Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 118/ШШ2022/0030

 

                          

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд-Очир даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Г.Доржжанцан

Хариуцагч: Завхан аймгийн Засаг дарга

Гуравдагч этгээд: Х.Ринчинсүрэн

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Будсүрэн

Хариуцагч Завхан аймгийн Засаг даргад холбогдох газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Доржжанцан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхжаргал, хариуцагч Завхан аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Будсүрэн, гуравдагч этгээд Х.Ринчинсүрэн, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Алтангэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтанзул  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Г.Доржжанцан нь Завхан аймгийн Засаг даргын 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн А/303, 2022 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн А/486 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах”  нэхэмжлэл гаргажээ.

2. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Г.Доржжанцан нь 1959 онд төрсөн. Ам бүл 2. Эхнэрийн хамт Завхан аймгийн Их-Уул сумын Үржил багт оршин суудаг. Их-Уул сумын Үржил багийн Хуягтын амны “Улаан энгэрийн” өвөлжөөнд манай өвөө Раднаа нь 1877 оноос өвөлжиж эхлээд аав Ганжуур нь 1923 онд өвөлжөөнд төрөөд 1998 он хүртэл өвөлжсөн. Харин би 1952 онд “Улаан энгэрийн” өвөлжөөнд төрж, миний мэдэхээр 3 үеэрээ амьдарч байгаад 1990 оны үед их, бага хувьчлалаар өвөлжөөг газрын хамт эзэмшиж эхэлсэн. Ингээд Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргын 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А/96 дугаар захирамжаар 000095601 тоот иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээгээр 40 жилийн хугацаагаар эзэмших болсон. Манай өвөлжөөнд Х.Ринчинсүрэн нь ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр өвөлжиж, зусаад байсан тул иргэний хэргийн шүүхэд хандаж Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 157 дугаар шийдвэрээр Х.Ринчинсүрэнгийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, тус өвөлжөөнд өвөлжихгүй байхыг Х.Ринчинсүрэнд даалгасан шийдвэртэй зэрэгцүүлэн Завхан аймгийн Засаг даргын 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн А/303 тоот захирамжаар Их-Уул сумын Засаг даргын 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А/96 дугаартай захирамжийг хүчингүйд тооцсон байна. Завхан аймгийн Засаг даргын 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 303 тоот захирамжийг надад танилцуулаагүй бөгөөд 2022 оны 6 дугаар сарын 13-14-ний үед Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхэд шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хэлэлцэгдэх шүүх хуралдааны товыг мэдэгдсэн өдөр хэргийн материалтай танилцах явцдаа мэдсэн. Ингээд 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Завхан аймгийн Засаг даргын 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн А/303 тоот захирамжийн 1 хувийг хуулбарлан авахаар аймгийн Засаг даргын Тамгын газарт хандсан боловч байгууллагын архивд 2021 оны Засаг даргын захирамжийн өнгөн хувь хадгалагдаагүй, ийм захирамж албан ёсоор гарсан эсэх нь эргэлзээтэй болж Завхан аймгийн Газрын харилцаа, барилга  хот байгуулалтын газраас аймгийн Засаг даргын 2021 оны А/303 тоот захирамжийн 1 хувийг болон тус байгууллагын 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 410 дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийн хуулбарыг 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авлаа. Завхан аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас тус байгууллагын 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 410 дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, аймгийн Засаг даргын 2021 оны А/303 тоот захирамжийг Их-Уул сумын Засаг даргын Тамгын газраар дамжуулан хүргүүлсэн гэх боловч надад одоог хүртэл ирүүлээгүй байна. Завхан аймгийн Засаг даргын 2021 оны А/303 тоот захирамж нь Газрын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1 дэх заалтыг үндэслэсэн нь хууль бус бөгөөд эрт үеэс өвөлжөө болгон ашиглаж ирсэн газар яагаад нийтийн эдэлбэрийн газрын ашиглалт зохион байгуулах баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын газрын харилцааны талаарх бүрэн эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм. Мөн Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр гаргах ажиллагааг явуулаагүй, Завхан аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 410 дугаартай мэдэгдэл нь захирамж гарсан хугацаанаас хойш сумын Засаг даргын Тамгын газарт хүргэгдсэн гэх бөгөөд иргэн Г.Доржжанцанд очоогүй зэрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлээгүй байж Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 157 дугаартай шийдвэртэй зэрэгцүүлэн аймгийн Засаг даргын захирамж гаргаж байгаа хууль бус шийдвэр болох нь харагдаж байна. Иймд Завхан аймгийн Засаг даргын 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн А/303 дугаартай захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ... Завхан аймгийн Засаг дарга нь 2022 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн А/486 дугаартай захирамж гаргаж Их-Уул сумын Засаг даргын 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А/96 дугаар захирамжийг хүчингүй болгосон захирамжийн эрх зүйн үйлчлэлийг 2022 оны 10 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн сэргээсэн мөртлөө 2 дахь заалтаараа иргэн Г.Доржжанцангийн эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгохыг Их-Уул сумын Засаг даргад үүрэг болгосон нь утга найруулгын алдаатай, ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд аймгийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн А/486 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Нэгдүгээрт, А/303 дугаартай захирамж нь өөрөө яагаад хууль тогтоомжид нийцээгүй вэ гэхээр захирамжийн үндэслэлээ Газрын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-д заасан нийтийн эдэлбэр газар гэж үзэж заасан байдаг. Энэ нь өвөлжөөний газар болохоос нийтийн эдэлбэр газар биш юм. Газрын тухай хуулийн 3.1.9-д нийтийн эдэлбэр газрыг төрийн өмчид байгаа газрыг ойлгоно гэж заасан. Өөрөөр хэлбэл Газрын тухай хуулийн 12.2-д нийтийн эдэлбэр газар гэдэгт хот, тосгон, бусад суурины гудамж, талбай, зам, нийтийн амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэгт хүрээлэн, оршуулгын газар, хог хаягдлын цэг, цэвэршүүлэх талбай зэрэг газар хамаарна гэж заасан. Тэгэхээр өвөлжөөний газар бол тухайн хүний эзэмшилд байгаа хувийн өмч учраас нийтийн эдэлбэр газарт хамаарахгүй учраас захирамжийн үндэслэл хуульд нийцэхгүй байна гэж үзэж байна. Мөн Газрын тухай хуульд өвөлжөөний газрыг заавал багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлж эзэмшүүлнэ гэсэн заалт байхгүй. Өөрөөр хэлбэл А/303 дугаартай захирамж хуульд нийцэж гараагүй байна. Дээр нь сонсох ажиллагаа явуулах, захиргааны актаа мэдэгдэх ажиллагаа огт хийгдээгүй гарсан. Газрын даамал гэдэг хүн мэдэгдсэн болно гэсэн тодорхойлолт гаргаж өгсөн байна. Гэтэл түүнийг хэнд зориулж гаргаж байгаа нь тодорхойгүй. Хэрвээ Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу захиргааны актаа мэдэгдсэн бол өөрт нь гардуулна гэж байгаа. Хэрэв утсаар мэдэгдсэн бол тэмдэглэл үйлдэж баримтжуулна гэсэн байгаа. Магадгүй бүртгэл дээрээ энэ талаараа баталгаажуулсан бол бид өнөөдөр маргахгүй. Захиргааны актыг хүргүүлсэн асуудал байдаггүй. Тийм учраас нэхэмжлэгч Тосонцэнгэл сумын шүүх дээр шинээр илэрсэн нөхцөл байдлын хуралдааны үеэр ийм асуудал гараад миний гэрчилгээг хүчингүй болгосон юм байна гэж мэдээд аймагт ирж Засаг даргын Тамгын газраас захирамжийн нэг хувийг авъя гэхэд эх хувь нь байгаагүй. Газрын албан дээр очиход 2 хувь байсан. Ингээд өөрт ирэх ёстой хувийг газрын албанаас гардаж аваад гарын үсэг зурж үлдээсэн. Мэдэгдэл ч гэсэн мөн адил газрын албанаас захирамжаа ирж авахдаа авсан. Мэдэгдэл явуулсан гэх асуудлын тухайд хуулийг нэр мөр ойлгож дагаж мөрдөх ёстой. Сонсох ажиллагааны мэдэгдлийг өмнө нь явуулаад түүний дараа захирамж гарах ёстой байтал хуульд нийцүүлж байгаа мэтээр гарсан өдөр нь мэдэгдэл явуулаад, гарсных нь дараа хариу тайлбараа ирүүл гэдэг байдлаар хандаж байгаа нь өөрөө Захиргааны ерөнхий хуулийг бүрэн зөрчсөн асуудал байдаг. Тийм учраас энэ бол хууль бус захиргааны акт юм. А/486 дугаар захирамжийн хувьд энэ захирамжийн нэгдүгээр заалтаар А/303 дугаартай захирамжийн алдааг засна гэсэн мөртлөө хүчингүй болгох заалтаа үндэслэхгүйгээр алдааг нь засаад оруулж байгаа юм гэдэг байдлаар үндэслээд байгаа. Өөрөөр хэлбэл А/303 дугаартай захирамж хэрэгжих юм шиг ийм эргэлзээтэй байдалд оруулсан учраас бид энэ захирамжийг бүхэлд нь хүчингүй болгох нэхэмжлэлийг гаргасан. Ингээд Их-Уул сумын Засаг даргын 96 дугаартай захирамжийн үйлчлэлийг сэргээсэн. Тэгснээ хоёрдугаар заалтаараа гэрээ гэрчилгээг хүчингүй болгоё гээд байгаа нь ямар үндэслэлээр хүчингүй болгоод байгаа нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл утга найруулгын хувьд алдаатай захиргааны акт. А/303 дугаартай захирамжийг хүчингүй болгоод Г.Доржжанцан гуайн эрхийг сэргээгээд байгаа мөртлөө нөгөө заалтаараа хүчингүй болго гэж үүрэг өгөөд байгаа нь нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөөд байна. Тийм учраас А/486 дугаартай захирамжийг хүчингүй болгуулъя гэсэн шаардлага гаргасан. Захирамжийн үндэслэлүүд нь Газрын тухай хуулийн 61.1, мөн хуулийн 20 дугаар зүйлүүдийг үндэслэсэн байдаг. Эдгээр заалтууд нь алдаагаа засна, хүчингүй болгоно гэсэн мөртлөө хүчингүй болгох биш сэргээгээд байгаа. Тэгэхээр хүчингүй болгоно гэсэн заалт аваад сэргээгээд байгаа нь үндэслэлгүй, ойлгомжгүй байна. Өнөөдөр хариуцагч өөрөө ч тайлбарлах боломжгүй эргэлзээтэй нөхцөл байдал үүсээд байна. Их-Уул сумын Засаг даргын 96 дугаартай захирамж нь дуудлага худалдаагаар аваагүй гээд байгаа боловч Газрын тухай хуулийн 21.4.3-т заасныг үндэслэсэн байдаг. Энэ нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан бол эзэмшүүлэх ашиглуулах шийдвэр гаргах боломжтой буюу Засаг даргын бүрэн эрхийн асуудал байгаа. Өмнө нь 1997 оны өмч хувьчлалтай холбоотойгоор эзэмшиж байсан гэдгээ нэхэмжлэгч хэлдэг. Ингээд дахин хүсэлт гаргаж гэрчилгээгээ шинэчилж эзэмшиж авсан асуудал байдаг. Энэ нь яг ямар хууль тогтоомж зөрчсөн гэдгийг захиргааны байгууллага тогтоолгүйгээр акт гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Гомдол гаргах эрхийн хөөн хэлэлцэх хугацааны тухайд гомдол гаргах хугацаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хугацаандаа байгаа. Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу захиргааны актыг мэдэгдсэнээс хойш бид 30 хоногийн дотор шүүхэд хандсан. Мэдэгдэх гэдэг нь утсаар ярих юм уу ойлгомжгүй байдлыг хэлэхгүй. Гарын үсэг зуруулсан баримтжуулсан бол мэдэгдсэнд тооцохоор байгаа. Мэдэгдсэн талаараа захиргааны байгууллага өөрөө нотлох ёстой. Гэтэл захиргааны байгууллага мэдэгдсэн талаараа нотолж чадахгүй байна. Нэхэмжлэгч нь хуульд заасан хугацаанд нэхэмжлэл гаргасан байна. Нөгөө талаас гуравдагч этгээд миний өмч хөрөнгө байгаа учраас эзэмшил давхацсан байна гэдэг асуудал яриад байна. Гэтэл Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх нь уг газрыг Г.Доржжанцан гуайн эзэмшил гэж үзээд Х.Ринчинсүрэн гуайн чөлөөлүүлэх асуудлыг шийдчихсэн. Тийм учраас давхацсан гэсэн үндэслэл үүгээр няцаагдана гэж ойлгож байна. Иймд нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх ашгийг хамгаалж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн Г.Доржжанцан нь Завхан аймгийн Засаг даргын 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн А/303 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргажээ. 2021 онд иргэн Х.Ринчинсүрэн нь аймгийн Засаг даргад гомдол гаргасны дагуу тус захирамж гарсан. Завхан аймгийн Засаг даргын 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн А/303 дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2 дахь заалтыг зөрчиж мэдэгдэл болон захирамж нэг өдөр гарсан алдаа зөрчил гарсан байна. Завхан аймгийн Засаг даргын 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн А/303 дугаар захирамжийг Их-Уул сумын Засаг даргын Тамгын газарт хүргүүлсэн боловч тухайн хугацаанд газрын даамал өвчний улмаас чөлөөтэй байсан тул тус аймгийн тус захирамжийг иргэн Г.Доржжанцанд гардуулж өгөөгүй орхигдуулсан байна гэжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2021 онд Х.Ринчинсүрэн аймгийн Засаг даргад гомдол гаргасан байдаг. Гомдолдоо миний өвөлждөг байсан өвөлжөөний газрыг 2020 оны 07 сарын 22-ны А/96 дугаартай иргэн Г.Доржжанцанд сумын Засаг даргын захирамжаар эзэмшүүлсэн байна. Үүнийг хүчингүй болгож өгнө үү гэсэн байдаг. Энэ гомдол Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт судалж үзээд захирамжийн төсөл бэлдэж танилцуул гэсэн цохолттой ирсэн. Цохолтын дагуу захирамжийн төсөл бэлдсэн. Гэхдээ газрын дарга Д.Анхтэсээр дамжуулж төлөвлөсөн захирамжийг шууд гаргачих вий, Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагаа хийх ёстой гэдгийг сануулсан. Тэгтэл газрын дарга захирамжийн төслийг авч яваад виз аваад ирсэн байсан. Тэгэхээр нь би сонсох ажиллагааных нь хуудсыг бэлдье гээд 2021 оны 08 сарын 16-ны өдөр сонсох ажиллагаа хийх хуудсыг бэлтгээд Их-Уул сумын Засаг даргын Тамгын газар руу бичиг хэргийн ажилтны мэйл рүү явуулсан. Тухайн үед Их-Уул сумын газрын даамал өвчний учир 2 сарын чөлөө аваад Улаанбаатар хот руу явсан байсан. Хаяг байршил нь тодорхой учраас Г.Доржжанцан гуайд танилцуулаад буцаад мэдэгдэл баримтууд нь ирэх байх гээд байж байсан. Тэгтэл хариу энэ тэр ирээгүй. Үүнтэй зэрэгцээд нэг өдөр А/303 тоот захирамж гарсан байдаг. 08 сарын 16-ны өдөр гарсан захирамжийн үндэслэлийн тухайд Х.Ринчинсүрэн Засаг даргад гаргасан өргөдөлдөө иргэдийн Нийтийн Хурлаар  хэлэлцүүлээгүй шууд сумын Засаг даргын захирамж гарсан гэсэн байдаг. Түүнийг нь судлаад үзэхэд ялт ч үгүй иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлээгүй байсан. Харин өмнө нь газрын даамлаар ажиллаж байсан н.Батсүх тайлбарлахдаа Г.Доржжанцан гэдэг хүнд хуучин гэрчилгээ байсан учраас түүнд нь үндэслэж гэрчилгээг нь шинэчилж бичиж өгсөн гэдэг. Шинэ газрын даамал ажлаа хүлээж аваад 1, 2 хоногийн дараа Г.Доржжанцан гуайн гэрчилгээ бичигдсэн байдаг. Энэ талаар тайлбарлахдаа би нарийн асуудлыг сайн мэдэхгүй байна. Өмнөх газрын даамал н.Батсүхээс асуу гэхээр нь би утсаар тодруулахад тийм тайлбар өгч байсан. Тэгэхээр нь захирамжаа төлөвлөхдөө Газрын тухай хуулийн 22.1.1, 61.1.1 дэх заалтуудыг баримталж төслөө бэлдсэн. Очоогүй гэх захирамжийн тухайд сүүлд яригдсан асуудал. Захирамж Г.Доржжанцан гуайд очсон, очоогүйг мэдээгүй байсан.  Миний хувьд мэдэгдэх сонсох үйл ажиллагааг явуулсан. Тэр нь ч Г.Доржжанцан гуайд очоогүй юм байна лээ. Тэгтэл энэ оны 5 бил үү 6 сард Г.Доржжанцан гуай манай дээр ирж А/303 дугаар захирамж, албан мэдэгдэл хоёрыг гардаж авсан. Болсон процессын хувьд ийм зүйл болсон. А/486 дугаартай захирамжийн хувьд үнэнийг хэлэхэд би ч уншаад ойлгоогүй. Манай газрын албанаас төлөвлөгдөөгүй, хуулийн хэлтсээс гарсан юм байна лээ. Манайд хуулбар хувь нь ирсэн. Ойлгохоо байгаад дээд газрынхаа хуулийн хэлтсээс агуулгыг нь ойлгохгүй байна гээд асуусан. Тэгэхэд үндсэн агуулга нь А/303 алдаатай байсан учраас залруулсан байна. Гэхдээ захирамжийн доод хэсэгтээ А/303 дугаартай захирамжаа агуулсан байна гэж тайлбарласан. Миний хувьд хууль зүйн мэргэжилтэй хүн биш учраас уг захирамжийг сайн ойлгоогүй гэв.

6. Гуравдагч этгээд шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... Хариуцагч Х.Ринчинсүрэн миний бие 1958 онд Их-Уул сумын Үржил багийн нутаг Цагаан сайрын Улаан энгэр хэмээх газар төрсөн. Энэ газартаа өдий болтол 65 жил нутаглаж ирсэн. Гэтэл эцэг өвгөд нь айл аймаг нутаглаж байсан Г.Доржжанцанг 7 настай байхад Их-Уулаас гэрээрээ нүүж Тосонцэнгэл суманд 35 жил амьдарсан ба түүний ээж Тосонцэнгэл сумын дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсан. Г.Доржжанцан нь Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь мод боловсруулах комбинатад ажиллаж Тосонцэнгэл сумдаа амьдарч байгаад компани татан буугдсаны дараа 1992 оноос сүүлээс Г.Доржжанцангийн аав Гаанжуур ахынх  манайтай хамт 6 жил өвөлжсөн. Харин Г.Доржжанцан Улаанбаатар хот руу шилжин суурьшиж Улаанбаатар хотдоо 22 жил амьдарсан. 1999 онд буюу Г.Доржжанцан 2 дахь жилдээ аавтайгаа өвөлжиж байхад аав Гаанжуур ах бурхан болж төд удалгүй Г.Доржжанцан Улаанбаатар хот руу гэрээрээ нүүсэн. Гаанжуур ах 1 том үхрийн хашаа авсан ба Х.Ринчинсүрэн миний бие өмч хувьчлалаар том төлийн байрыг авч, манай ах Х.Мягмар жижиг төлийн байр авсан.  Гаанжуур ах өмч хувьчлалаар авсан 1 үхрийн том хашаанаас гадна өөрийнх нь хувийн өмчийн барааны болон хоолны нэг нэг пүнзтэй байсан. Би болохоор өмч хувьчлалын тасалбараар тус өвөлжөөний 1 том төлийн байр худалдан авсан. ... Гэтэл Г.Доржжанцан ах Улаанбаатар хотод 22 жил амьдарч байгаад гэнэт 2020 онд Их-Уул суманд манай өвөлжөөнд зун нь ирээд 2020 онд манай өвөлжөөтэй тулгаж шинээр хашаа барьсан... Шүүхийн үзлэгт авагдсан Г.Доржжанцангийн хөрөнгө гэх 2 хашаа нь хоёулаа 2020-2021 онд шинээр баригдсан хашаанууд. ...Г.Доржжанцан ахад хамт өвөлжөөд явъя, хажууд чинь өвөлжье гэж ч хэлсэн боловч Харганат гэдэг газар руугаа яв гээд байгаа юм. Г.Доржжанцан ах ... 2020 онд Их-Уул суманд ирсэн ба ирсэн даруйдаа Их-Уул сумын Засаг даргаар нууцаар хэнд ч мэдэгдэлгүй, сумын болон багийн иргэдийн Нийтийн Хурлаар оруулалгүй, багийн иргэдээс санал авалгүй, иргэдийн санал хураалтыг явуулалгүй, надад мэдэгдэлгүй шууд 2020 оны 07 сарын 22-ны өдрийн өдрийн А/96 тоот хууль зөрчсөн захирамж гаргуулан, миний өмч хувьчлалаар авсан эд хөрөнгүүд байршдаг газрыг 40 жилийн хугацаатайгаар № 000095601 дугаартай газар эзэмших гэрчилгээ авч, тэр газар дээрээ 2020 онд 1 хашаа, 2021 онд 1 хашаа шинээр барьсан. Тухайн үед Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргаар М. Гансүх гэдэг хүн ажиллаж байсан ба уг гэрчилгээг гаргуулахдаа ... тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй байхад ... тухайн газарт хоёрхон жил өвөлжсөн, сүүлийн 22 жил амьдраагүй хүнд ... хууль зөрчиж захирамж гаргасан байсан. Би Улаан энгэрийн өвөлжөөнд төрсөн. Уг өвөлжөөнд бүх насаараа өвөлжиж амьдарч ирсэн ба 1 жил ч завсардаж үзээгүй. Тухайн газрыг миний бие Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргын 1997 оны 05 сарын 29-ны өдрийн 36-р захирамжаар надад Улаан энгэр гэх өвөлжөөний 10000м2 газрыг эзэмшүүлж, газар эзэмших гэрчилгээ өгсөн байдаг. Би тэр гэрчилгээгээ шинэчилж авахаар хандсан боловч өвөлжөөний гэрчилгээ олгохгүй байсан атлаа М.Гансүх дарга өөр хүнд гэрчилгээг шинэчилж өгсөн хууль бус юм. ... Г.Доржжанцан нь Завхан аймгийн Засаг даргын 2021 оны 08 сарын 16-ны өдрийн А/303 тоот захирамж гарсныг мэднэ. Учир нь Завхан аймгийн Засаг даргын захирамж гарсны дараа Их-Уул сумын Засаг дарга Тамгын газарт хүргэгдэж газрын даамал Н.Раднадагий утсаар танилцуулж мэдэгдсэн байна. Нэхэмжлэгч аймгийн Засаг даргын захирамж гарсныг мэдсээр байж олон сарын дараа нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авах боломжгүй. Учир нь захиргааны ерөнхий хуулийн 43.2-т Захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна ... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т ... шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд, хэрэв хугацаа заагаагүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана ... гэж заасан тул нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлсэн гэж үзэж байна. ... Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож Завхан аймгийн Засаг даргын 2021 оны 08 сарын 16-ны өдрийн А/303 дугаартай захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

7. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аймгийн Засаг даргын захирамж нь Газрын тухай хуулийн 61.1 буюу газрын хууль тогтоомжийг зөрчсөн газар эзэмшигчийн эрхийг хүчингүй болгох, тухайн үйлдлийг таслан зогсоох заалт, мөн хуулийн 22.1.1-д заасан багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлээгүй гэдэг үндэслэлүүдээр гарсан байдаг. Газрын тухай хуульд багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлнэ гэсэн заалт байхгүй боловч өвөлжөөний газар эзэмшүүлэх асуудал нь малчдын эрх ашгийг хөндөж байгаа учраас багийн иргэдийн Нийтийн Хурлаас гаргасан өвөлжөөний газар эзэмшүүлэх саналыг харгалзан сумын Засаг дарга захирамж гаргаж эзэмшүүлдэг. Иргэд мөн ийм ойлголттой байдаг юм байна лээ. Сумын Засаг даргын энэ захирамжийг хууль бус гэж үзэж аймгийн Засаг даргын захирамж гарсан. Их-Уул сумын Засаг даргын захирамж хууль бус гэдэг нь юугаар тогтоогдож байна гэхээр Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалт буюу төсөл сонгон шалгаруулалт дуудлага худалдааны журмыг баримтлах заалтыг үндэслэсэн боловч дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явуулсан талаар ямар нэгэн баримт байдаггүй. Мөн тухайн жилийн төлөвлөгөөнд орсон байх шаардлага тавьсан байдаг. Гэтэл тухайн жилийн төлөвлөгөөнд Үржил багт 3 иргэнд газар эзэмшүүлнэ гэж оруулснаас хэмжээ, нэр, байршлыг оруулаагүй байсан. Ингэснээр хаана, аль газрыг эзэмшүүлэх гээд байгаа нь тодорхойгүй учраас газрын тухай хуулийг ноцтой зөрчсөн. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд орохын тулд иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэгдээд нэр нь тодорхой Улаан энгэрийн өвөлжөөг эзэмшүүлнэ гэж зааж өгсөн байх ёстой. Гэтэл Үржил багт 3 иргэнд эзэмшүүлнэ л гэсэн байдаг. Хэдэн иргэнд олгосон нь тодорхойгүй. Г.Доржжанцан гуайн захирамжаар бол 4, 5 иргэнд олгосон байх боломжтой. Үүнийг зайлшгүй шалгах шаардлагатай. Шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт бүрдүүлэх шаардлагатай бол шүүх хурлыг хойшлуулаад нотлох баримтыг цуглуулах боломжтой. Энэ нөхцөл байдал нь Газрын тухай хуулийн 66.1-д зааснаар газрын тухай хууль тогтоомжийг зөрчсөн байна. Хоёрдугаарт, нэхэмжлэгч нь энэ газрыг өмч хувьчлалаар авсан гэж байгаа боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй. Архивын тасгаас ирүүлсэн тодорхойлолтод өмч хувьчлалын талаар баримт байхгүй байна гэж ирүүлсэн байдаг. Х.Ринчинсүрэн гуай тайлбартаа Г.Доржжанцан гуайн аав н.Гаанжуур гэдэг хүнтэй хамтран өмч хувьчлалаар эд хөрөнгө хадгалах пүнзнүүд, жижиг, том малын хашааг аваад түүнийгээ хувааж авсан. Эдгээр нь Улаан энгэрийн доод өтөг дээр байсан.  Г.Доржжанцан Тосонцэнгэл сумын Мод боловсруулах үйлдвэрт 35 жил ажиллаж амьдарч байгаад, 1997-1998 онд аав Гаанжуурын хамт Улаан энгэрийн өвөлжөөнд 2 жил өвөлжсөн. Түүнээс хойш Г.Доржжанцангийн аав нас барж Г.Доржжанцан дүү нартаа өмч хувьчлалаар авсан эд хөрөнгүүдийг тарааж өгсөн. Тэгэхээр 1998-2021 он хүртэл Г.Доржжанцан гэдэг хүний ямар нэг эд хөрөнгө тухайн өвөлжөөн дээр байгаагүй. Үүнийг сумын иргэд бүгд мэднэ гэж тайлбарладаг. Би үүнийг тодруулж яриад байгаа учир нь сумын Засаг дарга 96 дугаартай захирамжийг тухайн сумын өвөлжөөний газрын эрхийг баталгаажуулах зорилгоор гаргасан байна. Тэгэхээр энэ нь ямар нэг байдлаар өвөлжөөтэй байх, өвөлжөөний газрын хэмжээнд нь өөрчлөлт оруулах зорилгоор ийм захирамж гарсан гэж ойлгож байна. Гэтэл сумын Засаг даргын энэ захирамж гарах үед нэхэмжлэгчийн ямар нэг эд хөрөнгө буюу нэхэмжлэлд дурдагдсан өмч хувьчлалын эд хөрөнгө энэ өвөлжөөн дээр байгаагүй. Энэ нь Их-Уул сумын байгаль хамгаалагч С.Оюунтөгс гэрчийн мэдүүлэгтээ Г.Доржжанцан нь 2021 оны 04 сарын 20-ны өдөр малын хашаа бэлтгэх зориулалтаар 15 м.куб гоожин авч мод бэлтгэсэн гэж мэдүүлсэн байдаг. Энэ нь гуравдагч этгээдийн тайлбартаа дурдаад байгаа Г.Доржжанцан 2021 онд шинэ хашаа барьсан гэх асуудал нотлогдож байна. Газрын гэрчилгээ нь өвөлжөөний доорх газрыг эзэмшүүлэх тухай гэж гарсан. Ингэж өвөлжөөний доорх газрыг эзэмшүүлж байгаа бол тухайн газрын дээр нь заавал өвөлжөө байх шаардлагатай гэж үзэж байна. Мөн өвөлжөөний газрыг хүсэлтээр шууд эзэмшүүлэх үндэслэл Газрын тухай хуульд байхгүй. Өөрөөр хэлбэл Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т зааснаар 1 га газрыг эзэмшүүлэх тохиолдолд зайлшгүй дуудлага худалдаа явуулах ёстой байсан. Гэтэл дуудлага худалдаа явуулсан зүйл байдаггүй. Гуравдугаарт, шүүх шүүхийн шийдвэр яаж гарахаас хамаараад тухайн хүний эрх ашиг хөндөгдөнө гэж үзэж гуравдагч этгээдийг татсан. Тэгэхээр үүн дээр газрын давхцалын асуудал л яригдана. 1 газар дээр 2 гэрчилгээ гарсан, талууд маргаж байгаа тохиолдолд гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөнө. Хавтаст хэрэгт 150 дугаар хуудаст Х.Ринчинсүрэн гуайн цагаан гэрчилгээ авагдсан. Г.Доржжанцан гуайд мөн хоёулаа адилхан нэртэй хоёр ч гэрчилгээ байгаа. Үүн дээр хоёулаа гэрчилгээтэй байхад нэгэнд нь олгож байгаа нь ямар учиртай юм бэ гэсэн асуудал яригдана. Мөн гэрчилгээнээс гадна тухайн газар үл хөдлөх эд хөрөнгө нь байна уу гэх асуудал яригдана. Мөн иргэнд өвөлжөөний газрыг анх эзэмшүүлж байгаа тохиолдолд сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд орсон байх ёстой. Гэтэл үл хөдлөх эд хөрөнгө нь байхгүй учраас төлөвлөгөөнд оруулах ямар ч боломжгүй нөхцөл үүсээд байна. Үл хөдлөх эд хөрөнгийн тухай хуульд зааснаар үл хөдлөх эд хөрөнгө гэдэг бол газраас салгамагц зориулалтын дагуу ашиглах боломжгүй бол үл хөдлөх эд хөрөнгө гэнэ гэж заасан. Тэгэхээр малын хашаа саравчийг байгаа газраас нь өөр тийш зөөсөн тохиолдолд зориулалтын дагуу ашиглах боломжгүй болно. Тийм учраас үл хөдлөх эд хөрөнгө газар дээр байхад Улааны энгэрийн өвөлжөөг эзэмшүүлэх талаар төлөвлөгөөнд оруулаагүй байна гэж үзэж байна. Төлөвлөгөөнд Улааны энгэрийн өвөлжөөг эзэмшүүлнэ гэсэн үг үсэг байхгүй. Мөн дуудлага худалдаанд оруулаагүй учраас шинээр газар эзэмшиж байгаа хүнд уг өвөлжөөний газрыг эзэмшүүлэх боломжгүй. Хэрвээ хуучин өвөлжөөтэй байсан гэж үзэх юм бол энэ хоёр хүн хоёулаа 1997 оны гэрчилгээтэй. Нэхэмжлэгчийн хөрөнгө байгаа гэж үзэх боломжгүй. 2020 оны 07 сарын 22-нд тус өвөлжөөн дээр нэхэмжлэгчийн гэх нэг ч хөрөнгө, мод байгаагүй. Тийм учраас Газрын тухай хуулиар давхцалын асуудал зайлшгүй яригдана.  Шүүх захирамжаа тайлбарлахдаа үзлэг хийсэн энэ талаар маргаан байхгүй учраас гэж тайлбарлаж байна. Үүнийг бид хүлээж авах боломжгүй. Учир нь газар эзэмших эрх олгогдохдоо бусдын эзэмшил ашиглалтад байхгүй газрыг олгох ёстой. Энэ шаардлагын үүднээс газрын кадастр гарч байгаа. Кадастр нь Монгол улсын хэмжээнд газрын нэгдсэн санд байгаа. Энэ систем дээр эзэмшлийн газрууд зайлшгүй орох шаардлагатай. Ингэхдээ тодорхой программын үндсэн дээр орно. Үүнийг газрын албанаас зайлшгүй тодруулах шаардлагатай. Бусдын эзэмшил ашиглалтад байна уу, ядаж хаана юм бэ гэдгийг нь тогтоох ёстой. Х.Ринчинсүрэнгийн хашаа нь орсон юм уу пүнз нь орсон байна уу гэдгийг тогтоох ёстой. Одоогийн байдлаар захирамж, гэрчилгээ гарсан байна. Гэхдээ энэ нь яг хаанаас хаа хүртэл байгааг тогтоох, цэгүүдийг тодорхойлох ёстой. Тэгэхээр энэ 2 хүний газар давхацсан эсэх нь тодорхойгүй нөхцөл байдал үүсээд байна. Сүүлийн үндэслэл нь Газрын тухай хуулийн 40.3-т газар эзэмшигч нь барьцаанд байгаа болон газар эзэмшигч нь аймгийн Засаг даргын шийдвэрийг хууль бус гэж үзвэл шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй гэсэн тусгайлсан хугацаа байгаа. Тэгэхээр нэхэмжлэгч нь Их-Уул сумын Засаг даргын 2020 оны 07 сарын 22-ны өдрийн А/96 дугаартай захирамжид гомдол гаргах эрхтэй байсан боловч гомдлоо гаргаагүй байна гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуульд зааснаар захирамжийг холбогдох албан тушаалтан Г.Доржжанцан гуайд хүргүүлсэн байгаа. Мөн аймгийн Засаг даргаас Их-Уул сумын Засаг даргад үүрэг болгосон захирамж гаргасан. Үүнийг албаны хэрэгцээнд ашигладаг мэйл болон утас, шуудангаар газар эзэмшигчид мэдэгдэх, хүргэх ёстой. Энэ үүргийнхээ дагуу Их-Уул сумын Засаг даргын ажлын алба буюу газрын даамал Н.Раднадагийгийн бичгээр гаргаж өгсөн тайлбартаа нэхэмжлэгчид 2021 оны 11 сарын 12-ны өдөр мэдэгдсэн байна. Мөн газрын даамлыг шүүхээс гэрчээр асуухад Г.Доржжанцан гэдэг хүнд мэдэгдсэн. Мэдэгдэхдээ хүндэтгэн үзэх шалтгааны улмаас 2 утсаар мэдэгдсэн.  Харин 2 утасны аль утсаар мэдэгдсэнээ санахгүй байна гэсэн байдаг. Ингэж мэдэгдэхэд нь нэхэмжлэгч Тосонгийн шүүхийн шийдвэр гарсан байхад яагаад ийм захирамж гарч байгаа юм бэ гэж асуусан байдаг. Тэгэхээр манай зүгээс мэдэгдсэн гэж үзэж байна. Үүнээс хойш буюу 2021 оны 11 сарын 12-ны өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор гомдлоо гаргах ёстой байсан. Тэгэхээр хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан байна. Газрын даамал чиг үүргийнхээ дагуу захирамжийг мэдэгдсэн байна. Мэдэгдсэнээс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан байна гэв. 

ҮНДЭСЛЭХ  нь:

1. Нэхэмжлэгч Г.Доржжанцан  нь анх “Завхан аймгийн Засаг даргын 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн А/303 дугаар “Захирамж хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад аймгийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн А/486 дугаар “Захирамжийн алдаа засах тухай” захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.

2. Хэргийн үйл баримтын тухайд: Нэхэмжлэгч Г.Доржжанцан нь Их-Уул сумын Улаан энгэрийн өвөлжөөг тус сумын Засаг даргын 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А/96 дугаар “Газар эзэмшүүлэх тухай” захирамж,  000095601 дүгээр газар эзэмших эрхийн гэрчилгээгээр эзэмшсэн ба Завхан аймгийн Засаг даргын 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн А/303 дугаар “Захирамж хүчингүй болгох тухай” захирамжаар Их-Уул сумын Засаг даргын 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А/96 дугаартай захирамжийг хүчингүйд тооцсон ба А/303 дугаар захирамж дугаарлалтын алдаатай гарсан гэж үзээд 2022 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн А/486 дугаар “Захирамжийн алдаа засах тухай” захирамжаар “Захирамж хүчингүй болгох тухай” захирамжийн үйлчлэлийг мөн өдрөөс сэргээж, захирамжийн 2 дахь заалтаар Г.Доржжанцангийн эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээг хүчингүй болгож газар эзэмших эрхийг дуусгавар болгохыг Их-Уул сумын Засаг даргад даалгасан байна.

3. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

4. Хөөн хэлэлцэх хугацааны тухайд: Гуравдагч этгээд, түүний өмгөөлөгчөөс А/303 дугаар “Захирамж хүчингүй болгох тухай” захирамжийг нэхэмжлэгчид 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Их-Уул сумын газрын даамлаас утсаар мэдэгдсэн байхад нэхэмжлэлээ 2022 оны 6 сард гаргасан нь нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс маргаан бүхий захирамжийг нэхэмжлэгчид мэдэгдээгүй, мэдэгдсэнээ баримтжуулаагүй, нэхэмжлэгч маргаан бүхий актыг өөрөө биечлэн 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас аваад нэхэмжлэлээ гаргасан гэж маргаж байна.

4.1 Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Их-Уул сумын газрын даамал А/303 дугаар “Захирамж хүчингүй болгох тухай” захирамжийг 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр нэхэмжлэгчид утсаар мэдэгдсэн гэх боловч энэхүү нөхцөл байдал тогтоогдохгүй /хавтаст хэргийн 112-113, 121-р хуудас / ба тэрээр утсаар мэдэгдсэн талаар баримтжуулаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т заасан “... мэдэгдсэнээ баримтжуулна” гэх зохицуулалтад нийцэхгүй, түүнчлэн нэхэмжлэгч аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 2022 оны оны 6 дугаар сарын 17-ны өдөр маргаан бүхий захирамжийг гардан аваад 6 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа  хэтрээгүй байна. /хавтаст хэргийн 34-43, 219-220-р хуудас/

5. Улаан энгэрийн өвөлжөөний газар эзэмшлийн тухайд: Гуравдагч этгээд, түүний өмгөөлөгчөөс нэхэмжлэгч Г.Доржжанцанд Их-Уул сумын Засаг даргын 2020 оны А/96 дугаар захирамжаар Улаан энгэрийн өвөлжөөний газрыг эзэмшүүлсэн нь хууль бус гэж маргаж байна. Нэхэмжлэгч нь Их-Уул сумын Засаг даргын 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А/96 дугаар “Газар эзэмшүүлэх тухай” захирамж, 000095601 дүгээр газар эзэмших эрхийн гэрчилгээгээр Улаан энгэрийн өвөлжөөний 10.000 м2 газрыг эзэмшсэн байх ба нэхэмжлэгч, гуравдагч этгээд нар нь анх Их-Уул сумын Засаг даргын 1997 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 36 дугаар захирамжаар Улаан энгэрийн өвөлжөөний 10.000м2 газрыг эзэмших, ашиглахаар гэрчилгээ гаргуулж авсан гэж тайлбарлаж байх ба тухайн өвөлжөөний газар орших хашаа, саравч, пүнз зэрэг эд хөрөнгө нь нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын өмчлөлийнх байх ба хэргийн оролцогчид энэ талаар маргахгүй байна. /хавтаст хэргийн 26-33, 79-82, 149-р хуудас/

5.1 Нэхэмжлэгч Г.Доржжанцан нь Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхэд уг хэргийн гуравдагч этгээд Х.Ринчинсүрэнд холбогдуулж “бусдын хууль бус эзэмшлээс Улаан энгэрийн өвөлжөөний газрыг чөлөөлүүлэх, цаашид өвөлжихгүй байхыг даалгах” нэхэмжлэл гаргаснаар тус шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 157 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Г.Доржжанцангийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Их-Уул сумын Үржил багийн нутаг, “Улаан энгэр” өвөлжөөг Х.Ринчинсүрэнгийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, тус өвөлжөөнд өвөлжихгүй байхыг Х.Ринчинсүрэнд даалгасан ба уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна. Тодруулбал; хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр Улаан энгэрийн өвөлжөөний газрын эзэмшигч нь Г.Доржжанцан гэж тодорхойлсон тул Их-Уул сумын Засаг даргын 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А/96 дугаар захирамжийн үндэслэлд эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй байна. /хавтаст хэргийн 6-8-р хуудас/

6. Завхан аймгийн Засаг даргын 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн А/303 дугаар “Захирамж хүчингүй болгох тухай” захирамжийн тухайд: Уг захирамж нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг үндэслэж Их уул сумын Засаг даргын 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А/96 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийг хүчингүй болгож, 2 дахь заалтаараа Г.Доржанцангийн газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээ хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгохыг Их-Уул сумын Засаг даргад даалгасан байна.

6.1 Гэвч Завхан аймгийн Засаг даргын 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн А/303 дугаар захирамж бүртгэлд байхгүй байх ба дугаарлалтын хувьд 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн “Хөрөнгө гаргах тухай захирамж” А/303 дугаартай гарсан байх ба огнооны хувьд 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр “Захирамж хүчингүй болгох” агуулга бүхий захирамж бүртгэлд тусгагдаагүй, дээрх маргаан бүхий захирамж Засаг даргын захирамжийн бүртгэлийн өнгөн хувь, Засаг даргын захирамжийн 2021 оны архивд хадгалагдаагүй байна. Гэвч энэхүү захирамжийг эрх зүйн үйлчлэлийг Завхан аймгийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн А/486 дугаар “Захирамжийн алдаа засах тухай” захирамжаар сэргээсэн байх тул үндэслэл, үйл баримтад нь эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагатай байна. /хавтаст хэргийн 56-60, 102-108, 142-144-р хуудас/

6.2  Завхан аймгийн Засаг даргын 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн /А/303 дугаар/ Захирамж хүчингүй болгох тухай” захирамж нь Газрын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1 дэх заалтыг үндэслэсэн байх ба тус хуулийн 22.1-д “Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал газрын харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 22.1.1-д “нийтийн эдэлбэрийн газрын ашиглалтыг зохион байгуулах” гэж заажээ. Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Нийтийн эдэлбэрийн газарт хот, тосгон, бусад суурины гудамж, талбай, зам, нийтийн амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэгт хүрээлэн, оршуулгын газар, хог хаягдлын цэг, цэвэршүүлэх талбай зэрэг газар хамаарна” гэж зааснаас үзэхэд иргэний эзэмшил, өвөлжөөний зориулалттай газарт эзэмших эрх олгосон захирамжийг дээрх үндэслэлээр хүчингүй болгосон нь хуульд нийцэхгүй байна.

6.3 Мөн дээрх захирамж нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 “..., албан тушаалтан өөрийн шийдвэрээрээ ... газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол,... түүний дээд шатны ... албан тушаалтан уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгоно,...” гэж заасныг үндэслэсэн боловч Их-Уул сумын Засаг даргын А/96 дугаар захирамж дээрх зүйл, хэсгийн аль нөхцөлийг хэрхэн зөрчсөнийг тогтоогоогүй ба “Захирамж хүчингүй болгох тухай” захирамжийг төлөвлөсөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд Газрын тухай хуулийн 22.1.1 дэх заалтыг зөрчсөн үйл баримтад хамаарна гэж тайлбарласнаас үзэхэд гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн маргаж буй Улаан энгэрийн өвөлжөөний газрыг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсанаар газрын дуудлага худалдаагаар Г.Доржжанцанд эзэмшүүлээгүй тул А/96 дугаар захирамжийг хүчингүй болгосон гэх тайлбар үгүйсгэгдэж байна.

6.4 Мөн Их уул сумын Засаг даргын 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А/96 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийг хүчингүй болгосон Завхан аймгийн Засаг даргын 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн /А/303 дугаар/ “Захирамж хүчингүй болгох тухай” захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24-26 дугаар зүйлд заасан нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримт цуглуулах, оролцогчийг сонсох ажиллагаа явуулалгүйгээр шийдвэр гаргасан нь захиргааны акт гаргах ажиллагааны алдаатай байгааг дурдах нь зүйтээ байна. /хавтаст хэргийн 9-р хуудас/

7. Завхан аймгийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн А/486 дугаар “Захирамжийн алдаа засах тухай”  захирамжийн тухайд: Уг захирамж нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66.1, 66.3, Захиргааны ерөнхий хуулийн 45.1, 20.2.7, 61.1 дэх хэсгийг үндэслэж Завхан аймгийн Засаг даргын 2021 оны 303 дугаар захирамжуудын дугаар давхацсан тул Их уул сумын Засаг даргын 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А/96 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийг хүчингүй болгосон захирамжийн /Захирамж хүчингүй болгох тухай А/303 дугаар/ эрх зүйн үйлчлэлийг 2022 оны 10 дугаар сарын 4-ний өдрөөс сэргээж, захирамжийн 2 дахь заалтаар Г.Доржжанцангийн эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээг хүчингүй болгож газар эзэмших эрхийг дуусгавар болгохыг Их-Уул сумын Засаг даргад даалгасан байна.

7.1 Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66.1, 66.3, Газрын тухай хуулийн 20.2.7, 61.1 дэх хэсэгт Засаг даргын захирамж гаргах бүрэн эрх, доод шатны Засаг даргын газар эзэмшүүлэхтэй холбогдсон хууль бус шийдвэрийг дээд шатны Засаг дарга хүчингүй болгох, албан тушаалтан газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгох зохицуулалт ба Захиргааны ерөнхий хуулийн 45.1 дэх заалт нь Захиргааны актын бичилт болон тооцооны алдаа, түүнтэй адилтгах илэрхий алдааг засах тухай зохицуулалт байна.

7.2 Дээрх Завхан аймгийн Засаг даргын 2022 оны А/486 дугаар захирамжийн агуулгаас үзэхэд 1-д Г.Доржжанцанд газар эзэмших эрх олгосон Их-Уул сумын Засаг даргын 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А/96 дугаар “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийг хүчингүй болгосон Завхан аймгийн Засаг даргын 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн /А/303 дугаар/ “Захирамж хүчингүй болгох тухай” захирамжийн эрх зүйн үйлчлэлийг сэргээсэн. 2-т иргэн Г.Доржжанцангийн газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгохыг даалгасан ба уг захирамж нь утга агуулга, зохицуулалт, үр дагаврын хувьд үндэслэлдээ нийцээгүй, ойлгомжгүй, нэхэмжлэгчид сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт байна.

7.3 Өөрөөр хэлбэл Завхан аймгийн Засаг даргын А/486 дугаар “Захирамжийн алдаа засах тухай” захирамжаар 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн /А/303 дугаар/ “Захирамж хүчингүй болгох тухай” хууль бус захирамжийн үйлчлэлийг сэргээснээс бус Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д заасан тухайн захирамжийн агуулгыг өөрчлөхгүйгээр алдааг засах, тодруулга, залруулгын шинжтэй өөрчлөлт оруулаагүй, 2 дахь заалтаараа нэхэмжлэгчийн газар эзэмших гэрээ, гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгохыг даалгаснаараа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн алдаатай тул хууль бус гэж үзэж хүчингүй болгох үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3, Газрын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Доржжанцангийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Завхан аймгийн Засаг даргын 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн А/303 дугаар “Захирамж хүчингүй болгох тухай” захирамж, 2022 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн А/486 дугаар “Захирамжийн алдаа засах тухай” захирамжуудыг тус тус хүчингүй болгосугай. 

 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Доржжанцангаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Завхан аймгийн Засаг даргаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Ч.ЦЭНД-ОЧИР