Шүүх | Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чулуунбаатарын Цэнд-Очир |
Хэргийн индекс | 118/2022/0017/З |
Дугаар | 118/ШШ2022/0031 |
Огноо | 2022-11-11 |
Маргааны төрөл | Бусад, |
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 118/ШШ2022/0031
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд-Очир даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: *******
Хариуцагч: Завхан аймгийн *******
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******
Хариуцагч Завхан аймгийн *******д холбогдох маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч ******* /онлайнаар/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтанзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 43 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” нэхэмжлэл гаргажээ.
2. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2020 онд Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд ******* сумаас нэр дэвшиж, нийт сонгогчдын итгэлийг авч аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн анхдугаар хуралдааны 1 дүгээр тогтоолоор... Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон. Намайг 2019 онд ******* сумын Засаг даргын үүргийг гүйцэтгэж байхад Завхан аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын төлөөлөгчид манай суманд шүүхийн шийдвэр гүйцэтгэх зорилгоор ирж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль зөрчиж явуулсан үйл явдалд аймгийн прокурорын байгууллагаас надад холбогдуулж, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгаж, шүүхэд шилжүүлсэн боловч Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 19-ны өдрийн ******* дугаартай шийтгэх тогтоолоор хилсээр ял оногдуулсан ба тухайн шийтгэх тогтоолыг 5 дугаар сарын 09-ны өдөр хүлээн авч, ...дээрх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ...Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдлыг гаргасан болно... Гэтэл миний бие дээрх шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн аваагүй, тухайн шийтгэх тогтоол нь хуулийн хүчин төгөлдөр болоогүй байхад аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд оруулалгүй, хуралдаан болохоос 2 хоногийн өмнө гарах шийдвэрийн төсөл, холбогдох байгууллагын / Шүүхийн тамгын газраас/ шийдвэр хүчин төгөлдөр болсон эсэх талаар лавлагаа, тодорхойлолт авсан эсэх нь мэдэгдэхгүй, төлөөлөгч нарыг мэдээллээр огт хангалгүй, ирц хүрээгүй 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар надад холбогдох асуудлыг шууд хэлэлцэж, ...43 дугаар тогтоолоор гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан гэж ...огцруулсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 1-т... анхан шатны шүүхийн шийдвэр дараах тохиолдолд хуулийн хүчин төгөлдөр болно. 1.1-т талууд оролцогч энэ хуулийн 38.2 дугаар зүйлд заасан хугацаанд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаагүй бол гомдол, эсэргүүцэл бичих хугацаа дуусмагц гэж заасан. Мөн тус зүйлийн 2 дахь хэсэгт... анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэнэ... гэж заасан ба надад холбогдуулсан эрүүгийн хэргийн шүүхийн шийтгэх тогтоол нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 43 дугаар тогтоол гарах үед болон одоо ч хүчин төгөлдөр болоогүй. Гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр батлагдаагүй, тухайн шийтгэх тогтоолыг миний бие авч амжаагүй гомдол гаргах боломжгүй байхад шууд гэмт хэрэг үйлдэж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон мэтээр ...43 дугаар тогтоолыг гаргасанд миний болон ******* сумын нийт иргэдийн Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхийг ноцтой зөрчсөн тул дээрх тогтоолыг хүчингүй болгуулахаар танай шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ...
3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн захиргааны акт хууль бус байх үндсэн шинж нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.7-д заасныг зөрчсөн. Өөрөөр хэлбэл Завхан аймгийн ******* 40 төлөөлөгчтэй. Яагаад 40 төлөөлөгчтэй гэж үзэж байна вэ гэхээр Алдархаан сумаас сонгогдсон ******* гэх төлөөлөгчийн төлөөлөгчөөр сонгогдсон тогтоолыг эрх бүхий сонгуулийн хороо хүчингүй болгосон учраас түүний төлөөлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон. Тэгэхээр 40 төлөөлөгчийн 50-аас дээш хувийн ирц бүрдээгүй байхад хуралдаан хийсэн нь өөрөө хууль бус байна. Мөн нэгжийн тухай хуулийн 47 дугаар зүйлд төлөөлөгчийн санал оруулах эрхийг заасан. Тухайн хуралдаан дээр төлөөлөгч ******* гэдэг хүн санал оруулсан байдал хавтаст хэрэгт авагдсан материалаас харагддаг. Энэ нь нэгжийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т заасан тухайн төлөөлөгчийн гаргаж байгаа санал нь холбогдох тооцоо судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос ажлын 2 өдрийн өмнө хурлын төлөөлөгч нарт тараах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй тохиолдолд асуудлыг хэлэлцэхгүй гэсэн заалтыг зөрчсөн. Мөн хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд ороогүй буюу 2022 оны 04 сарын 23-ны өдрийн захирамжаар баталсан Хурлын хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд төлөөлөгч *******ыг огцруулах асуудал тусгагдаагүй байдаг. Эдгээр үндэслэлүүдээр тухайн захиргааны акт хууль бус болох нь тогтоогдож байна гэж үзэж байна. Нэмж хэлэхэд захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хүчингүй болгох үндэслэл нь хууль бус байх, мөн нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндсөн байх гэсэн 2 шаардлагатай холбогдоно. Энэ шинжүүдийг хангаж байна. Өөрөөр хэлбэл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас төлөөлөгч *******ыг чөлөөлсөн тогтоол гаргасан нь нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндсөн. Мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан төлөөлөгч санал оруулахдаа холбогдох хууль тогтоомжийг баримтлаагүй байна гэж үзсэн. Хэрвээ санал оруулж байгаа тохиолдолд тухайн саналаа төлөөлөгч нарт 2 хоногийн өмнө мэдэгдэх ёстой байсан. Энэ нь өөрөө төлөөлөгч нарын мэдээлэл авах, тухайн шийдвэрт таслах эрхтэй оролцох боломжийг хангах ёстой байсан. Энэ тухай Ардчилсан намын төлөөлөгч нар болон нэхэмжлэгч мэдээгүй. Мэдээлэл аваагүй байдаг. Мөн тухайн асуудлыг хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд оруулах ёстой байсан боловч оруулаагүй. Мөн Хурлын хуралдааны дэг дээр тухайн 40 төлөөлөгчийн 50 хувиас дээш буюу 21 төлөөлөгч ирсэн тохиолдолд хүчин төгөлдөр Хурал болохоор байсан. Энэ шаардлагыг хангаагүй. Мөн тухайн шийдвэрийг гарахад нэхэмжлэгч гэмт хэрэгт холбогдож шалгагдсан байсан боловч одоогоор түүнийг цагаатгасан шийдвэр гарсан. Тухайн үед нэхэмжлэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлд заасан хугацаанд гомдол гаргаагүй бол шийдвэр хүчин төгөлдөр болох заалттай. Нэхэмжлэгчийн тухайд 05 сарын 09-ний өдөр шийтгэх тогтоолыг гардаж аваад, тэр өдрөө давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байдаг. Тэгэхээр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан тохиолдолд тухайн шийтгэх тогтоолын үйлчлэл зогсох зохицуулалттай. Ингээд давж заалдах шатны шүүхээс *******ыг цагаатгасан. Эдгээр үндэслэлүүдээс харахад иргэдийн Хурлын тогтоолын үндэслэл болон агуулга хууль бус гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн дэмжиж байна гэв.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: ... Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хуралдааны тов зарлах тухай захирамжаар Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7 дугаар хуралдааныг 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 9 цагт хуралдуулахаар товлон зарлаж хэлэлцэх асуудлын төлөвлөгөө, хуралдааны бэлтгэл ажлын төлөвлөгөө гарган хуульд зааснаар хуралдуулсан. Аймгийн хурлын төлөөлөгч *******ын хувьд Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж гэм буруутай болох нь Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 86 дугаартай шийтгэх тогтоолоор тогтоогдож шүүхээс ял оногдуулсан байна. Тус анхан шатны шүүхийн 2022 оны 86 дугаартай шийтгэх тогтоол нь Шүүх.мн сайтад байршиж албажин нийтэд мэдээлэгдсэн тул Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 43 тоот тогтоолоор *******ыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөс огцруулсан. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан тул түүнийг огцруулах тухай асуудлыг хэлэлцсэн болно. Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг нь нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаад нэмэгдэл ял оногдуулдаг хуультай. Гэмт хэрэгт холбогдож анхан шатны шүүхээр нийтийн албанд томилогдох эрхийг тодорхой хугацаагаар хасаад нэмэгдэл ялын хамт оногдуулсан байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн зорилго болох хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдлэх бөгөөд шударга ёс, тэгш байдал, эв нэгдлийг хангах хууль дээдлэх зарчимд нийцэж шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхэнд ноцтой халдсан байна. Өөрөөр хэлбэл төлөөлөгч *******ын эрүүгийн гэмт хэрэгт холбогдож шүүхээр ял шийтгүүлсэн үйлдэл нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд заасан хориглолтыг зөрчсөн. Иймд Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 43 дугаар тогтоолыг хууль эрх зүйн хүрээнд үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хувьд *******од анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор ял оногдуулсан талаар өмгөөлөгч бид хоёр мэдээгүй байхад иргэдийн Хурал мэдээд шийдвэр гаргасан байсан гэж байна. Энэ нь шүүхийн шийдвэр тавигддаг албан ёсны сайт дээр байршсан нийтэд мэдээлэгдсэн байсан учраас түүнийг үндэслэсэн. Аймгийн Хурлын 2022 оны 05 сарын 03-ны өдрийн 43 дугаартай тогтоол нь тухайн үед үүссэн нөхцөл байдлаас шалтгаалж Төлөөлөгчийг огцруулах шийдвэрийг олонхын саналаар гаргасан. Тийм учраас энэ шийдвэрийг тухайн үед хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж аймгийн иргэдийн Хурлын зүгээс үзэж байгаа. Захиргааны акт хууль бус байх үндэслэл дээр Хурлын Төлөөлөгчийг огцруулах бүрэлдэхүүн бүрдээгүй гэж байна. Үүн дээр тодорхой тооны төлөөлөгчид буюу Ардчилсан намын бүлгийн төлөөлөгч нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралд оролцоогүй байдаг. Энэ нь Хурлынхаа дэгээр бол хуралд оролцсонд тооцохоор байгаа. Хурлын Төлөөлөгч хуралд оролцох үүргээ санаатайгаар биелүүлээгүй асуудал нь хэрэгт авагдсан *******, ******* нарын нэхэмжлэлтэй хэргийн баримтуудаас тодорхой харагдана. Мөн Хурлын төлөөлөгчийг чөлөөлөх асуудлыг хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд оруулаагүй байсан гэж байна. Гэхдээ шийдвэрийн төслийг урьдчилж гаргах боломжгүй. Учир нь энэ асуудал бол хүний сонгох сонгогдох эрх, хөдөлмөр эрхлэлттэй холбоотойгоор Хуралд өөрт нь олгогдсон олонхын саналаар шийдвэрлэгдэх асуудал. Мөн ******* төлөөлөгч 2 хоногийн өмнө саналаа оруулаагүй гэж байна. Хурлын төлөөлөгч хуралд яаралтайгаар санал оруулах эрх Хурлын дэгд байгаа учраас энэ хүрээнд оруулсан гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжихгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шинжлэн судалсан хурлын тоймоор давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийг цагаатгасан магадлал гарсан нь нотлогдоно гэж тайлбарлаж байна. *******ыг төлөөлөгчөөс чөлөөлсөн үндэслэл нь гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон гэж үзэж чөлөөлсөн боловч давж заалдах шатны шүүх цагаатгасан гэж байна. Хариуцагч талын зүгээс хэрэгт *******ыг цагаатгасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэрэгт баримтаар хавсаргуулж байж хэргийг эцэслэн шийдвэрлүүлэх саналтай байна. Хурлын тоймоос харахад цагаатгасан гэж байгаа боловч ямар үндэслэлээр цагаатгасан нь тодорхойгүй байна. Мөн Хурлын тогтоол хууль бус байх шаардлагын тухайд гэмт хэрэг үйлдсэн талаарх шийтгэх тогтоол нь баталгаажсан байсан тул гэмт хэрэг үйлдсэн, нэгжийн тухай хуулийн дагуу төлөөлөгчөөр ажиллах боломжгүй байна гэж үзэж огцруулсан гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь “Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн “*******ыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөс огцруулах тухай” 43 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
2. Хэргийн үйл баримтын тухайд: ******* нь 2020 оны орон нутгийн сонгуулиар Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиж Завхан аймгийн Сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 18-н өдрийн 25 дугаар тогтоолоор төлөөлөгчөөр сонгогдсонд тооцогдож, Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөн байна.
2.1 Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн А/11 дүгээр захирамжаар тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7 дугаар хуралдааны товыг 2022 оны 5 дугаар сарын 3-ны өдрөөр товлож уг захирамжийн 1 дүгээр хавсралтаар хэлэлцэх асуудлыг 1. Аймгийн сонгуулийн хорооны гишүүдийг чөлөөлөх, нөхөн сонгох, 2. Нутгийн удирдлагын төлөөллийн байгууллагын гишүүн сонгох гэж төлөвлөж баталсан байна.
2.2 2022 оны 5 дугаар сарын 3-ны өдөр хуралдсан Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7 дугаар хуралдаан дээр *******ыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөс огцруулах саналыг уг хурлын хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд нэмж оруулах эсэх дээр санал хураалт явуулж хэлэлцэхээр болсон ба улмаар төлөөлөгч *******ыг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41.1.1, 41.1.3 дахь заалтыг зөрчсөн үндэслэлээр огцруулах тухай 43 дугаар тогтоолыг баталсан байна.
2.3 Уг хурлын хуралдаанд оролцвол зохих аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 41 төлөөлөгчөөс Ардчилсан намын 20 төлөөлөгч оролцоогүй ба Монгол ардын намын 21 төлөөлөгч танхим, цахимаар оролцож тус хурлын хуралдааны ирц 51.2 хувьтай байсан гэх баримтыг хариуцагчаас тус шүүхэд ирүүлсэн байна.
3. Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчөөс “*******ыг аймгийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөс огцруулах тухай” 43 дугаар тогтоол нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 47 дугаар зүйлийн 47.2, 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалтыг зөрчсөн гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ... *******од анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор ял оногдуулсан шүүхийн шийдвэр албан ёсны сайт дээр байршсан, нийтэд мэдээлэгдсэн байсан учраас түүнийг үндэслэсэн. Аймгийн Хурлын 2022 оны 05 сарын 03-ны өдрийн 43 дугаартай тогтоол нь тухайн үед үүссэн нөхцөл байдлаас шалтгаалж төлөөлөгчийг огцруулах шийдвэрийг олонхын саналаар гаргасан гэж маргаж байна.
4. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 19 дүгээр тойрогт ******* сумаас сонгогдсон төлөөлөгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан гэх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх журмаар эцэслэн шийдвэрлэгдвэл зохих үйл баримтад эрх зүйн дүгнэлт өгөлгүйгээр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7 дугаар хуралдаанаар *******ыг төлөөлөгчөөс огцруулсан ажиллагаа хуульд нийцсэн эсэхэд эрх зүйн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн болно.
4.1 Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 7 дугаар хуралдааны “*******ыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөс огцруулах тухай” 43 дугаар тогтоол нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.1.3, 41.2, 48 дугаар зүйлийн 48.1, 48.2 дахь хэсгийг үндэслэж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 19 дүгээр тойрогт ******* сумаас сонгогдсон ******* нь гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан гэх үйл баримтыг дурджээ.
4.2 Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрх дараах үндэслэлээр хугацаанаас өмнө дуусгавар болно”, 41.1.3 “гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан”, 41.2 “Хурлын төлөөлөгчийг энэ хуулийн ... 41.1.3, ...-д заасан тохиолдолд огцруулах тухай асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ”, 48.1 “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн, ... олонхын саналаар батална” гэжээ.
4.3 Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47.1 ” Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороо, төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй”, 47.2 “Энэ хуулийн 47.1-д заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос ажлын хоёр өдрийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй”, Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 6 дугаар хуралдааны 32 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийн 10.3-т “... хэлэлцэх асуудалтай холбоотой материалыг хуралдаан болохоос ажлын 2 өдрийн өмнө төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэжээ.
4.4 Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн А/11 дүгээр захирамжаар тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7 дугаар хуралдааныг 2022 оны 5 дугаар сарын 3-ны өдрөөр товлож уг захирамжийн 1 дүгээр хавсралтаар хэлэлцэх асуудлыг 1. Аймгийн сонгуулийн хорооны гишүүдийг чөлөөлөх, нөхөн сонгох, 2. Нутгийн удирдлагын төлөөллийн байгууллагын гишүүн сонгох гэж төлөвлөж баталсан байхад 7 дугаар хуралдааны хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд орж батлагдаагүй “*******ыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөс огцруулах” санал, түүнд холбогдох шийдвэрийн төслийг төлөөлөгч нарт ажлын 2 өдрийн өмнө тараах журмыг зөрчиж уг асуудлыг тус хуралдааны үеэр хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд оруулж хэлэлцсэнээр *******ын аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр ажиллах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.
4.5 Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48.1 “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн, баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхын саналаар батална” гэж заажээ. 2022 оны 5 дугаар сарын 3-ны өдөр хуралдсан Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7 дугаар хуралдаанд оролцвол зохих 41 төлөөлөгчөөс 21 төлөөлөгч буюу 51.2 хувийн ирцтэй хуралдсан гэх баримт хэрэгт авагдсан боловч эдгээр 21 төлөөлөгчөөс Завхан аймгийн Сонгуулийн хорооны 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор ******* төлөөлөгчийг аймгийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн тогтоолын түүнд холбогдох хэсгийг хүчингүй болгосон байна.
4.6 Иймд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47.2-т заасан хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд ороогүй, ... саналд холбогдох судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хуралдаан болохоос ажлын хоёр өдрийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй байх журмыг зөрчиж төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай шийдвэр нь хүчингүй болсон ******* төлөөлөгчийг хуралдааны ирцэд тооцон санал хураалтад оролцуулж *******ыг аймгийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөс огцруулах тухай 43 дугаар тогтоолыг баталсан нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасан ирцийг хангахгүй хууль бус тул хүчингүй болгох үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 107 дугаар зүйлийн 107.5 дахь заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.2, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 43 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД-ОЧИР