| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2019/03666/И |
| Дугаар | 101/ШШ2019/03096 |
| Огноо | 2019-11-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 101/ШШ2019/03096
| 2019 оны 11 сарын 05 өдөр | Дугаар 101/ШШ2019/03096 | Улаанбаатар хот |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 19 дүгээр хороолол, Ж Т ХХК /хуулийн этгээдийн регистрийн дугаар: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн гудамж, 21а тоот хаягт оршин суух, Базаркул овогт Аманкелдын А /регистрийн /-д холбогдох,
7,747,200 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жавхланбаяр, хариуцагч А.А , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ичинхорлоо оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж Т ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жавхланбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хариуцагч А.А , нэхэмжлэгч Ж Т ХХК үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан авч ROXX нэртэй караокегоор дамжуулан зарж борлуулан ашиг олдог байсан. Ж Т ХХК-ийн нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний үнэ төлбөр болох 5,164,800 төгрөгийг төлж барагдуулах талаар талууд харилцан тохиролцож 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр тооцоо нийлсэн баталгаа үйлдэж №18/ЖТ-10 дугаар бүхий Төлбөр барагдуулах гэрээ байгуулан тухайн өр төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлсэн баталгаа гаргасан баримт үйлдсэн боловч гэрээний үүргийг гүйцэтгэхгүй байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулж байна. Төлбөр барагдуулах гэрээний 2.3-т төлбөр төлөгч гэрээнд заасан хугацааг хэтрүүлбэл гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцож төлбөр авагч тал авна гэж заасан бөгөөд өнөөдрийн байдлаар 4,958,208 төгрөгийн алданги бодогдсон. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар тооцож 2,582,400 төгрөгийн алданги тооцсон болно.
А.А ээс бараа бүтээгдэхүүний төлбөр болох 5,164,800 төгрөг, алданги 2,582,400 төгрөг, нийт 7,747,200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч А.А шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2018 оны 3 дугаар сараас хойш би тус караокег ажиллуулж эхэлсэн. Намайг ажиллуулахаас өмнө ийм өр байсныг мэдээгүй бөгөөд Ж Т ХХК-д захиалга өгөхөд өмнөх төлбөрийн асуудлыг шийдэж байж захиалга өг гэсэн. Надтай төлбөр барагдуулах гэрээ түр хийж энэ хугацаанд хуучин эзнээс төлбөрөө гаргуулж авна гэсэн. Тиймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр очиж уулзахдаа 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл төлж барагдуулна гэх гэрээ байгуулсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жавхланбаярын өмнө нь ажиллаж байсан хүний өөрийнх нь данс руу 500,000 төгрөг шилжүүлсэн. Үлдсэн төлбөрөө боломжтой болохоороо өгчих, сард 500,000 төгрөг төлөөд бай, би шүүхэд хандахгүй хүлээнэ гэсэн. Өнгөрсөн хугацаанд төлөх боломжгүй байсан тул төлөөгүй. Тэгээд намар хөдөө ажиллаж байхад над руу шүүх хурал болно гэж хэлсэн.
5,164,800 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Харин алдангийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй байна. Өмнө нь намайг дуудаад гарын үсэг зуруулсан. Энэ нь хууран мэхлэх замаар миний гарын үсгийг зуруулсан. Миний цалинг олгохгүй байна. Үүн дээр гарын үсэг зурвал төлөх хугацаа чинь гарч ирнэ гэж хэлсэн. Тухайн үед би ажлыг цаг дуусч байсан учраас гэрээг уншиж танилцаагүй гарын үсэг зурсан. Миний гарын үсэг биш дуурайлган зурсан нэг баримт байсан. Би алданги, хүү төлнө гэж гарын үсэг зураагүй. Үндсэн төлбөрөө төлөхөд татгалзах зүйл байхгүй. Үнийн дүнтэй адилхан хэмжээний алданги бодогдсон байгаа нь ойлгомжгүй байна. Хамгийн сүүлд утсаар ярихад 5,164,800 төгрөгийг компани дээр авч ирж өгөөд 2,000,000 гаруй төгрөгийн хувьд шүүхээр орно гэсэн юм гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж Т ХХК нь хариуцагч А.А эд холбогдуулан, нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний төлбөрт 7,747,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын 5,164,800 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргаж байна.
Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Талууд 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр тухай 18/ЖТ-10 дугаартай Төлбөр барагдуулах гэрээ байгуулж, төлбөр төлөгч А.А нь өөрийн Гентек ХХК-ийн нэрийн дор үйл ажиллагаа явуулдаг ROXX нэртэй карарокегоор дамжуулан зээлээр авсан бараа бүтээгдэхүүний өр төлбөр болох 5,164,800 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөгөөр, 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөгөөр, 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 2,164,800 төгрөгөөр тус тус төлбөр авагч Ж Т ХХК-д төлж барагдуулах, хэрэв гэрээнд заасан хугацаанд төлбөр төлөөгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлд зааснаар төлөхөөр тохиролцжээ.
Дээрх төлбөр барагдуулах гэрээг байгуулсан өдөр буюу 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр төлбөр төлөгч, төлбөр авагч талууд тооцооны үлдэгдлийн баталгаа, төлбөр барагдуулах баталгаа зэргийг үйлдэж, А.А ийн төлөх төлбөр 5,164,800 төгрөг болохыг баталгаажуулжээ.
2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 18/ЖТ-10 дугаартай Төлбөр барагдуулах гэрээ нь үүргийн харилцааны шинжийг агуулсан байх тул төлбөр авагч нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлд зааснаар төлбөр төлөгчөөс төлбөрөө шаардах эрхтэй гэж үзэв.
Учир нь хариуцагч А.А нь караокены үйл ажиллагаа эрхлэн Ж Т ХХК-иас бараа бүтээгдэхүүн захиалгаар авахдаа тухайн караокег өмнө нь ажиллуулж байсан этгээдэд хамаарах төлбөр тооцоог төлөхөөр харилцан тохиролцсон хэмээн тайлбарласныг нэхэмжлэгч үгүйсгээгүй буюу тодорхой нэр төрөл, тоо, хэмжээтэй бараа бүтээгдэхүүнийг нэхэмжлэгчээс хариуцагчид хүлээлгэн өгсөн баримтгүй байна.
Талуудын байгуулсан Төлбөр барагдуулах гэрээний 2.3-т төлбөр төлөгч гэрээнд заасан хугацааг хэтрүүлбэл гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлд зааснаар төлөхийг тусгасан байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3.-т Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ., 232.4.-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй., 232.6.-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги... гэж тус тус зааснаар алданги гаргуулахаар шаардсан нэхэмжлэгчийн шаардлага хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д тус тус зааснаар хариуцагч А.А ээс 7,747,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж Т ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 159,705 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.А ээс улсын тэмдэгтийн хураамж 159,750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж Т ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.УНДРАА