| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 320/2025/0063/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/76 |
| Огноо | 2025-02-26 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 2025/ШЦТ/76
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жавзанпагма,
Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,
Хохирогчийн өмгөөлөгч Б.Манлайбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин,
Шүүгдэгч Ш.О- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ө.О-д холбогдох эрүүгийн 2438004670050 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ө.О-,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ө.О- нь 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 17 цагийн үед Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар баг аюулгүйн тойргийн уулзвар дээр ... улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 8.2 “Замын хөдөлгөөнд оролцогч нь өөрийн явж байгаа чигийн өөдөөс хандан байрласан замын гэрлэн дохио буюу замын тухайн хэсэгт зохицуулж байгаа зохицуулагчийн дохиог дагаж мөрдөнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас ... улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргаж Д.Ц-ын биед хүндэвтэр хохирол учруулан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ө.О- нь 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 17 цагийн үед Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар баг аюулгүйн тойргийн уулзвар дээр ... улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 8.2 “Замын хөдөлгөөнд оролцогч нь өөрийн явж байгаа чигийн өөдөөс хандан байрласан замын гэрлэн дохио буюу замын тухайн хэсэгт зохицуулж байгаа зохицуулагчийн дохиог дагаж мөрдөнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас ... улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргаж Д.Ц-ын биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлгээс гадна зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-14 тал/, хохирогч Д.Ц-ын мэдүүлэг /хх-ийн 18-19 тал/, иргэний нэхэмжлэгч Ц.С-н мэдүүлэг /хх-ийн 24-25 тал/, Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч М.Батмөнхийн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 66 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлгийн нэмэлт шинжилгээ дүгнэлт /хх-ийн 40-41 тал/, Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч М.Батмөнхийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 11 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ дүгнэлт /хх-ийн 42 тал/, “Ашид Билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчний 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 807 дугаартай автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 51 тал/, Хөвсгөл аймгийн “Галт Мансэ” ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1/125 дугаартай “Тоёота Приус-20” ... автомашины явах эд ангийн гэмтлийн оношилгоо /хх-ийн 54 тал/, Хөвсгөл аймаг дахь авто тээврийн төвийн оношлогч инженер Х.Бямбадоржийн 2025 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 59 тал/, 2025 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 69 тал/, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 80 тал/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, жолоочийн үнэмлэхийн хуулбар /хх-ийн 81 тал/, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /хх-ийн 88 тал/ зэрэг бичгийн нотлох баримаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримт баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Ө.О- нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй болно.
Шүүгдэгч Ө.О-гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Ц-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч М.Батмөнхийн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 66 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлгийн нэмэлт шинжилгээ дүгнэлт, Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч М.Батмөнхийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 11 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ дүгнэлтээр тогтоогдсон ба хохирогч Д.Ц-, шүүгдэгч Ө.О- нар 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр: “...сэтгэцэд учирсан хохирол болон эрүүл мэндийн эмчилгээ сувилгаанд зориулж 9,000,000 төгрөг өгч, уучлалт гуйн хохирол гомдлыг бүрэн барагдуулсан...” гэх эвлэрлийн гэрээ байгуулсан /хх-ийн 93 тал/,
Иргэний нэхэмжлэгч Ц.С- нь өөрийн эзэмшлийн “Приус-20” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирол болох 1,862,500 төгрөгийг хүлээн авсан, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 24 тал/ зэрэг хэрэгт авагдсан байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ө.О-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Ө.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.О-д оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ө.О- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ө.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.О-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 2,700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.О-д оногдуулсан торгох ялыг 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.О-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар эрх хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн 2438004670050 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ө.О- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР