| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 320/2025/0075/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/92 |
| Огноо | 2025-03-18 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 2025/ШЦТ/92
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,
Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,
Шүүгдэгч Б.М-, Б.М-, Б.Ш- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.М-, Б.М-, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ш- нарт холбогдох эрүүгийн 2538000000004 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б.М-,
Монгол Улсын иргэн, Б.М-,
Монгол Улсын иргэн, Б.Ш-,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.М-, Б.М- нар бүлэглэн 2024 оны 12 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Галт сумын 5 дугаар багт иргэн Б.Ш-ыг зодож биед хөндлөн сэртэн, хамар яс, зүүн 8, 9-р хавирганы хугарал, доод зовхи, хуйханд цус хуралт, нуруунд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Б.Ш- нь 2024 оны 12 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Галт сумын 5 дугаар багт иргэн Б.М-ийг зодож биед зулайн дэлбэнд цус хуралт, тархинд хаван, зүүн мөр, зүүн өвдөг, баруун шилбэнд зулгаралт, баруун дал, нуруу, баруун гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн 2538000000004 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Б.М-, Б.М- нар бүлэглэн 2024 оны 12 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Галт сумын 5 дугаар багт иргэн Б.Ш-ыг зодож биед хөндлөн сэртэн, хамар яс, зүүн 8, 9-р хавирганы хугарал, доод зовхи, хуйханд цус хуралт, нуруунд зулгарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Б.Ш- нь 2024 оны 12 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Галт сумын 5 дугаар багт иргэн Б.М-ийг зодож биед зулайн дэлбэнд цус хуралт, тархинд хаван, зүүн мөр, зүүн өвдөг, баруун шилбэнд зулгаралт, баруун дал, нуруу, баруун гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Ш-ын өгсөн: “...Одоо нэхэмжилж байгаа зүйл гэвэл тухайн үед гарсан эмчилгээний зардал, ажилдаа явж чадаагүй учраас цалин хөлсөө мөн нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.М-ийн өгсөн: “...2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Б.М-, н.М-бид гурав архи уусан. Шөнө 3 хүн орж ирээд хамт архи уусан. Би энэ хүнийг огт танихгүй. н.А-ыг байцаагаад байхаар нь ширээ рүү явж байхад намайг сандлаар цохисон. Тэгэхээр нь та хүн андуураад байгаа юм уу гэсэн чинь бөөлжчихсөн. Гэтэл Б.Ш- ах араас орж ирээд толгой руу 2, 3 удаа цохисон. Тэндхийн хүмүүс нь гараад учраа ол гэхэд н.А- ах ирээд яагаад байгаа юм бэ гэхээр нь танай найз намайг цохиод байна гэсэн чинь гар гэсэн. Гадаа мөн хэд хэд цохисон. ...нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М-гийн: “...мэдүүлэг өгөхгүй, ...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх тайлбар,
Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Б.Ш-ын өгсөн: “...Би 2024 оны 12 сарын 01-ний орой Чимэг эгчийн лоунж орж байхад Б.М-, Т- гэх хоёр таараад бид нар нэг ширээнд суугаад удаагүй байхад байж байтал бид нарын сууж байсан газар хаах болоод бид нар тэндээсээ гарч Б.М-гийн гэрт очиж нэг шил архи уусан. Тэгээд би тасарсан юм шиг байсан. Нэг мэдсэн би Б.М-гийн гэрт бөөлжсөн юм шиг байгаа юм. Б.М- намайг гэрт бөөлжлөө гэж загнаад байж байсан. Тэгээд би дахин ухаангүй болсон байсан. Эргээд сэрэхэд Б.М-, Б.М- хоёр намайг индүүний утсаар ороолгосон юм шиг байгаа юм. Сэрсэн чинь индүү бариад зогсож байсан, тэгээд тэр хоёр намайг нилээн цохиж зодоод байсан. Тэгээд би нэг мэдсэн гэртээ сэрсэн, тухайн үед надтай цуг явсан А- гэдэг найз тасраад унтчихсан байсан. Тэр сэрж намайг Б.М-, Б.М- нараас салгаж гэрт хүргэж өгсөн юм байна лээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-21 тал/,
Хохирогч Б.М-ийн өгсөн: “...Би 2024 оны 12 сарын 01-ний орой Мөнх-Очир, Б.М- ах бид нар Б.М- ахын гэрт нэг шил архи, хоёр том пиво хувааж уусан. Тэгээд би тэндээ тасраад унтаад үлдсэн. Б.М-, М-хоёр караоке орж дуулж байгаад ирье гээд гарч яваад эргэж ирэхдээ Д-, Г-, А-, Б.Ш- гэсэн хүмүүстэй Б.М-, М-нар орж ирээд бид нар хоёр шил архи хувааж уугаад сүүлийн архи хувааж уугаад дуусах гэж байхад ямар нэг шалтгаан байхгүй намайг Б.Ш- гэдэг хүн намайг сандлаар зүүн хөл рүү цохиж авсан. Тэгээд би гайхаад тэр Б.Ш- гэдэг хүнээс ах аа яаж байгаа юм бэ та хүн андуураагүй биз гэж асуухад тэглээ уучлаарай гэж хэлээд эргээд суусан. ...Б.Ш- ширээний урд бөөлжсөн гэхээр нь үүдний шалны алчуур авчраад арчих гэсэн чинь ах нь өөрөө арчъя гэхээр алчуураа өгчихөөд суух гэж яваад бөөлжсөн дээр нь санаандгүй гишгэсэн тэгээд би арчих гээд доошоо тонгойгоод арчих гэж байсан чинь Б.Ш- миний толгой дээр ууж байсан архины шилээр цохисон. Тэгээд би Б.Ш-т хандаж та яаж байгаа юм бэ гээд өндийсөн чинь Б.М- ах хэрүүл зодоон хийхгүй шүү гээд намайг дагуулаад нөгөө өрөөнд оруулсан. Тэгээд би унтах гээд оронд ороод байж байсан чинь нөгөө Б.Ш- гэдэг ах орж ирээд авдар дээр байсан индүүг барьж аваад намайг толгой, хүзүү рүү цохиод унасан. Тэгээд би босож ирээд түлхэж холдуулаад нүүр хэсэг рүү гараараа хоёр удаа цохисон. Тэгээд эргээд архи ууж байсан өрөөнд ороход А- ах сэрчихсэн яагаад ахынхаа найзыг дээрэлхээд байгаа юм бэ гэж хэлээд байж байтал Б.Ш- гэдэг хүн ахиж намайг барьж аваад шалан дээр бид хоёр унасан. Тэгэхэд Б.Ш- намайг цохиж аваад байхаар нь би эргүүлээд нүүр толгой хэсэг рүү нь хэд хэдэн удаа цохиж аваад боссон. Тэгтэл Б.Ш- тэр хавиар орилж чарлаад байхаар нь манай ах Б.М- Б.Ш-т хандаж чи боль л доо хүүхэд алчих гээд байх юм наад байгаа газар чинь муу ч гэсэн айл шүү дээ гэж хэлээд Б.Ш-ыг цээжин хэсэг рүү хэдэн удаа цохиж аваад А- ахтай Б.Ш- гэдэг хүнийг хүргэж өгөх гээд дагуулаад гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24 тал/,
Иргэний нэхэмжлэгч Г.Аззаяагийн өгсөн: “...Хохирогч Б.М- нь 1,681.832 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан. ...Б.Ш- нь 2,310,019 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 28, 32 тал/,
Гэрч Ц.Н-гийн өгсөн: “...2024 оны 12 сарын 02-ноос 03-нд шилжих шөнө бид нар найзуудаараа тоглож байгаад сумын төвд байдаг лоунж руу Б.Ш-, Г-, Д- бид нар орсон. Тэр газар манай нутгийн дүү нар болох Б.М-, М-нар сууж байсан. Тэгээд тэр хоёр манай ширээн дээр суухаар нь би ах нар нь тусдаа суумаар байна та нар бас тусдаа суу гэсэн чинь Б.Ш- нутгийн дүү нар цуг суу гээд бид нар тэр газарт 3 шил 0,75-ийн ногоон X нэртэй архи уусан. Тэгээд тэр газар хаахаар болоод явах болсон чинь Б.М- бид нарт хандаж ах нар ахиад уух уу би гэртээ ганцаараа байгаа манай гэрт очих уу гэхээр нь бид нар зөвшөөрөөд тэр газраас буцаж 2 шил 0.75 Эдэн нэртэй архи аваад Б.М-гийн гэрт очоод бид нар хувааж уусан. ...тэр айлд ор засуулаад унтаад өгсөн. Нойрон дунд хүмүүс зодолдоод байх шиг болохоор нь сэрээд ирсэн чинь Б.М-, Б.М-, хоёр нь манай найз болох Б.Ш-ыг зодож байсан. Би босож ирээд Б.М-г 1 удаа алгадаад чи яагаад манай найзыг зодож байгаа юм гэсэн чинь өмнө нь намайг зодож байсан юм тэгээд би зодсон тантай бол юм ярихгүй гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 тал/,
Гэрч Г.Д-ийн өгсөн: “...Б.М- гэх дүүгийн гэрт нь очиж архи уусан. Тэгээд би тэндээ ууж байгаад нилээн муудаад байхаар нь гэр рүүгээ явсан хойгуур энэ хүмүүс хоорондоо зодоон хийсэн байна лээ. Эдгээр хүмүүс яагаад зодоон цохион хийх болсон талаар би сайн мэдэхгүй байна, маргааш нь А- над руу утсаар залгаж Б.Ш- Б.М- хоёр Б.М-ийг зодоод алах шахсан гэж утсаар хэлэхээр нь би А-т хандаж тэгээд салгахгүй яаж байгаа юм бэ цуг байсан байж гэтэл А- надад би унтаж байсан болохоор мэдсэнгүй, ахын 2 дүү одоо болъё гэх дуунаар сэрж салгасан гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 тал/,
Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 30 дугаартай: “1. Б.М-ийн биед зулайн дэлбэнд цус хуралт, тархинд хаван, зүүн мөр, зүүн өвдөг, баруун шилбэнд зулгаралт, баруун дал, нуруу, баруун гуянд цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2. Уг гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3. Б.М-ийн биед үүссэн гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 43 тал/,
Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 27 дугаартай: “1. Б.Ш-ын биед хөндлөн сэртэн, хамар яс, зүүн 8,9-р хавирганы хугарал, доод зовхи, хуйханд цус хуралт, нуруунд зулгарал бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3. Б.Ш-ын биед үүссэн гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 59 тал/,
Шүүгдэгч Б.Ш-ын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...2024 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 02-ны өдөр шилжих шөнө ...бид Б.М-гийн гэрт нь очиж хувааж уусан тэгээд зарим нь гэртээ харих болоод А-нь Г-, А-хоёрыг хүргэж өгөх гээд бид нар бөөндөө явсан гэхдээ би машинд суугаад унтсан байсан. Тэгээд нэг мэдсэн чинь би Б.М-гийн гэрт буцаад ороод ирчихсэн байсан. Тэгээд бид нар тэнд сууж байгаад нэг шил архи ууж байгаад миний дотор муухай болоод би гарч чадалгүй тэр байшинд нь бөөлжсөн. Тэгээд би уучлалт гуйгаад ах нь одоо цэвэрлэлээ гэж хэлээд байж байсан чинь Б.М- нь над руу уурлаад над руу дайрч эхэлсэн. Тэгэхээр нь уучлаарай ахын дүү гээд ах нь одоо арчлаа гээд байж байсан чинь Б.М- нь тэнд байсан архины шилээр миний толгой руу нилээн олон удаа цохисон. Тэгээд нөгөө архины шил хагарсан. Би нэг хэсэг ухаан алдсан юм шиг байсан. Нэг ухаан орсон чинь Б.М- нь намайг урдаа суулгаад шал долоо ул долоо гэж хэлээд байж байхаар нь би урдаас нь би салаавч өгөөд май пизда минь гэж хэлээд чи намайг алж байж долоолгоорой гэж хэлсэн чинь тэр хоёр ахиад намайг цохиод байсан. Тэгээд би ахиад ухаан алдсан байх нэг сэрээд газар мөлхөөд явж байсан чинь яг хэнийг мэдэхгүй байна миний цээж хэсэг рүү хөлөөрөө их хүчтэй өшиглөсөн. Тэгэхээр нь би хашгараад та хоёр намайг аллаа шүү дээ гэж хэлсэн чинь манай найз болох А- нь унтаж байгаад сэрээд салгаад намайг гэрт Б.М- тэр хоёр хашааны үүдэнд буулгаж үлдээгээд яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 64-65 тал/,
Шүүгдэгч Б.М-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...2024 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 02-ны өдөр шилжих шөнө ...бид нар бөөндөө манай гэрт ирсэн манай гэрт манай хамаатны дүү болох Б.М- нь манай гэрт унтаж байсан. Бид нарыг очиход сэрээд Б.М- нь бид нартай цуг суусан. Бид нар хоёр шил архи хувааж уусан. ...Тэгээд бид нар нөгөө сүүлд авч ирсэн байсан архи хувааж уугаад бараг дуусах үед нь Б.Ш- ах манай гэрийн шалан дээр бөөлжсөн юм. Тэрийг манай хамаатны дүү болох Б.М- нь алчуур аваад цэвэрлэх гэж байхад Б.Ш- ах ямар нэгэн шалтгаангүй шууд толгой хэсэгт нь хоёр удаа архины шилээр цохисон чинь нөгөө архины шил нь хагарсан. Тэгээд би Б.М-ийг аваад унтлагын өрөө лүү орж унтуулаад Б.Ш- болон Амгаланбар, Г.Д- нарыг машинд нь суулгаж өгөөд одоо ах нар яваарай гэж хэлээд гэртээ ороод байж байсан чинь Б.Ш- нь удалгүй буцаж орж ирсэн араас нь Амгаланбар, Г.Д- хоёр орж ирсэн Б.Ш- нь ах шууд ямар нэгэн үг хэлэхгүй шууд манай хамаатны дүүг ахиад гэрт байсан сандлаар цохиод нөгөө сандал нь 3 хэсэг болсон. Тэгээд тэр хоорондоо зодолдоод байхаар нь би дундуур нь ороод энэ чинь болсон болоогүй айл шүү дээ гэж хэлж салгаад Б.М-ийг унтлагын өрөө лүү авч ороод байж байсан чинь Б.Ш- ах манай гэрт байсан индүү гартаа барьж орж ирээд Б.М-ийн толгой хэсэгт нь 4-5 удаа цохисон. Намайг бас хоёр удаа цохисон. Тэгээд би шууд Б.Ш-ыг нүүр хэсэгт нь хоёр удаа алгадсан, мөн хөлөөрөө хоёр удаа өшиглөсөн. Тэр үед Б.М- босч ирээд Б.Ш- тэр хоёр ахиад барилцаж аваад хоёр биенээ манай гэрийн пийшинг мөргөж унаад байсан. Тэгээд сүүлд нь гэрт унтаж байсан А-нь босож ирээд бид хоёр Б.Ш-ыг гэрт нь хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 68-70 тал/,
Шүүгдэгч Б.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...2024 оны 01 дүгээр сарын 01-ны өдөр би өөрийн төрлийн ах болох Б.М- ахын гэрт М-бид гурав 1 шил архи хувааж уугаад би гэрт нь унтаад үлдсэн байсан чинь шөнө Б.М- ах М-хоёр сумын төвд байдаг лоунж орж архи ууж байгаад буцаад гэртээ ирэхдээ Б.Ш- болон найзуудын хамт ирсэн. Тэгээд би сэрсэн. Тэр хүмүүсийг орж ирэх үед М-нь тасраад унтаад өгсөн. Тэр хүмүүс орж ирэхдээ гаднаас 2 шил архи авч орж ирсэн. Тэгээд тэр архийг нь бид нар хувааж уугаад дуусах гэж байсан би байшингийн хоймор хэсэгт байж байгаад суух гээд ирсэн чинь тэр Б.Ш- гэх хүн миний зүүн хөл рүү модон түшлэгтэй сандлаар 2-3 удаа цохисон. Тэгээд би нөгөө Б.Ш- ах дээр очоод ах яасан юм бэ хүн андуурсан юм уу гэж хэлсэн чинь Б.Ш- ах тэглээ хүн андуурсан байна гэж хэлээд бид хоёр буцаад суусан. Тэгээд тэнд ууж байсан архи дуусаад тэнд байсан хүмүүсийн хоёр хүнийг гэрт хүргэж өгөх гээд А-ахын машинтай явах болсон. Гэрт М-нь унтаж үлдсэн байсан. Тухайн хүний нэрийг нь бол мэдэхгүй байна тэр ахыг нь буулгаж өгөөд машинд Б.Ш-, Д-, Амгаланбар, Б.М- бас нэг ах байсан нэрийг нь мэдэхгүй байна тэгээд бид нар дэлгүүр ороод А-ах нэг шил архи аваад бид нар буцаад Б.М- ахын гэрт ирээд тэр архийг уугаад талдаа орж ирсэн чинь Б.Ш- ах ширээний хажууд бөөлжөөд би шалны алчуур аваад цэвэрлэх гэсэн чинь Б.Ш- ах би өөрөө цэвэрлэнэ гэхээр нь би та ах муудсан байна дүү нь цэвэрлэчих үү гээд арчих гээд би тонгойж байсан чинь миний дээрээс архины шилээр хоёр удаа цохиод нөгөө архины шил нь хагарсан. Тэгээд Б.М- ах ирээд хүнтэй муудалцаж болохгүй гээд намайг унталгын өрөөнд орж унтуулах гээд орсон чинь Шинбаяр ах бид хоёрын араас орж ирээд хувцас индүүддэг идүүгээр миний толгой шанаа хэсэгт 5-6 удаа цохиод авахаар нь би уурлаад цаашаа бай гэж хэлээд 1 цохисон. Тэгээд цааш нь явуулаад байж байсан чинь Б.Ш- нь орилоод хашгираад байхаар нь Б.М- ах очоод дуугай бай энэ бас айл шүү дээ хажуу талын айл унтаж амарч байгаа энд унт гэж хэлж байсан. Тэгээд би унтлагын өрөөнөөс гараад том өрөөнд орж ирээд байж байсан чинь Б.Ш- ах ирээд намайг барьж заамдаад цохиод авахаар нь би хөлөөрөө Б.Ш- ахыг газар унагаах үедээ би өөрөө доор нь ороод Б.М- ах ирээд Б.Ш- ахыг салгасан чинь унтаж байсан А-ах сэрж ирээд манай найзыг та хоёр зодоод байгаа юм уу гэхээр нь би үгүй ээ ах танай найз эхлээд намайг цохиж зодоод байна гэсэн чинь та хоёр гараад сайхан хоорондоо ярилцаад ир гээд бид хоёр байшингаас гарч явах үед Б.Ш- ах миний араас өшиглөөд би байшингийн довжоо руу унаад босож ирээд би уурандаа 1-2 нүүр хэсэгт нь цохисон чинь байшингаас Б.М- А-нар гарч ирээд Б.Ш- ахыг аваад гэрт нь хүргэж өгнө гээд явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 73-74 тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 15 тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Б.Ш-, Б.М-, гэрч Ц.Н-, Г.Д-, иргэний нэхэмжлэгч Г.Аззаяа нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 30 дугаартай дүгнэлт, Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 27 дугаартай дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, шүүгдэгч Б.М-, Б.М-, Б.Ш- нарын шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, тайлбар зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг нягтлан шалгахад шүүгдэгч Б.М-, Б.М- нар бүлэглэн 2024 оны 12 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Галт сумын 5 дугаар багт иргэн Б.Ш-ыг зодож биед хөндлөн сэртэн, хамар яс, зүүн 8, 9-р хавирганы хугарал, доод зовхи, хуйханд цус хуралт, нуруунд зулгарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч Б.Ш- нь 2024 оны 12 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Галт сумын 5 дугаар багт иргэн Б.М-ийг зодож биед зулайн дэлбэнд цус хуралт, тархинд хаван, зүүн мөр, зүүн өвдөг, баруун шилбэнд зулгаралт, баруун дал, нуруу, баруун гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тус тус нотлогдож байна.
Шүүгдэгч Б.М-, Б.М- нарын гэм буруутай үйлдэл, хохирогч Б.Ш-ын эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирол, шүүгдэгч Б.Ш-ын гэм буруутай үйлдэл, хохирогч Б.Мөнхөрийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон, энэ нь шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр батлагдаж байна.
Шүүгдэгч Б.М-, Б.М- нарын бүлэглэн Б.Ш-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, шүүгдэгч Б.Ш-ын хохирогч Б.М-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан дээрх үйлдлүүд нь хүний бие эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.
Шүүгдэгч Б.М-, Б.М- нарын гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн хүндрүүлэх шинж буюу бүлэглэж үйлдсэн гэх шинжийг бүрэн хангасан, мөн шүүгдэгч Б.Ш-ын гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.М-, Б.М- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн, шүүгдэгч Б.Ш-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Б.М-, Б.М- нарын гэм буруутай үйлдлийн улмаас Б.Ш-ын биед хүндэвтэр хохирол, шүүгдэгч Б.Ш-ын гэм буруутай үйлдлийн улмаас Б.М-ийн биед хөнгөн хохирол учирсан байх ба шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М- нь Б.Ш-аас нэхэмжлэх зүйлгүй гэх тул шүүгдэгч Б.Ш-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Б.Ш- нь эмчилгээний зардал, олох ёстой байсан орлого буюу цалин хөлс нэхэмжилж байх боловч мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирол, хор уршигтай холбоотой баримт гаргаж өгөөгүй, энэ талаар тодорхой тооцоолол хийх боломжгүй байна.
Иймд шүүгдэгч Б.Ш- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.М-, Б.М- нараас нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилсан ба Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийг төлөөлж иргэний нэхэмжлэгчээр Г.Аззаяаг тогтоосон, Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн цахим системийн зардлын мэдээлэл, иргэний нэхэмжлэгч Г.Аззаяагийн мэдүүлэг /хх-ийн 28, 32, 76-78 тал/ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.
Иргэний нэхэмжлэгч Г.Аззаяа нь мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Б.Ш-ын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардал 2,310,019 төгрөг, хохирогч Б.М-ийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардал 1,681,832 төгрөгийг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр нэхэмжилсэн байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Б.М-, Б.М- нараас тус бүр 1,155,009 төгрөгийг, шүүгдэгч Б.Ш-аас 1,681,832 төгрөгийг гаргуулж эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд олгох нь зүйтэй байна.
Хоёр: Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.М-, Б.М- нарыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн, шүүгдэгч Б.Ш-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.М-, Б.М- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан, шүүгдэгч Б.Ш-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.М-, Б.М-, Б.Ш- нарыг хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх санал дүгнэлтдээ: “...шүүгдэгч Б.М-, Б.М- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч Б.Ш-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна...” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.М-, Б.М-, Б.Ш- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” мөн шүүгдэгч Б.М-, Б.М- нарын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал шүүгдэгч нарын хувьд тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хавтаст хэргийн 80-83 дугаар талд авагдсан ... зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Б.М- нь ... зэрэг түүний хувийн байдал,
хавтаст хэргийн 85-88 дугаар талуудад авагдсан ... зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Б.М- нь ... зэрэг түүний хувийн байдал,
хавтаст хэргийн 90-93 дугаар талуудад авагдсан ... зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Б.Ш- нь ... зэрэг түүний хувийн байдал тус тус тогтоогдсон байна.
Шүүгдэгч Б.М-, Б.М-, Б.Ш- нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.М-, Б.М- нарыг тус бүр 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ш-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх нь тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж үзэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч Б.М-, Б.М-, Б.Ш- нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.М- нь шүүгдэгч Б.Ш-аас нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.М-, Б.М- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Б.Ш-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.М-, Б.М- нарыг тус бүр 2,700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ш-ыг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-, Б.М- нарт оногдуулсан торгох ялыг 12 (арван хоёр) сарын хугацаанд, шүүгдэгч Б.Ш-т оногдуулсан торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б.М-, Б.М-, Б.Ш- нарт оногдуулсан торгох ялыг биелүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Б.М-, Б.М- нараас тус бүр 1,155,009 (нэг сая нэг зуун тавин таван мянга ес) төгрөгийг, шүүгдэгч Б.Ш-аас 1,681,832 (нэг сая зургаан зуун наян нэгэн мянга найман зуун гучин хоёр) төгрөгийг гаргуулж эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд олгосугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ш- нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.М-, Б.М- нараас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч Б.М-, Б.М-, Б.Ш- нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.М- нь шүүгдэгч Б.Ш-аас нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-, Б.М-, Б.Ш- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР