Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 500

 

 

МАГАДЛАЛ

 

2019.03.18                                                 Дугаар 500                                    Улаанбаатар хот

 

 

 

Х ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2019/00190 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Х ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ГХЯ-д  холбогдох,

 

Ажлын хөлсний үлдэгдэл болон нэмэлт ажлын хөлс 842 993 237 төгрөг, алданги 421 496 618 төгрөг буюу бүгд 1 264 489 855 төгрөг гаргуулах, Ариг банкинд байршуулсан гүйцэтгэлийн баталгааны төлбөрийн үлдэгдэл 21 800 000 төгрөгийг буцаан өгөх зөвшөөрөл олгохыг, улсын комисс хүлээн аваагүй барилга байгууламжаас ажилчидаа гаргахыг, компанийн өмчлөлийн битүүмжилсэн хөрөнгийг буцаан олгохыг тус тус даалгах үндсэн нэхэмжлэлтэй,

Ажлын хөлсөнд илүү төлсөн 463 378 317 төгрөг, алданги 231 186 160 төгрөг, дутуу орхисон ажлыг бусдаар гүйцэтгүүлснээс гарсан зардал 146 259 382 төгрөг, барилга баригдах хугацаанд хэрэглэгдсэн цахилгааны эрчим хүчний төлбөр 31 665 009 төгрөг, бүгд 872 488 868 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Зохигчдын гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.А,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.А, Ө.Ө,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2013 оны 7 дугаар сарын 17-ны өдөр тус яамны Ёслол хүндэтгэлийн өргөөний барилгын талбай чөлөөлөх, барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Гэрээ ёсоор 4 460 075 189 төгрөгийн төсөвтэй ажил байсан. Бид гэрээт ажлыг 5 160 075 189 төгрөгөөр гүйцэтгэсэн. Барилгын ажлын явцад 700 004 368 төгрөгийн нэмэлт ажил гүйцэтгэж, төсвийг 2017 оны төсөвт суулгаж өгсөн боловч өдийг хүртэл өгөхгүй байгаа. Гэрээний дагуу барилгын ажлыг 2013 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс эхэлсэн бөгөөд 2014 оны 10 дугаар сарын 01-нд хүлээлгэж өгөхөөр харилцан тохирсон. Гэтэл барилга угсралтын явцад 10 квт-ын кабелыг зайлуулаагүй, 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүртэл Улсын нийтийн номын сангийн уулзвараас 1 дүгээр эмнэлэг хүртэлх авто замын трасст орсон дулааны шугам сүлжээний шинэчлэлтийн ажил, 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл авто замын өргөтгөл шинэтгэлийн ажилтай холбоотойгоор зам хааж, барилга угсралтын ажил гүйцэтгэх боломжгүй болсон. Захиалагчийн анх хүлээлгэн өгсөн зургийн дагуу барилгын газар шорооны ажлыг гүйцэтгэх явцад одоо ашиглаж байгаа яамны үндсэн барилгын суурь хөдөлж барилга нурах аюултай байсан тул барилгын зургийг гүйцэтгэсэн Ш ХХК-ийн архитекторын зөвшөөрлөөр дээш 1 метр, урагш 2,5 метр сунгасан учир 2014 оны 8 дугаар сарын 04-нд барилгын хүзүүвч хэсгийн зураг, 2014 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр цайны газрын зурагт тус тус өөрчлөлт орсон. Үүний улмаас гэрээнд заасан хугацаанд барилгын ажлыг дуусгаж чадаагүй бөгөөд талууд харилцан тохиролцон ажлаа үргэлжлүүлсээр байсан болно. Гэрээний ерөнхий нөхцөлийн А-гийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг дэх гэрээнд тусгайлан заагаагүй гэрээтэй холбогдсон аливаа асуудлыг захиалагчийг төлөөлөн төслийн менежер шийдвэрлэнэ гэж заасны дагуу ГХЯ төслийн менежер томилсон байсан боловч гэрээний хэрэгжилтэд хамгийн чухал үүрэг бүхий этгээдийг 2015 оны 1 дүгээр сард ажлаас чөлөөлсөн тул гэрээтэй холбогдсон аливаа асуудлыг шийдвэрлэж чадахгүй болсон бөгөөд хийж гүйцэтгэсэн ажлаа баталгаажуулж тохирсон санхүүжилтээ авч чадахгүй хэмжээнд хүрсэн юм. Барилгын хөгжлийн төвийн захирлын 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн А/196 дугаар тушаалаар манай гүйцэтгэсэн барилга угсралтын ажлын явц болон барилга угсралтын ажлын төсвийн гүйцэтгэлд үнэлгээ дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд Х ХХК-ийн гэрээ байгуулснаас хойш 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл хийж гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэл нь 3 730 247 018 төгрөг болохыг баталгаажуулж тогтоосон билээ. Дээрх гүйцэтгэлийн төлбөрөө хүлээн авсан бөгөөд барилгын ажил цааш үргэлжилсээр дахин Барилгын хөгжлийн төвийн захирлын 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн А/196 дугаартай тушаалаар барилга угсралтын ажлын явц болон төсвийн гүйцэтгэлд үнэлгээ дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдаж 2015 онд дүгнэлт гарснаас хойш 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хийж гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэл нь 389 547 595 төгрөг болохыг баталгаажуулсан ба нийт ажлын гүйцэтгэл нь 4 119 794 613 төгрөг болохыг тогтоосон. 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн талуудын баталгаажуулалтаар 4 092 217 065 төгрөгийн санхүүжилт Сангийн яамнаас олгосон байна. Гэрээний ерөнхий нөхцөлийн Г-ийн 37 дугаар зүйлийн 3 дахь хэсэг дэх хэрэв төслийн менежер ажилд яаралтай өөрчлөлт оруулах, ажлыг хугацаа хоцроохгүй гүйцэтгэх шаардлагатай гэж үзсэн тохиолдолд гүйцэтгэгчээс үнийн санал авахгүй энэ өөрчлөлтийг нөхөн төлбөр хийх нөхцөл гэж үзнэ, Г-ийн 39 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг дэх гүйцэтгэсэн ажилд төлөх төлбөрийн дүн нь өөрчлөлтөөр хийгдсэн ажлын болон нөхөн төлбөрийн зардлыг багтаана, 41 дүгээр зүйлийн 16 дэх хэсэгт захиалагч бусад гүйцэтгэгчийн хуваарьт гүйцэтгэгчийн гэрээний дагуу хийх ажилд нөлөөлөхөөр нэмэлт өөрчлөлт оруулсан, 1ж дэх хэсэгт захиалагчийн үйл ажиллагааны улмаас бий болсон урьдчилан таамаглах боломжгүй нөхцөл байдлыг арилгах, аюулгүй байдлыг хангах эсхүл бусад үндэслэлээр шаардагдсан нэмэлт ажил гүйцэтгэх зааварчилгааг төслийн менежер өгсөн гэж заасны дагуу харилцан тохиролцож лифт угсрах ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд гэрээнд заасан ажлын гүйцэтгэлд нийт 842 993 237 төгрөгийн ажил гүйцэтгэсэн. Нийт гүйцэтгэсэн ажлын хөлс 5 160 075 189 төгрөг болсноос 4 158 875 189 төгрөгийг авсан, үлдэх 1 001 200 000 төгрөгөөс дутуу ажлыг гүйцэтгүүлсний зардалд ГХЯ-наас гарсан 146 259 382 төгрөгийг хасаад үлдэх 854 940 618 төгрөгөөс захиалагчийн зардалд ГХЯ суутгуулах ёстой 11 947 381 төгрөгийг хасаад үлдэх 842 993 237 төгрөгийг хариуцагчаас гаргуулах төлбөр гэж үзэж байгаа юм.

Дээрх ажлын гүйцэтгэлийг зөвшөөрч, 2017 оны 12 дугаар сарын 26-нд Сангийн яамнаас ГХЯ-ны дансанд 301 000 000 төгрөгийн гүйцэтгэл орж ирсэн боловч учир шалтгаанаа тайлбарлалгүй буцаасан бөгөөд одоог хүртэл өгөхгүй арга саам хийж манай компанийг ихээр хохироож байна. 2017 оны 6 дугаар сарын 26-наас 2017 оны 7 дугаар сарын 31-ний хооронд биднийг эзгүй хойгуур хаалганы цоож эвдэж манай компанийн өөрийн хөрөнгөөр худалдан авсан сандал, ширээ, компьютер, шкаф, барилга байгууламжийг ашиглалтад оруулахад шаардагдах бичиг баримт, өмч, бараа материал, обой, ламинатан таазны материал, лист төмрүүд, автомашин, салхивчийн бэлдэц бэлддэг тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг хураан авч одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй авах хүсэлт гаргахад өгөхгүй байна. Үүний улмаас барилгыг одоо хүртэл улсын комисс хүлээж аваагүй байгаа бөгөөд дууссан боловч ашиглалтад оруулаагүй барилга байгууламжийг ашиглахыг хориглосон барилгад ажилчдаа оруулан үйл ажиллагаа явуулж ашиглаж байгаа нь хууль зөрчиж байна. Гэрээний ерөнхий нөхцөлийн 49.1-т Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэлд заасан хугацаанаас хоцроохгүй гүйцэтгэлийн баталгааг захиалагчийн хүлээн зөвшөөрөх дүн, маягт, банкаар гаргуулан, гэрээний үнийг төлөх валютаар илэрхийлэн захиалагчид ирүүлнэ. Гүйцэтгэлийн баталгааны хүчинтэй байх хугацаа дуусах өдөр нь ажил дууссан тухай мэдэгдэл гарсан өдрөөс хойш 28 дахь өдөр байна гэж заасны дагуу гүйцэтгэлийн баталгаа дуусгавар болсон албан бичиг өгөх үүргээ биелүүлэхгүй байна.

Түүнчлэн, Х ХХК-ийн зүгээс гүйцэтгэлийн хэмжээнд төлбөрийн мэдэгдлийг захиалагчид удаа дараа гарган өгч, мэдэгдэл хүргүүлсэн ч ГХЯ-наас өнөөдрийг хүртэл Гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас барилгын ажил явуулж буй гүйцэтгэгч талын эдийн засгийн байдалд хүндээр нөлөөлж ажилчид өдөр бүр цалингаа нэхэх, Чингэлтэй дүүргийн татварын хэлтэс, банк ба банк бус санхүүгийн байгууллагуудаас мөнгөө нэхэх, Чингэлтэй дүүргийн татварын хэлтсээс ашиглаж байгаа бүх данс хааж, нийгмийн даатгалын газраас татвараа төлөхийг шаардаж, өөр ажил гүйцэтгэх гэхээр техник тоног төхөөрөмж хураан авсны улмаас хийх боломжгүй болоод байна. Энэ байдлаа олон удаа холбогдох албан тушаалтанд мэдэгдэж байгаа боловч ямар нэгэн хариу ирэхгүй өдийг хүрч байгаа нь харамсалтай.

Иймд гүйцэтгэсэн ажлын төлбөрт 842 993 237 төгрөг, алданги 50 хувиар тооцож 421 496 618 төгрөг буюу бүгд 1 264 489 855 төгрөгийг ГХЯ-наас гаргуулж өгнө үү.

Мөн манай компанийн Ариг банкинд байршуулсан гүйцэтгэлийн баталгааны төлбөрийн үлдэгдэл 21 800 000 төгрөгийг буцааж өгөх зөвшөөрөл олгох, улсын комисс хүлээж аваагүй, дууссан боловч ашиглалтад оруулаагүй барилга байгууламжийг ашиглахыг хориглосон барилгаас ажилчдаа гаргах, компанийн өмч хөрөнгийг буцаан олгохыг тус тус хариуцагчид даалгаж өгнө үү.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Бид гүйцэтгэсэн ажлын төлбөрөө бүрэн аваагүй байхад буцаагаад мөнгө авна гэж шаардаж байгаа нь үндэслэлгүй. Цахилгааны зардлыг бид хариуцах талаар тохиролцоо огт байхгүй, энэ талаар урьд нь маргаан гарч байгаагүй. Харин дутуу ажлын зардалд 146 259 382 төгрөг гарсан байдалд маргахгүй. Гэхдээ энэ төлбөрийг би авах дүнгээсээ хасаж тооцсон байгаа тул зөвшөөрөхгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэгчид 3 695 496 872 төгрөг өгөх ёстойгоос илүү 463 378 317 төгрөгийг шилжүүлсэн тооцоо байгаа тул илүү шилжүүлсэн мөнгөө алданги 231 186 160 төгрөгийн хамт авна, мөн барилга угсралтын үлдсэн ажилд зарцуулсан зардалд 146 259 382 төгрөгийг хохиролд тооцож гаргуулна, түүнчлэн барилгын ажлын явцад цахилгааны төлбөрт зарцуулсан 31 665 009 төгрөгийг нэхэмжлэгч төлөөгүйг манайх өмнөөс нь төлсөн тул гаргуулна. Бүгд 872 488 868 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг шаардлага гаргасан. Нэхэмжлэгч компанитай гэрээ хийхдээ 4 353 678 125 төгрөгийн үнийн дүнгээр хийсэн. Хийсэн ажлын гүйцэтгэл нь 85 хувьтай тэнцэх тул 4 158 875 189 төгрөгийг шилжүүлж төлсөн байгаа. Барилгын хөгжлийн төв барилга угсралтын ажлыг 85 хувьтай болохыг тогтоосон учир энэ хэмжээнд нь төлбөрийг өгсөн байгаа. Гэтэл манайх             463 378 317 төгрөгийг илүү шилжүүлсэн байна. Нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээгээ 2017 оны 3 дугаар сарын 27-нд цуцалсан учир 2017 оны төсөвт 700 000 000 төгрөг суулгах үндэслэлгүй. Барилгын хөгжлийн төвөөс гаргасан дүгнэлтэд нэмэлт ажил хийсэн гэж биш хийгдэх ажил гэж тооцоо гаргасан. Нэмэлт ажил хийлгээгүй. Нэхэмжлэгчийн гаргасан       21 800 000 төгрөгийн гүйцэтгэлийн баталгааг барилгыг ашиглалтад оруулсны дараа чөлөөлж өгнө гэж нөхцөл тавьсан, тэгээд ч чөлөөлж өгөөч гэсэн бичиг манайд огт ирээгүй учир одоо зөвшөөрөл өгөх боломжгүй. Нэхэмжлэгчийн аваагүй гэх 301 200 000 төгрөгийг ГХЯ-ны данс руу Сангийн яамнаас авсан байдаг. Аваад дараа жил барилгын ажлыг өөр гүйцэтгэгчээр гүйцэтгүүлэхдээ тэр мөнгийг ашигласан байгаа. Тиймээс энэ мөнгийг төлөх боломжгүй. Ашиглалтад оруулаагүй барилгаас албан хаагчдыг гаргахыг зөвшөөрөхгүй. Мэргэжлийн хяналтын газар зөвшөөрөл олгосны үндсэн дээр одоо бид ашиглаж байгаа. Тиймээс энэ шаардлагыг нэхэмжлэгч гаргаад байх шаардлага биш гэж үзэж байна. Нэхэмжлэгч компанийн хөрөнгийг комисс гараад хүлээн авсан тул жагсаалтаар нь хүлээлгэн өгөхөд бэлэн байгаа. Өнөөдрийг хүртэлх хугацаанд манайхаас өмчөө авъя гэж хандаагүй учир хадгалж байгаа, буцааж өгөхөд татгалзах зүйлгүй. Харин барилгын ажилд ашиглаж байсан материалын тухайд захиалагчийн өмч тул барилгадаа ашигласан, буцаан өгөх боломжгүй.

Сөрөг шаардлагын тухайд: ГХЯ-ны Ёслол хүндэтгэлийн өргөөний барилга барих нээлттэй тендерийг 2013 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр зарлаж, сонгон шалгаруулалтыг тус яамнаас томилогдсон ажлын хэсэг гүйцэтгэсэн болно. Уг тендерт шалгарсан Х ХХК-тай ГХЯ нь Ёслол хүндэтгэлийн өргөөний барилгын талбай чөлөөлөх, барилга угсралтын ажил гүйцэтгэх тухай              ГХЯ-БУ/2013/01 дугаартай гэрээг 2013 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 4 353 678 125 төгрөгийн төсөвт өртөгтэй байгуулсан. Уг гэрээнд барилга угсралтын ажлыг 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр дуусган хүлээлгэн өгөхөөр заасан боловч 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэгч биелүүлж чадаагүй тул ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаас 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 08/1711 тоот албан бичгээр ГХЯ-БУ/2013/01 дугаартай гэрээг цуцалсан. Улмаар богино хугацаанд /3 cap/, бага төсөвт өртгөөр барилгын ажлыг үргэлжлүүлэх, мэргэжлийн байгууллагуудын илрүүлсэн зөрчлийг арилгах, зөвлөмжийг хэрэгжүүлэх, гүйцэтгэлийг дуусгах, ашиглалтад өгөх зорилгоор тус яам болон ЗЗД ХХК-ийн хооронд 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 17/1 тоот Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, мөн оны 10 дугаар сарын 11-ний өдөр захиалагчид хүлээлгэн өгсөн. ЗЗД ХХК нь барилгын гүйцэтгэлийг гэрээт хугацаандаа бүрэн дуусгасан тул уг барилгыг ашиглалтад оруулах /11 хүний бүрэлдэхүүнтэй/ улсын комисс 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр томилогдон ажилласан. Уг комисс гүйцэтгэгчээр ажиллаж байсан Х ХХК-ийг хуулийн дагуу барилгыг комиссод хүлээлгэн өгөхөд шаардлагатай өөрт хамааралтай бичиг баримтын бүрдлийг хангалтгүй бүрдүүлсэн, санаатайгаар зайлсхийж байна хэмээн дүгнээд хугацаатай үүрэг бүхий зөвлөмжийг өгсөн. Гэвч өнөөдрийг хүртэл элдэв арга заль хэрэглэн төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, санаатайгаар хохироосоор байна.

Захиалагч Х ХХК-д 2013 онд 4 удаагийн санхүүжилтээр 1 297 864 451 төгрөг, 2014 онд 8 удаагийн санхүүжилтээр 2 494 352 614 төгрөг, 2016 онд 300 000 000 төгрөг, нийт 4 158 875 189 төгрөг буюу гэрээт өртгийн 95,5 хувийн санхүүжилт олгосон байна. Тиймээс хийсэн ажлын хэмжээнд 3 695 496 872 төгрөг төлөх ёстойгоос илүү        463 378 317 төгрөгийг шилжүүлсэн тооцоо байгаа тул илүү шилжүүлсэн мөнгөө алданги 231 186 160 төгрөгийн хамт авах, мөн барилга угсралтын үлдсэн ажилд зарцуулсан зардал 146 259 382 төгрөг, барилгын ажлын явцад цахилгааны төлбөрт зарцуулсан          31 665 009 төгрөгийг нэхэмжлэгч төлөөгүйг манайх өмнөөс нь төлсөн тул нийт 872 488 868 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1, 352 дугаар зүйлийн 352.2.3-д заасныг баримтлан ГХЯ-наас 614 434 239 төгрөг гаргуулж Х ХХК-д олгож, гүйцэтгэлийн баталгааны үлдэгдэл болох “Ариг” банк дахь 21 800 000 төгрөгийг буцаан авах зөвшөөрлийг Х ХХК-д олгохыг ГХЯ даалгаж, Х    ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 650 055 616 төгрөгт холбогдох хэсэг болон улсын комисс хүлээн аваагүй барилга байгууламжаас ажилчдаа гаргахыг ГХЯ даалгах, барилгын ажилд хэрэглэж байсан барилгын материал гаргуулахыг хүссэн хэсгүүдийг, Х ХХК-иас 872 488 868 төгрөг гаргуулахыг хүссэн ГХЯ-ны сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар Х ХХК-ийн компанийн өмчлөлийн хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлж, буцаан олгохыг зөвшөөрсөн ГХЯ-ны зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.4, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 6 690 999 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагчаас 3 370 521 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Барилгын ажлыг эхлүүлэх, үргэжлүүлэх зөвшөөрлийн хугацаа дууссан тухай дурьдсан. Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт “Барилга байгууламжийг барилгын ажлын явцад шаардагдах цахилгаан, дулаан, халуун, хүйтэн усаар түр хангах бөгөөд байнгын ашиглалтад оруулаагүй барилга байгууламжийг цахилгаан, харилцаа холбоо, дулаан, халуун, хүйтэн усаар хангахыг хориглоно.” Барилгын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 48.1-д заасны дагуу ашиглалтад оруулсан барилга байгууламжид барилгын улсын хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага ашиглалтад оруулах комиссын дүгнэлтийг үндэслэж, ажлын долоон өдрийн дотор ашиглалтын гэрчилгээ олгоно.” Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт “Гэрчилгээ олгогдоогүй, дуусаагүй барилга байгууламжид үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно.” гэсэн эдгээр заалтуудыг зөрчиж байна. Гэрээний ерөнхий нөхцлийн а.Ерөнхий заалтын 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “Чанарын баталгаат хугацаа гэж гэрээний тусгай нөхцөлд заасан, ажил дууссан өдрөөс эхлэн тоологдох хугацааг хэлнэ. Энэ хугацаанд илэрсэн зөрчил, гомдлыг гүйцэтгэгч арилгах үүрэгтэй.” Гэрээний тусгай нөхцлийн 32 дугаар зүйлийн 32.0 дэх хэсэгт “Чанарын баталгаат хугацаа /3 жил буюу 1080/ хоног байна. Ашиглалтад оруулах ажлын хэсэгт ерөнхий гүйцэтгэгчийн чиг үүргийг хэрэгжүүлэгч ажлын гүйцэтгэгч компани оролцоогүй, дүгнэлт гараагүй байхад ашиглалтын явцад барилгыг цахилгаан, харилцаа холбоо, дулаан, халуун, хүйтэн усаар хангахыг хориглосон байхад ашиглаж чанарын баталгаат хугацаанд ямар нэгэн байдлаар илэрсэн зөрчил, гологдлыг гүйцэтгэгч арилгах үүрэгтэй бөгөөд эвдрэл, гэмтэл учрах, доголдол гарах, цахилгаан шатыг зөвшөөрөлгүйгээр ашиглаж байгаад ашиглагчдын аюулгүй байдлыг хангаж ажиллах гурвалсан гэрээ байгуулаагүй үед хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учрах, хүн бэртэх, осол аваар гарах тохиолдолд Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн Барилгын ажил гүйцэтгэгчийн чиг үүргийн 40.1.8-т “Барилга байгууламжийн ашиглалтын зүгшрүүлэх, тохируулах хугацаанд өөрийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас гарсан хохирлыг хариуцах” үүрэг хүлээдэг тул нэхэмжлэгч Х ХХК-д энэ нөхцөл байдал нь шууд хамааралтай байх, цаашлаад эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхүйц нөхцөл байдлыг бий болгож, ажилчдаа оруулан дураараа сандал, ширээ, шкаф, тоног төхөөрөмж тавьж үйл ажиллагаа явуулж ашиглаж, барилга байгууламжийг улсын комисст хүлээлгэн өгөхөд саад болж байгаа тул хариуцагчийн ажилчдыг барилгаас гаргах шаардлага зайлшгүй тулгарч дээрх шаардлагыг хүлээн авч, хангаж шийдвэрлэж өгнө үү. Иймд анхан шатны шүүхийн зарим хэсэгт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Х ХХК нь “харилцан тохиролцож лифт угсрах ажил болон гэрээнд заасан ажлын гүйцэтгэлд нийт 842 993 237 төгрөг зарцуулсан гэж үзээд, үүнийг захиалагчаас гаргуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд уг ажлыг гүйцэтгэх, гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцсон нотлох баримт байхгүй байхад ГХЯ-наас        614 434 239 төгрөгийг гаргуулах шийдвэр гаргасан. Х ХХК-ийн нэхэмжилсэн лифт угсрах ажлын гүйцэтгэлд зарцуулсан дээрх зардал нь тус компанид захиалагчаас гэрээний дагуу шилжүүлсэн 4 158 875 189 төгрөгийн санхүүжилтэд багтсан зардал юм. Учир нь тус компанитай байгуулсан Барилгын ажлын гэрээнд лифтийг тусд нь суурилуулах талаар тусгаагүй байгаа. Шүүхийн шийдвэрийн "тогтоох" хэсгийн 3 дахь заалтад Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.3 дахь /төсвийн байгууллагын нэхэмжлэлийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх/ заалтыг үндэслэсэн боловч хариуцагчаас 3 370 521 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль буруу хэрэглэсэн гэж үзэж, уг хураамжийг хэрэгсэхгүй болгуулах хүсэлт гаргаж байна. Барилгын хөгжлийн төвийн 2016 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн дүгнэлтийг үндэслэн шийдвэр гаргахдаа Х ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын хөлсийг зөрүүтэй тооцож тус яамнаас гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. ГХЯ Х ХХК-тай барилгын ажил гүйцэтгэх гэрээг нийт 4 353 678 125 төгрөгийн өртөгтэйгээр байгуулсан бөгөөд тус компанийн гүйцэтгэсэн ажил нь 85 хувь буюу үнийн дүн нь 3 695 496 872 төгрөг болж байна. Захиалагчаас 4 158 875 189 төгрөгийн санхүүжилтийг олгосон бөгөөд 463 378 317 төгрөгийг тус компанид илүү шилжүүлсэн гэж үзэж алданги 231 186 160 төгрөг, нийт       694 564 477 төгрөгийг гүйцэтгэгч буюу Х ХХК-иас гаргуулах нэхэмжлэлийг хангаж өгөх хүсэлт гаргаж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч ГХЯ холбогдуулан ажлын хөлсний үлдэгдэл болон нэмэлт ажлын хөлс 842 993 237 төгрөг, алданги             421 496 618 төгрөг буюу бүгд 1 264 489 855 төгрөг гаргуулах, Ариг банкинд байршуулсан гүйцэтгэлийн баталгааны төлбөрийн үлдэгдэл 21 800 000 төгрөгийг буцаан өгөх зөвшөөрөл олгохыг, улсын комисс хүлээн аваагүй барилга байгууламжаас ажилчидаа гаргахыг, компанийн өмчлөлийн битүүмжилсэн хөрөнгийг буцаан олгохыг тус тус даалгахаар нэхэмжилсэн.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэгчид илүү төлсөн 463 378 317 төгрөг, алданги 231 186 160 төгрөг, дутуу орхисон ажлыг бусдаар гүйцэтгүүлснээс гарсан зардал 146 259 382 төгрөг, барилга баригдах хугацаанд хэрэглэгдсэн цахилгааны эрчим хүчний төлбөр 31 665 009 төгрөг, бүгд 872 488 868 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын “компанийн өмч хөрөнгийг буцаан олгохыг даалгах” гэснийг тодруулаагүй, уг шаардлагыг нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад тухайн шаардлагыг хангасан нь үндэслэлгүй гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ.” гэж зааснаас гадна шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, биелэгдэх боломжтой байх ёстой юм.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад нэхэмжлэгчийн өмчлөлийн ямар хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлж, түүнд буцаан олгохоор хариуцагч зөвшөөрсөн нь тодорхойгүйгээс хуулийн дээрх заалт хэрэгжих боломжгүй болжээ.

Иймд давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбар, маргааныг үйл баримтын талаар дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2019/00190 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 3 408 228,08 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ш.ОЮУНХАНД

    ШҮҮГЧИД                                           Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                               М.НАРАНЦЭЦЭГ