Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 2025/ШЦТ/85

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

             2        15                                                                                 2019/

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жавзанпагма,

Улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ,

Шүүгдэгч А.А- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.А-т холбогдох эрүүгийн 2338001380276 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, А.А-,

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч А.А- нь 2023 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар баг ... тоотод оршин суух хохирогч Б.Н-ын гэрийн хаалгаар нэвтэрч бэлэн 470,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2338001380276 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч А.А- нь шунахайн сэдэлтээр 2023 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар баг ... тоотод оршин суух хохирогч Б.Н-ын гэрийн хаалгаар нэвтэрч буйдан дээр байсан гар цүнхнээс бэлэн 470,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.А-ийн өгсөн: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 21-22 тал/,

Хохирогч Б.Н-ын өгсөн: “...2023 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн өглөө 10 цагийн үед босоод том өрөө рүүгээ ортол буйдан дээр байсан гар цүнх онгорхой харагдсан ба онгойлгоод хартал дотор нь байсан мөнгө байхгүй байсан. Тэгэхээр нь би 2 хүүхэд болон эхнэрээсээ энд байсан мөнгө авсан уу гэж асуухад аваагүй гэсэн. Гаднаас хүн орж ирсэн болж таарлаа гээд доошоо бууж граш дотор камер шүүхэд манай байрны гадна хаалгаар өглөө 08 цаг 20 минутын үед нэг эрэгтэй хүн орж ирээд лифтээр дээшээ өгсөж хамгийн дээд 8 давхарт гараад айлуудын хаалгыг татаж үзээд яваад байсан. Тэгснээ 8 давхрын ... тоот айл руу ороод гарч байсан. Тэгснээ шатаар доош уруудаад мөн 7 давхарт айлын хаалга татаад дахиж 4 давхарт лифтээр буугаад айлын хаалга татаж үзээд доош уруудаж 3 давхарт манай хаалгыг татахад манайх онгорхой байж таарсан. Манайд ороод нэг их удаагүй шууд гараад байрны үүдэнд хогийн саванд нэг юм хийгээд байр тойрох маягтай явсан нь бичигдсэн байсан. Камерыг дагуулаад харахад байрны баруун талд байдаг шатан дээр суугаад куртикний энгэрийн халааснаасаа мөнгө гаргаж ирээд тоолж байгаад босоод баруун хойшоо чиглэлтэй яваад камернаас гарсан... Манай гэрийн хаалга дотроосоо заавал эргэдэг түгжээгээр түгжиж байж гаднаасаа ручик нь дарагдахгүй болдог юм. Шөнө унтахдаа дотроосоо эргүүлэхээ мартаад унтсан байна лээ. Тэгэхээр өнөө өглөө нөхөр явж байгаад гаднаас ручик дарангуут шууд онгойж харагдана лээ... Би урд өдөр нь 500,000 төгрөг аваад юм хум авснаа бодоод үзэхэд цүнхэнд 400,000 гаруй төгрөг үлдсэн байсан. Тэр мөнгө тэр чигээрээ алга болсон байсан. Ерөнхийдөө юм аваад үлдсэн задгай голцуу мөнгөн дэвсгэртүүд байсан... Би тухайн үед яг дараа нь бодож үзээд 470,000 төгрөг алдсан байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29, 31, 33 тал/,

Эд зүйл /баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримт/-ийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 23 тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 17 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч А.А-ийн яллагдагчаар өгсөн: “...2023 оны 03 дугаар сарын 07-ны орой би найз Төрхүүтэй хамт Эдэл Вайс зочид буудалд архи ууж хоносон юм. Тэгээд маргааш нь буюу 03 дугаар сарын 08- ны өглөө босоод ирсэн чинь манай найз Төрхүү байхгүй байсан. Тухайн үед буюу Төрхүү надтай хамт ууж байхдаа хажуу талын ... хотхонд ахындаа байгаа гэж хэлж байсан юм. Тэгээд би Төрхүүг хайхаар ... хотхон руу ороод 1 дүгээр байр руу орсон. Тэгээд энэ орцонд найзыгаа хайж явж байгаад 3 давхарт гараад ирэхэд нэг хаалга онгорхой байсан. Тэгэхээр нь тэр онгорхой хаалга руу яваад орсон чинь гэрт хүн байхгүй байсан. Бас үүдний ширээн дээр нэг хар өнгийн цүнх байсан тэр цүнхэн дотроос бэлэн мөнгө харагдаж байхаар нь би тэр гэрт явж ороод цүнхэн дотор харагдаж байсан мөнгийг нь аваад буцаад тэр байрнаас гарсан. Гарч ирээд мөнгөө харсан чинь 20,000 төгрөгийн дэвсгэрт 4 ширхэг, 5,000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 100 төгрөгийн дэвсгэрт 4 ширхэг нийт 85,400 төгрөг авсан байсан. Тэгээд энэ мөнгөөрөө архи авч уугаад дуусгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 46 тал/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судалснаар нотлогдож тогтоогдлоо.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд уг нотлох баримтууд нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргииг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн гэх зөрчил тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах..., нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана” гэсэн зохицуулалтын хүрээнд нотлох баримтыг шалгах, үнэлэх байдлаар, Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар хэргийн бодит байдлыг тогтоож, хууль зүйн дүгнэлт хийх боломжтой байна гэж шүүх үзэв.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан байх тул шүүгдэгчийн хувьд прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан мөрдөн шалгах ажиллагааны үед авагдсан хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 21-22 тал/, хохирогч Б.Н-ын мэдүүлэг /хх-ийн 28-29, 31, 33 тал/, эд зүйл /баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримт/-ийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 23 тал/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 17 тал/ зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан нотлох баримтын эх сурвалжийг хэргийн үйл баримттай харьцуулан шалгаж, үнэлэхэд шүүгдэгч А.А- нь шунахайн сэдэлтээр 2023 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар баг ... тоотод оршин суух хохирогч Б.Н-ын гэрийн хаалгаар нэвтэрч буйдан дээр байсан гар цүнхнээс бэлэн 470,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь нотлогдон тогтоогдож байна.

Хэрэг үйлдсэн цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хохирол, хор уршгийн талаар эх сурвалжийг нотолсон таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, эд зүйл хүлээлгэж өгсөн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан шууд болон шууд бус нотлох баримт нь түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзнэ.

Шүүгдэгч А.А- нь бусдын өмчлөх эрхэд халдаж буй өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, түүний хууль бус үйлдэл, бусдын өмчлөх эрхэд учирсан хохирол, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.

Гэмт этгээд бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд юмс, эд хөрөнгийг өөрөө захиран зарцуулах эрхгүй, бусдын өмчлөл, эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж хувийн ашиг олох шунахай сэдэлт зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, үнэ төлбөргүйгээр хууль бусаар өөрийн эзэмшил ашиглалтад шилжүүлэн авахыг “Хулгайлах” гэмт хэрэг гэж ойлгох бөгөөд уг авсан эд юмс, эд хөрөнгөө захиран зарцуулах бодит боломж бололцоо бүрдсэнээр хулгайлах гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцогдох юм.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч А.А-гийн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, учруулсан хохирлоороо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн” гэж заасан хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг бүрэн хангаж байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч А.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч А.А-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Н-т 470,000 төгрөгийн хохирол учирсан ба “хохирол барагдуулах А.А-” гэсэн утгаар 470,000 төгрөг шилжүүлсэн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Хаан банкны шилжүүлгийн мэдээллийн баримт /хх-ийн 101 тал/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч А.А-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч А.А-ийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч гаргасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх санал, дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна...” гэжээ.

Шүүгдэгч А.А-ийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 “…гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй байна.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон хавтаст хэргийн 48-52, 54-59 талд авагдсан ... зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч А.А- нь ... зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч А.А-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн хэмжээ зэргийг шүүх харгалзан үзэж шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-ийн цагдан хоригдсон 35 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг бүхий Си ди 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Шүүгдэгч А.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч А.А-ийг 1 (нэг) жил 4 (дөрөв) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

З. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-т оногдуулсан 1 (нэг) жил 4 (дөрөв) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-ийн цагдан хоригдсон 35 (гучин тав) хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5.  Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг бүхий Си ди 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6.  Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.А-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                М.ЭРДЭНЭ-ОЧИР