| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 320/2025/0067/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/102 |
| Огноо | 2025-03-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Оюун-Эрдэнэ |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 2025/ШЦТ/102
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,
Улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ,
Шүүгдэгч Э.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э-ын Э-д холбогдох эрүүгийн ..................... дугаартай хэргийг 2025 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Г ургийн овогт Э-ын Э , 1991 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Рашаант суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин ажилтай, Хөвсгөл аймгийн Рашаант сумын 2 дугаар баг*********** гэх газарт оршин суух үндсэн хаягтай, урьд ял шийтгэлгүй, регистрийн ...................... дугаартай.
Холбогдсон хэргийн талаар: яллах дүгнэлтэнд бичигдснээр/
Шүүгдэгч Э.Э нь 2025 оны 1 дүгээр сарын 6-7-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Г.Н-ийн биед тархи доргилт, хамрын таславчийн мурийлт, хоёр нүдний зовхи, хамар, зүүн хацар, хуйх уруулд цус хуралт бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэм буруугийн талаар.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Э.Э-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“…гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэх мэдүүлэг,
2.Шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн ..................... дугаартай хэргээс:
1.Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Н-ийн хохирогчоор өгсөн: “...Би Хөвсгөл аймаг Рашаант сумын 4-р багт 2025 оны 01 дүгээр сарын 06-наас 07-ны өдрийг шилжих шөнө гэртээ ирээд 0.5 литр агар нэртэй архи хүмүүстэй хувааж ууж байгаад тасраад унаад өгсөн байсан. Өглөө босоод ирсэн чинь нүүр хөхөрч хавдсан байхаар нь найзыгаа дуудаад гэрт нь очоод тэндээ 4-5 хоног хэвтэж байгаад өнөөдөр өвдөөд байхаар нь цагдаагийн байгууллагад хандаж байна...” гэх мэдүүлэг, (хх-ийн 13-14-р тал)
2.Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.М-ын гэрчээр өгсөн: “...орой 21 цагийн үед Э, Эн бид гурав Нийнд очоод тэндээ архи уугаад байж байсан чинь Н, Э хоёр маргалдаад зодолдоод байхаар нь Эн бид хоёр салгаад Нийн хамраас цус гоожсон байхаар тогтоож өгөөд унтсан...” гэх мэдүүлэг, (хх-ийн 24-25-р тал),
3. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд А.Эн-ийн гэрчээр өгсөн: “...орой 21 цагийн үед Э, М бид гурав Н-ийнд очоод тэндээ архи уугаад байж байсан чинь Н, Э хоёр маргалдаад зодолдоод байхаар нь М бид хоёр салгаад Нийн хамраас цус гоожсон байхаар нь М тогтоож өгөөд унтсан...” гэх мэдүүлэг, (хх-ийн 28-29-р тал),
4. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Э.З*********гийн гэрчээр өгсөн: “...Орой 17 цагийн үед цахилгаан чинь О манайд ирээд манай цахилгааныг янзалж өгөөд О , Мө хоёртой 2 шил пиво уугаад байж байсан чинь Халзаарай ах гэрт орж ирхээр гэрт нь хүргэж өгөөд тэндээсээ Н ахынд очсон чинь Н ах хүнд зодуулсан хамар нь халзарсан уруул нь сэтэрсэн байж байсан. Тэгээд тэднийхээс гараад гэртээ хариад унтсан...” гэх мэдүүлэг, (хх-ийн 32-33-р тал),
5.Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 70 дугаартай:
1.Г.Н-ийн биед тархи доргилт, хамрын таславчийн мурийлт, хоёр нүдний зовхи, хамар, зүүн хацар, хуйх, уруулд цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3.Г.Н-ийн биед үүссэн гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хх-ийн 46-р тал),
6.Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Э.Эын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 54-55-р тал/,
7.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг шалгах хугацааг сунгах тухай тогтоол /хх-ийн 8-р тал/,
8.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 9-р тал/,
9.Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:
A.Шүүгдэгч Э.Эын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа болон урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56-60-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хоёр. Хэргийн талаархи шүүхийн дүгнэлтийн талаар.
Шүүгдэгч Э.Э нь 2025 оны 1 дүгээр сарын 6-наас 7-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, иргэн Г.Н-ийн биед тархи доргилт, хамрын таславчийн мурийлт, хоёр нүдний зовхи, хамар, зүүн хацар, хуйх уруулд цус хуралт бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь шүүгдэгч Э.Эын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, хохирогч Г.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, гэрч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, гэрч А.Энийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, гэрч Э.З-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Г.Алтайгийн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 70 дугаартай дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдлоо.
Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Г.Н-ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Э.Эын үйлдэлтэй шалтгаант холбоотой.
Шүүгдэгч Э.Эын үйлдэл идэвхитэй, хохирогч Г.Н-ийн бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Шүүгдэгч Э.Эын хохирогч Г.Н-ийн бие, эрх чөлөөнд халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан гэм буруугийн санаатай, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл мөн тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Э.Эын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гурав. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Э.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох саналыг шүүхэд гаргаж байна...” гэв.
Хэргийн шүүгдэгч Э.Э нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Э.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
“Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй /-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.
Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар хэргийн хохирогч Г.Н нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй.
Тус хэргийн улмаас хохирогч Г.Н-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь эмчилгээний зардалд 500,000 төгрөг гарсан гэх боловч хохирлын баримтаа хавтаст хэрэгт гаргаж өгөөгүй, шүүхэд ирүүлээгүй тул хохирогч Г.Н нь эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Э.Эоос нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.
Мөн Эрүүл мэндийн даатгалын сангийн зардлын программаас мэдээллийг шүүж үзэхэд хохирогч Г.Н-д 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс хойш тусламж, үйлчилгээний зардал гараагүй байна гэх албан бичиг (хх-ийн 62-р тал)-ээр тогтоогдсонг тэмдэглэв.
Шүүгдэгч нь урьд ял шийтгэгдэж байгаагүй тухай хэргийн 56 дугаар талд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримт авагдсан, энэ нь нэр бүхий шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх хуульд заасан үндэслэл болно.
Шүүгдэгч Э.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох юм.
Шүүгдэгч Э.Э нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болохыг шүүх тогтоож шийдвэрлэсэн тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-од 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Дөрөв.Бусад асуудлын талаар:
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдлаа.
Хэргийн шүүгдэгч Э.Э нь шүүх хуралдаанд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болоод Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д тус тус заасан “өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах” эрхээ эдлэхээс сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох” тухай хүсэлтийг тус шүүх хуралдаанд гаргасан тул шүүгдэгч Э.Эыг “өөрөө өөрийгөө өмгөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь шүүх хангасан болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г овогт Э-ын Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э-ын Э ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Э.Э нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Г.Н нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Э.Э-оос нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
5.Эрүүгийн ..................... дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Э-од урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ