсэг нь тэгшхэн утаснууд жигд тасарсан, хөврөлтгүй, хоёр үзүүр хэсгээрээ нарийссан шинж тэмдэгтэй, гэмтлүүдийг нийлүүлэхэд нэг бүхлийг үүсгэж байх тул гэмтэл нь Х.Ц, иртэй хатуу зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 182-183  тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 360 дугаартай: “... Д.Цийн биед зүүн нүд, зүүн гарын долоовор хуруу, баруун гарын чигчий хуруунд зулгаралт, өвчүү, баруун шилбэнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн ба гэмтлийн зэрэг 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /1 хх-ийн 192  тал/,

  Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 19 дугаартай: “... Шинжилгээнд ирүүлсэн гарын дардасууд шинжилгээнд тэнцэнэ.  Шинжилгээнд ирүүлсэн бор өнгийн иштэй хутганаас гарын мөр илрэхгүй байх  харьцуулан шинжилгээ хийх боломжгүй... гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 144-150 тал /,

  Шүүх сэтгэц эмгэг судлалын нэмэлт дүгнэлт, шинжилгээ: “...Д.Ц нь сэтгэцийн ямар нэг эмгэггүй, ... Д.Ц нь сэтгэцийн ямар нэг эмгэггүй тул цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. ... Д.Ц нь сэтгэцийн хувьд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. Д.Ц нь сэтгэцийн өвчнөөр өвчилж болон эмчлүүлж байгаагүй болно. Д.Ц нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай дүгнэлт /1 хх-ийн 208-209 тал /,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хх-ийн 15 тал/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 16-30 тал), 

Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 хх-ийн 31-33 тал),

Цогцост гадна үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 хх-ийн 33-39 тал),

Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /хх-ийн 42-43 тал/

Шүүгдэгч Д.Цийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...2023 оны  06 дугаар сарын 26-ны өдөр одонгийн угаалга болсон. Хүмүүс ирээд хоол унд идээд архи дарс уугаад хүмүүс согтоод эхэлсэн.  Нөхөр  Г.Р  согтоод хүмүүс рүү агсраад тэгэхээр нь боль гэж хэлэхэд намайг чам шиг банзал янхан гэж хэлээд бөгсөн бие рүү өшиглөсөн. Нүүр рүү цохиж, үс гэзэгнээс чирч намайг алаад өгье буудаад өгье гээд үснээс чирсэн. Хоолны шүүгээ рүү чирээд хутга аваад чамайг алаад өгье гэж хутгаараа  дарахаар боль гээд босож ирээд өндийхөд хутгатай гарнаас нь барьж авахад миний цээж рүү өшиглөхөд хойшоо унасан. Дахиж үснээс зулгааж босгож ирээд баруун талын орон дээр өөрөө намайг татаад дээрээс нь би өөрөө унасан. Тэр үед хүн амжиж салгасан. Би гэрээ тойрч гүйгээд савтай бензинийг асгаад тамхи татах гэж байгаад асаагуур асаасан чинь гал дүрэлзсэн. Тойроод гарч ирэхэд талийгаачийг хүн чирч байхыг хараад яасан талаар асуухад чи алчихсан гээд байсан. Тэгээд талийгаачийг тэвэрч байсан тэрнээс цааш мэдэхгүй байна. 2011 онд гэр бүл болсон Талийгаа ч дандаа намайг хүнтэй харддаг, зоддог байсан. 2019 онд намайг  мотоциклийн гинжээр ороолгоод цагдаад өгч байсан. Мөн бэлгийн харьцаанд орохдоо шулуун гэдэс рүү хэд хэдэн удаа хийж байсан. Намайг байнга зодохоос гадна хутга тулгаж, буу барьж тулгадаг байсан. Мөн мотоциклоор хөөдөг байсан.  Аав ээжид хүртэл хэлэхээс айдаг байсан. Ер нь өдөр болгон намайг дарамталдаг байсан. Хүн гэрт ороод гарсан ч харддаг байсан. Би хүнд хэлдэггүй байсан намайг хүнд хэлвэл ална шүү гэж айлган сүрдүүлдэг байсан.  ...” гэх мэдүүлэг (2 хх-ийн 6-11 тал) зэрэг бичгийн нотлох баримтууд болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл зэргийг  хэргийн шинжлэн судалснаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Улсын яллагчаас: “....  Шүүгдэгч Д.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 2 дугаар багийн нутагт байх өөрийн гэртээ 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр ** А.Г.Ртэй хэрүүл маргаан үүсгэж улмаар түүний цээжин тус газар хутгалж хүнийг санаатай алах гэм хэрэг үйлсэн болох нь тогтоогдож байна. хэрэгт авагдсан нотлох баримтаар  гэм буруутай нь хангалттай нотлон тогтоогдож байна....” гэх дүгнэлтийг,

Улсын яллагчийн гаргасан гэм буруугийн талаарх дүгнэлтийг шүүгдэгч Д.Ц болон түүний өмгөөлөгч нар, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмнөөлөгч нарын зүгээс  хүлээн зөвшөөрч мэтгэлцээгүй, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.А, гэрч Р.Х.Ц, Т.НЦ.Б.өр, Б.Я, Б.Р,

Б.Г.Д, М.Х, М.Б.А, Б.Э, Г.Н.Р, Г.Ч.Р, Д.М, нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн  2023 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 122 дугаартай дүгнэлт, Хөвсгөл аймгийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Сэтгэл зүйн дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 3261 дугаартай дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн  дүгнэлт,  гэрэл зургийн үзүүлэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 360 дугаартай дүгнэлт,  Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 19 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, шүүх сэтгэц эмгэг судлалын нэмэлт дүгнэлт, шинжилгээ,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,  хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд,  цогцост гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол, шүүгдэгч Д.Цийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээж өгсөн мэдүүлэг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл баримт зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч  Д.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн гэртээ 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр нөхөр Г.Ртэй маргалдан, зодолдож, түүнийг цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон “хүнийг санаатай алах”  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож байна.

Шүүгдэгч нь хүнийг алах гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний амь насыг хохироож хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Хүнийг санаатай алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогч нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн нас барсан хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг ба шүүгдэгч Д.Цийн хохирогч А.Г.Рийг хутгалсан үйлдэл болон хохирогч нас барсан хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 Шүүгдэгч Д.Ц нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул Д.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй  шүүгдэгч Д.Цийг  үйлдэлд хүнийг алах гэмт хэргийн хүндрүүлэх шинж тогтоогдоогүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд шүүгдэгч Д.Цийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчийн үйлдэл, гэмт хэргийн шалтгаан, хохирол, хор уршгийн шалтгаант холбоо зэргийг хангалттай шалгаж тогтоосон, хэргийн зүйлчлэл зөв, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээнд хэргийг эцэслэн шийдвэрлэв.

          Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

          Эрүүгийн  хуулийн  тусгай  ангид  заасан гэмт хэргийн улмаас  хүний амь нас, эрүүл

мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас амь нас,  эрүүл мэнд, бусад  эрх, эрх  чөлөө, эд  хөрөнгийн болон эд

хөрөнгийн бус хохирол хүлээсэн  хүн, хуулийн  этгээдийг  хохирогч  гэнэ” гэж, 2 дахь хэсэгт

“Шүүх, прокурор, мөрдөгч хохирогчоор тогтоох тухай шийдвэр гаргана” гэж, 3 дахь хэсэгт “Хохирогч энэ хуульд заасан эрхээ хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчөөр дамжуулан хэрэгжүүлж болно” гэж, мөн хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “хохирогч нас барсан ...тохиолдолд түүний төрсөн эцэг, эх, эхнэр, нөхөр, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно...” гэж тус тус хуульчилсан бөгөөд  мөрдөн  шалгах  ажиллагааны явцад  амь  хохирогч А.Г.Рийн

эх Д.Аг хохирогчийн  хууль  ёсны  төлөөлөгчөөр  тогтоосон  нь  хуульд нийцнэ.

               хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  Д.А нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон  шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогчийн оршуулгын зардалд 3.500.000 төгрөг, мөн гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр зэргийг   шүүгдэгч Д.Цаас нэхэмжилсэн байх боловч  “... оршуулгын зардал 3.500.000 төгрөгийг авсан ...” гэх тайлбар, 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн мөнгө хүлээн авсан тухай тэмдэглэл ...” зэрэг баримтыг шүүх хуралдаанд гаргаж байх тул шүүгдэгч Д.Цийг  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ад төлөх төлбөргүй гэж үзлээ.

              Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.А  нь сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосон  нөхөн төлбөрийг шүүгдэгч Д.Цаас  нэхэмжилж байх боловч үүнийг хангах үндэслэлгүй байна гэж шүүхээс дүгнэлээ.

          Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулах тухай хүсэлт нь хангахгүй орхиж, сэтгэцэд учирсан хор уршгийн  хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

            Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын  талаар:

            Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч   Д.Цийг  “хүнийг  алах“  гэмт  хэргийг  үйлдсэн гэм буруутайд тооцсон тул  Эрүүгийн   хуулийн  ерөнхий  ангийн   6.1 дүгээр  зүйлийн  1 дэх  хэсэгт   “Шүүх   гэмт  хэрэг  үйлдсэн хүнд энэ  хуулийн  ерөнхий  ангид  заасан  үндэслэл  журмын дагуу тусгай ангид заасан  төрөл,   хэмжээний   дотор  эрүүгийн  хариуцлага  хүлээлгэнэ”  гэж   заасны  дагуу шүүгдэгч  Д.Цид  Эрүүгийн   хуулийн  тусгай   ангийн  10.1 дүгээр зүйлийн  1 дэх  заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

          Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...шүүгдэгч Д.Цид нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирол төлбөр барагдуулсан, цаашид төлөхөө илэрхийлж байгаа, гэмт хэргийн хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн үйлдлийн арга, хувийн байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 11 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна..” гэв,

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Түмэндэмбэрэл эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “..Миний үйлчлүүлэгч Д.Агийн төрсөн хүү А.Г.Рийн цээжин тус газар санаатайгаар хутгалж хүнийг санаатайгаар хөнөөсөн гэмт хэргийг үйлдсэн. Хэрэг гарсан шалтгаан нөхцөлийн хувьд авч үзвэл хамтран архидсан явдал байгаа. Нөхрөө хутгалж амь насыг нь хохироож . Амь насанд бодит аюул учруулж болохоор гэр орноо гардан шатааж санаатай устгасан. Хууль ёсны гэрлэлтийн баталгаатай байсан. 10 жил хамтран амьдагч байсан. Иргэн н.М малыг 4 жил харж байсан. Согтууруулах ундаа хэрэглэдэггүй. Хадам эх Д.А.а болон төрөл саднаас нь уучлалт гуйгаагүй.  Гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан гэдгийг эргэлзээтэй гэж үзэж байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2 дугаар хэсгийн 2.3 дугаар зүйлд зааснаар энэ гэмт хэргийн ул мөрийг санаатай устгаж байгаагаараа агуулж байсан гэж үзэж байгаа. Хохирогчийн зүгээс энэ хэргийг түргэн шуурхай шийдвэрлүүлэх мөн 4 хүүхдийн бодоод дээр дурдсан татгалзаж байгаа. Шүүгдэгчид мал хөрөнгө нь бүгд үлдсэн байгаа. Хүүхдүүдийг Ээж нь авъя гээгүй. Эхийн талд өгүүлсэн байгаа. Оршуулгын зардалд 3,500,000 төгрөг гардаж авлаа. Д.А.а нь уг үйл явдлаас хойш хорлох бодол төрдөг болсон. Ухаан алдаж унадаг болсон. Стрессийн эмчилгээ хийлгэх шаардлагатай. Д.А.агийн сэтгэл санаанд учирсан хор уршгийг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр гаргуулах саналтай байна..” гэв,

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ:  “...Шүүгдэгчийн зүгээс уучлалт хүсэж байна. Хохирогчид миний зүгээс хэлсэн байдаг. Өөрөө хэлье гэсэн боловч шоконд орсон байдал нь бүрэн арилаагүй. Мөн юу гэж хэлэхээ мэдэхгүй байна гэж байсан. Иймд өмгөөлөгч миний зүгээс уучлалт хүсэж байна. Улсын яллагчийн гаргасан хөнгөрүүлэх байр суурийг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлчлүүлэгч хохирол төлж барагдуулсан. Гэр бүлийн хүчирхийлэлд байсан нь хэрэгт авагдсан нотлох баримт, гэрчүүдийн мэдүүлгээс бүрэн дүүрэн тогтоогдож байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ байдаг. Амь хохирогчийн 4 хүүхэд байна. Шүүгдэгчийн аав, ээжийн асрамжид байгааг дурдаж байна. Уг гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн Тусгай ангид заасны дагуу 8-15 жил хорих ялтай. Миний үйлчлүүлэгчид Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1-т заасан хөнгөрүүлэх нөхцөл тохирч байна. Уг гэмт хэргийг ял шийтгэлийг 11 жил -15 жил тогтоосон ч 5 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй ангид эдлүүлэхээр шийдвэр гаргаж өгөөч гэж хүсэж байна....” гэв,

           Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч Б.Эрдэнэбат гаргасан дүгнэлтдээ:“...Архидалт, хардалт, дарамтаас болсон байна. Архидалттай холбоотой  4 хүүхдийг нь бодож  ял шийтгэлээс  нь хөнгөрүүлж  болох уу гэм буруутай юм байна.. “ гэв.

          Шүүгдэгч Д.Цийн хэрэг хариуцах чадвар сэтгэцийн байдлын талаар  эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

            Шүүгдэгч Д.Цид  эрүүгийн   хариуцлага  хүлээлгэхэд  Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.5  дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.1-

т заасан  “...анх  удаа  гэмт  хэрэг  үйлдсэн”-г эрүүгийн  хариуцлагыг  хөнгөрүүлэх  нөхцөл байдалд  тооцож,  Эрүүгийн  хуулийн  ерөнхий  ангийн  6.6  дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал  тогтоогдоогүй  болохыг  дурдах  нь зүйтэй байна.

          Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

           Шүүгдэгч Д.Ц нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хэдий ч гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, сэдэл, санаа зорилго, гэмт хэргийн улмаас хүний амь хохирч хүнд хор уршиг учирсан, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жил 6 сарын  хугацаагаар хорих ялаар шийтгэх нь  түүний үйлдсэн хэргийн гэм буруу, шүүгдэгчийн хувийн байдалд тохирно гэж бүрэлдэхүүн дүгнэв.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн хэмжээ зэргийг шүүх харгалзан үзэж шүүгдэгчид оногдуулсан 5 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

        Энэ хэрэгт шүүгдэгч Д.Ц нь  51 хоног цагдан хоригдсон, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

         Эрүүгийн ********дугаартай хавтаст хэрэгт авагдсан баримтаар  шүүгдэгч Д.Ц нь гэрлэсний бүртгэлийн лавлагаагаар А.Г.Ртэй гэр бүл болж, тэдний дундаас*****  нар төрсөн болох нь / 2 хх-ийн 19-22 тал/-д авагдсан баримтаар  тогтоогдож байна.

          Гэрлэгч нас барсан болон түүнийг нас барсан гэж зарласан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гэрлэлт дуусгавар болсонд тооцогдоно, гэрлэлтийг захиргааны буюу шүүхийн журмаар цуцалсан, эсхүл хүчин төгөлдөр бус гэж тооцсон бол гэрлэлт дуусгавар болно гэж Гэр бүлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-д гэрлэлт дуусгавар болохыг заасан.

          Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт “Гэрлэгчид нь ...хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, ... үүргийг адил хүлээнэ” гэж, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-т “Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаална.” гэж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1-т “Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ.” гэж, мөн зүйлийн 26.2.1-т “эцэг, эх хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх”, мөн зүйлийн 26.2.2-т “эцэг эх хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж тус тус заасан байх бөгөөд шүүгдэгч Д.Ц нь ******нарын хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгөтэй, хоёр ханцуй хэсгээр улаан хүрэн өнгийн оруулгатай  бэлтгэлийн  цамц 1 ширхэг, хар алаг өнгийн эрэгтэй подвалк, уг подвалкийн зүүн талын мөрний урд, сантиметрийн хэмжээтэй цооролтой подвалк 1 ширхэг, хар хөх өнгийн даавуун өмд 1 ширхэг, хар алаг өнгийн эрэгтэй хүний дотуур хувцас 1 ширхэг, хар өнгийн урт түрүүтэй эрэгтэй хүний 1 хос гутал, саарал өнгийн хос оймс 1 ширхгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.

  Эрүүгийн ********дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг  тус тус дурдах нь зүйтэй.

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

     1.  Шүүгдэгч Ц.Шийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

      2.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг  журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Ц.Шийг  5 (тав)  жил, 6 (зургаа) сарын  хугацаагаар  хорих  ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Доржсүрэнгийн Ц.Шид оногдуулсан 5 (тав)  жил, 6 (зургаа) сарын  хугацаагаар  хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

      4.Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар  ***********нарт асран хамгаалагч тогтоохыг Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Засаг даргад даалгаж, асрамж тогтоох  хүртэл *******нарыг  шүүгдэгч Д.Цийн  эх ***асрамжинд  түр байлгасугай.

       5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч цагдан хоригдсон 51 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

       6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц нь 3.500.000  (гурван сая таван зуу) төгрөгийг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ад төлсөн болохыг дурьдаж,  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.А.а  нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирол нөхөн төлбөрөө  нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Д.Цаас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

     7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгөтэй, хоёр ханцуй хэсгээр улаан хүрэн өнгийн оруулгатай  бэлтгэлийн  цамц 1 ширхэг, хар алаг өнгийн эрэгтэй подвалк, уг подвалкийн зүүн талын мөрний урд, сантиметрийн хэмжээтэй цооролтой подвалк 1 ширхэг, хар хөх өнгийн даавуун өмд 1 ширхэг, хар алаг өнгийн эрэгтэй хүний дотуур хувцас 1 ширхэг, хар өнгийн урт түрүүтэй эрэгтэй хүний 1 хос гутал, саарал өнгийн хос оймс 1 ширхэг зэргийг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн  мөрийн баримт устгах комисст даалгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Д.Сонинбаярт даалгасугай.

    8. Энэ  хэрэгт эд мөрийн баримтаар битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримтгүй  болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

     9.  Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Цид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

     10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                          

 

 

                  ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                             А.ДӨЛГӨӨН

 

     ШҮҮГЧИД                                      М.ЭРДЭНЭ-ОЧИР

 

                                                                                         Б.БЭЭЖИН