Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 2021/ДШМ/264

 

 

 

 

 

 

  2021             3             16                                         2021/ДШМ/264

 

 

М.Бямбаа, Б.Батхараа нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Х.Анхцэцэг,

шүүгдэгч, хохирогч М.Бямбаагийн өмгөөлөгч Г.Халиунаа,

шүүгдэгч, хохирогч Б.Батхараа, түүний өмгөөлөгч Б.Минжүүрдорж,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 2021/ШЦТ/42 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч, хохирогч М.Бямбаагийн өмгөөлөгч Г.Халиунаагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн М.Бямбаа, Б.Батхараа нарт холбогдох эрүүгийн 2008000001353 дугаартай хэргийг 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Бодонгууд овгийн Махбадарын Бямбаа, 1971 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 50 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүгийн хамт Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 21а байрны 116 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ЧЕ71010200/;

2. Турд овгийн Батболдын Батхараа, 1982 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл ганцаараа, Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хороо, Залуус хорооллын 48б байрны 905 тоотод оршин сууж байсан, одоогоор Баянзүрх дүүрэгт дүүгийндээ амьдарч байгаа гэх, ял шийтгэлгүй, /РД: МЮ82100865/;

М.Бямбаа нь 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 11 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хороо, 48 дугаар байранд түрээсийн мөнгөнөөс болж маргалдсаны улмаас иргэн Б.Батхараагийн хоолойг боож, үсдэж чирэн зүүн талын хөхлөг сэртэн, 2 хөх, 2 бугалгын дотор дээд гадаргуу, баруун гуяны дотор дээд хэсэг, 2 хөлийн хянганы дунд хэсгээр цус хуралтууд, тархи доргилт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Б.Батхараа нь 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 11 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хороо, 48 дугаар байранд түрээсийн мөнгөнөөс болж маргалдсаны улмаас иргэн М.Бямбааг үсдэж чирэн, гэдэс рүү нь өшиглөж тархи доргилт, гэмтлийн дараах толгой өвдөлт, 2 өвдгөнд зулгаралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: М.Бямбаа, Б.Батхараа нарын үйлдлийг тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч М.Бямбаа, Б.Батхараа нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бямбаа, Б.Батхараа тус бүрийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бямбаа, Б.Батхараа нарыг 500.000 төгрөгөөр торгох ялыг тус бүр 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар торгох ялыг биелүүлээгүй шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.Бямбаа, Б.Батхараа нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурьдаж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч, хохирогч М.Бямбаагийн өмгөөлөгч Г.Халиунаа гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...М.Бямбааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах бүрэн үндэслэлтэй байна. 1. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг хэн үйлдсэнийг бүрэн нотлоогүй. Анхан шатны шүүхээс гэм буруугийн талаар дүгнэлтдээ “...шүүгдэгч М.Бямбаа нь хохирогч Б.Батхараагийн хоолойг боож, үсдэж чирэн зүүн талын хөхлөг сэртэн, 2 хөх, 2 бугалганы дотор дээд гадаргуу, баруун гуяны дотор дээд хэсэг, 2 хөлийн хянганы дунд хэсгээр цус хуралтууд, тархи доргилт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан нь хохирогч Б.Батхараагийн мэдүүлэг /хх 53/, Шүүх эмнэлгийн 10666 дугаартай шинжилгээ /хх 11-12/, гэрч Э.Баярбаатарын мэдүүлэг /хх 53/, гэрч Б.Болормаагийн мэдүүлэг /хх 56/ зэрэг нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Гэтэл шүүгдэгч М.Бямбааг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон дээрхи нотлох баримтууд нь бүгд эргэлзээтэй, гэмт хэрэг үйлдсэнийг хангалттай нотлохгүй байна. Үүнд: Б.Батхараагийн мэдүүлэг болон 10666 дугаартай Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй талаар: Б.Батхараа нь 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 13 цаг 27 минутад хууль сануулж хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ “...чи яг одоо зайлаад өг гээд манай бурхан руу ууж байсан цацаад бурхан тахилыг минь сандаачиж хаячихаад хаалга онгойлгоод орцонд гараа энэ луйварчин авгайг байрнаас минь зайлуулаад өгөөч гэж орилоод байхад нь би Бямбаа эгчээ болиочээ гэж хэлэхэд миний хоолойг маажаад үсдэж чирээд байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн” гэж мэдүүлсэн бөгөөд мөрдөгчийн асуултанд “...намайг хоолой боож үсдэж чирсэн. Өөр цохиж зодсон зүйлгүй. Миний хоолой улайсан өөр гэмтэл байхгүй. ...би шүүх эмнэлэгт үзүүлнэ” гэж хариулсан байдаг /хх 2-3/.

Б.Батхараа шүүх эмнэлэгт үзүүлнэ гэсний дагуу түүний биед учирсан гэмтэл дээр мөрдөгч 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” тогтоол /хх 10/ үйлдэж өгсөн байхад Б.Батхараа нь хэрэг явдал гарсны маргааш нь буюу 24 цагийн дараа 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр шүүх эмнэлэгт үзүүлсэн /хх 11/.

Шүүх эмнэлэгт үзүүлсний дараа Б.Батхараагийн урьд өгсөн мэдүүлэг эрс өөрчлөгдөж 2020 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ “...чи одоо зайлаад өг гээд манай гэрт байх бурхан тавьсан байсан тавиур руу ууж байсан цайгаа цацаад орилоод, хаалга онгойлгож гараад энэ луйварчин авгайг манай байрнаас зайлуулаад өгөөч гээд байхаар нь би Бямбаа эгчээ та одоо болиоч гэхэд миний хоолойг маажаад, үснээс зулгааж чирээд миний толгой хэсэг рүү өшиглөхөөр нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм” /хх 7-8/

2020 оны 10 дугаар сарын 1-ний өдөр хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ “...хэл амаар доромжлоод дайраад байсан. Тэгээд би за тайвшир тайвшир гэж хэлэхэд намайг цээж рүү 2 гараараа түлхээд хойшоо шалан дээр түлхэж унагаасан. Тэгэхээр нь би та яаж байнаа гээд босоод ирэхэд намайг үсдэж аваад одоо байрнаас зайлаад өг, хэдэн жил байранд суучихаад ичдэггүй юм бэ гэж орилоод би үснээс зулгааж байхад нь тавиулсан. Тэгээд яагаад байгаа юм бэ, тайван байгаач гээд цай хийж өгөхөд ... хэсэг сууж байгаад гэнэт нөгөө аягатай цайгаа цацахаар нь ... цагдаа дуудлаа гэхэд чи юу гээд байгаа юм бэ, чи ч гэсэн намайг үсдээ биз дээ, би бас цагдаа дуудна гээд гадна хаалга түлхэж гараад орилоод байхаар нь доороо дэвхцээд ... зогсоод байсан ... хойноос нь очиход намайг дахиж үсдэж унагаагаад орилоод байсан ... гуйж байгаад гэрт оруулаад ... орилоод байсан. Тэгээд би утсаар нууцаар бичлэг хийх гэхэд харчихаад чи муу бүдүүн гахай бичлэг хийх гэж байгаа юм уу гэхээр нь би утсаа бариад дээшээ өргөөд байхаар нь суганаас маажаад хоолой боогоод байсан... тэгээд арай гэж цагдаа дуудахад гараад явчихсан... дээрхи гэмтлүүдийг бүгдийг нь Бямбаа эгч надад учруулсан байгаа, миний гар хөл рүү цохиж, чанга барьж үсдэж тархи доргилт үүсгэсэн, хөх, цээжнээс зулгаасан юм...хэрүүл маргаан болох үед сонссон, харсан хүн байхгүй...” /хх 27-29/

2020 оны 10 дугаар сарын 1-ний өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэгт “... хэл амаар доромжлоод дайраад байсан. Тэгээд намайг цээж рүү 2 гараараа түлхээд хойшоо шалан дээр түлхэж унагаасан. Тэгэхээр нь би та чинь яаж байнаа гээд босоод ирэхэд намайг үсдэж аваад одоо байрнаас зайлаад өг, хэдэн жил байранд суучихаад ичдэггүй юм бэ гээд орилоод би үснээс зулгааж байхад нь тавиулсан. Тэгээд яагаад байгаа юм бэ гээд... цай хийж өгөхөд... хэсэг сууж байгаад нөгөө аягатай цайгаа манай бурхан руу цацаад хамаг юм сандайчихаар нь... цагдаа дуудлаа гэхэд чи юу гээд байгаа юм бэ, чи ч гэсэн намайг үсдээ биз дээ, би бас цагдаад дуудна гээд гадна хаалга түгжиж гараад... орилоод байхаар нь... доороо дэвхэцээд...зогсоод байсан... хойноос нь очиход намайг дахиж үсдэж унагаагаад орилоод байсан... гуйж байгаад гэрт оруулаад... орилоод байсан. Тэгээд би арай гэж тайвшруулаад гуйж байж гэрт оруулаад... арай гэж цагдаа дуудахад Бямбаа эгч гараад явчихсан... дээрхи гэмтлүүдийг бүгдийг Бямбаа эгч надад учруулсан байгаа. Миний гар, хөл рүү цохиж, чанга барьж үсдэж тархи доргилт үүсгэсэн, хөх цээжнээс зулгаасан юм...” /хх 33-35/ гэж ялгаатай гэмт хэрэг гарсан газар болон үйлдэгдсэн байдлын талаар эрс ялгаатай өөр өөр мэдүүлэг өгсөн. Б.Батхараагийн мэдүүлгүүд нь маш их зөрүүтэй, мөн түүний гэмтлийн зэргийг тогтоосон шинжээч эмч Б.Ариунзул нь 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ “... Үзүүлэгч Б.Батхараагийн биед учирсан гэмтлүүд нь тус бүртээ гэмтлийн зэрэгт хамаарахгүй, бүгд нийлж байж гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... дээрхи гэмтлүүдийг өөрөө өөртөө учруулах боломжтой” гэж мэдүүлсээр байтал Б.Батхараагийн хэрэг явдал гарсан 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл 24 цагийн дотор хаана, юу хийж явсан талаар огт тодруулах ажиллагаа хийгээгүй. Шинжээчийн 10666  дугаартай дүгнэлтээр гарсан гэмтлүүдийг 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Бямбаа учруулсан гэдэг нь эргэлзээтэй, цагдаад мэдүүлэг өгснөөс хойш шүүх эмнэлэгт үзүүлэх хүртэлх хугацаанд уг гэмтлүүдийг авсан байх бүрэн боломжтой байна. Гэтэл Бямбаагийн хувьд 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ “... 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 11 цаг 40 минутын үед ... Батхараа гэх хүнтэй уулзаж, дахиж гэрээ хийе гэж ирэхэд контор, СӨХ-д бас төлбөртэй, дээрээс нь айлууд гомдол гаргаад байна. Хүмүүс архи уугаад амгалан тайван байдал алдагдуулсан гээд надруу яриад байна гээд одоо үргэлжлүүлэн түрээслэх бол үнэ ханш нь сарын 500.000 төгрөг болсон гэж хэлэхэд Батхараа над руу уурлаад “хар авгай минь танайхыг бүгдийг хараана шүү” гээд намайг үсдэж чирээд гэдэс рүү өшиглөж зодсон болохоор би хаалганы бариул доош дарахад онгорхой болохоор нь гүйж гараад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн... намайг үсдэж чирсэн, миний гэдэс рүү өшиглөж зодсон... би шүүх эмнэлэгт үзүүлнэ” гэж мэдүүлсэн бөгөөд 2020 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх 49-50/, 2020 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүгүй, тогтвортой байдлаар мэдүүлгээ өгсөөр ирсэн байдаг. Бямбаа нь шүүх эмнэлэгт үзүүлнэ гэж хэлсний дагуу биед учирсан гэмтэлд мөрдөгч 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” тогтоол /хх 13/ гаргаж, 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 10639 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “... тархи доргилт, гэмтлийн дараах толгой өвдөлт, 2 өвдөгт зулгаралт гэмтэл” тогтоогдсон. /хх 14/

2. Гэрч Э.Баярбаатарын мэдүүлэг нь Бямбааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнийг шууд нотлох баримт болохгүй талаар:

Тухайн өдөр буюу 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Батхараа, Бямбаа нар уулзсанаас хойш болсон явдал маш хурдан хугацаанд болж өнгөрч Бямбааг гэрээс гарсны дараа Батхараа цагдаад дуудлага өгсөн байдаг. Батхараагийн утсаар дуудлага өгсөн хугацаа “Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл”-д 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 12 цаг 00 минутад гомдол мэдээллийг холбоо мэдээллийг хүлээн авсан талаар тэмдэглэл /хх 1/, СХДЦГ ЦХ-1, Шуурхай удирдлагын тасаг дуудлагын лавлагааны хуудсанд 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 12:00 минутад дуудлага /хх 51/ өгсөн зэрэг баримтаас харагддаг. Бямбаагийн хувьд Батхараагийн үйлдлийн улмаас гэмтэл авах эрсдэлтэй гэж ойлгоод гарч ойролцоох контор орж төлбөрийн үлдэгдлийг шүүлгэх явцдаа болсон асуудлын талаар тэнд сууж байсан ажилчдад ярьж, ажилчид ч Батхараагийн талаар таагүй мэдээллүүд хэлж, эрхтэн шилжүүлсэн нь дээр гэж зөвлөсний үндсэн дээр конторын ажилчдын дэргэд цагдаагийн газар руу залгаж дуудлага өгөхөд “... Батхараа гэж хүн дуудлага өгсөн, дуудлага давхацаж байна. Удахгүй очлоо...” гэсний дагуу конторт хүлээж байгаад Баярбаатар гэх цагдаа ирлээ гээд залгах үед гарч уулзаад орон сууцанд ахин орсон байдаг. /хх 49-50 хохирогч Бямбаагийн мэдүүлэг/

Э.Баярбаатар нь 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “... уг байрны орц руу гадна талд нь үс нь бага зэрэг сэгсийсэн 40-50 орчим насны эмэгтэй хүн цагдаа намайг зодчихлоо гээд байхаар нь Батхараа гэж хүн байна уу гэхэд мөн гэсэн... ингээд уг байрны 905 тоот руу ороход дуудлага өгөгч Батхараа гэх хүн байсан ба болсон асуудлын талаар лавлахад Батхараа нь энэ хүн манай гэрт орж ирээд намайг зодчихлоо гэсэн боловч нөгөө эмэгтэй нь мөн адил энэ намайг зодсон гээд байсан учир хоёуланг нь таван шарын тасаг руу авч явж...” гэж мэдүүлсэн байдаг. Энэ мэдүүлэгт дурьдсан үс нь бага зэрэг сэгсийсэн 40-50 насны эмэгтэй бол Батхараа биш Бямбаа гэдэг нь талуудын хэн алины мэдүүлгээс харагддаг. Мөн Баярбаатар гэх гэрч нь үйл явдал өрнөх үед байгаагүй, Батхараагийн хэлснээр түүнийг Бямбаа үсдэж чирч өшиглөж гэмтэл учруулж байхыг харсан гэрч биш. Харин ч тэрээр мэдүүлэг өгөхдөө мөрдөн байцаагчийн “Таныг харахад дээрхи 2 иргэн ямархуу байдалтай байсан бэ”, биед нь ил харагдах гэмтэл шарх сорви байсан уу” гэх асуултанд “тийм зүйл ажиглагдаагүй, эхэнд гадаа таарсан эмэгтэйн үс нь л бага зэрэг сэгсийсэн байдалтай байсан, өөр бол 2-ланд нь илт ил харагдах гэмтэл шарх учраагүй байсан” гэж хариулж Батхараагийн хэлсэн шиг зодооны асуудал болоогүйг нотлодог. Хэдийгээр гэрч Баярбаатар нь өөр давхацсан дуудлага мэдээлэл ирсэн эсэхийг санахгүй байна гэж мэдүүлдэг боловч тухайн өдөр өөрөө Бямбаа руу залгаж ирсэн талаараа хэлсний дагуу Бямбаа контороос гарч байрны гадаа уулзаж хамт орон сууц руу орсон байдаг. Бямбаагийн утсанд 102 дугаараас 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 13 цаг 6 минутад “Таны дуудлага мэдээллийг /давхардсан мэдээлэлд авсан/ СХД-ийн цагдаа 1” гэсэн текст бүхий мессеж ирсэн талаар мөрдөгчид хэлсэн боловч шалгаагүй, одоог хүртэл тэр мессеж нь утсан дээр хадгалагдсаар байгаа юм.

Гэрч Б.Болормаагийн мэдүүлэг нь миний үйлчлүүлэгч Бямбааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэнийг шууд нотлох баримт болохгүй талаар:

Батхараа нь 2017 оноос хойш 3 жилийн хугацаанд орон сууцыг түрээслэхэд Бямбаатай уулзсан байдаг. Тухайн өдөр Бямбааг орж ирэхэд үүдэндээ суулгаад стаканд цай хийж өгсөн бөгөөд Бямбаа “3 жилийн өмнө байгуулсан гэрээний хугацаа дууссан, гэрээгээ шинээр хийе, төлбөрөө ямар ч тохиолдолд хугацаандаа хийх ёстой. Боломжгүй бол гэрээг цуцалъя” гэсэн агуулга бүхий зүйл хэлж гэрээ шинэчлэх талаар хэлэхэд Батхараа нь “ямар сонин юм бэ, шуналтай авгай” гэх мэтээр хараагаад хэсэг харилцан ярилцсаны дараа Б.Батхараа зүүн гартаа гар утсаа дээш барин нь олон нийтийн сүлжээнп тавина нэр хүнд унагаана гээд бичлэг хийж байгаа дүр үзүүлсэн байдаг. М.Бямбаа эхлээд чи болиоч яасан ичдэггүй юм бэ гэж хэлсэн бөгөөд өөрийн нэр төрөө хамгаалах үүднээс гараараа утсыг нь болиулах гэж оролдсон байдаг. зүүн гарт цаас цүнхтэй байсан учраас гараараа болиулах гэж үсэрч ололдсон бөгөөд тэр үед М.Бямбааг үсдээд түлхэн унагааж гэмтэл учруулсан байдаг. Б.Батхарааг аймар уурлаж хараана ерөөнө гэх үед үргэлжлүүлээд зодуулах нь гэж бодоод айсандаа гарч яваад захаас нь авхуулаад айлуудын хаалга тогшиж тусламж гуйсан байдаг. Б.Батхараа утсаа барьсан чигтээ араас нь дагаж явсан гэдэг.

Тусламж гуйх үед эхний удаа 911 тоот айлаас олон жаахан хүүхэдтэй 30 гаран насны хүүхэн шагайсан бөгөөд эгчдээ туслаач, цагдаа дуудаад өгөөч гээд учраа хэлэхэд гэртээ оруулахгүй чадахгүй гэсэн байдаг. дараагийн удаа 899 тоотод /өөдөөс харсан чигт 2 дахь хаалга байсан/ 60 гаран насны эрэгтэй, эмэгтэй хүмүүс байсан бөгөөд өөрсдөө учраа ол гээд хаалгаа хаасан байдаг.

Б.Болормаагийн мэдүүлэгт тухайн үед Б.Бямбааг уйлаад тусламж гуйсан талаар үнэн зөв ярьсан байдаг боловч мөн л гэрч нь үйл явдал өрнөх үед байгаагүй, Б.Батхараагийн хэлснээр түүнийг М.Бямбааг үсдэж чирж өшиглөж байхыг харсан гэрч биш.

Б.Батхараа нь удаа дараагийнхаа мэдүүлэгт биднийг муудалцах үед харсан гэрч байхгүй гэж мэдүүлсээр ирсэн бөгөөд М.Бямбаагийн хувьд тусламж гуйж айлуудын хаалгыг тогшсон үйл баримтаа нотлуулах зорилгоор анх гэрчийн асуудлыг мэдүүлэгтээ өгч, гэрчийг асуулгасан байдаг.

Дээрхээс үзэхэд М.Бямбаагийн үсдэж чирэх, өшиглөх, гар хөл рүү нь цохиж чанга барьсан, шалан дээр үсдэж унагаасан гэх үйлдлүүдийг хийж Б.Батхараад хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдлыг харсан үзсэн гэрч байдаггүй. Зөвхөн Б.Батхараагийн мэдүүлэгт үндэслэн яллаж байгаа нь Эрүүгийн хэргийн шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2-т Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй гэж заасныг ноцтой зөрчсөн байна.

2. шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй талаар:

Шүүгдэгч Б.Батхараагийн хувьд мөрдөн байцаалтын яюцад гэмт хэрэг огт үйлдээгүй талаараа мэдүүлсээр ирсэн байдаг боловч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад үйлдсэн хэргээ хүлээж, маш их гэмшиж байгаагаа илэрхийлсэн байна. Гэвч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт улсын яллагчийн Та нар орцонд ноцолдсон зүйл байна уу?” гэх асуултанд би түүнийг гэрлүү оруулахад намайг үсдэж газарт унагаасан гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлснээсээ мөн л зөрүүтэй мэдүүлэг өгсөн байдаг /шүүх хуралдааны тэмдэглэлийн 4 дэх тал/.

М.Бямбаагийн хувьд мөрдөн байцаалтын явцад шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед ч утас булаан авах зорилгоор гарын улайлт үүсгэсэн байж болзошгүй, харин Б.Батхараагийн биед учирсан гэмтлийг учруулаагүй гэдгээ тууштай, тогтвортой мэдүүлсээр ирсэн.

Хоёрдугаарт, Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад ч шүүх хуралдааны явцад хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцлийг нотлоогүй.

Б.Батхараагийн хувьд 2017-2019 онд 250,000 төгрөгөөр орон сууцыг түрээслэж суусан байдаг бөгөөд уг гэрээний хугацаа дууссан, түрээсийн төлбөрийн 350,000 төгрөг болгосон боловч гэрээгээ шинэчилж байгуулаагүй, шинэчилж байгуулах талаар ярих үед аливаа шалтаг хэлж зугтаадаг, түрээсийн төлбөрийг 30,40,50 гэх мэтээр цувуулж төлдөг байсан нь амьдрал ахуйд нь нэмэр болохгүй үрэгдэж дуусдаг асуудалтай удаан явсан байдаг. энэхүү орон сууц нь М.Бямбаагийн аавын нэр дээр байдаг, миний үйлчлүүлэгч түрээсээр орж ирсэн төлбөрийг өөрийн дүүгийн хамт хуваан авч амьдрал ахуйдаа нэмэрлэх зорилгоор анх түрээсэлж эхэлсэн байдаг юм. М.Бямбаа нэг хүүхэдтэй, түүний дүү нь гурван хүүхэдтэй аль аль нь авч явдаг өрх толгойлсон эмэгтэйчүүд тул  түрээсийн төлбөрөө зах зээлийн ханшаар авах, сар бүр авах хүсэл сонирхол байдаг. Мөн тус орон сууцыг хариуцсан Сууц өмчлөгчдийн холбооны байцаагч Н.Хулан СӨХ-ийн төлбөр хугацаандаа төлөхгүй байгаа талаар төлөхгүй байгаа талаар байнга гомдол гаргаж залгадаг, өмнө амьдарч байсан хөрш айлуудын зүгээс архи ууж, хэрүүл маргаан тасардаггүй талаар хэлж байсан учраас Б.Батхараатай 2017 онд байгуулсан гэрээгээ шинэчилж байгуулах талаар ярилцахаар хоорондоо утсаар мессежээр харилцаж цаг тохирсны үндсэн дээр тухайн өдөр 11 цаг 40 минутын орчимд уулзсан байдаг.

Гэтэл уг хэргийг шалгахдаа Б.Батхараа болон М.Бямбаа нарын хооронд байгуулсан түрээсийн гэрээний хугацаа, нөхцөл /уг гэрээ ч хэрэгт авагдаагүй/ , Б.Батхараа 3 жилийн хугацаанд түрээсийн төлбөрөө хэрхэн төлж байсан болон СӨХ-ийн төлбөрөө хэрхэн төлдөг байсан /төлбөрийн баримтуудыг гаргуулах, гэрч СӨХ-ийн байцаагч Н.Хулан асуух боломжтой байсан/ талаар нөхцөл байдал зэргийг огт тодруулаагүй.

Мөрдөн байцаагчийн зүгээс зөвхөн Залуус-1 Сууц өмчлөгчдийн Холбооноос тухайн байрны СӨХ-д ямар нэг төлбөртэй эсэх талаарх лавлагааг гаргуулахаар албан тоот явуулсан  /ХХ-38,85 дахь тал/  байдаг бөгөөд СӨХ-с төлбөрийн үлдэгдэлгүй гэсэн хариу тоотыг /ХХ-86 дахь тал/ авсан байдаг. М.Бямбаагийн хувьд тухайн өдөр гэрээ шинэчлэх зорилготой л очсон, өмнө нь удаа дараа СӨХ-ийн төлбөрийн, төлбөрөө маш удаан олон хувааж өгдөг гэх мэт асуудлууд гарч байсан тул хэл ам таталдаг айлыг гэрээний хугацаа дуусчихаад байхад зах зээлийн үнэнээс багаар суулгах эсэх асуудлаа шийдвэрлэхээр очсон талаараа мэдүүлсээр байвал одоо СӨХ-д төлбөр төлсөн эсэхийг л шалгасан нь үндэслэлгүй.

Угтаа бол дээрх асуудлыг тодруулснаар М.Бямбаа тухайн үед үнэхээр шунахайн сэдэлтэйгээр Б.Батхараатай маргалдсан уу? Эсвэл хууль ёсны шаардлага тавьж уулзсан уу? Гэх чухал ая холбогдолтой нөхцөл байдал тогтоогдох байсан юм.

Гуравдугаарт, шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоогдоогүй нь уг хэргийг үндэслэлгүй шийдвэрлэхэд нөлөөлсөн.

Б.Батхараа, М.Бямбаа нарын хувийн байдлыг тогтоогдоогүй нь уг хэргийн хууль ёсны дагуу шийдвэрлэж чадаагүй нэг нөхцөл болжээ. Хэрэгт авагдсан баримтуудаас харахад Б.Батхарааг бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, М.Бямбааг дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй ажилгүй гэх мэдүүлгүүдэд бичиж, иргэний үнэмлэхний лавлагаа, эд хөрөнгийн лавлагаа, хорооны тодорхойлолт зэрэг авснаас өөрөөр хувийн байдлыг тогтоох ажиллагаа хийгдээгүй байна. Мөрдөгчийн хувьд эдгээр баримтуудыг авч ирээрэй, бусад нь хамаагүй гэж тухай үед хэлж яг адил баримтуудыг талуудаас авсан байдаг. Бямбаагийн хувьд дунд сургуулиа 1988 онд онц дүнтэй төгссөн. Анагаах ухааны их сургуульд 1988 онд элсэж 1996 онд хүний их эмч мэргэжлээр төгссөн, эмчлэх эрхийн лицензтэй эмч хүн. Мөн 2005-2007 онд Хүмүүнлэгийн их сургуулийг англи хэлний орчуулагч мэргэжлээр төгссөн, хос мэргэжилтэй. 2010-2011 оны хооронд Солонгос улсын Дувон техникал коллеж юниверситал-д хэлний бэлтгэлд тус тус суралцсан. Англи, Орос, Солонгос хэлний мэдлэгтэй. Сургуулиа төгсөөд Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд 1996-2000 он хүртэл эмчээр ажилласан. 2000-2014 он хүртэл Дэлхийн зөн олон улсын байгууллагад “Хөтөлбөрийн зохицуулагч”-аар ажилласан. 2015 онд “Ази фарм” эмийн компанид эмч, төлөөлөгч хийж байгаад ажлаас гарснаас хойш өнөөдрийг хүртэл хувиараа англи хэлний орчуулга хийж байгаа юм. Ажиллаж байх хугацаандаа 2018 онд Эрүүл мэндийн яамнаас Эрүүл хамгаалахын тэргүүний ажилтан цол тэмдэг, СХД-ийн Засаг даргын тамгын газрын хүндэт өргөмжлөл, ЧД-ийн Засаг даргын тамгын газрын хүндэт өргөмжлөл, Дэлхийн зөн олон улсын байгууллагын тэргүүний ажилтан, хүндэт медаль зэрэг олон шагналаар шагнуулж хамт олон дундаа нэр хүндтэй хүн байсан. Мөн Бямбаа нь хүүхэд байхдаа 4 удаа шарласан, элэгний BC вирустай, элэгний архаг үрэвсэл 70 хувийн хатууралтай учир доргилт авах, 3 килограммаас хүнд зүйл өргөх хориотой бөгөөд хүнд хүчир бүх зүйлийг нь хүү нь хийдэг. Энэ хувийн байдлуудынх нь талаар ойр дотны хүмүүсээс нь мэдүүлэг авах боломжтой байсан боловч уг ажиллагааг хийгээгүй. Тухайн өдөр Батхарааг үсдэж унагаад өшиглөх үед эрүүл мэндийн шалтгааны улмаас элгэнд нөлөөлөхвий хэмээн айж, сандарсандаа шууд гарч зугтаасан байдаг. Бямбаа нь 150 см өндөртэй, 61 кг жинтэй байнгын хөдөлгөөний дэглэм барьдаг хүн. Өөрөөсөө 10 гаруй см өндөр, өөрөөсөө хүнд жинтэй хүнийг удаа дараа цохин унагааж, үсдэж чирч, цохиж зүүн талын хөхлөг сэртэн, 2 хөх, 2 бугалганы дотор дээд гадаргуу, баруун гуяны дотор хэсэг, 2 хөлийн хянганы дунд хэсгээр цус хуралтууд, тархи доргилт бүхий гэмтэл учруулах боломжтой юу. Мөрдөн байцаалтын явцад хувийн байдал тогтоогоогүйн улмаас Батхараагийн мэдүүлгийн зөрүүг гаргахын тулд нүүрэлдүүлэн байцаагаагүй, мэдүүлгийг газар дээр нь шалгаагүй. Зүгээр л Батхараагийн мэдүүлгээр Бямбааг эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь түүний цаашдын ирээдүй, мэргэжлийн карьер, амьдрах итгэлд маш том сэв суулгасан зүйл болсон. Мөн прокурорын газрын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хавтас хэрэгт тусгах тухай” тогтоолоор Бямбаа, Батхараа нарын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр прокурорт гаргасан хүсэлтийг хэрэгт хавсаргасан. Уг хүсэлтийн агуулга нь шүүгдэгч Бямбаагийн мөрдөн байцаалтын явцаас эхлэн шүүх хуралдааны үеэр хэргийн бодит үнэний талаар өгсөн мэдүүлгийг нотолсон агуулгатай байгаа юм. Дээрхи нэмэлт ажиллагааг нэмж хийлгэж, нотолбол зохих байдлуудыг бүрэн нотлох зорилгоор Бямбаагийн зүгээс 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр прокурорт хүсэлт гаргасан боловч хүсэлтийг үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзсан. Хэрхэн шийдвэрлэсэн талаар ч мэдэгдээгүй байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэрэг үйлдсэн хүнд шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байхад оршдог. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч, хохирогч Б.Батхараа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Прокурор дээр М.Бямбаа эгч бид 2 очиж уулзаад гуйсан. М.Бямбаа эгч “чи ороод гуйчих би өмнө орж гуйгаад загнуулаад хөөгдөөд гарсан. Чи уулз” гэж надад хэлсэн. М.Бямбаа эгч миний хажууд зогсож байсан. Хамгийн бага торгуул юу байна. Бид 2 яавал дээр вэ гэхэд “та 2-т нэг л гарц байна. Хялбаршуулсан журмаар орж өргөдөл бичиж өгч 450.000 төгрөгөөр торгуулаад 5 сард хувааж төлөх  боломж байна” гэж хэлсэн. М.Бямбаа эгч миний хажууд зогсож байгаад “за тэгий тэгий” гэж хэлээд бид 2 өргөдөл бичиж өгөөд шүүх хуралдаа орсон. Ингээд прокурортой хамт 3 лаа ярьж тохироод орсон хэрнээ намайг хэргээ хүлээсэн гэснийг би гайхаж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч, хохирогч Б.Батхараагийн өмгөөлөгч Б.Минжүүрдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний үйлчлүүлэгч анхнаасаа гэм буруугүй гэж үзэж байсан. Шүүх хуралдаанд гэнэт гэм буруутайд тооцсон. Энэ талаар тодруулж асуухад прокурорын шатанд хүсэлт гаргаж гэм буруугаа хүлээн зөвшөөрч 400.000 төгрөгөөр торгуулж хялбаршуулсан журмаар явах боломжтой гэсэн. Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хууль зүйн үр дагаврыг ойлгоогүй. Хялбаршуулсан журмаар хурал болно гэж бодож ороход шүүх хуралдаанд ердийн журмаар явсан. 400.000 төгрөгөөр торгуулна гэж бодож 2-лаа прокурорт хүсэлт өгсөн. Өөрөө надад хэлэхдээ “би хялбаршуулсан журмаар хэргээ шийдүүлнэ” гэж бодсон. Анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй би ийм хэрэг хийгээгүй гэж байсан. Миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдээгүй гэм буруугүй гэж мэдүүлж байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор хялбаршуулсан журмаар явуулах хүсэлт гаргасан бол мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэх ёстой. Мөн шинжээчийн дүгнэлт маш эргэлзээтэй гарсан. Үсдэлтээс үүсэж болно, үүсэхгүй байж болно гэсэн агуулгатай дүгнэлт гарсан. Миний үйлчлүүлэгч М.Бямбаагийн биед хохирол учруулах гэмт хэрэг хийгээгүй гэж үзэж байна. Өмгөөлөгч Б.Батхараагийн мэдүүлгийг зөрүүтэй гэж хэлж байгаа боловч зөрүүтэй зүйл огт байхгүй. Анхнаасаа юу болсон талаар мэдүүлж байсан. Гэм буруугийн асуудлыг яаж шийдсэн нь тодорхойгүй, шүүх ямар журмаар хэргийг шийдсэн нь тодорхойгүй. Миний үйлчлүүлэгч хялбаршуулсан журмаар шийднэ гэж бодож байтал, шүүх ердийн журмаар шийдсэн. Гэм буруугийн тал дээр маргаантай байсан тул прокурорт буцааж шийдэх ёстой байсан. ...” гэв.

Прокурор Х.Анхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Гэмт хэрэг хавтас хэрэгт авагдсан баримтын хүрээнд буюу цагдаагийн байгууллагад өгсөн дуудлага мэдээлэл, гэмт хэргийн талаар гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, гэмт хэрэг гарсан цаг хугацаа буюу 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Б.Батхараагийн гэрчээр өгсөн мэдүүлэг. Дуудлага мэдээллээр очсон цагдаагийн албан хаагч Баярбаатарын мэдүүлэг, гэрч Болормаагийн мэдүүлэг зэргээр уг хэрэг 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хороо, 48 дугаар байранд үйлдэгдсэн. Энэ гэмт хэргийн улмаас цагдаагийн байгууллагад өгсөн “Намайг байрны эзэн зодоод байна” гэсэн дуудлага мэдээлэл. Өнөөдөр хэлээд байгаа давхардсан дуудлагаар “би бас зодуулчихлаа” гэсэн дуудлагаар энэ гэмт хэрэг гарсныг үгүйсгэх аргагүй нотлон тогтоогдож байна. Энэ гэмт хэрэг хаанаа гарсан, ямар учир шалтгааны улмаас гарсан гэдэг нь хэрэгт авагдсан нөхцөл байдал талуудын мэдүүлгээр тогтоогдсон. Түрээсийн гэрээний улмаас 3 жилийн хугацаанд Б.Батхараа тухайн орон сууцыг түрээсэлсэн. Түрээсийн төлбөртэй холбоотой намар болохоор түрээсийн төлбөрөө төлөх хандлагатай байдаг гэсэн нөхцөл байдлыг ярьсан мэдүүлэг. М.Бямбаа СӨХ-тэй холбоотой маргаан гардаг, оршин суугч нараас гомдол санал мэдүүлдэг гэх асуудалтай холбоотой мэдүүлсэн. 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр уулзаж түрээслэгчийн хүсэл зоригийг илэрхийлсэн. М.Батхараагийн гэрчээр болон хохирогчоор өгсөн мэдүүлэгт хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий ноцтой зөрүү байхгүй. Гэмт хэрэг үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тэр учруулсан гэх зэрэг гэмт хэргийн зүйлчлэлд шууд нөлөөлөх нөхцөл байдлыг зөрүүтэй байдлаар илэрхийлсэн нөхцөл байдал байхгүй. Гэрч Баярбаатарын мэдүүлгийг яагаад дамжмал нотлох баримт гэж үзэж байна гэхээр тухайн хүн 99021634 гэх утсаар гэмт хэргийн талаар  дуудлага өгсний дагуу гэмт хэргийн газар хөндлөнгийн байдлаар ирсэн. М.Батхараа гэх хүн мөн үү гэхэд М.Бямбаа “мөн байна” гэж хэлсэн. Ингээд дээшээ гарахад М.Батхараа байрандаа байсан. Хэрэг учрал юу болсон талаар асуухад “Би зодуулсан, би зодуулсан” гэж 2-лаа хэлээд байсан учир эрх бүхий албан тушаалтанд хүлээлгэж өгсөн гэдэг. Шинжээчийн дүгнэлтээр Баярбаатарын нүдэнд ил харагдахгүй газар гэмтэл учирсан. Тархи доргилтын гэмтлийг Баярбаатар тусгай мэргэжлийн хүн биш учир мэдэх боломжгүй. 2-лаа зодсон, зодуулсан гэсэн нөхцөл байдалтай байсан учир эрх бүхий албан тушаалтанд дуудлагыг шилжүүлж хүмүүсийг хүлээлгэж өгсөн. Өмгөөлөгч Г.Халиунаагийн хэлж байгаагаар Хонгорзул гэх СӨХ-ын ажилтныг байцаах шаардлага байхгүй. Гэмт хэрэг гарах тухайн цаг хугацаанд М.Бямбаа, Б.Батхараа нар 2-лаа байсан. Хонгорзул уг гэмт хэргийг хараагүй. Хонгорзул уг хэрэгтэй ямар холбоотой гэхээр түрээсийн гэрээ, СӨХ-ын мөнгөтэй холбоотой асуудлыг гэрчилнэ гэж хэлж байна. Гэвч энэ гэмт хэрэг байрны түрээснээс үүдэлтэй маргаан болсон гэх нөхцөл байдал бүрэн тодорхой байх тул Хонгорзулыг байцаах шаардлага байхгүй. Өмгөөлөгч Г.Халиунаа прокурор буцааж ямар ажиллагаа хийлгэх гэж байгаа нь давж заалдах гомдолд тодорхойгүй. Өнөөдрийн шүүх хуралдаанд энэ талаар хэлэхгүй байна. Ийм учраас анхан шатны шүүх хавтас хэргийн хүрээнд буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар хавтас хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

            М.Бямбаа, Б.Батхараа нар нь 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 11 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хороо, 48 дугаар байранд байрны түрээсийн мөнгөнөөс үүдэлтэйгээр харилцан маргалдан зодолдож, бие биедээ хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

             “...намайг цээж рүү хоёр гараараа түлхээд, хойшоо шалан дээр унагаасан. Би “та чинь яаж байна аа” гээд босоод ирэхэд намайг үсдэж аваад “одоо байрнаас зайлаад өг, хэдэн жил байранд суучихаад ичдэггүй юм бэ” гээд орилоод үснээс зулгаагаад байсан. ...цээж суганаас маажаад, хоолой боогоод байсан” тухайгаа мэдүүлсэн хохирогч Б.Батхараагийн мэдүүлэг /хх 53/,

 “Б.Батхараагийн биед зүүн талын хөхлөг сэртэн, 2 хөх, 2 бугалганы дотор дээд гадаргуу, баруун гуяны дотор дээд хэсэг, 2 хөлийн хянганы дунд хэсгээр цус хуралтууд, тархи доргилт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 10666 дугаар дүгнэлт /хх 11-12/,   

             “...намайг үсдэж аваад газар түлхэж унагаасан” талаар мэдүүлсэн хохирогч М.Бямбаагийн мэдүүлэг /хх 49-50/,

“М.Бямбаагийн биед тархи доргилт, гэмтлийн дараах толгой өвдөлт, 2 өвдөг зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 10639 дүгээр дүгнэлт /хх 14-15/,

“...хоёр эмэгтэй хүн коридорт орилолдоод хоорондоо ноцолдоод байсан. Манай хаалган дээр түлхэлцээд “тавь боль, чи тавь” гээд байсан” тухай мэдүүлсэн хөрш айлын Б.Болормаагийн мэдүүлэг /хх 56/ зэрэгт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогджээ.  

Шүүгдэгч М.Бямбаа нь хохирогч Б.Батхараагийн хоолойг боох, үсдэх зэргээр, шүүгдэгч Б.Батхараа нь хохирогч М.Бямбааг үсдэж чирэх, гэдэс рүү нь өшиглөх зэргээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлджээ гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Улмаар, шүүгдэгч нарыг тухайн зүйл хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосон нь шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарт тохирсон гэж үзэв.

Шүүгдэгч М.Батхараагийн өмгөөлөгч Г.Халиунаагаас “мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийж, нотолбол зохих зүйлийг тодруулаагүй, шүүгдэгч М.Бямбааг буруутай гэж үзсэн нотлох баримтууд нь бүгд эргэлзээтэй, гэмт хэрэг үйлдсэнийг хангалттай нотлоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь буруу тул тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах боломжгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих зүйлийг мөрдөн шалгах явцад бүрэн тогтоосон, шүүгдэгч М.Бямбаагийн буруутай үйлдлийн талаар эргэлзээ бүхий нотлох баримт байхгүй, шүүхийн хэлэлцүүлэгт шаардлагатай нотлох баримтуудыг шинжлэн судалж, тухайн баримтуудад түшиглэн хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн байх тул дахин шалгуулахаар хэргийг прокурорт буцаах үндэслэлгүй.  

Монгол Улсын Үндсэн хуульд хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг тунхаглаж, үүнийг Зөрчлийн болон Эрүүгийн хуулиар баталгаажуулж, зөрчигдсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, ийнхүү халдахдаа хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тогтоосон.

Хохирогч Б.Батхараагийн биед хөнгөн хохирол учруулсныг тусгай мэдлэг бүхий шинжээч эмч тогтоосон ба хохирогч Б.Батхараагийн мэдүүлэг нь тухайн дүгнэлттэй тохирч байгаагаас гадна шүүгдэгч М.Бямбаа нь өөрөө “...бид хоёр зууралдаж авахаар гар утсыг нь болиулах гэхэд дээшээ өргөөд байхаар нь би гар шуунаас, хэсгээс нь татахад намайг үсдэж аваад миний өвдгөөр маш чанга газар унагахаар нь...” /хх 61/ гэж мэдүүлжээ.

Иймд шүүгдэгч М.Бямбаагийн өмгөөлөгч Г.Халиунаагийн гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 2020/ШЦТ/42 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Бямбаагийн өмгөөлөгч Г.Халиунаагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэр /магадлал/-ийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.ОЧМАНДАХ

ШҮҮГЧ                                                                        О.ЧУЛУУНЦЭЦЭГ

ШҮҮГЧ                                                                        Б.ЗОРИГ