Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 101/ШШ2019/03094

 

 

 

 

 

 

2019 оны 11 сарын 08 өдөр Дугаар 101/ШШ2019/03094 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, шүүгчид Д.Золзаяа, Ц.Цэрэндулам нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Б.Х нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Ж.Б холбогдох

 

Нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, нэр төрд халдсан хэлбэр болох мэдэгдэл хийх хэлбэрээр няцаалт хийж түүнийг тараасан арга хэрэгсэл болох хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан тарааж, уучлал гуйхыг хариуцагч Ж.Б д даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Санчирбал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Должинсүрэн, иргэдийн төлөөлөгч Ц.Цэцэгмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ичинхорлоо нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Хын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Санчирбал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Санчирбал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Засгийн газрын ордонд хэвлэлийн бага хурал хийхдээ Б.Хын нэр төр, ажил хэргийн нэр хүндэд ноцтойгоор халдсан хэд хэдэн худал мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацаж, түүнийгээ фэйсбүүк хуудаст байршуулсан.

Тэрээр ... Дамирангийн Энхбат гэдэг залууг З агсны хэрэгт холбогдуулан Франц, Германаас унтуулдаг, нойрсуулдаг тариа хийж хулгайлж, хууль бусаар авчирсан хүн бол, тэр бүлэглэлийн гишүүн, төлөөлөгч хүн бол Б.Х юм, ...Тагнуулын дарга С.З ийн хэргийг илрүүлснийхээ төлөө генерал цол хүртсэн байдаг, ...Эрдэнэтийн 49 хувийг Худалдаа хөгжлийн банкинд авч өгөх ажиллагааг гардан зохион байгуулсан хүн бол манай алдарт тагнуулч Б.Х юм. Эрдэнэтийн 49 хувийг Худалдаа хөгжлийн банкинд авч өгөх, нууцаар авч өгөх операцийг тагнуулын дарга, тухайн үед Б.Хыг томилсон Сайханбилэг нар Улсын Их Хуралд мэдэгдэхгүйгээр хийсэн. Сонгуулийг ашиглаж, ...Б.Хын бүлэглэлээс олон хүн айж, айдастай амьдардгийг би ойлгож байна. Гэхдээ аль болгон айж амьдрах юм бэ, насаараа айж амьдрах юм уу.

Энэхүү мэдэгдлийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулахдаа ...Өнгөрсөн 4 жилийн турш Худалдаа хөгжлийн банкны бие төлөөлөгчөөр энэ хүн ажилласан. Ордон дотуур бичиг бариад л гүйдэг хүн байсан. Худалдаа хөгжлийн банкны бүр менежерийн ажлыг хийж гүйдэг байсан. Эрдэнэтийн 49 хувь дээр та дуугай байгаач, битгий Нямдоржтой нийлээч, Нямдорж гэдэг чинь муу хүн шүү дээ гэдэг асуудлыг удаа дараа ордноор явж Улсын Их Хурлын гишүүдэд хэлдэг, ярьдаг байсан. Тагнуулын Ерөнхий Газрын дарга хувийн компанийн менежер хийж болдог юм уу, төрийн хүн Улсын Их Хурлын гишүүдэд очиж нууц баримт бичгийг дэлгэж ярьж болдог юм уу, хуулиар хориотой. Яагаад энэ хүн сүүлийн 4, 5 жил энэ хүн ийм ажлыг хийсэн юм бэ гэх зэргээр огт ор үндэсгүй худал мэдээллүүдийг, ямар ч баримт нотолгоогүй Б.Хад хамаатуулан маш олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл МҮОНТв, ЕТв, Тв5, Тв9, 25Тв, Монгол Тв, UBSТв гэх мэт телевизүүд, мэдээллийн сайтууд, өдөр тутмын сонинууд, олон нийтийн сүлжээг ашиглан цацаж, Б.Хын нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдаж, гутаан доромжиллоо.

Түүний энэхүү мэдээлэл хийсэн зорилгыг мэдэхгүй ч иргэн Б.Хын нэр хүндийг ямар ч баримт нотолгоогүй гутаахаар оролдсон зохисгүй үйлдэл байна.

Нэр төр бол хүний Үндсэн Хуулиар хамгаалагдсан халдашгүй чөлөөтэй байх эрхийн баталгаа. Хүний нэр төрийг доромжилж болохгүй. Хүний нэр төр, алдар хүндийг хүндэтгэх нь Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүрийн журамт үүрэг.

Гэтэл Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Б нь Б.Хын нэр төр, ажил хэргийн нэр хүндийг үл хүндэтгэн, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалтай нь холбоотойгоор худал мэдээлэл тарааж, Б.Хыг гүтгэж, доромжилж олон нийтэд илтэд бүлэглэлийн толгойлогч, хүн хулгайлагч, хэлмэгдүүлэгч, хувийн компанийн ажилтан, төрийн нууц задруулагч болгож гүтгэлээ. Гэтэл бодит байдал дээр Б.Х Тагнуулын Ерөнхий Газрын даргын алба хашиж байхдаа Ж.Б гийн дээр мэдээлсэн үйлдлүүдийг огт хийгээгүй, холбоогүй болно.

Энэ бүхнийг товч тайлбарлавал:

1. Дамирангийн Энхбат гэдэг хүнийг хууль бусаар хулгайлсан бол Б.Х нь Монгол Улсын Эрүүгийн Хуулийн дагуу хүн хулгайлах гэмт хэрэгт буруутгагдан шийтгэгдэх байсан. Ж.Б нь Б.Хыг үндэслэлгүй зүйлд гүтгээд зогсохгүй, гэмт хэрэгт холбогдуулан гүтгэж байна.

2. Б.Х нь С.З ийн хэргийг илрүүлснийхээ төлөө биш, Монгол Улсын Үндсэн Хуулийн 33 дугаар зүйлийн 1.7, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 15 дугаар зүйлийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 181 дүгээр зарлигаар батлагдсан цэргийн цол олгох журмын 2.1 дэх хэсэг, 2015 оны 182 дугаар зарлигаар батлагдсан дээд офицерын албан тушаалын ангилал, цэргийн цолны зэрэглэлийг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 195 дугаар зарлигаар генерал цол хүртсэн.

С.З ийн аллагатай холбоотой шүүхийн шийдвэр 2016 оны 12 дугаар сард гарсан.

3. Б.Х нь Эрдэнэтийн 49 хувийг Худалдаа хөгжлийн банкинд авч өгөх ажиллагааг хийгээгүй. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээллээр тэрхүү 49 хувийг Монголиан Коппер Корпорэйшн ХХК авсан гэж ойлгодог.

Тэгээд ч төрийн өмчит компанийн хувьцаатай холбоотой чиг үүрэг Тагнуулын Ерөнхий Газрын дарга буюу Б.Хын эрхэлж байсан албан тушаалын хүрээнд огт байдаггүй. Тийм ажиллагааг ч зохион байгуулах боломжгүй.

4. Б.Хын бүлэглэл гэж огт байхгүй. Ж.Б бүлэглэл, мафи зэргээр ярьж байгаа нь Б.Х зохион байгуулалттай гэмт бүлэглэлийг толгойлдог, тийм бүлэглэлд хамаардаг мэт ойлгогдож байна.

Мөн олон хүн айдастай амьдарч байна хэмээж байгаа бол айлгах, сүрдүүлэх нь гэмт хэрэг тул Б.Хыг мөн л гэмт хэрэгт холбогдуулан гүтгэж байна.

5. Б.Х ямар ч компанийн биет төлөөлөгч, менежерээр ажиллаагүй. Төрийн албаны тухай болон бусад холбогдох хууль тогтоомжоор Тагнуулын Ерөнхий Газрын дарга хүн тийм ажил хийх боломжгүй.

Мөн Улсын Их Хурлын гишүүдэд ямар нууц баримт бичиг үзүүлж явсан хэмээж байгааг огт ойлгохгүй байна. Хэрвээ нууц баримт бичиг зохих журам зөрчин танилцуулсан бол төрийн нууц задруулсан гэмт хэрэгт холбогддог. Тэгэхээр Ж.Б мөн л гэмт хэрэгт гүтгэж байна.

Ж.Б энэхүү асуудалтай холбоотой хэвлэлийн бага хурлын үеэр ярьсан дээрхи мэдээллийнхээ үнэн зөв гэдгийг шүүхийн өмнө нотлох үүрэгтэй.

Хэрвээ нотолж чадахгүй бол Б.Хын нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, нэр төрд халдсан хэлбэр болох мэдэгдэл хийх хэлбэрээр няцаалт хийж, түүнийг тараасан арга хэрэгсэл болох хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон өөрийн ашигладаг олон нийтийн сүлжээ фэйсбүүк хуудсаар дамжуулан тарааж, уучлал гуйхыг Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Б гаас шаардаж байна.

Нэр төр сэргээлгэхтэй холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх зарчмын онцлог тухайн хариуцагч өөрөө баримтаа гаргаж өгөх үүрэгтэй. Үүнийг Иргэний Хуулийн 21, 511 дүгээр зүйл заалтаар зохицуулсан.

Олон нийтэд тухайн хүний талаар мэдээлэл хүргэн мэдээллийг нэхэмжлэгч нь өөрийн нэр төрд халдсан гэж үзсэн тохиолдолд шүүхэд хандах бөгөөд энэ тохиолдолд хариуцагч шүүхийн өмнө надад ийм баримтууд байсан учраас би ингэж ярьсан, баримт нь энэ байна гэж мэтгэлцдэг.

Гэтэл өнөөдөр бүх мэдэгдлээ хийчихээд дараа нь шүүхэд ирээд нэхэмжлэгчээс тайлбар авна, та нар тийм зүйл болсон эсэх талаар бидэнд мэдэгдээч гэж байгаа.

Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.9, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2-т тус тус заасны дагуу нийтэд мэдээлэхдээ баримтуудыг өөрөө цуглуулаад баримтад тулгуурлан мэдээлэх үүрэгтэй. Гэтэл ярьсныхаа дараа баримт цуглуулж, ярьсан зүйлээ нотлох гэж байгаа нь буруу.

Иймд Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.9, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2 дахь хэсгийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Б.Хын нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, нэр төрд халдсан хэлбэр болох мэдэгдэл хийх хэлбэрээр няцаалт хийж, түүнийг тараасан арга хэрэгсэл болох хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан тарааж, уучлал гуйхыг хариуцагч Ж.Б д даалгаж өгнө үү.

Нэхэмжлэгч нь нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, нэр төрд халдсан хэлбэр болох мэдэгдэл хийх хэлбэрээр няцаалт хийхийг хариуцагчийн өөрийн ашигладаг олон нийтийн сүлжээ фэйсбүүк хуудсаар дамжуулан тараахыг даалгуулах шаардлагаас татгалзаж байна гэв.

 

Хариуцагч Ж.Б гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбарт: Тус дүүргийн шүүхэд иргэн Б.Х, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Санчирбалын гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Юуны өмнө Улсын Их Хурлын гишүүн Ж.Б нь Б.Хтай холбоотой асуудлаар ямар нэг ор үндэсгүй зүйлийг өөрөө зохиож, хувийн хандлагаар мэдээлээгүй бөгөөд олон жил хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд илэрхий болсон, нийгмийн зүгээс байнга харддаг, тодорхой болгохыг шаарддаг үйл баримтыг Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийн хүрээнд Нийтийн сонсголын хуулийн дагуу томилгооны сонсгол хийж, нэхэмжлэгчийн талаархи нийгэмд үүссэн сөрөг мэдээллийг тодорхой болгох, олон нийтээр хэлэлцүүлж нээлттэй байдлаар шийдвэрлэх нь зүйтэй гэсэн байр сууринаас хандаж ярьсан болохоо хариуцлагатайгаар хэлье.

1. Нэхэмжлэгч ... Дамирангийн Энхбат гэдэг хүнийг хууль бусаар хулгайлсан бол миний бие Монгол Улсын Эрүүгийн хуулийн дагуу хүн хулгайлах гэмт хэрэгт буруутгагдан шийтгэгдэх байсан. Ж.Б намайг зөвхөн үндэслэлгүй зүйлд гүтгээд зогсохгүй гэмт хэрэгт холбогдуулан гүтгэж байна гэжээ.

Энэхүү мэдээлэл нь олон жил яригдаж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд ил болсон, хардлага, хариуцлага яригддаг мэдээлэл гэдгийг дахин дурьдмаар байна.

Дээрх асуудлаар талийгаач Д.Энхбатын гэр бүл, үр хүүхдүүдээс удаа дараа гомдол гаргаж, шийдвэрлэж өгөхийг хүссэн бөгөөд түүнийг нь Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороонд хүлээлгэж өгсөн байгаа.

Тухайн хэрэгтэй холбоотойгоор Б.Х нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга байхдаа 2010 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Их Британийн нисэх онгоцны буудлаас тусгай албаныханд баривчлагдаж 10 гаруй сар саатуулагдсан байдаг бөгөөд түүний хэргийг 2011 оны 2 дугаар сарын 3-ны өдөр Английн Вестминстерийн магистратын шүүх анхан шатны журмаар, мөн оны 6 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд Уэльсийн Дээд Шүүх давж заалдах журмаар хянан шийдвэрлэсэн байдаг.

Хүний эрхийг дээдэлдэг, хуулийг чандлан сахидаг улсын хууль, шүүхийн байгууллага ямар ч шалтгаангүй Монгол Улсын төрийн өндөр албан тушаалтныг барьж хорьж, шалгана гэж байхгүй хэмээн үзэж байна.

Дээрхи үйл баримт болсон эсэхэд хэн ч эргэлзэхгүй, шүүх, хэргийн оролцогчдод илэрхий, нэхэмжлэгч өөрөө ч хүлээн зөвшөөрдөг, нийтэд илэрхий үйл баримт тул түүнийг дахин нотлох шаардлагагүй юм.

2. Түүнчлэн нэхэмжлэлд Тагнуулын дарга С.З ийн хэргийг илрүүлснийхээ төлөө генерал цол хүртсэн байдаг хэмээн гүтгэсэн гэжээ.

С.З ийн хэрэг бол зөвхөн миний төдийгүй маш олон хүмүүсийн, хуульчдын эргэлзээг төрүүлсэн хэрэг бөгөөд энэ талаар нийгэмд олон таамаглал, үзэл бодол, ойлголтын зөрүү байдаг.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж энэ талаар маш ноцтой мэдэгдлүүд хийсэн. Хамгийн сүүлд гэхэд л С.З ийн хэрэгт шүүгдэгчдийн өмгөөлөгчөөр нь Тагнуулын ерөнхий газар ажилтан байсан хүнийг оруулсан гэдгийг Засгийн газрын хуралдаан дээр танилцуулсан юм.

Б.Х нь 2014 оны 12 дугаар сард Тагнуулын ерөнхий газрын даргаар томилогдсон бөгөөд түүний дараа С.З ийн хэргийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч прокурорт шилжүүлсэн байдаг.

Тэгээд 2015 оны 12 дугаар сард бригадын генерал цолыг алгасч хошууч генерал цол хүртсэн. Дээрх үйл явдал цаг хугацааны хувьд давхцаж, шалтгаант холбоо байх хардлагыг төрүүлж байгаа болно.

3. Мөн ...Эрдэнэтийн 49 хувийг Худалдаа хөгжлийн банкинд авч өгөх ажиллагааг хийсэн хэмээн гүтгэсэн гэсэн байна.

Тэгвэл яг энэ асуудлаар 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр даваа гарагийн 21 цагаас С1 телевизээр гарсан Цензургүй яриа нэвтрүүлэгт сэтгүүлч Л.Мөнхбаясгалантай ярилцахдаа Эрдэнэтийн 49 хувийн талаар Оросын төлөөлөлтэй уулзсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг.

4. ... Мөн олон хүн айдастай амьдарч байна хэмээж байгаа бол айлгах, сүрдүүлэх нь гэмт хэрэг тул намайг мөн л гэмт хэрэгт холбогдуулан гүтгэж байна гэжээ.

Улсын Их Хурлын нээлттэй сонсголын үеэр Б.Х албан тушаалаа далайлгаж бусдыг хэрхэн дарамталж, айлган сүрдүүлж байсныг Татварын Ерөнхий Газрын Улсын төсөв, орлого хяналтын газрын Эрсдэлийн удирдлага судалгаа үнэлгээний хэлтсийн дарга асан Д.Энхбат, Тагнуулын Ерөнхий Газрын сөрөг тагнуулын хэлтсийн дарга асан Д.Цогтбаатарын өмгөөлөгчийн мэдүүлгээс үзэж болно.

Мөн Тагнуулын Ерөнхий Газрын сөрөг тагнуулын хэлтсийн дарга асан Д.Цогтбаатар хоригдож байхдаа 2014 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооны дарга Д.Ганбатад хандсан ил захидал, түүнчлэн Татварын Ерөнхий Газрын Улсын төсөв, орлого хяналтын газрын Эрсдэлийн удирдлага судалгаа үнэлгээний хэлтсийн дарга асан Д.Энхбатын Өдрийн сонин-д өгсөн ярилцлага дээр тов тодорхой ярьсан байдаг.

Мөн энэ баримтууд нь өмнө нь тараагдсан, нийтэд илэрхий баримтууд болно.

5. ... Миний бие ямар ч компанийн бие төлөөлөгч, менежерээр ажилладаггүй. Төрийн албаны тухай болон бусад холбогдох хууль тогтоомжоор Тагнуулын Ерөнхий Газрын дарга хүн тийм ажил хийх боломжгүй. Мөн Улсын Их Хурлын гишүүдэд ямар нууц баримт бичиг үзүүлж явсан хэмээж байгааг огт ойлгохгүй байна.

Хэрвээ нууц баримт бичиг зохих журам зөрчин танилцуулсан бол төрийн нууц задруулсан гэмт хэрэгт холбогддог. Тэгэхээр ... мөн л гэмт хэрэгт гүтгэж байна гэжээ.

Нэхэмжлэгч Б.Х нь Худалдаа хөгжлийн банкыг төлөөлж Эрдэнэтийн 49 хувийн талаар Оросын төлөөлөлтэй уулзсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг гэдгийг дээр дурьдсан.

Түүнчлэн нэхэмжлэгч Б.Хыг МИАТ ХК-тай холбоотой, түүнийг далдаас удирддаг, тагнуулд хамт ажиллаж байсан хүн, найз, хамаатан саднаа МИАТ-ын удирдлагад оруулдаг, эхнэрийнхээ компанийн бизнесийг МИАТ-аар дамжуулж хийдэг талаарх мэдээллүүд мөн л хэвлэлээр удаа дараа цацагдсан, нийтэд илэрхий үйл баримтууд билээ.

Харин Улсын Их Хурлын гишүүдэд үзүүлсэн нууц баримт бичгийн хувьд энэ нь төрийн нууцтай холбоотой тул тайлбар өгөх боломжгүй болно.

Эцэст нь хэлэхэд дээрх бүх үйл баримтууд нь шүүхэд болон хэргийн оролцогчдод илэрхий, болсон эсэхэд нь хэн ч эргэлзэхгүй, нийгэм улс төрийн амьдралын үйл явдлууд ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасан нийтэд илэрхий үйл баримтууд хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой тул хариуцагчийн зүгээс нотлох шаардлагагүй гэж үзэж байна.

Мөн хариуцагч нь Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.2-т заасан бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр төрийг гутаасан мэдээ тараагаагүй гэж үзэж байна.

Учир нь дээрх мэдээнүүд олон жил хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд илэрхий болсон, нэгэнт тараагдсан мэдээнүүд байсан.

Харин хариуцагч түүнийг Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийн хүрээнд Нийтийн сонсголын хуулийн дагуу томилгооны сонсгол хийж, нэхэмжлэгчийн талаархи нийгэмд үүссэн сөрөг мэдээллийг тодорхой болгох, олон нийтээр хэлэлцүүлж нээлттэй байдлаар шийдвэрлэх нь зүйтэй гэсэн байр сууринаас асуудалд хандсан болохоос нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр төрийг гутаах зорилго огт агуулаагүй болно.

Иймд Б.Хын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Х нь хариуцагч Ж.Б д холбогдуулан нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, нэр төрд халдсан х элбэр болох мэдэгдэл хийх хэлбэрээр няцаалт хийж түүнийг тараасан арга хэрэгсэл болох хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон өөрийн ашигладаг олон нийтийн сүлжээ фэйсбүүк хуудсаар дамжуулан тарааж, уучлал гуйхыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчийн өөрийн ашигладаг олон нийтийн сүлжээ фэйсбүүк хуудсаар дамжуулан тарааж нэхэмжлэгчийн нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, нэр төрд халдсан хэлбэр болох мэдэгдэл хийх хэлбэрээр няцаалт хийхийг даалгуулах тухай шаардлагаас татгалзаж байна.

 

Нэхэмжлэгч нь дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ дараахь зүйлсийг дурьджээ.

2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Засгийн газрын ордонд хэвлэлийн бага хурал хийхдээ:

1. ... Дамирангийн Энхбат гэдэг залууг С.З агсны хэрэгт холбогдуулан Франц, Германаас унтуулдаг, нойрсуулдаг тариа хийж хулгайлж, хууль бусаар авчирсан хүн бол, тэр бүлэглэлийн гишүүн, төлөөлөгч хүн бол Б.Х юм,

2. ...Тагнуулын дарга С.З ийн хэргийг илрүүлснийхээ төлөө генерал цол хүртсэн байдаг,

3. ...Эрдэнэтийн 49 хувийг Худалдаа хөгжлийн банкинд авч өгөх ажиллагааг гардан зохион байгуулсан хүн бол манай алдарт тагнуулч Б.Х юм. Эрдэнэтийн 49 хувийг Худалдаа хөгжлийн банкинд авч өгөх, нууцаар авч өгөх операцийг тагнуулын дарга, тухайн үед Б.Хыг томилсон Ч.Сайханбилэг нар Улсын Их Хуралд мэдэгдэхгүйгээр хийсэн. Сонгуулийг ашиглаж,

4. ...Б.Хын бүлэглэлээс олон хүн айж, айдастай амьдардгийг би ойлгож байна. Гэхдээ аль болгон айж амьдрах юм бэ, насаараа айж амьдрах юм уу.

5. ...Өнгөрсөн 4 жилийн турш Худалдаа хөгжлийн банкны бие төлөөлөгчөөр энэ хүн ажилласан. Ордон дотуур бичиг бариад л гүйдэг хүн байсан. Худалдаа хөгжлийн банкны бүр менежерийн ажлыг хийж гүйдэг байсан. Эрдэнэтийн 49 хувь дээр та дуугай байгаач, битгий Ц.Нямдоржтой нийлээч, Ц.Нямдорж гэдэг чинь муу хүн шүү дээ гэдэг асуудлыг удаа дараа ордноор явж Улсын Их Хурлын гишүүдэд хэлдэг, ярьдаг байсан. Тагнуулын Ерөнхий Газрын дарга хувийн компанийн менежер хийж болдог юм уу, төрийн хүн Улсын Их Хурлын гишүүдэд очиж нууц баримт бичгийг дэлгэж ярьж болдог юм уу, хуулиар хориотой. Яагаад энэ хүн сүүлийн 4, 5 жил энэ хүн ийм ажлыг хийсэн юм бэ гэсэн мэдээлэл тараасан нь түүний нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэжээ.

 

Хариуцагч Ж.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дээрхи мэдээллүүд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасан нийтэд илэрхий болсон үйл баримтууд, хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараагдсан, уг үйл баримт болсон эсэхэд хэн ч эргэлзэхгүй, нэхэмжлэгч өөрөө ч хүлээн зөвшөөрдөг гэж маргаж байна.

 

Улсын Их Хурлын гишүүн Ж.Б 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Төрийн ордонд хэвлэлийн хурал хийсэн нь зохигчдын тайлбараар тогтоогдсон ба уг хэвлэлийн хурал хийсэн эсэх талаар талууд маргаагүй.

 

Нэхэмжлэгч Б.Х нь Улсын Их Хурлын гишүүн Ж.Б хэвлэлийн хурал хийхдээ дээрхи мэдээллүүдийг олон нийтэд тарааж түүний нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгон 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Төрийн ордонд хийсэн хэвлэлийн хурлын бичлэгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасны дагуу шүүхэд нотлох баримтаар гаргасан.

Уг бичлэгт хэргийн оролцогчдыг байлцуулан 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр үзлэг хийхэд Улсын Их Хурлын гишүүн Ж.Б нь нэхэмжлэлд тусгагдсан дээр дурьдсан 5 агуулга бүхий мэдээллийг хийсэн болох нь тогтоогдож байна.

/ХХ-ийн 31-33, 40-46 дугаар тал/

 

Хүний нэр төр гэдэг нь иргэний зан суртахуун, ёс зүй, ажил үйлс, мэргэжлийн шинжийн талаарх эерэг үнэлгээ бөгөөд харин ажил хэргийн нэр хүнд бол аливаа этгээдэд ажил, албан тушаалтай нь холбогдуулан тухайн этгээд ажил мэргэжлийн болон албан тушаалын үүргээ хэрхэн биелүүлж байгаад нийгмийн зүгээс өгч буй үнэлэмж бөгөөд хүний нэр төр халдашгүй байхыг Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйл, Арвандолоодугаар зүйлд заасан, хэн боловч хүний нэр төрийг хүндэтгэх үүргийг ёсчлон биелүүлнэ.

 

Аливаа этгээдийн талаар бодит байдалд нийцээгүй сөрөг агуулгатай мэдээ, мэдээлэл тарааснаар тухайн этгээдэд заавал материаллаг хохирол учирсан байхыг шаардахгүй бөгөөд хүний нэр төр, ажил хэргийн нэр хүнд нь хуулиар хамгаалагдсан нийт иргэдээс заавал хүндэлж, халдахгүй байхыг үүрэг болгосон нийтлэг эрх ба уг этгээдийн эсрэг мэдээлэл тарааснаас үүдэн түүнд нийгмийн зүгээс үзүүлэх хандлага сөргөөр өөрчлөгдсөн, мэдээлэл үнэн зөв биш байх тохиолдолд тухайн этгээдэд гэм хор учирч гутаагдсан гэж үзнэ.

 

Хариуцагч нь нийтэд илэрхий болсон үйл баримтууд, хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараагдсан мэдээллийг ярьснаараа нэхэмжлэгчийн нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан үйлдэл гаргаагүй гэж маргаж байх боловч хариуцагчийн татгалзал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасан нийтэд илэрхий үйл баримт хэмээн тогтоогдсон зүйлгүй байна.

 

Нийтэд илэрхий үйл баримт гэдэг нь шүүхэд болон хэргийн оролцогчдод илэрхий байхаас гадна тухайн үйл баримтын талаар мэдээлэлтэй байх боломжтой тодорхой хүрээний хүмүүст илэрхий байхыг ойлгоно.

 

Үйл баримт болсон эсэхэд хэн ч эргэлзэхгүй байх нь нийтэд илэрхий байх шинжийг тодорхойлох бөгөөд тухайн үйл явдлуудын талаар урьд нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд тараагдан, иргэд ярилцлага өгч байсан нь хариуцагчийн тайлбарласнаар хэн ч эргэлзэхгүй, түүнчлэн нийтэд илэрхий болсон гэсэн ойлголт биш юм.

 

Хариуцагч Ж.Б нь дээрхи мэдээллүүдийг Улсын Их Хурлын гишүүний хувьд олон нийтэд тарааснаар нэхэмжлэгчийн эрх, ашиг зөрчигдөж нэр төр, ажил хэргийн нэр хүнд гутаагдсан эсэх нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой.

 

Монгол Улсын Үндсэн Хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-т Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15-д Шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хүн, хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй гэж заасан ба гагцхүү шүүхийн шийтгэх тогтоолоор хэн нэг этгээд гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тохиолдолд бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзнэ.

 

Гэтэл хариуцагч урьд нь хэвлэлд нийтлэгдэн олон нийтэд тараагдсан гэх анхдагч эх сурвалж нь тодорхой бус мэдээлэлд үндэслэн уг үйл баримтыг нэгэнт тогтоогдсон мэтээр нэхэмжлэгчийг хүн хулгайлсан, бусдыг дарамталж айлган сүрдүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэж мэдээлэхдээ бодит байдалд бий болсон үйл баримтыг шууд заагаагүйгээс гадна нэхэмжлэгч нь дээрхи гэмт хэрэг үйлдсэн нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй байхад уг үйлдлийг хийсэн мэт ойлголтыг нийтэд төрүүлэх агуулгатай мэдээлсэн байна.

 

Монгол Улсын Үндсэн Хуулийн Арван долдугаар зүйлийн 1-т зааснаар Монгол Улсын иргэн хүн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16-д заасны дагуу аливаа иргэн итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхтэй ч эдгээр эрх нь бусдын эрх, эрх чөлөө, нэр төр, алдар хүндийг хүндэтгэж, зөрчихгүй байх эрхээр хязгаарлагдах ёстой.

 

Иргэний Хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадаагүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ, 21.9-д энэ зүйлд заасан эрхийг зөрчсөн этгээд бусдад учруулсан гэм хорыг хохирогч буюу сонирхогч этгээдэд энэ хуулийн 497, 511 дүгээр зүйлд заасан журмын дагуу арилгана гэж тус тус заажээ.

Дээрхи зохицуулалтад зааснаар аливаа этгээд бусдын талаар мэдээлэл тарааж байгаа бол тухайн мэдээллийнхээ үнэн зөвийг нотлох үүрэг хүлээнэ.

 

Хариуцагч талын хүсэлтээр, хавтаст хэрэгт авагдсан си ди болон флаш дискэнд 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хийсэн үзлэгээр хариуцагчийн татгалзлыг нотлох нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд хариуцагчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар, нотлох баримтыг шүүхэд бүрдүүлж, цуглуулж өгөх үүргээ биелүүлээгүй.

 

Улсын Их Хурлын гишүүн Ж.Б 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хэвлэлийн хурлаар дамжуулан нэхэмжлэгч Б.Хын талаар өөрийн хардах эрхийн хүрээнд олон нийтэд нэхэмжлэгч Б.Хыг хүн хулгайлсан, С.З ийн хэргийг илрүүлснийхээ төлөө генерал цол хүртсэн, Эрдэнэтийн 49 хувийг Худалдаа Хөгжлийн банкинд авч өгөх ажиллагааг гардан зохион байгуулсан, Б.Хын бүлэглэлээс маш олон хүн айдастай амьдардаг, албан тушаалаараа далайлган бусдыг дарамталж айлган сүрдүүлдэг, өнгөрсөн 4 жилийн хугацаанд Худалдаа хөгжлийн банкны бие төлөөлөгчөөр ажилласан зэрэг мэдээ мэдээллийг түгээсэн боловч үүний үнэн зөв буюу бодит байдал дахь үйл баримттай нийцэж буй нь тогтоогдохгүй байна.

 

Хариуцагч мөн өөрийн татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасан нийтэд илэрхий үйл баримтууд, шинэ мэдээлэл биш гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгч Б.Х иргэн Д.Энхбатыг гадаад улсаас хулгайлан Монгол Улсад авчирсан тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан нь нийтэд илэрхий болсон үйл баримт буюу нэхэмжлэгч Б.Х хүн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь нийтэд илэрхий болсон гэж үзэх ойлголтод хамаарахгүй юм.

 

Өөрөөр хэлбэл Монгол Улсын Үндсэн Хуулийн 16 дугаар зүйлийн 14, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15-д заасанчлан нэхэмжлэгч Б.Хыг Монгол Улсын шүүхээр хүн хулгайлах, бусдыг дарамталж айлган сүрдүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоогоогүй тул хариуцагчийн дээрхи мэдээллийг бодит байдалд нийцээгүй гэж үзнэ.

 

Мөн олон нийтийн дунд ам дамжин хэлэлцэгдсэн яриа, хэвлэл мэдээллийн хэрэгсэл дэхь нийтлэл, мэдээлэл, иргэдийн ярилцлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасан үнэн зөв, бодит байдлыг нотолсон нотолгооны хэрэгсэл гэж үзэхгүй.

 

Харин нэхэмжлэгч Б.Х генерал цол хүртсэн нь нийтэд илэрхий баримт бөгөөд гагцхүү С.З ийн хэргийг илрүүлснийхээ төлөө генерал цол хүртсэн гэх хариуцагчийн тайлбар тогтоогдоогүй болно.

 

Хариуцагч Ж.Б гийн нэхэмжлэгч Б.Хыг хүн хулгайлсан, С.З ийн хэргийг илрүүлснийхээ төлөө генерал цол хүртсэн, Эрдэнэтийн 49 хувийг Худалдаа Хөгжлийн банкинд авч өгөх ажиллагааг гардан зохион байгуулсан, Б.Хын бүлэглэлээс маш олон хүн айдастай амьдардаг, албан тушаалаараа далайлган бусдыг дарамталж айлган сүрдүүлдэг, өнгөрсөн 4 жилийн хугацаанд Худалдаа хөгжлийн банкны бие төлөөлөгчөөр ажилласан гэх агуулгатай тараасан мэдээ, мэдээллийн үнэн зөв эсэх нь тогтоогдохгүй байх тул тэрээр уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ.

 

Улсын Их Хурлын гишүүн Ж.Б 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Төрийн ордонд хэвлэлийн хурал хийн мэдэгдсэн мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтлэгдэн, мэдээлэгдсэнээс гадна олон нийтийн цахим сүлжээн дэх дагагч найз нөхдийн хүрээнд бус түүнээс цааш бусад этгээдэд буюу нийтэд түгээгдсэн байх тул бодит байдалд нийцээгүй мэдээлэл тараасан хэлбэр хэрэгслээр няцаах үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа мэдээ тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийлгэж, уучлал гуйхыг даалгаж, нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэхийг хүссэн бөгөөд уучлал гуйх нь тухайн этгээдийн хүсэл З ийн илэрхийлэл бөгөөд хуулиар тусгайлан зохицуулагдаагүй тул уучлал гуйхыг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчийн өөрийн ашигладаг олон нийтийн сүлжээ фэйсбүүк хуудсаар дамжуулан тарааж нэхэмжлэгчийн нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, нэр төрд халдсан хэлбэр болох мэдэгдэл хийх хэлбэрээр няцаалт хийхийг даалгуулах тухай шаардлагаасаа татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар, нэхэмжлэгч уг шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.2-т заасныг баримтлан, нэхэмжлэгч Б.Хын нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, нэхэмжлэгчийн нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл буюу мэдэгдэл, хэвлэлийн хурлаар няцаалт хийхийг хариуцагч Ж.Б д даалгаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас уучлал гуйхыг хариуцагчид даалгах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан, нэхэмжлэгч нь хариуцагчийн өөрийн ашигладаг олон нийтийн сүлжээ фэйсбүүк хуудсаар дамжуулан тарааж нэхэмжлэгчийн нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, нэр төрд халдсан хэлбэр болох мэдэгдэл хийх хэлбэрээр няцаалт хийхийг даалгуулах тухай шаардлагаасаа татгалзсаныг баталж, уг шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Хын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Б гаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Хад олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УНДРАА

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

Ц.ЦЭРЭНДУЛАМ