| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Ганболд |
| Хэргийн индекс | 101/2018/00184/И |
| Дугаар | 101/ШШ2018/00550 |
| Огноо | 2018-02-12 |
| Маргааны төрөл | Зуучлал, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 101/ШШ2018/00550
| 2018 оны 02 сарын 12 өдөр | Дугаар 101/ШШ2018/00550 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ж.Ж
Хариуцагч: Н ХХК
270 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Ж, хариуцагчийн төлөөлөгч А.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.О нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Ж нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Н ХХК үл хөдлөх хөрөнгө зуучлалын байгууллагатай 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 2 өрөө байраа зуучлуулан 3-н оюутан хөлслүүлэн суулгах гэрээ хийж надаас бүтэн жилийн үйлчлэх хөлс гэж 270,000 төгрөг тус байгууллага авсан. Тус үл хөдлөх хөрөнгө зуучлалын байгууллага нь гэрээнд заасан үйл ажиллагаатайгаа эргэх х*******гүй 2017.08.10-нд айл оруулсан. 3-н оюутан 9 сарын эхээр 4-лээ болж амьдран 2017.09.05-нд нөгөө өрөөг маань давхар түрээслэж 2 хүн оруулсан байсан бөгөөд үүнийг шалгадаггүй. Би өөрөө байраа ойр ойрхон шалган зөрчил гараад болохгүй би зуучилсан газар уруу ярихаар чи шалгах ёстой юмуу бид шалгах болоогүй гэж ахлах А******* гэж залуу загнасан. 2017.08.02-нд анхны байр үзсэн З******* гэдэг ажилтан залуу уруу ярихад ажлаас гарсан 3 сар болж байна гэж ярьсан. 2017.08.02-нд манай байрыг 3-н оюутанд хүлээлгэж өгсөн Т******* уруу ярихад ажлаас гарч эмнэлгээр явж байна гээд утсаа авахаа больсон. 2017.08.03-нд ажилтан М******* уруу энэ хүмүүсийг цөөлж давхар түрээсэлсэнд арга хэмжээ авч гаргаад өөр айл олоод өгөөч гэхэд би танай байрыг хариуцаагүй гэхдээ айл олох зар явуулж өгнө гээд алга болсон. 2017.09.10-нд 2 өрөө байранд маань давхар түрээсэлсэн хүмүүс нь 4 хүнтэй, гэрээний түрээслэгч нь 4-лээ, 8 хүн амьдарч байрны обой, шал зурж халтайлган крант цоож юм юм эвдээд тус зуучийн газарлуу айл олоод өгөөч гэж хэлэхэд за гээд нэг хүн ярьсан боловч дахин утсаа авахаа больсон. Ахлах А******* гэдэг рүү 2017.09.05-нд, 09/10-нд, 09/15-нд, 09/20-нд ер утсаа авдаггүй. М******* гэдэгрүү 2017.09.05, 10, 15, 20-нд, 10/01-нд, 10/10-нд 10/22-нд залгасан боловч утсаа аваагүй авбал зар тавья гээд алга болчихдог. Арай ядаад 2017.09.20-нд түрээсэлсэн 8 хүнийг хөөж гаргаж өөрийн байраа дунд нь сар эзэнгүй өөрсдөө түр байх айл 2017.11 сард олж нэг сар гаран суулгаж байна. Ийм мэтээр надаас 2017.08.10-нд 270,000 төгрөг аваад дараа нь 9 сарын эхээр байр болохоо байлаа давхар түрээсэлж 8 хүн шавж амьдраад байна гэхэд надад үйлчлэхээ байсан. Тус байгууллага уруу олон удаа ярьж, гуйж, очдог ч 4 сар миний байрыг хаясан. Харин 270,000 төгрөгийг гэрээндээ ямарч тохиолдолд буцаан өгөхгүй гээд заачихсан учир зуучилдаг залуучууд нь иргэн намайг үл тоон зарим нь ажлаа ар араасаа хаян гардаг. Толгой үүсгэн байгуулагч эзнээ хэлдэггүй, дугаарыг нь өгдөггүй, одоод зуучлагч нэртэй луйвар хийж буй залуус нь бөөн мөнгө иргэнээс аваад дараа нь хариуцлага үүрэх хүн байхгүй бие биерүүгээ чихэн утсаа авахгүй байх их залгахаар хохирогчийн дугаарыг болон надын дугаарыг блоколдог гээд нэг эмэгтэй явж байсан. Би бас яг адил хохирчоод явж байна. Иргэн надаас Н зуучлалын ажилтан Д.Т******* 2017.8.10-нд бэлэн 270,000 төгрөг тоолж авсан. Миний хажууд хүү болох Ж.О******* хамт байсан. Зуучлалын бас нэг ажилтан М******* байсан. Надаас бэлэн авсан 270,000 төгрөг болон тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 8,750 төгрөгийн хамт гаргуулан хохиролгүй болгож өгнө үү.
270,000 төгрөг нэхэмжилж байгаа. 2017.8.8-ны өдөр хариуцагчийн ажилтан сонингоос манай зарыг хараад хамтарч ажиллая гээд уулзаад байрыг үзээд түлхүүр авсан. Дараа нь хүн оллоо гээд дахиад дуудсан. Тэгээд нэг хүн дагуулж ирсэн. Тэр хүн нь 2 дүүгийн хамт 3-уулаа түрээслэнэ гэсэн. Би оюутан энэ тэр оруулчих вий гэсэн. Тэр үед надад 1 650 000 төгрөг сарын түрээс болон барьцаа нийлээд авсан. Энэнээс надаас 270 000 төгрөг зуучлалын хөлсөнд авсан. Дахиж хүн оруулахгүй гэж ярьсан. 8.10-нд ороод 9 сарын эхээр дүү нар нь ирэхэд манай нэг дүү гарчихсан гэж худлаа хэлээд манай унтлагын өрөөг өөр хүмүүст давхар түрээсэлсэн байсан. Тэр хүмүүсээс нь асуусан чинь нөгөө өрөөнд 4 хүн байгаа гэсэн. Бид эднийг эзэн нь гэж ойлгосон гэсэн. 250,000-р давхар түрээсэлсэн байсан. Дахиад очиход дахиад 4 хүн болсон байсан. Нийт 8 хүн болчихлоо гээд анх уулзсан З******* уруу ярихад би ажлаасаа гарсан надад хамаагүй гэсэн. Тэгээд хэлсэн хүнтэй нь уулзахад 8 хүн байгаа бол гаргаад шинэ хүн олж өгнө гэсэн. Би утсаар ярихад чи шалгах ёсгүй гэсэн. 10.20-н болтол хүлээхэд надтай нэг ч яриагүй. Хүмүүс очиж үзсэнээс хойш надад үйлчлээгүй. Гэтэл надад үйлчлээгүй мөртлөө 270 000 төгрөг авсан тул буцааж авна. Сууж байгаа хүмүүс давхар түрээсэлж ашиг олсон. Эд хөрөнгө эвдсэн. Крант эвдсэн. Би мөнгөнөөс нь хэрэглээний зардал болон бусад хохирлоо суутгаад 115 000 төгрөг буцааж өгсөн. Тэр үед ямар нэг гомдол санал байхгүй гэсэн. Би одоо түрээслэгч хэрэггүй гэж хэлээгүй. Өөр түрээслэгч олж өгөхийг хүлээгээд үйлчлээгүй гэв.
Хариуцагч Н ХХК нь шүүхэд болон түүний төлөөлөгч А.А нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Ж.Ж-ы нэхэмжлэлд залруулга хийх хэд хэдэн зүйл байгаа болно. Н ХХК-д холбогдуулан 270 000₮ гаргуулах тухай нэхэмжлэлд үүгээр дамжуулан нөхөн гаргаж өгөх боломжгүй гэдэгээ албан ёсоор мэдэгдэж байна. Манай компани иргэн Ж.Жы эзэмшилийн БЗД 16-р хороо 52/6 байрны 11 тоот байрыг 2017 оны 08 сарын 10 ны өдөр зуучлан орон сууц хөлслүүлэх гурвалсан гэрээ хийн хөлслөгч буюу түрээслэгч олж өгч оруулсан. Түрээслэгч тал 2017 оны 11 сарын 10 өдөр хүртэл суух 3 сарын түрээсийн төлбөрөө барьцаа төлбөрийн хамт 1 600 000₮ -ийг түрээслүүлэгчид төлсөн. Гэрээний 2.1 -д зааснаар манай байгууллагын ээлжит хяналт тавих хугацаа 2017 оны 09 сарын 10 ны өдөр байсан. Түрээслэгч тал гэрээний 4.3-д заасан заалтыг зөрчсөн тухай мэдээлэлийг манайд 2017 оны 09 сарын 03 ны өдөр түрээслүүлэгч буюу байрны эзэн Ж.Ж өгсөн. Мэдээлэл өгсөнийхөө дараахан манайхыг хяналт тависангүй гэж шууд буруутгасан тул манай ажилтан хяналт тавих хугацаа хараахан болоогүй байгаа гэдэг хариу тайлбар өгж үүссэн зөрчилийг хэрхэн арилгах асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар мэдээлэл, зааварчилгаа өгч хамтран ажиллахыг хүссэн. Нэхэмжилэлд ахлах А******* гэдэг залуу чи шалгах ёстой юмуу бид шалгах болоогүй гэж загнасан гэж мэдүүлсэн нь худал болно. Мөн манай компанируу удаа дараа залгаад ерөөсөө утасаа авдаггүй гэж мэдүүлсэн тайлбараа баримттайгаар баталхыг хүсэж байна. Тухайн үед үнэхээр гомдолтой байсан бол яагаад манай байгууллага дээр нэг ч удаа биечлэн ирж уулзагүй болох талаар хариу тайлбар хийнэ үү. Уламаар манай байгууллага түрээслэгч болох Эрэндаваа овогтой Галмандахтай утасаар холбогдож тодорхой хугацаа өгч гаргасан зөрчилөө арилгаж байрыг сулалж өгөхийг шаардсан. гэвч Галмандах байрны эзэн Ж.Жтай яриад тохирчихлоо давхар түрээсэлсэн зөрчилөө арилгаж цааш хэвийн гэрээгээ үргэлжилүүлхээр болсон гэж хариулсан байдаг. Үүнийг үнэн эсэхийг шалган Ж.Жтай холбогдож тодруулхад үнэн болохыг батлаж хэлсэн. Энэ яриа үнэн бодит болхыг түрээслэгч Э.Галмандах гэрчилнэ. Ж.Ж 2017 оны 10 сарын эхээр манай 7015-1550 утас руу холбогдон хуучин түрээслэгч болох Э.Галмадахыг байрнаасаа гаргчихсан танайх шинэ хүн олж өгнө үү гэж мэдэгдсэн байдаг. Үүний дагуу манай ажилтан Мөнх-эрдэнэ тухайн байрны зарыг явуулан дараачийн түрээслэгч олж өгхөөр ажиллаж эхэлсэн. Гэвч удалгүй Ж.Ж эргэн холбогдож эгч нь өөрөө түрээслэгч олчихлоо гэж ажилтан Мөнх-эрдэнэ-д мэдэгдсэн. Манай зүгээс гэрээний 2.8-д зааснаар та түрээслэгчээ өөрөө олсон ч манайхаар гэрээ хийлгэх боломжтойг хэлсэн боловч татгалзсан хариу өгсөн болно. Иймд Ж.Жы нэхэмжлэлдээ дурьдсанчилан манайхыг ямарч эргэх х*******гүй ажиллсан гэсэн нь худал юм. Тэрээр цаашдаа манай байгууллагтай хамтарч ажиллахаас өөрийн саналаар татгалзсан болно. Мөн гэрээний 2.4.2 -д зааснаар манай компани зуучлалын хөлс болох 270 000 ₮ -ийг буцаан олгох боломжгүй болно.
2017.8.10-нд харилцан тохиролцоод хамтарч ажилласан. Улмаар 3 талт гэрээ байгуулсан. Гэрээгээр бид түрээслэгч олж өгөх үүрэгтэй. Төлбөрөө төлж байгааг хянах, байрны бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй байсан. Нэхэмжлэгч нь эргэх х*******гүй ажилласан гэдэг. Гэрч нь эргэх х*******той байсныг нотолно. Гэрээний 2.1-д заасан үүргээ биелүүсэн. Сарын хугацаатайгаар шалгах байтал 9.3-нд нэхэмжлэгч өөрөө зөрчлийг илрүүлээд хэлсэн тул бид түрээслэгчид шаардлага тавьна гэж хэлсэн. Шалгалт хийх хугацаанаас өмнө болсон зүйл. Түрээслэгч Галмандах нь гэрээг зөрчсөнийг хэлээд гэрээг цуцлах талаар хэлсэн. Улмаар 2 хоногийн дараа эргэж холбогдоод нэхэмжлэгчтэй ярьчихлаа, гэрээг үргэлжлүүлэх боллоо гэсэн. Үүнийг нь тодруулахад цааш үргэлжлүүлэхийг зөвшөөрсөн гэсэн. Гэтэл нэхэмжлэгч нь түрээслэгчээ гаргачихсан дахиж хүн олж өг гэсэн. Улмаар зараа тавиад явж байтал өөрөө түрээслэгч олчлоо гэсэн. Гэрээнд зааснаар түрээслэгчтэй бид гэрээ хийнэ гэхэд үгүй гэж татгалзсан. Иймд 10 сарын гэрээ нь нэхэмжлэгчийн хүсэлтээр цуцлагдсан тул дуусгавар болсон. Зуучлалын хөлсөнд 270,000 төгрөг авсан боловч гэрээний 2.4-т зуучлалын хөлсийг буцаан олгохгүй гэсэн. Иймд зөвшөөрөхгүй гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Ж нь зуучлалын гэрээнээс татгалзаж, төлсөн төлбөр болох 270,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Н ХХК нь гэрээний үүргээ биелүүлсэн, нэхэмжлэгч өөрөө гэрээгээ цуцалсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Зохигчид 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр орон сууц хөлслүүлэх тухай 3 талт гэрээ байгуулсан байна. Энэ гэрээний гуравдагч тал нь орон сууцыг хөлслөгч буюу гэрээнд дурдсанаар түрээслэгч гэсэн байна. Уг гэрээний агуулгаас зохигчдын хооронд зуучлалын гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.
Улмаар гэрээний дагуу хөлслөгч нь эхний 3 сарын төлбөрт 1,350,000 /450,000*3/ төгрөг, барьцаа болгож 250,000 төгрөг, нийт 1,600,000 төгрөг төлсөн эсэх талаар зохигч хэн аль маргаагүй. Үүнээс гэрээний зуучлагч буюу энэ хэргийн хариуцагч нь гэрээний 2.4.1-д зааснаар 270,000 төгрөгийг зуучлалын хөлсөнд авсан талаар маргахгүй байна.
Нэхэмжлэгч нь хөлслөгчийг гэрээний зүйлийг давхар хөлслүүлж гэрээний үүргээ зөрчсөн тул гэрээнээс татгалзсан гэж тайлбарласан. Гэрээний зүйл болох Баянзүрх дүүрэг, 16-р хороо, 15-р хороолол, 52/6 байр, 11 тоот хаягт байрлах орон сууцыг гэрч Э.Галмандах хөлсөлсөн бөгөөд гуравдагч этгээдэд дамжуулан хөлслүүлсэн болох нь гэрчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. Зохигч хэн аль нь энэ үйл баримтын талаар маргаагүй. Энэхүү зөрчлийг арилгуулахаар нэхэмжлэгч нь тодорхой хугацаа олгосон болох нь зохигчдын тайлбараар мөн тогтоогдож байна. Гэрээний 2.1-д зуучлагч буюу энэ хэргийн хариуцагч нь гэрээний зүйлийг дамжуулан түрээслэх, давхар түрээслэх зэрэгт хяналт тавих үүрэг хүлээсэн байна. Мөн гэрээний 4.3-т зааснаар гэрээний зүйлийг дамжуулан түрээслэхгүй байх талаар талууд тохиролцсон байна. Улмаар гэрээний зүйлийг дамжуулан хөлслүүлсэн, нэмэлт хугацаа тогтоосон боловч зөрчлийг арилгаагүй байх тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, гэрээний 7.1б-д зааснаар нэхэмжлэгчид гэрээнээс татгалзах эрх үүсжээ.
Хариуцагч нь нэхэмжлэгчийг гэрээг өөрийн санаачлагаар цуцалсан, дахин бусадтай гэрээ байгуулахаас татгалзсан тул төлсөн төлбөрийг буцаах үндэслэлгүй гэж маргасан боловч өөрийн тайлбарыг нотлоогүй, өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ биелүүлээгүй байна.
Эдгээрээс дүгнэвэл хариуцагч гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүйгээс нэхэмжлэгчид гэрээнээс татгалзах эрх үүссэн байх тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээний гүйцэтгэлийг буцаан шаардах эрхтэй.
Дээрх орон сууц хөлслүүлэх гэрээний хөлслөгч буюу гэрч Э.Галмандах нь 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл уг орон сууцанд амьдарсан бөгөөд 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл 3 сараар төлбөр хийсэн тул дутуу хугацааны төлбөрийг нэхэмжлэгчтэй тохиролцон тооцож, улмаар эд хөрөнгөд учруулсан хохирлоо суутган төлөөд үлдэгдэл төлбөрөө авсан гэж тайлбарласан. Нэхэмжлэгч энэ талаар маргахгүй байна. Иймд зохигчдын хооронд байгуулсан гэрээ 3 сарын хугацаанд үргэлжилсэн гэж үзлээ.
Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д зааснаар зуучлагч нь гуравдагч этгээдтэй тодорхой гэрээ хэлцэл байгуулах, зуучлуулагч нь хөлс төлөх үүрэг хүлээдэг. Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний агуулгаас зуучлагч буюу энэ хэргийн хариуцагч нь гэрээ байгуулахаас гадна тодорхой үйл ажиллагаа явуулах үүрэг хүлээсэн байна. Энэ нь Иргэний хуульд харшлахгүй бөгөөд энэ талаар гэрээний 2 дугаар хэсэгт заажээ.
Зохигчид гэрээг 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүртэл буюу 10 сарын хугацаатайгаар байгуулсан бөгөөд хариуцагч нь зуучлалын хөлсөнд 270,000 төгрөг авсан талаар маргаагүй. Иймд нэг сарын зуучлалын хөлс нь 27,000 төгрөг байсан байна. Харин гэрээний үлдэх 7 сарын хугацаанаад гэрээний хөлслөгч болон энэ хэргийн хариуцагч нар гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзжээ. Иймд хариуцагч нь хуульд заасан дээрх үндэслэлээр үлдэх 7 сарын хугацааны төлбөр болох 189,000 /27,000*7/ төгрөгийг буцаан төлөх үүрэгтэй байна.
Эдгээрийг бүхэлд нь нэгтгэн дүгнэвэл хариуцагчаас 189,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хариуцагч Н ХХК-иас 189,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Жд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 81,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 8,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 6,320 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД