| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Ганболд |
| Хэргийн индекс | 101/2017/01734/И |
| Дугаар | 101/ШШ2017/02117 |
| Огноо | 2017-06-19 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 101/ШШ2017/02117
| 2017 оны 06 сарын 19 өдөр | Дугаар 101/ШШ2017/02117 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: С ХХК-ийн ,
Хариуцагч: Н ХХК-д
Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 33.342.700 тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ш.М шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С ХХК нь Н ХХК-д 2014 оноос 2015 оны хооронд 665,9 тн нүүрс вагоноор тээвэрлүүлэн нийлүүлэхээр харилцан тохиролцож, дээрх тооны нүүрсийг бүрэн нийлүүлсэн бөгөөд 1 тн нүүрсийг 55,000 төгрөгөөр тооцон 36,624,500 төгрөг, тээврийн хөлсөнд 5,395,400 төгрөг, нийт 42,019,900 төгрөгийг авах байсан. Үүнээс өнөөдрийг хүртэл 33,342,700 төгрөгийг өгөөгүй байна. С ХХК-иас 2014 оны 10 сарын 17-ны өдөр 328.00 тн, 2014 оны 10 сарын 27- ны өдөр 337.9 тн нүүрсийг тус тус Н ХХК-д вагоноор ачуулан хүлээлгэн өгсөн. Гэтэл Н ХХК нь чанарын шаардлага хангаагүй, нунтаг, хог ихтэй, чулуутай нүүрс ирсэн тиймээс 28,746,850 төгрөгний нүүрсний төлбөрийг төлөхгүй гэдэг. Энэ асуудлыг тухай бүр нь шаардлага тавьж мэдэгдэн үнэхээр шаардлага хангахгүй байсан юм бол тэр дор нь буцаалгах, эсвэл шаардлага хангахуйц гэж үзсэн өөр нүүрсээр солиулах талаар харилцан зөвшилцөх ёстой байсан. Гэвч нүүрсийг хүлээн авчихаад хэзээ хойно нь ийм шалтаг хэлэн төлбөрөө төлөхгүй гэж байгааг нь манай компаний зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Иймд Н ХХК-иас 33,342,700 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 324,664 тегрөгийн хамт С ХХК-д гаргуулан өгнө үү гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Ш.М нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтээр өмнөх хурал хойшилж хурлын тов мэдэгдсэн боловч нэхэмжлэгч талаас ирээгүй байна. Иймд нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Энэ хэргийг үйл баримтыг өмнө нь 6506 шийдвэрээр шийдвэрлэсэн байна. 2015.9.30-ны дээрх шийдвэртэй хэрэгт нэхэмлжэгч нь өөр компани байсан. Гэтэл нэхэмжлэгч нь солигдоод дахин гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.4-т зааснаар өмнө нотолсон үйл баримыг дахин нотлохгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд ь хэрэгсэхгүй болгох үйл баримтууд тогтоогдоно. Нэхэмжлэгч нь гол нотлох баримтаар 2016 оны 6 дугаар сарын 4-ны тооцоо нийлэх баримтыг өгсөн. Мөн нүүрс нийлүүлэх гэрээ байхгүй. Тооцоо нийлсэн баримт дээр хариуцагч талаас гарын үсэг зурсан гэх боловч тамга тэмдэггүй. Нийлүүлсэн болон худалдаж авсан нүүрсний талаар баримгүй байхад шүүх тогтоох боломжгүй. Нэхэмжлэгч нь өөрөө шаардлагаа нотлох ёстой. Өмнөх хурлаас нэхэмжлэгч нь нотлох баримт бүрдүүлэх хангалттай хугацаа өнгөрсөн. Иргэний хуулийн 262.1-д зааснаар нэхэмжлэлийг хэрэгсхэгүй болгож өгнө үү гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь С ХХК нь худалдах худалдан авах гэрээний үүрэгт нийт 33,342,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Н ХХК, түүний өмгөөлөгч Ш.М нь гэрээ байгуулагдаагүй, нэхэмжлэлийн үндэслэл болсон үйл баримтыг өмнө нь шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа, нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтгүй тул зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийг хууль зүйн туслалцаа авах эрхээр хангаж, шүүх хуралдааныг хойшлуулж, 2017 оны 06 дугаар сарын 19-ны өдөр болох шүүх хуралдааны товыг зохигчдын төлөөлөгч, хариуцагчийн өмгөөлөгч нарт мэдэгдэж гарын үсэг зуруулсан байна. Гэвч нэхэмжлэгчийн төлөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаан хүрэлцэн ирээгүй, ямар нэг хүсэлт ирүүлээгүй. Иймд хариуцагчийн өмгөөлөгч хүсэлт гаргаснаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Зохигчдын хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт байгаа нэхэмжлэгч С ХХК-иас 2014 оны 11 дүгээр сарын 10 болон 30-ны өдөр хариуцагч Н ХХК-д олгосон нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь нийт 665.9 тонн нүүрс борлуулсан гэж тайлбарласан боловч хариуцагч нь үүнийг эс зөвшөөрч маргасан байна.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг нотлох баримтаар хариуцагч Н ХХК-ний 2015 оны 06 дугаар сарын 04-ны өдрийн 01/21 дугаар тооцоо нийлэх тухай албан тоот, Улаанбаатар төмөр замын 2014 оны 10 дугаар сарын 17 болон 27-ны өдрийн 2 ширхэг падаан, 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Н ХХК-д нүүрс борлуулсан тооцоо нийлсэн актыг тус тус шүүхэд ирүүлжээ. Энэхүү 01/21 дугаар албан тоот болон 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн актыг нэхэмжлэгч бус харин гуравдагч этгээд болох Шин ши шинэ юань ХХК-тай холбоотойгоор үйлдсэн байна. Мөн дээрх актад хариуцагч талаас тэмдэг дарагдаагүй тул хүлээн зөвшөөрсөн гэж үзэх боломжгүй юм. Түүнчлэн актыг 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр үйлдсэн боловч 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл гэж болоогүй огноогоор байгаа нь эргэлзээтэй бөгөөд уг баримт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болох боломжгүй талаар дүгнэсэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 6506 дугаар шийдвэр хэрэгт байна. Хэдийгээр хариуцагчийн 2015 оны 06 дугаар сарын 04-ны өдрийн 01/21 дугаар албан тоотод С ХХК-иас 665.9 тонн нүүрс гэж бичигдсэн боловч биет байдлын доголдолтой гэж тайлбарласан байна. Иймд уг баримтаар нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан үүргээ биелүүлсэн гэж үзэх боломжгүй.
Харин төмөр замын падааны хувьд 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн падаанаар ачуулсан чулуун нүүрсийг Хүдэр нуруу ХХК хүлээн авсан байна.
Хэрэгт байгаа нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар хариуцагч нь нүүрс худалдах худалдан авах гэрээний үүрэгт тодорхой хэмжээний төлбөр төлсөн болох нь тогтоогдсон бөгөөд нэхэмжлэгч нь гэрээний дагуу нийлүүлсэн нүүрсний хэмжээ болон түүний үлдэгдэл төлбөрийг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
Дээрхийг нэгтгэн дүгнээд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 зааснаар хариуцагч Н ХХК-д холбогдох худалдах худалдан авах гэрээний үүрэгт 33,342,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч С ХХК-ний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 324,670 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД