Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баярсайханы Ундраа |
Хэргийн индекс | 101/2019/03516/И |
Дугаар | 101/ШШ2019/03034 |
Огноо | 2019-11-05 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 101/ШШ2019/03034
2019 оны 11 сарын 05 өдөр Дугаар 101/ШШ2019/03034 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, шүүгчид Д.Золзаяа, Л.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б /регистрийн дугаар: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б /регистритйн дугаар: /-т холбогдох
Зам тээврийн ослын улмаас учирсан гэм хорын хохиролд 444,669 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Алтанцэцэг, хариуцагч Х.Б , иргэдийн төлөөлөгч Д.Батдолгор, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ичинхорлоо нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Алтанцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Б нь 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 03 цаг 50 минутад Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Well mart төвийн зүүн замд согтуу, гарцгүй газраар гарч яваад жолооч Х.Б ын жолоодож явсан Тоёота приус маркийн ******* улсын дугаартай машинд мөргүүлэн аарцаг нуруу, толгойндоо гэмтэл авч 14 хоног ажилдаа явалгүй эмнэлгээр яван зураг авхуулж оношлогоо хийлгэсэн. Эмч нарын зөвлөснөөр цаашид дахин нарийвчилсан шинжилгээ хийлгүүлэн эмчлүүлэх шаардлагатай байгаа юм. Одоо хүртэл толгой өвдөж, хуучин нурууны гэмтэл сэдэрсэн байдалтай байна. М.Б нь тээврийн цагдаа дээр Х.Б ыг 14 хонгийн цалин, бусад хохирлыг больё, яг эмнэлэгт зураг авхуулж оношлуулсан 444,669 төгрөгийг л өгчих гээд зохицсон боловч өнөөдөр хүртэл за өгнө гэж байснаа сүүлдээ утсаа авахгүй хохироож явна.
Иймд толгой болон аарцаг нуруу, бүсэлхийний зураг авхуулсан 390,000 төгрөг, эм худалдаж авсан 44,669 төгрөг, гэмтлийн зэрэг тогтоолгох төлбөр 10,000 төгрөг, нийт 444,669 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Х.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр шөнийн цагаар зам сэлүүхэн байсан. Би Ботаникийн ойр очмоор согтуу хүмүүс их явдаг болохыг мэддэг тул хурд багатай 30 км цагийн хурдтай явж байсан. Хэргийн газар огт гэрэлтүүлэггүй байсан. Гэнэт хүн гүйгээд гараад ирсэн тул би тээврийн хэрэгслээ зогсоох ямар ч боломжгүй байсан. Бага хурдтай явж байсан тул гэмтлийн зэрэг бага гарсан. Гэмтлийн зэрэг нь хөнгөн зэргийн гэмтэл гарсан. Зулгаралт гэх үндэслэлээр хөнгөн гэмтэл гарсан гэж үзэж байгаа. Тухайн үед би М.Б*******г мөргөчхөөд түргэн тусламж, цагдаа дуудсан. Цагдаагийн байгууллага түрүүлж ирсэн. Бат-Оргил гэх цагдаа байсан. Бид хоёр хамт хараад байж байхад согтолтын зэрэг нь 2,53-тай байсан. Тэгээд өөрөө агсраад явах гээд байсан. Дараа нь би өөрөө тээврийн цагдаагийн албан дээр очсон. Би М.Б*******тэй яриад хоёулаа тохиролцъё хэн хэнийх нь буруу гээд надад 300,000 төгрөгийн боломжтой байна гэсэн чинь М.Б нь би чамаас 10,000,000 төгрөг авна гэсэн. Мөргүүлсэн л бол мөнгө авах ёстой гэсэн бодолтой байсан. Хууль дүрмийн дагуу чиний буруу, гарцгүй газраар гарсан гэж хэлэхэд, тэгвэл шүүхээр явна гээд маргаан үүссэн. Би тухайн үед найзыгаа дуудаад бензин хийж өгөөд эмнэлгээр дагуулж явсан. Тэгээд байцаагч Цэндсүрэн гэж хүн байсан. Бид тохиролцож чадсангүй шүүхээр явъя гэж байна, хохирол мөнгөө яах вэ гэхэд хэрэг шийдэгдэхэд эцсийн дүндээ чиний буруу гэсэн тохиолдолд хохирлыг барагдуулна гэж хэлсэн. 7, 8 хоногийн хугацаанд бид хоёр мэдүүлгээ өгч явсаар хэрэг бүртгэлт нээхээс татгалзаж байна гэсэн. Татгалзах болсон үндэслэл нь хөнгөн зэргийн гэмтэл гарсан учраас биш, замын хөдөлгөөний дүрэмд зааснаар жолооч хурд хэтрүүлээгүй, бага хурдтай явж байсан. Зорчигч нь гарцгүй хэсгээр явж байсан тул уг осол гарсан гэх шалтгаанаар татгалзсан. Явган зорчигч нь Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн байх тул тухайн авто осол гарсан байна гэсэн. Мөн тээврийн хэрэгсэл нь миний тээврийн хэрэгсэл байгаагүй. Хөдөөнөөс хүн ирж байсан болохоор автомашиныг гуйж авсан байсан. Тээврийн хэрэгслийг 200,000 төгрөгөөр шилийг нь сольж, урд талын гупер засвар авах боломжгүй байсан. М.Б*******д би буруугүй байхад чамаас болж буруутай болсон тухай хэлсэн. Мөн М.Б*******гийн ар гэрээс нь байнга над руу залгадаг. Энэ хүн үхсэн бол чи яах байсан юм бэ, чиний амьдралыг аварсан байна гэх мэтээр байнга залгаж дарамталдаг. Хэргийн газар дагуулж очиж үзүүлсэн. Би 30 км цагийн хурдтай бага хурдтай явж байсан. Гэтэл М.Б гүйгээд гараад ирсэн. Надад ямар ч боломж байгаагүй. Ногоон гэрэл асч байсан ч гэсэн би гарцан дээр зогсож байсан. Тэгээд хүн байхгүй байна гээд хөдлөхөд гэнэт гүйгээд гараад ирсэн. Хэрвээ гарцаар гарсан бол би харах байсан. Хэн хэндээ хохирол учруулсан учраас үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Б нь хариуцагч Х.Б т холбогдуулан, зам тээврийн ослын улмаас учирсан гэм хорын хохирол 444,669 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч талууд маргаж байна.
Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
2019 оны 7 дугаар сарын 30-ны 03 цаг 50 минутын үед Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Well mart төвийн зүүн замд Х.Б жолоочтой Тоёота приус маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлд явган зорчигч М.Б мөргүүлсэн зам тээврийн осол гарчээ.
Замын цагдаагийн алба дээрх зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийхэд холбогдогч жолооч Х.Б ын жолоодож явсан Тоёота приус маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд салхины шил хагарсан, явган зорчигч М.Б гэмтсэн болохыг тэмдэглэн авсан байна.
Нэхэмжлэгч М.Б*******гийн биед тархи доргилт, зүүн зулайн хуйханд зулгаралт, дух, хацар, шанаа, хамрын нуруу, зүүн ташаа, баруун сарвуу, зүүн өвдөгт зулгаралт бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 9313 дугаартай дүгнэлтээр тогтоожээ.
Тээврийн прокурорын газрын прокурорын 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 578 дугаартай тогтоолоос үзэхэд, явган зорчигч М.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.12-т Явган зорчигчид дараах зүйлийг хориглоно: а/ үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр, эсхүл явган хүний гарамтай замын гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах гэж заасныг зөрчсөнөөс тухайн осол гарсан гэж үзэх үндэслэлтэй, жолооч Х.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчөөгүй, дээрх үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэл тогтоогдож байна хэмээн дүгнэж, дээрх зам тээврийн ослын талаархи гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзсан байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар, бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.
Дээрх зам тээврийн осолд холбогдогч Х.Б Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчөөгүй нь тогтоогдож байх тул түүнийг бусдад гэм хорын хохирол учруулсан гэж үзэх, хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан, хариуцагч Х.Б аас зам тээврийн ослын улмаас учирсан гэм хорын хохирол 444,669 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч М.Б*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М.Б*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 14,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УНДРАА
ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА
Л.ЭНХЖАРГАЛ