| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэгийн Энэбиш |
| Хэргийн индекс | 101/2018/01097/И |
| Дугаар | 101/ШШ2018/01526 |
| Огноо | 2018-05-03 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 101/ШШ2018/01526
| 2018 оны 05 сарын 03 өдөр | Дугаар 101/ШШ2018/01526 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.О нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х яам холбогдох,
2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 7,959,204 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон төлөөлөгч Ч.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.О миний бие 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/04 тоот тушаалаар Техник технологийн газрын Архив, бичиг хэргийн ажилтнаар томилогдон ажилласан. Гэтэл намайг Хяамны “Тариалан зрхлэлтийг дэмжих сан”-ийн гүйцэтгэх захиралын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/56 тоот тушаалаар Үйлдвэрлэл, техник борлуулалтын албаны Архив, бичиг хэргийн мэргэжилтэний үүрэгт ажлаас чөлөөлсөн тушаал гарсан. Дээрх тушаалыг эс зөвшөөрч Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжпэл гаргасан.
Миний нэхэмжпэлийн дагуу иргэний хэрэг үүсгэж, хэргийн 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 101/ШШ2017/01445 дугаар шийдвэрээр Х яамны “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-ийн гүйцэтгэх захиралын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/56 тоот тушаалыг хүчингүй болгон, намайг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 4,298,466 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-ийн гүйцэтгэх захирал болон нягтлан бодогчид даалгасан анхан шатны шүүхийн шийдвэр гарсан. Хариуцагч талаас тус шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 101/ШШ2017/01445 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан ба 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 1604 дугаар магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
Мөн хариуцагч тал дахин Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхэд гомдол гаргасан бөгөөд 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 001/ХТ2017/01542 дугаар тогтоолоор Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 101/ШШ2017/01445 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 1604 дугаар магадлалыг тус тус хэвээр улдээж шийдвэрлэсэн. Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/03 дугаар тушаалаар намайг Үйлдвэр техник борлуулатын албаны бичиг хэргийн ажилтны ажилд томилсон.
Одоо 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 06- ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 7,959,204 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус сангаас сахилгын ноцтой зөрчил болох түрээслэгчдийн төлбөрийг хувьдаа ашигласан гэсэн зөрчлөөр нэхэмжлэгч нь ажлаас халагдсан байдаг. Улсын дээд шүүх хүртэл шийдвэрлүүлсэн боловч өнөөдрийн байдлаар Б.О авсан төлбөр тооцоо нь орж ирээгүй байгаа. Мөн ийм үндэслэлээр халагдсан хүн манай байгууллагад ажил хийгээд цалин хөлс, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын төлбөрөө тухайн байгууллагад ажиллаж байж төлүүлэх нь зөв. Иймд энэ нэхэмжлэлээр хөдөлмөр эрхлэлтийг нь дэмжих нь манай байгууллагын зүгээс боломжгүй байна. Манай байгууллага нь төрийн байгууллага буюу төсөвт байгууллага юм. Тиймээс улсын төсвөөс дараа жилийнх нь төсөв нь батлагддаг. Тухайн төсөв мөнгөнд нь нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа мөнгө нь багтаагүй. Иймд нэхэмжлэлийг нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.О, хариуцагч Хяамны Тариалан эрхлэлтийг дэмжих санд холбогдуулан 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 7,959,204 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзсан тайлбарыг шүүх хуралдаанд гаргажээ.
Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 1445 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч Б.Оыг Х яамны Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Үйлдвэрлэл, техник борлууллатын албаны Архив бичиг хэрэг, тайлан мэдээлэл хариуцсан ажилд эгүүлэн тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1.3-т зааснаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
Хариуцагч Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Гүйцэтгэх захирлын 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/03 тоот тушаалаар Б.Оыг тус сангийн Үйлдвэр техник борлуулалтын албаны бичиг хэргийн ажилтаар томилжээ.
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 1445 дугаартай шийдвэр гарснаас хойш 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэгчийг хариуцагч Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Үйлдвэрлэл, техник борлуулалтын албаны бичиг хэргийн ажилтнаар буцаан томилогдох хүртэлх хугацаанд нь ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор олгогдоогүй болох нь хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагчийн татгалзал, хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдож байна.
Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгчийн 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацааны 9 сар 6 хоногийн (амралт, нийтээр амрах баярын өдрийг оролцуулаагүй) ажилгүй байсан үеийн цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагч Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчид олгох цалин хөлсний олговрыг тооцохдоо Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 1445 дугаартай шийдвэр, хариуцагчийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 01/273 тоот тодорхойлолтоор нэхэмжлэгч Б.Оын нэг сарын үндсэн цалин 854,000 төгрөг болохыг тодорхойлсныг үндэслэн нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг ажлын 22 өдрөөр тооцоход нийт 7,918,908 төгрөг болж, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 40,296 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. /хх 7-12, 42 дахь тал/
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчаас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлс 7,918,908 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн мөн хугацаан дахь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх хариуцагчийн хуульд заасан үүргээ биелүүлэхийг даалгах үндэслэлтэй.
Иймд хариуцагч Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 7,918,908 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Од олгож, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд тооцон төлж бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэв.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5-д зааснаар хариуцагч Хяамны Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 7,918,908 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.О олгож, нэхэмжлэгч Б.Оын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд тооцон төлж бичилт хийхийг хариуцагч Хяамны Тариалан эрхлэлтийг дэмжих санд даалгаж, нэхэмжлэлээс 40,296 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 143,000 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 141,652 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.О оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ