Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 02

 

“Г с” ТББ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

            Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Мөнхжаргал даргалж, шүүгч М.Нямбаяр, Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийж, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 03 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багт байрлах, 9071020145 улсын бүртгэлийн дугаартай, 8054142 регистрийн дугаартай, Г с ТББ-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: У аймгийн З д-д холбогдох, иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэнгийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Нэхэмжлэгч “Г с” ТББ-ын захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Х нь хариуцагч У аймгийн З д-д холбогдуулан гэм хорын хохирол 109.191.150 төгрөг, замын зардал 880.200 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 5.000.000 төгрөг, нийт 115.071.350 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.

Нэхэмжлэгч “Г с” ТББ-ын захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Х анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Увс аймгийн Сагил, Бөхмөрөн сумын нутагт орших Гулзат орон нутгийн хамгаалалттай газарт агнуурын менежмент хэрэгжүүлж байсан Г с ТББ-ын агнуурын менежментийн эрхийг Увс аймгийн Засаг дарга 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр А/167 тоот захирамжаар цуцалсан бөгөөд Захиргааны хэргийн 3 шатны шүүх энэхүү захирамж нь хууль бус байсныг тогтоож захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Г с ТББ нь спорт болон олзворын чиглэлээр амьтан агнах, барих гэрээний үндсэн дээр агнуулсан ан тутмаас 5.000 ам.доллартай тэнцэх хэмжээний төгрөгийг агнуурын менежментийн төлөвлөгөөг дэмжих зорилгоор авдаг байсан.

Энэхүү мөнгийг ан, амьтан хамгаалах, ус хужир, өвс зэргийг тавих, тухайн бүсэд амьдардаг нөхөрлөлийн гишүүдийн амьжиргааг дэмжих болон өдөр тутмын үйл ажиллагаандаа зарцуулдаг байсан. Гэтэл Засаг даргын хууль бус шийдвэрээс болж олох ёстой байсан орлого болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх хугацаанд өмгөөлөгчийн хөлс болон байр, унааны зардал зэргээр хохирсон.

2017 онд Гулзат орон нутгийн хамгаалалттай газраас нийт 9 угалз агнагдсан бөгөөд эдгээр угалз тус бүрээс 5.000 ам.доллар гэж үзэхэд нийт 45.000 ам.доллар болох бөгөөд агнуур хийсэн 2018 оны 7, 8 дугаар сард Монгол банкны ханшаар 1 ам.доллор нь 7 дугаар сард 2.409,4 төгрөг, 8 дугаар сард 2.443,53 төгрөг байна.

Үүний дундаж нь 2.426,47 төгрөг үүнийг 45.000 төгрөгөөр үржүүлэхэд 109.191.150 төгрөг болж байгаа бөгөөд үүн дээр давж заалдах шатны болон хяналтын шатны шүүх хуралд оролцохоор Улаанбаатар хот явсан зардал 880.200 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 5.000.000 төгрөг, нийт 115.071.350 төгрөгийн хохирол учирсан.

Иймд дээрх хохирлыг буруу шийдвэр гаргасан Увс аймгийн Засаг даргаас гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ш шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Төрийн бус байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлд төрийн бус байгууллага гэж иргэд, төрийн байгууллага /хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх байгууллага/-аас бусад хуулийн этгээдээс нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс сайн дурын үндсэн дээр байгуулагдан үйл ажиллагаагаа төрөөс хараат бус, өөрийгөө удирдах зарчмаар явуулдаг ашгийн төлөө бус байгууллагыг хэлнэ гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага гэж соёл, урлаг, боловсрол, хүмүүжил, шинжлэх ухаан, эрүүл мэнд, спорт, байгаль орчин, орчин ахуйн хөгжил, хүний эрх, хүн амын тодорхой бүлэг, давхаргын эрх ашгийг хамгаалах, энэрлийн зэрэг чиглэлээр нийгмийн тусын тулд үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагыг хэлнэ гэж тус тус заасан ба Г с ТББ нь нийгэмд үйлчилдэг, ашгийн төлөө бус байгууллагад хамаарч байна.

Г с ТББ нь 2017 онд агнагдсан 9 угалз 45000 доллар болно, тухайн үеийн ханшаар 104.000.000 төгрөг болж байгаа, гэрч 104.000.000 төгрөгийн хандив авсан гэж ярьж байна. Уг 104.000.000 төгрөгийг Гулзат нөхөрлөлүүдийн холбоо нь агнуурын менежментийн төлөвлөгөөний дагуу ан амьтныг хамгаалахад зарцуулсан.

Ингэсэн байхад Г с ТББ-д ямар бодит хохирол учраад байгааг ойлгохгүй байна. Нэхэмжлэгч тал тайлбартаа хандивын 5000 долларыг бид өөрсдөө авдаггүй агнуурын менежментийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу тухайн бүс нутгийн ан амьтдыг хамгаалахад зарцуулдаг гэж тайлбарлаж байна. Тухайн хамгаалалт бүхий бүс нутагт экологийн тэнцвэрт байдал яаж алдагдаад, аргал угалзны тоо толгой хэдээр цөөрсөн ямар бодит хохирол учирсан нь тодорхойгүй байхад Г с ТББ нь гэм хорын хохирол гэж нэхэмжлэх боломжгүй юм. Хохирол нь уг төрийн бус байгууллагын хохирол хэрхэн багассанаар тодорхойлогдоно, хэргийн материалд хавсаргасан нотлох баримтад 45000 доларыг хэрхэн зарцуулсан нь тодорхой байгаа. Өмгөөллийн хөлс 5.000.000 төгрөг, замын зардал 888.200 төгрөг нэхэмжилж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгч тал нь шүүхэд хандахдаа өмгөөлөл хууль зүйн туслалцаа авахын тулд өөрийн эрх ашгийн төлөө өөрийнхөө хөрөнгө мөнгөнөөс зарцуулж өмгөөлөгч авдаг тул өмгөөлөгчийн хөлсийг хохирол гэж нэхэмжлэх боломжгүй.

Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан нь бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан ба хамгийн гол зүйл нь учирсан хохирол бодит байхыг шаарддаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 03 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Увс аймгийн Засаг даргад холбогдох, гэм хорын хохиролд 109.191.150 төгрөг, замын зардал 880.200 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 5.000.000 төгрөг, нийт 115.071.350 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г с ТББ-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Г с ТББ-ын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 733.307 /долоон зуун гучин гурван мянга гурван зуун долоо/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх”-ээр тус тус шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Г с” ТББ-ын захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Х давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “ Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 03 дугаар шийдвэрийн эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх дүгнэхдээ нэхэмжлэлийн шаардлагаа орлого гэж тодорхойлсон байна Г с ТББ нь ашгийн төлөө биш байгууллага тул орлого хөөцөлдөхгүй тэгээд ч энэ нь орлого биш хандив гэх байдлаар дүгнэсэн байна. Орлого гэж юу вэ орлого гэдэг товчоор тодорхойлбол "хөрөнгийн дотогшоо урсгал, өр төлбөрийн барагдуулалт юм" тэгэхээр хандив нь орлогын нэгээхэн бүрдэл хэсэг юм. Мөн Төрийн бус байгууллагын тухай хуульд төрийн бус байгууллага нь хандив авч болно гэж заасан байдаг бөгөөд санхүүжих нэгэн эх үүсвэр юм. Шүүх дүгнэлт хийхдээ "гэм хор учируулснаас үүсэх үүргийн харилцаа нь бусдын хууль бус үйлдлийн улмаас бий болдог бөгөөд эд хөрөнгөнд хохирол учирсан байх, мөн тухайн гэм хор учируулсан этгээд гэм буруутай байхыг шаарддаг" гэжээ.

Улсын дээд шүүхийн Захиргаааны хэргийн шүүхийн 158 дугаар тогтоол гарган хэргийг эцэслэн шийдвэрсэн байхад тогтоолыг гардан аваад 3 хоногийн дараа дахин А/277 тоот захирамж гарган менежментийг цуцлаж байгаа нь хариуцагчийн санаатай үйлдэл гэхгүй өөр юу гэж тайлбарлах вэ. Увс аймад дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж хэргийн талаар үнэн зөв дүгнэлт хийж чадаагүй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ

Анхан шатны шүүх зохигчдод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх үүргийг тайлбарлан танилцуулж, хэрэгт авагдсан баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйл, 116 дугаар зүйлийн 116.2, 116.3 дахь хэсгийн зохицуулалтад нийцсэн байна.

Нэхэмжлэгч “Г с” ТББ нь хариуцагч У аймгийн З д-д холбогдуулан гэм хорын хохиролд 109.191.150 төгрөг, замын зардал 880.200 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 5.000.000 төгрөг нийт 115.071.350 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй маргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч “Г с” ТББ-ын Гулзат орон нутгийн хамгаалалттай газарт хэрэгжүүлж байсан агнуурын менежментийн эрхийг Увс аймгийн Засаг дарга хууль бусаар цуцалсныг Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр хүчингүй болгосон байх боловч тухайн Засаг даргын хууль зөрчсөн шийдвэрийн улмаас “Г с” ТББ-д ямар бодит хохирол учирсныг нэхэмжлэгч нотлоогүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл/ эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заажээ. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хариуцагч нь нэхэмжлэгчийн эд хөрөнгөнд санаатай буюу болгоомжгүй /эс үйлдэхүй /-ээр гэм хор учруулсан нь нотлогдоогүй ба Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, 510 дугаар зүйлийн 510.1- т заасан үндэслэлүүд тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй.

Түүнчлэн нэхэмжлэгчийн “шүүх хуралдаанд оролцохоор Улаанбаатар хот явсан замын зардал 880.200 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 5.000.000 төгрөг гаргуулах” тухай шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч нь шүүхэд мэдүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ өөрөө хүсэж хэрэгжүүлснийхээ төлөө гарсан зардлыг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй юм.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, давж заалдах гомдолд дурдсан үндэслэлүүдээр шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй  байх тул нэхэмжлэгчийн давж заалдсан  гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн  давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 733.307 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-д заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 03 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 733.307 /долоон зуун гучин гурван мянга гурван зуун долоо/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлүүдээр зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Н.МӨНХЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД                                           М.НЯМБАЯР

 

Д.ЖАМБАЛСҮРЭН