| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямдоржийн Одонтуул |
| Хэргийн индекс | 197/2025/0185/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/160 |
| Огноо | 2025-03-18 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | П.Отгонбаатар |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 2025/ШЦТ/160
2025 03 18 160
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Одонтуул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чаминчулуун,
улсын яллагч П.Отгонбаатар,
шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч Г.Мөнхбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “5” дугаар танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.М-д холбогдох эрүүгийн 2509 0059 00180 дугаар хэргийг 2025 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, .... оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., нөхөр, ... хүүхдийн хамт ... дүүргийн ... дугаар хороо, .... дугаар гудамжны .... тоотод оршин суух бүртгэлтэй, Д.М, регистрийн ... дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.М нь 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "..." барилгын гадна байрлуулсан “..." ХХК-ийн эзэмшлийн .... улсын дугаартай "..." маркийн тээврийн хэрэгслийн урд нүүр, болон урд хойд гуфер өшиглөж бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас 1,962,500 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирлыг санаатай учруулж, эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.М нь 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” барилгын гадна байрлуулсан “...” ХХК-ийн эзэмшлийн ... улсын дугаартай “...” маркийн тээврийн хэрэгслийн урд нүүр болон урд, хойд буфер өшиглөж бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас 1,962,500 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирлыг санаатай учруулж эд хөрөнгө устгах, гэмтээх хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Н-ын өгсөн “2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр би байгууллагын эд хөрөнгө болох ... маркийн авто тээврийн хэрэгслээ ...-ын үүдэнд байрлуулаад үлдээсэн. Тэгээд шөнийн 1 цагийн үед нэг үл таних эмэгтэй залгаад “машинаа холдуулаач ээ, би энэ замаар гарах хэрэгтэй байна” гэсэн, тухайн үед би “хол байна, та яаж наад зам руу орсон юм бэ, тэр замаараа гарчих” гэж хэлсэн. Миний машинаа байрлуулсан зам нь өдөртөө машины зогсоол болчихдог, шөнө нь хаалтаа нээчихдэг, нэг тийм газар байдаг. Тэгээд энэ талаар хэлсэн чинь нөгөө эмэгтэй уурлаад хараагаад байхаар нь тоогоогүй орхичихсон юм. Тэгээд 12 сарын 28-ны өдөр би 14 цагийн үед машин дээрээ очиход машины 2 толийг гадагш нь эргүүлсэн байсан, тэгэхээр нь өчигдөр шөнө залгаад байсан хүн ийм болгосон юм байна гэж бодоод ажлаа хийгээд бараа ачихад машинаа харсан чинь машины урд талын гуперийг хагалж цөмлөсөн, мөн хойд талын гуперыг хагалаад хагарсан хэсгийг нь тэвшин дээр нь тавьчихсан байсан. Тэгээд би шөнө над руу залгасан хүн рүү залгасан чинь утсаа авахгүй байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан. Тэгтэл дараа нь над руу залгасан эмэгтэй мессежээр “машиныг чинь гэмтээсэн хүмүүсийг би мэднэ, хохирол мөнгийг нь барагдуулна” гэсэн байсан, тэгээд би машины үнэлгээ хийлгээд нөгөө эмэгтэйд хэлсэн чинь хохирлыг маань бүрэн барагдуулж өгсөн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9 дэх хуудас/, “Тэнцвэр эстимэйт үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №26398 дугаар “Автомашин техникийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 20-21 дэх хуудас/, гэрч Д.Т-ын өгсөн “М нь ... дугаарыг ашиглаад 10 гаруй жил болж байгаа, ...уг дугаарыг эхнэр маань л ашигладаг” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дэх хуудас/, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Д.М нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Н “...хохирлыг маань бүрэн барагдуулж өгсөн” /хх9/ гэж мэдүүлсэн, хяналтын прокурорт “хохирлоо бүрэн барагдуулсан ба ямар нэгэн гомдол санал байхгүй, хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү, хөдөө орон нутагт байгаа тул очих боломжгүй байна” гэх /хх68/ хүсэлтийг гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Д.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн эд хөрөнгөд учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно:” гэж, 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх;” гэж тус тус заасан бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх санал нь Эрүүгийн хуульд нийцсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.
Шүүгдэгч Д.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан шүүгдэгч Д.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.
4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, оролцогч гагцхүү энэ хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ОДОНТУУЛ