Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 00179

 

 

 

 

 

 

   2017          07              05                                                 179    

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга О.Өлзийбуян,

Улсын яллагч Ц.Мөнхжаргал,

Хохирогч Ц.Доржсүрэн,

Хохирогчийн өмгөөлөгч Б.Батдорж,

Шүүгдэгч Ө.Алтаншагай,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Өлзийбаярын Алтаншагайд холбогдох эрүүгийн 201722000271 дугаартай хэргийг 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Халх Өлзийбаярын Алтаншагай, 1982 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн 11-04 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, урьд 2015 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн РЭ82122071 дугаартай,

Шүүгдэгч Ө.Алтаншагай нь 2017 оны 05 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн нутагт Цагаан-Уул захын хашаан дотор байрлах иргэн Ц.Доржсүрэнгийн эзэмшлийн “Оргих” хүнсний дэлгүүрийн хаалгаар нэвтрэн эд хөрөнгө хулгайлж 1.060.000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийн үйлдсэнд холбогджээ. 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ө.Алтаншагай нь 2017 оны 05 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн нутагт Цагаан-Уул захын хашаан дотор байрлах иргэн Ц.Доржсүрэнгийн эзэмшлийн “Оргих” хүнсний дэлгүүрийн хаалгаар нэвтрэн Соёрхол нэртэй архи, Памперс нэртэй хүүхдийн живх зэргийг хулгайлж 1.060.000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Ө.Алтаншагайн мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: "…Манай гэрт хоол унд байхгүй, хоёр хүүхэд маань памперс байхгүй үнэхээр хэцүү байсан. Зах дотор гэрэлтэй дэлгүүр байсан очоод үзэхэд цоож нь онгойчихмоор байхаар нь төмрөөр хөшөөд түлхтэл онгойсон. Ороод памперс 10 уутыг, үүдэнд байсан соёрхол нэртэй архинаас аваад гарсан…Хийсэн хэрэгтээ гэмшиж байна…" гэх мэдүүлэг,

Хохирогч Ц.Доржсүрэнгийн мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн "…Цагаан-Уул зах дотор байх Оргих нэртэй дэлгүүрт маань хулгайч ороод эд зүйл алдагдсан. 40 уут памперс алдагдсан. Соёрхол нэртэй 0.5 грамтай архи хайрцаг алга болсон. Би гомдолтой байна алдсан эд зүйлээ нэхэмжилж байна... " гэх мэдүүлэг /ХХ-ийн 8-10 дугаар хуудас/,

Гэрч А.Сэржмядагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "…2017 оны 05 дугаар сарын 15-ны орой 23 цаг өнгөрч байхад хүнтэй уулзана гэж гараад 01 цаг болж байхад ирсэн. Тэгэхдээ ямар нэгэн зүйл авчираагүй. Хүүхдүүдээ памперс авчирч өгөхдөө худалдаж авсан гэж хэлсэн…" гэх мэдүүлэг /ХХ-ийн 10-11 дүгээр хуудас/,

Гэрч С.Батдэлгэрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...Би дэлгүүрт хулгай орсон гэдгийг хоёр дахь өдөр мэдсэн. Пийшингийн араар өрсөн байсан памперс алга болсон байсан. Нүдэн баримжаагаар харахад 30-40 памперс байсан…" гэх мэдүүлэг /ХХ-ийн 12-13 дугаар хуудас/,

Гэрч Б.Бадамрагчаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "... Манай гэрт хүн ирээд манай дэлгүүрт хулгай орсон талаар хэлсэн. Тэгээд дэлгүүртээ очоод үзэхэд хаалгыг эвдээд хулгайч орсон байсан. Манай дэлгүүрээс 40 уут памперс, нэг хайрцаг соёрхол нэртэй 0.5 грамтай архи алдагдсан…" гэх мэдүүлэг /ХХ-ийн 14-15 дугаар хуудас/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 3-5 дугаар хуудас/,

Хөрөнгө үнэлсэн тайлан /ХХ-ийн 17 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ө.Алтаншагайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Эрүүгийн 201722000271 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны  байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Ө.Алтаншагайгаас 1.060.000 төгрөг гаргуулж хохирогч Ц.Доржсүрэнд олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь урьд 2015 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолуудын хуулбар /ХХ-ийн 32-39 дүгээр хуудас/-аар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй гэж заажээ. Иймд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэргийг 2017 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэхь хэсэгт зааснаар гэмт хэрэгт оногдуулах ялын доод хэмжээг өөрчлөөгүй, ялын дээд хэмжээ нэмэгдсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байх тул эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх боломжгүй байна гэж үзэв.

Шүүгдэгч нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, ялтай байхдаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцон үзлээ.

Шүүгдэгч Ө.Алтаншагай нь Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 256 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлд зааснаар ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд эд хөрөнгө хураах нэмэгдэл ялыг хэрэглэх шаардлагагүй гэж үзлээ.

 Эрүүгийн 201722000271 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

     1. Шүүгдэгч Халх Өлзийбаярын Алтаншагайг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

     2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Өлзийбаярын Алтаншагайг эд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

     3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар шүүгдэгч Ө.Алтаншагайд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 256 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялын заримыг буюу   6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн бүгд 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар биечлэн эдлэх ялыг тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Алтаншагайд оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй  хорих байгууллагад эдлүүлсүгэй.

     5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Ө.Алтаншагайгаас 1.060.000 /нэг сая жаран мянга/ төгрөг гаргуулж хохирогч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн 18-11 тоотод оршин суух Цагаангэрүүд  Цэрэнбатын Доржсүрэнд олгосугай.

     6. Эрүүгийн 201722000271 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

     7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Алтаншагайд урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

       8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Т.ХҮРЭЛБААТАР