Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 156/ШШ2020/00067

 

          

 

 

 

 

               

                                                 

      2020 оны 01 сарын 28 өдөр

         Дугаар 156/ШШ2020/00067

                Хэрлэн сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                      

156/2020/00012/И

 

            Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: 

            Нэхэмжлэгч: Хэнтий аймаг, Хэрлэн сум, ... дүгээр багт байрлах, ..... ТББ /РД:............./-ын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Хэнтий аймаг, Хэрлэн сум, .... дугаар багт байрлах, Хэнтий аймгийн 

1 200 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:

            нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г,

           хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.З нар оролцов.

 

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэнтийн мэдээ агентлаг нь Улаан загалмайн хорооны 60 жилийн ойг мэдээллийн сувгуудаараа сурталчлах чиглэлээр Хэнтий аймгийн Улаан загалмайн хороотой 2018 оны турш хамтран ажиллах Алтан багц /5 000 000/ төгрөгний гэрээг 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан. Гэрээний хүрээнд гүйцэтгэгч талаас 60 жилийн ойн тайлант сэтгүүл 500 ширхэг, 4 нүүр сонины тусгай дугаарыг 1000 хувиар хэвлүүлэн гаргаж хүлээлгэн өгсөн. Мөн ойн хүрээнд хийгдэж буй ажлуудыг сурвалжлан, Улаан загалмайн хорооноос ирүүлсэн мэдээ мэдээллийг цаг алдалгүй нийтэд түгээсэн болно. 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 2 560 000 төгрөгийн малыг төлбөрт хүлээн авсан.

Үлдэгдэл төлбөрөө 2019 оны 03 дугаар сарын 23-ны өдөр баталгаажуулж гүйцэтгэгч талаас хийгээгүй ажлын төлбөр болох 260 000 төгрөгийг хасч тооцон 2 200 000 төгрөгийн гэрээ хийж, уг мөнгийг хариуцагч шилжүүлэхээр болсон. Түүнээс энэ гэрээний дагуу ажил хийхгүй, өмнөх гэрээний төлбөрийг ингэж баталгаажуулахгүй бол болохгүй байна гэж Улаан загалмайн хороо тайлбарласан. Ингээд 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр манай дансанд 1 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Иймд гэрээний үлдэгдэл төлбөр 1 200 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Бид гэрээнд заасан ажлаа бүгдийг хийж гүйцэтгэсэн. Гэрээнд зааснаар хийх ажил нь 2019 оны гэрээний хавсралттай ижил байгаа гэв.

 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд ирүүлсэн хариу тайлбартаа: Гэрээнд тусгагдсан мэдээллүүд дутуу нийтлэгдсэн байсан тул бид үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулах боломжгүй. Үүнд:

- Олон нийтэд масс мессеж /2удаа нийтлэгдэ ёстойгоос нийтлэгдээгүй/

- Сайтын энгийн мэдээ /өдөр бүр нийтлэгдээгүй/

- Сайтын онцлох мэдээ /7 хоногт 3 удаа нийтлэгдээгүй/

- Хэнтийн мэдээ сонинд цуврал мэдээлэл, нийтлэл /жилд 4 удаа нүүр хуудас нийтлэгдэхээс 2 нүүр хуудас нийтлэгдсэн/

- Хэнтийн news сэтгүүл /улиралд 2 нүүр хуудас хийгдээгүй/

- Хэнтийн мэдээ агентлаг пейж хуудас /7хоногт 5 удаа пост оруулахаас мэдээ оруулаагүй/

- Сайтын фото сурвалжлага /5-10 зураг, 14 хоногт  1 удаа нийтлэгдэхээс дутуу нийтлэгдсэн/

- Сайтын сурвалжлага, ярилцлага, нийтлэл /14 хоногт 1 удаа нийтлэгдэхээс дутуу нийтлэгдсэн/

- Лайв шууд дамжуулалт /1 удаа хийгдэхээс хийгдээгүй/

- Мэндчилгээ /8 удаа нийтлэгдэхээс 1 удаа нийтлэгдсэн/

- Хэвлэгдэн гарсан сонин сэтгүүлийн дугааруудаас өгөх /7 хоног бүр, улирал  бүр өгөөгүй/

- Нэмэлт сувгаар мэдээлэл түгээх /МҮОНРадио жилд 1 нэвтрүүлэг 5 мэдээ, Монцамэ агентлаг-12 удаа мэдээ сурвалжлага/

- Аймгийн Улаан загалмайн хороон 60 жилийн ойд зориулсан сэтгүүлийн эх бэлтгэлийг урьдчилж танилцуулаагүйн улмаас шаардлага хангаагүй сэтгүүл гарсан сар болгон гардаг сонины дугааруудад мэдээ мэдээллүүд дутуу нийтлэгдэж байсан. 2018 оны 06-12 дугаар сард огт мэдээ мэдээлэл гаргаж байгаагүй, мөн 1 жил хэрэгжих ажлын 1 улирлын ажлыг хийгээгүй. Гэрээнд зааснаар хийх ажил нь 2019 оны гэрээний хавсралттай ижил байгаа гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

           

            Хэнтийн мэдээ агентлаг төрийн бус байгууллага нь Хэнтий аймгийн Улаан загалмайн хороонд холбогдуулан 1 200 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч гэрээнд заасан ажил бүрэн хэрэгжээгүй, мөн чанарын шаардлага хангаагүй гэж маргасан.

            Шүүхийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

            Зохигч нь 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр “Хамтран ажиллах гэрээ” байгуулж, үүний дагуу нэхэмжлэгч нь 11 төрлийн хэвлэл мэдээллийн бүтээгдэхүүнийг  зохих тоо хэмжээгээр заасан хугацаанд хийж гүйцэтгэх, хариуцагч нь 5 000 000 төгрөгийн ажлын хөлс өгөх үүргийг тус тус хүлээсэн болох нь хэрэгт авагдсан гэрээ, талуудын маргаагүй байдлаар тогтоогдсон.

            Энэхүү гэрээний харилцаа нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаанд хамаарч байна.

            Хариуцагч нь гэрээний төлбөр 5 000 000 төгрөгөөс 3 560 000 /2 560 000 төгрөгийн мал 1 000 000 төгрөг дансаар/ төгрөгийг төлж барагдуулсан, нэхэмжлэгч нь 260 000 төгрөгийн ажлын хөлсийг хасч тооцсон болохоо илэрхийлсэн учир гэрээний төлбөрийн үлдэгдэл 1 180 000 төгрөг болж байх боловч нэхэмжлэгч тал 1 200 000 төгрөгийг гэрээний төлбөрийн үлдэгдэлд нэхэмжилсэн байна.

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч буюу гэрээний ажил гүйцэтгэгч тал нь гэрээнд заасан 11 төрлийн ажлыг бүрэн гүйцэд хийгээгүй, чанарын шаардлага хангаагүй, заасан тоо хэмжээнд хүрээгүй гэж маргасан.  

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх,

350 дугаар зүйлийн 350.1 ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх, гүйцэтгэх ажлын мөн чанар, ажил гүйцэтгэгчийн хувийн байдалтай холбоотой биечлэн гүйцэтгэвэл зохих ажлыг биечлэн гүйцэтгэх, захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүрэг хүлээнэ,  

353 дугаар зүйлийн 353.2 гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт тохирч байвал ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэнэ, 353.3 хэрэв гэрээнд ажлын үр дүнгийн тоо, хэмжээ, чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэнэ гэж тус тус ажил гүйцэтгэгчийн гүйцэтгэвэл зохих ажил үүрэг, гэрээний зүйлийн чанарын талаар заасан.

Иймд ажил гүйцэтгэгч тал болох нэхэмжлэгч нь 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр “Хамтран ажиллах гэрээ”-ээр тохиролцсон ажлыг заасан тоо хэмжээ, хугацаа, чанарыг хангаж гүйцэтгэсэн гэдгээ шүүхийн өмнө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6, 25, 38 дугаар зүйлд зааснаар баримтаар нотлох үүргийг хүлээж байна.

Харин хэрэгт нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээ, чанар, хугацааг баталгаажуулсан ямарваа нэгэн баримт авагдаагүй.

Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлоогүй тул гэрээнд заасан тоо хэмжээ, чанар, хугацаанд нийцүүлж үүргээ гүйцэтгээгүй гэх хариуцагчийн мэтгэлцээний байр суурийг хүлээн авч, гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээ, чанар, хугацаа тодорхойгүй байгааг харгалзан нэхэмжлэгч нь ажлын хөлс нэхэмжлэх эрхгүй гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтын хуваарилалтыг хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3-т зааснаар нотлох баримтыг үнэлэхдээ хуулийн шаардлага хангаагүй баримт болох хэргийн 12-16, 23-р талд авагдсан баримтуудыг, мөн өмнөх гэрээний үлдэгдлийг баталгаажуулах зорилгоор дүр үзүүлэн хийсэн хэлцэл болох 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн тус тус үнэлээгүй болно.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан  Хэнтий аймгийн Улаан загалмайн хороонд холбогдуулан гаргасан 1 200 000 төгрөг гаргуулах Хэнтийн мэдээ агентлаг ТББ-ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 33 350 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөлөөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.БАДРАХ